Монголчууд бид коронавирустэй цуг амьдрах ертөнцөд хөл тавилаа

Aдмин / Нүүр

БНХАУ-ын Ухань хотод үл мэдэгдэх уушгины хатгалгаа гарч, ДЭМБ-д 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд бүртгэгдсэнээс хойш хоёр сарын дараа ДЭМБ “Ковид-19”-ийг цар тахал хэмээн зарласан. Тэрнээс хойш юу болсныг бид бүгдээрээ мэдэж байгаа. Дэлхийн улс орнуудад хурдацтай тархан, олон хүн амь насаа алдаж, одоо ч дэлхийг айлгасаар байна. Улс орнууд коронагийн вакцин гаргаж авах гэж туршсаар эхнээсээ амжилттай болж, иргэддээ тарьж байна. Манай улсын хувьд хөрш оронд коронавирус дэлгэрснээс үүдэлтэй яаран хилээ хаасан. Хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг хорьж, Цагаан сар тэмдэглэхгүй шийдвэр гарч байлаа. Тэр үед манай улсад албан ёсоор бүртгэгдээгүй байсан үе.

Анхны тохиолдол дараа нь Франц улсын иргэнээс илэрч, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байв. Ингээд байдал хэвийн үргэлжилж бэлэн байдлаас энгийн аж амьдрал руугаа шилжлээ. Иргэд эхэндээ маск зүүж хэвшээд овоо сүрхий байснаа сүүлдээ масктай хүн ч ховордсон. Дотооддоо алдаагүй юм чинь гээд тайвширч эхэлсэн. Амьдрал урьдынхаараа үргэлжилж, зарим нь “Монголчууд бид тусгай гентэй, халдахгүй” гэх зэргээр таахалзаж байв. Мэдээж хилээ хаасан болон бусад арга хэмжээнүүд Монголд энэ вирусийг тархаахгүй нэлээд олон сар болоход нөлөөлсөн. Өдөр бүр дэлхийн хаа нэгтээ хэдэн мянгаараа халдвар авч үхэж үрэгдэж байгаа тухай, өглөө бүрийн түгшүүрт мэдээ, анхааруулга сэрэмжлүүлгийг цаг харан хүлээж байгаад сонсож байсан монголчууд аяндаа бүр анхаарахаа больсон. Корона тархаагүй эх орондоо ирэх иргэдийн хэл яриа, ирсэн хойноо тав тухгүй байгаа гоморхол, олон хоног тусгаарлаж байгаагаа боль гэсэн шүүмжлэл л өрнөж байлаа.

Ингээд хэдэн сарыг үдлээ. Хоёр ч сонгууль энэ хооронд болов. Эхнийхэд нь анхааралтай байлаа. Төр засаг ч анхааруулж, иргэд ч сэрэмжтэй байв. Хоёр дахь сонгуулиар нэлээд задгайрлаа. Анхааруулга сэрэмжлүүлэг хэвэндээ л. Гэвч хүмүүс нэг л тайван болчихсон. Энд тэнд дэлхийн улс оронд олон хүн коронагаар үхэж байгаа тухай гайхан ярьцгааж, шагширахаас хэтэрсэнгүй. Энэ байдал тийм удаан үргэлжилсэнгүй.

Танил ч юм шиг, танил бус ч юм шиг өнөөх гайхал коронавирусийг дотооддоо алдаж, хурдтайгаар олон зуун хүн халдвар авч, хэд хэдэн голомт үүслээ. Дахиад л хөл хорио. Дахиад л өглөө бүрийн 11 цагийн мэдээнд нийтээрээ анхаарал хандуулж эхэллээ. Монгол хүнд тусдаггүй биш тусдаг болж таарлаа. Мэдээж шүү дээ. Адилхан л мах яснаас бүтсэн хүн л хойно өвчин тусахгүй гэж аархаж болохгүй. Бас хаана ч юм, хэн нэгэн халдвар тээгээд явж байгааг бид мэдэхгүй. Нэг хүн хичнээн олон хүнд халдааж болохыг эрхбиш бид мэддэг болсон. Одоо шинжлэх ухаанч биш элдэв таамагт найдах хэрэггүй.

Хоёр дахь удаагийн хөл хорио эхний удаагийнхаас өөр. Учир нь эхнийхэд дотооддоо алдаагүй байсан. Зарим нэг нь зүгээр л ханиад төдий юмыг сүржигнэлээ. Ажил, амьдралаа бодохгүй бол болохоо байлаа гээд шаагилаа. Өмнөх удаагийнхад бид хэвийн амьдралдаа ямар ч айдасгүйгээр орсон бол энэ удаа нөхцөл байдал тэс өөр байгааг л дахин дахин хэлье.

Одоо анхаарал сэрэмжтэй байцгаая. Дэлхийн улс орнууд коронавирустэй цуг амьдраад эхэлсэн. Хүн бүр тус бүртээ ариун цэвэр сахиж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, дархлаагаа дэмжиж байх нь чухал. Хувь хүн бүрийн хүчин чармайлт, халдвар тархахгүй, түгэхгүй байхад маш чухал.

Өнөөдөр дэлхийд олон зүйл өөрчлөгдсөн. Мэндчилэхээс эхлээд олон заншил, амьдралын хэв маягууд өөрчлөгдөж эхэллээ. Хүмүүс бөөндөө цуглахаас аль болох татгалзан алсын зайнаас ажиллаж сурч байна. Шинэ нөхцөл байдалд дасч, түүнтэй зохицож амьдрахаас өөр арга алга. Биднээс хол мэт санагдаж байсан корона вирустэй монголчууд бид ч цугтаа амьдрах ертөнцөд хөл тавилаа. Амиа хамгаалаарай, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.

Өчигдрөөс хатуу хөл хорио суларч, зарим байгууллага ажиллаж эхэллээ. Гэхдээ аюул алсраагүй. Маскаа зүүж, гараа ариутган, тогтмол угааж, хоорондын зайгаа барьж, хувь хувьдаа хичээцгээе. Хэрэггүй бол хэн нэгэнтэй уулзах шаардлага алга. Пиво, дарс уух гэж хүсээд байгаа залууст хэлэхэд гэр орондо уух боломж бий. Гадуур заавал олуулаа дарвиад байх шаардлагагүй. Өмнөх хэмнэлээ багахаан өөрчлөхөд өөрийгөө болон гэр бүлээ, бас бусдыг хохироохгүй. Ойрхон газар нийтийн унаанд суучихдаг байсан бол одоо явган алхдаг болчих. Үдийн хоолоо нийтийн хоолны газар идэхгүй, гэрээсээ бэлдээд авчирчих. Жил бүр олуулаа тэмдэглэж заншсан төрсөн өдрөө гэр бүлийнхээ хүрээнд л аз жаргалтай өнгөрөөчих. Шаардлагагүй бол дэмий бүү сэлгүүц. Дэлгүүр хэсмээр байвал онлайн дэлгүүрүүдээс хэрэгцээт зүйлсээ захиалаад авчих. Хаана ч аюул отож байж болно. Болгоомж илүүдэхгүй.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН Д.ХҮСЛЭН

image


Сэтгэгдэл

Уур хилэн [192.82.78.213] 2020-12-17 19:29:58

Өмхий хужаа нар Дэлхийг ёстой нэг баллаж байна аа!

Зочин [77.37.227.40] 2020-12-16 22:17:31

Маскаа зүү гараа угаа жаахан зай барь л гээд бгаа ш дээ. Хэлээд байхад бааранд очиж халуураад карокёд очиж хашгиралдаад бгаа улсыг яах вэ?

хүслэн гуай [66.181.181.173] 2020-12-16 20:05:32

Энэ ХҮСЛЭН гэж хийх юмаа олж ядсан хүн байнаа

zamand [192.82.71.56] 2020-12-16 17:59:50

covid 2-3 jil urgeljilj magadgui

Зочин [66.181.178.212] 2020-12-16 14:56:18

Өөдрөг байцгаая. Удахгүй коронавирус устана.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.