“KING TUG” Н.Төгсцогт WBA холбооны түр аваргын бүсийн төлөө тулалдана

Aдмин / Спорт

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимпын болон дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх 14 дэх тулаанаа долдугаар сарын 3-нд Калифорниа мужийн Карсон хотын “Dignity Health Sports Park” цэнгэлдэхэд хийхээр болжээ.

Энэ тулааны талаар АНУ-д оршин суугаа спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг сонин/-ий мэдээллийг та бүхэнд сонирхуулж байна.

“King Tug” Төгсцогт 2015 оноос мэргэжлийн боксын рингэнд тулалдаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 13 тулаан хийснээс 12-т нь ялалт(9 КО) байгуулж, 57,2 кг -ийн жинд( 126 lbs ) IBO холбооны аварга болж, WBC холбооны аваргын бүсийн төлөө тулалдаж байсныг манай спорт, бокс сонирхогчид сайн мэдэх билээ.

Харин энэ удаа Төгсцогт маань өөр холбооны аваргын бүсийн төлөө, өмнө нь тулалдаж байгаагүй жинд өрсөлдөх гэж байна. Тодруулбал, WBA( World Boxing Association) холбооны superfeather буюу 58,9 кг /130 lbs/ -ийн жингийн INTERIM CHAMPION title -Түр аваргын бүсийн төлөө уг бүсийг эзэмшигч Крис Кольберттой тулалдах юм.

Тодруулга: Interim title буюу Түр аваргын бүсийг аль нэгэн жинд аварга бүс эзэмшигч нь эрүүл мэнд, хууль зүйн болон бусад шалтгаанаар аварга цолоо хамгаалах тулаан хийхгүй байгаа тохиолдолд тухайн жингийн чансаагаар өндөр хоёр боксчныг тулалдуулан хэн ялсанд олгодог. Аварга цол эзэмшигч цолоо хамгаалах тулаан хийх боломжтой болмогцоо түр аваргатай Аваргын төлөө тулалдах ёстой байдаг билээ. Хэрэв аварга рингэнд дахин гарахгүй, эсвэл өөр холбоо, өөр жинд шилжвэл Түр аварга жинхэнэ аваргад тооцогдож аварга болдог дүрэмтэй.

Манай “King Tug”-ийн энэ удаагийн өрсөлдөгч Крис Кольберт нь 1996 онд төрсөн. Нью-Йорк мужийн Брүүклин хотын унаган хүүхэд бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 15 тулаан ( 6 КО) хийхдээ ялагдал амсаагүй байгаа, 2020 оноос хойш WBA холбооны 58,9 кг-ийн жингийн чансааны нэгдүгээрт бичигддэг, Түр аварга цол бүсийг эзэмшиж, бүсээ нэг удаа хамгаалаад байгаа боксчин. Кольберт нь “Prime time” хочтой, 173 см өндөр, хоёр гарын алд 180 см /Төгсөө 170см өндөр, хоёр гарын алд 170 см/ хүрдэг юм байна.

Тэрбээр Түр аваргын бүсээ хамгаалах тулаанаа Кубын нэрт боксчин, Олимпын аварга, мэргэжлийн боксын WBA, IBF холбооны хэд хэдэн жинд дэлхийн аварга болж байсан, энэ жил 39 настай Юриоркис Гамбоатай хийх ёстой байсан ч Гамбоа бэлтгэлийн үеэр хавиргандаа гэмтэл авч, тулалдах боломжгүй болсон ажээ.

Тулааныг Америкийн SHOWTIME теле суваг 2021 оны 7 дугаар сарын 3-ны орой Америкийн баруун эргийн цагаар оройн 18:00 цагаас шууд дамжуулан үзүүлэх бөгөөд энэ үдшийн гол тулаан нь Төгсцогт-Кольберт нарын тулаан байх юм.

Харин Dignity Health Sports Park-д үзэх тасалбар 50-200 ам.долларын үнэтэй байгаа бөгөөд axs.com сайтаар онлайнаар худалдан авч болно.

Ташрамд дуулгахад, өчигдөр буюу 6 дугаар сарын 23-нд Нямбаярын Төгсцогтын төрсөн юм байна.

Д.Өлзийсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

зочин [202.21.124.133] 2021-06-25 09:46:25

Манай Төгсцогт сүүлийн үед бие жаахан тоосон шиг харагдаад байгаа. Буруу замаар яваад байх. Бэлтгэл муу хийж байгаа нь илт харагдаад байгаа шүү. Сулбагар бие, амархан цуцалт гэх мэт. Тиймэрхүү байвал хол явахгүй шүү. Биеэ тоох зангаа орхиж, бэлтгэлээ маш сайн хийгээрэй. Буруу зуршлуудаа хаяаарай. Тэгвэл амжилт дагаад л ирнэ.

Zochin [64.119.18.18] 2021-06-24 12:45:21

Ene harin zodooniig harlaa ovoo er bh shig bna

huz [64.119.21.181] 2021-06-24 03:53:28

gale garahni dee


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.