Олимпын эрхийн төлөө сорилго барилдаан болно

Aдмин / Спорт

“Чемпионс” /Champions/ бэлтгэлийн баазад 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр "Токио 2020" зуны олимпын наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг жинд Д.Амартүвшин, Л.Өнөболд нарын хэн нь эх орноо төлөөлөн оролцохыг халз барилдуулан шалгаруулах сорилго барилдаан болно.

Энэхүү барилдааны дараа "Токио 2020" зуны олимпод оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг Монголын жүдо бөхийн холбооноос албан ёсоор зарлах юм байна.

"Токио 2020" зуны олимпын жүдо бөхийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жин нийт 14 жинд хүчээ сорих бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос өчигдөр гаргасан шинэчилсэн чансаагаар Монгол баг тамирчдаас 12 жинд Токиод хүчээ сорин өрсөлдөх эрх авсан байна.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын олимпын дэд аварга, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Д.Сумьяа, 63 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медаль, улсын 4 удаагийн аварга Б.Ганхайч, 78 кг-д ОУХМ О.Мөнхцэцэг /Азийн квотоор/ нар олимпын эрхийн болзол хангажээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд нарын чансаанд дараалан багтсан бөгөөд МЖБХ-ноос халз барилдаанаар хэнд нь эрх өгөхийг шийдэхээр болжээ.

Харин 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, 73 кг-д Азийн аварга Ц.Цогтбаатар, 81 кг-д ДАШТ-ий алт, хүрэл медальт Саиед Моллаей /Иран гаралтай/, 90 кг-д Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана, 100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Отгонбаатар, +100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр нар чансаагаараа жин тус бүртээ шилдэг 18-д багтаж, олимпын дэвжээнд хүчээ сорих эрхтэй болжээ.

Ийнхүү Монголын шигшээ багаас эрэгтэй 7, эмэгтэй 5 жүдоч олимп наадамд хүч, ур чадвараа сорин оролцохоор болов. Мөн манай тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөх юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.