“Академич П.Нямдаваа алтан медаль”-ийг профессор Б.Мөнхбатад олголоо

Aдмин / Технологи

МАУА-ийн хүндэтгэлийн чуулган өнөөдөр /2021,06,14/ боллоо.

Энэ үеэр МАУА-ийн дээд шагнал болох “Академич П.Нямдаваа алтан медаль” шагналын эзнийг тодруулах ёслолын ажиллагаа боллоо. Тус академиас 2 жилд нэг удаа дээрх шагналыг олгож байхаар шийдвэрлэж анхны шагналыг судлаач, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Батмөнхийн Мөнхбатад олголоо.

МАУА-ийн дээд шагнал “Академич П.Нямдаваа” алтан медальд нэр дэвшигчийг шалгаруулахдаа судлаачийн ажлын чансааг үнэлж, бүтээлийн эшлэлийн индексийн үзүүлэлтийг чухалчилжээ. Аливаа улсын шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдийн дэлхийн шинжлэх ухаанд оруулж буй хувь нэмрийг олон улсын нэр хүндтэй сэтгүүлд нийтлүүлсэн бүтээлийн тоо, түүнээс эшлэл авсан байдлаар нь үнэлдэг. Монголын анагаахын судлаачдын дэлхийн анагаах ухаанд оруулж буй хувь нэмрийг ч ийм л шалгуураар үнэлжээ.

Шинжлэх ухааны доктор, профессор, Б.Мөнхбатын судалгааны бүтээлийн эшлэлийн индекс 19 болжээ. Профессор Б.Мөнхбатын эрдэм шинжилгээний бүтээлийн чансааг авч үзвэл: 2021 оны 6 дугаар сарын 14 буюу өнөөдрийн байдлаар Англи хэл дээр нийтлэсэн (GoogleScholar) бүтээлээс 1131 судлаач иш татсан байна. 10 ба түүнээс дээш удаа иш татагдсан бүтээл 28 байна.

Б.Мөнхбат нь Монголчуудын иммуногенетик, популяцийн генетик, трансплантацийн иммуннологийн харилцан уялдаат цогцолбор судалгаа хийж, судлаачийн ажлын чансааг үнэлэх бүтээлийн эшлэлийн индекс шалгуурыг бүрэн хангаж, энэ шагналын эзэн болж байна.

Тус шагналыг 5 000 000 төгрөг болон академич П.Нямдаваагийн бүтээлийн 19 боть эмхтгэл дагалдаж байгаа юм байна.

“Академич Д.Нямдаваа алтан медал” шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “ 2021 он бол Монгол Улсын түүхийн онцгой нэгэн жил болон тэмдэглэгдэн үлдэх нь дамжиггүй. Энэ онд бидэнтэй шууд холбогдох Ардын хувьсгалын 100, орчин үеийн Шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100, ШУА байгуулагдсаны 60, Эрүүл мэндийн алба байгуулагдсаны 100 жил зэрэг томоохон ойнууд тохиож байгаа юм. Монгол улсад шинжлэх ухаан, түүний дотор орчин цагийн анагаах ухаан хөгжин хөгжсөөр өдий зэрэгт хүрсэн явдал бол Монголчуудын үе үеийхний төрийн зөв бодлого, түүхэн бие хүмүүсийн өөрийгөө огоорч зүтгэж ирсний зүй ёсны үр дүн гэж би боддог. Ер нь улс орны түүхэнд тийм түүхэн хүмүүс нэг их олон байдаггүй ч тэд нийгэм, эдийн засгийн салбар бүрт ажиллаж бүтээсээр ирснийг түүх гэрчилдэг. Манай анагаах ухааны салбарын нэг онцлог нь дотоодын төгсөгчид нь одоо болтол салбараа манлайлсаар яваа нь тун бахархууштай хэрэг гэж би ойлгож явдаг хүний нэг. Тэдгээр үе үеийн олон мянган эмч мэргэдийн дотроос эрдэм ухаанаараа манлайлж, манай анагаах ухааны салбарын хөгжлийн нүүр царай, нэрийн хуудас нь болсон эмч судлаачдын нэг, манай эрүүл мэнд, анагаах ухааны салбарын түүхэнд нэр нь мөнхрөн үлдэх гавьяатай хүмүүсийн нэг тод бөгөөд том төлөөлөгч бол академич П. Нямдаваа юм.

Эрдэм ухааны амт шимтийг цэл залуугаасаа ухааран мэдэрч, үр шимийг нь хөгжил дэвшлийн хөдөлгүүр болгохын төлөө олон жил тууштай зүтгэж, томоохон амжилт олж яваа нэрт вирүсологич, академич П.Нямдаваа маань санаачилга гаргаж, анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд эрдэмтэн судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор нэрэмжит шагналаа бий болгож байгаад би гүн талархаж байна. Эрдэмтдийн шинжлэх ухаанд оруулж буй хувь нэмэр, бүтээлийн чансааг бодитоор гаргах амаргүй боловч өнөөгийн түвшинд олон улсын нэр хүндтэй сэтгүүлд нийтлүүлсэн бүтээлийн тоо, түүнээс эшлэл авсан байдлыг зонхилон харгалзаж үздэг. Монголын анагаахын судлаачдын дэлхийн анагаах ухаанд оруулж буй хувь нэмрийг ч ийм л шалгуураар үнэлэн академич П. Нямдаваагийн нэрэмжит шагналыг олгож байгаа нь цаашдаа нийт шинжлэх ухааны салбарт жишиг болон тогтоно гэдэгт итнэлтэй байна.

Шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд хичээн зүтгэж, судлаачийн бүтээлийн эшлэлийн индекс 19 болж, энэ шагналын анхны эзэн болж байгаа судлаач, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Батмөнхийн Мөнхбат танд баяр хүргэж, дэлхийн оюуны санд арвин их хувь нэмэр оруулахыг дээдлэн ерөөе. Энэ шагналд болзол шалгуурыг хангаж, нэрээ дэвшүүлсэн бусад судлаач эрдэмтдэд Монгол улсын ШУА-ийн нэрийн өмнөөс болон хувиасаа мөн талархал илэрхийлье” гэлээ.

Дашрамд дурдахад, нэрт эрдэмтэд, академич нарын нэрэмжит хэд хэдэн шагнал байдаг юм байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас Хэл шинжлэлийн шилдэг бүтээлийн академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагнал, Монгол судлалын шилдэг бүтээлийн академич Б.Ренчиний нэрэмжит шагнал, шинжлэх ухааны салбарын шилдэг менежерт олгодог академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагнал. Эдгээр шагналыг 2-3 жилд нэг удаа олгодог аж.

Мөн ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан”медаль байдаг бөгөөд жилд дотоод, гадаадын 3 хүртэл эрдэмтэнд олгодог юм байна.


Сэтгэгдэл

Зочин [122.201.24.193] 2021-06-14 17:20:56

Энд шагнуулж байгаа хүнд баяр хүргэе! Энэ далимаар хэлэхэд сүүлийн үед ЭШ-ний ажлын эшлэлийн тоо гэж ШУА их ярих болжээ. Гарсан үр дүн нь харагдахгүй ядарсан хэмжүүр!!! Шинжлэх ухаанд бас шүүмжлэхдээ уг зүйлийг хаана хэзээ гарсан зэргийг нь тодруулахын тул эшлэх нь нэг бус байдаг даа. Ийм юмаар хэмжүүр хийгээд байвал ШУ хөгжихгүй, харин чөдөр болно.

teneg [69.138.215.127] 2021-06-14 12:54:48

yuuuveee. ene estoi ulaan avilgachin shunaltai gar shde uhsenii shildeg erdemten. Iimerguu ymnuud Anagaaxaas zailaasai.

Зочин [122.201.31.152] 2021-06-14 11:56:59

Эрдмийн шагнал хамгийн ариун шагнал.Хэн ч бүү атаарха.Баяр хүргэе

Зочин [148.60.92.227] 2021-06-14 10:55:49

edgeer sagnaluud yugaar batalgaajsan be?Deer yeiin ner hyndtei hymyysiin ner barij olgodog ene heeruu zan haanaas garaad ireb ee?.....yuch byteej chadahgyi baij,neg l ikhe gabyat ardiin esbel altan gadas odont ch geh sig yu be?...horoondoo hereldej l bye byenee muulaj doos ni hiij l chadna ta nar eer delhiin ylas ornuudtai harizyylahad tiim ch ikhe tengeriin amitad bis l baisan daaa?........................sanaa zobj ichej amidar?......edgeer sagnaliig abaad tegeed yheed engerne?gesen ch ynen gedeg ni gadna ni yldene!!!!ta nar eersdiigee har l daa!!gaigyi sain har l daa!!!bid hen bilee?geed........................neg l ichmeer yum bis yy?.....


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.