Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр БНПУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр өнөөдөр (2021.06.15) Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Кшыштоф Бойко-г хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэнд сэтгэл таатай байгаагаа онцлоод Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн даргаар сонгогдоод удаагүй байгаа энэ үед Элчин сайдтай танилцаж, нүүр тулж уулзаж буйдаа баяртай байна гэдгээ илэрхийлэв.

Элчин сайд Кшыштоф Бойко Монгол, Польш хоёр улсын уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд Элчин сайдын хувьд хоёр орны найрамдалт харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар дурдав. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнгөрсөн онд тохиосон боловч цар тахлын улмаас төлөвлөсөн арга хэмжээ хойшилсон. Гэсэн ч БНПУ-ын Сеймийн (парламентын) дэд маршал Малгажота Гошевскагийн Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнд БНПУ Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод дахин нээсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Хоёр орны хамтын ажиллагааны 70 жилийн ойг тохиолдуулан ирэх арваннэгдүгээр сард эрдэм шинжилгээний олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ арга хэмжээг БНПУ-ын Сеймийн дэд маршал өөрийн ивээл дор зохион байгуулахаа мэдэгдсэн. Мөн Монгол Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэнд баяртай байна гэдгээ онцлов.

Түүнчлэн ойн хүрээнд Польшийн алдарт хөгжмийн зохиолч, гайхамшигт төгөлдөр хуурч Фредерик Шопений нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын гурав дахь удаагийн уралдааныг Монгол Улсын Консерваторитой хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Уг уралдааныг БНПУ-ын Гадаад хэргийн сайд өөрийн ивээл дор зохион байгуулахаар болсон, мөн Монгол Улсын Гадаад харилцааны яам дэмжин ажиллаж байгааг дуулгалаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хоёр орны өндөр дээд түвшний харилцан айлчлалуудын давтамж хадгалагдаж, хууль тогтоох дээд байгууллагууд болон түүний Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж буйг онцлон тэмдэглээд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, олон ургальч үзлийн нийтлэг зарчим, үнэт зүйлстэй хоёр ард түмний харилцааг улам өргөжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа парламент дахь найрамдлын бүлгүүдийн харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй хэмээн үзэж буйгаа онцлов. Энэ үндсэн дээр парламент дахь найрамдлын бүлгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага, мэдээлэл солилцох, гишүүдийг харилцан айлчлуулахад парламентын бүлгийн даргын хувьд идэвхтэй ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Мөн хоёр орны хамтын ажиллагааны ойн хүрээнд ирэх намар зохиогдох бүхий л арга хэмжээг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ онцоллоо.

Уулзалтын үеэр талууд хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн гээд бүх салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлон тэмдэглээд харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар саналаа хуваалцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

жанчивдорж [49.0.154.33] 2021-06-15 14:13:52

Таатай сайхан мэдээ бна. Монгол -Польшийн хамтын ажиллагааны хүрээнд олон залуус сурч боловсорч, соёл түгээж явсаныг мартаж болохгүй. Ингэхэд элчин сайдын яамны хаяг холбогдох утас өгөөрэй, консул ВИЗА гаргаж байгаа юу


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.