НББХ: УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн өргөн мэдүүлсэн Үүрэг гүйцэтгэх явцдаа халдвар авсан албан хаагчид тэтгэмж олгох тухай хуулийн төслийг нэгтгэн оруулахаар болов

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.26/ хуралдаан 14 цаг 40 минутад ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав.

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг дүгнэлтийн талаар танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 01 дүгээр дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтэд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь ... 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх ...-т тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль ...-ийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... хүйс ...-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтын “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. ...” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар тодруулав. Гишүүний асуултад Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хариулт өгсөн юм. Мөн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа нар үг хэлсэн бөгөөд эдгээр гишүүд Цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зөв юм байна гэсэн байр суурийг илэрхийллээ. Ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн бөгөөд цэцийн дүгнэлтийн холбогдох заалтаар санал хураалт явуулж шийдвэрлэн, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлууллаа

Дараа нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн явцад уг асуудлаар талууд саналаа нэгтгэсний дараа хэлэлцэхээр болон түр хойшлуулж, Байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн өргөн мэдүүлсэн Үүрэг гүйцэтгэх явцдаа халдвар авсан албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг нэгтгэн оруулахаар болов

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа танилцуулснаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Б.Сарангэрэл, С.Одонтуяа нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ саналаа хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд үүрэг гүйцэтгэх явцдаа халдвар авсан албан хаагчдад тэтгэмж олгох нь зөв гэдэг санал, байр сууриа илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн явцад төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, С.Бямбацогт, Б.Баттөмөр нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэх горимын санал гаргав. Ингээд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, С.Бямбацогт, Б.Баттөмөр нарын гишүүдээс 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгтгэн оруулахаар шийдвэрлэснээр хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

zochin [202.55.188.108] 2021-01-27 01:59:59

Hariutslaga tootsoh ystoi baital tetgemj olgono ch geh shig. Ene neg sogtuu tsarailsan medrel haanaas garaad irev ee.

Иргэн [66.181.190.175] 2021-01-27 01:59:40

Хууль санаачилсан гээд аваад байгаа болитоор юмаа ,энэ мөнгөө цалинтай ээжүүддээ өгмөөр юм


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.