Э.Даваажамцад Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Энхболд "Талархал" дэвшүүлжээ

Aдмин / Нүүр

Монгол хүмүүн, монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг өөрийн биеэр үлгэрлэн харуулж Ховд-Улаанбаатар-Чойбалсан хотын чиглэлд 2100 гаруй километр замыг амжилттай туулан өөрийн эх оронд холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоогоод байгаа хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцад Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Энхболд "Талархал" дэвшүүлжээ.
Тэрбээр энэхүү Талархалдаа:
"Юуны өмнө эрхэм ахлах ахлагч Таны амрыг эрж Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүний өмнөөс болон хувиасаа баяр хүргэн мэндчилье!
Монгол Улсын Зэвсэгт хүчин, цэрэг эрс маань эх орноо батлан хамгаалах нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэхийн зэрэгцээ улс орны бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулж, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөн эх дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох үйлсэд хүчин зүтгэснээр тэдний мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалт өсөн нэмэгдэж, олон улсын түвшинд Монгол цэрэг- Дэлхийн цэрэг хэмээн үнэлэгдсээр байна.
Энэ цаг дор Ардын хувьсгалын болон орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ой, Ховд аймгийн 90, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 100 жилийн ойд зориулан монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг илтгэн харуулж, Ховд аймгийн төвөөс Улаанбаатар хот, Дорнод аймгийн Чойбалсан хотын чиглэлд 2100 гаруй километр замыг өөрийн гүйлтээр туулж чадсан хөгжимчин ахлагчаараа бид бүхэн бахархаж байгаагаа илэрхийлье.
Тус ангийн захирагч, удирдлагын зүгээс хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцынхаа бүтээлч санаачилгыг дэмжихийн зэрэгцээ энэ оны 2 дугаар сараас хойш тогтмол давтамжтайгаар идэвхтэй хийсэн бэлтгэлийн үр дүнг нь үнэлж, ЗХЖШ-ын дарга, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчид илтгэн зөвшөөрөл авсны үндсэн дээр Ховд аймгийн төвөөс 6 дугаар сарын 2-ны өдөр анхны гараанд үдсэн нь саяхан мэт санагдана.
Энэ хугацаанд ахлах ахлагч Э.Даваажамц нь гүйлтийнхээ явцад анхлан төлөвлөсөн маршрутынхаа зай, хэмжээг нэмэгдүүлэн Дорнод аймгийн Чойбалсан хотын чиглэлд гүйх шийдвэрийг гаргасныг ч ЗХЖШ-ын удирдлага дэмжсэнд туйлын баяртай байна.
Цэргийн алба хаагч хэн бүхэн Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбар, салаа, тасгийн бүрэлдэхүүнд 30 болон 10 км-ийн марш, 1000, 3000 метрийн гүйлтэд амжилт гарган оролцож чадах хэдий ч цор ганцаараа энэхүү хол замыг бахархал дүүрэн туулж, өдөрт 50 км-ээс багагүй зайд тогтмол гүйж чадсан нь бие бялдар-сэтгэл зүйн өндөр хатуужилтай болохыг тань нотолсон баталгаа, нэр төрийн хэрэг юм.
Ийнхүү өөрийн эх оронд холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоохын хамт монгол хүмүүн, монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд сурталчлан өөрийн биеэр үлгэрлэн харуулсан эрхэм танаар Монголын ард түмэн, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, түүний дотор ирэх жил 100 жилийн ойтойгоо золгох Ардын Хатанбаатараар овоглосон үе үеийн алба хаагчид бахархаж буй гэдэгт итгэл төгс байна.
Ахлах ахлагч Э.Даваажамцыг анхлан хүндэтгэлтэйгээр үдсэн Ховд аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, тус ангийн удирдлага, бие бүрэлдэхүүний төлөөлөлд мөн гүйлтийн явцад халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахисны үндсэн дээр угтах, хүндэтгэн үдэх ажлыг хэрэгжүүлсэн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Дорнод аймаг болон Зэвсэгт хүчний 325, 339, 256, 232, 338, 327 дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүний төлөөлөл, зарим төрийн ба төрийн бус байгууллагын ажилтнуудад чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Анх гараанд гарсан эрчээрээ эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаарын төв хүртэлх хол замыг амжилт дүүрэн туулж, өөрийн зорилгоо биелүүлж чадсан эрхэм Танд болон багийн бүрэлдэхүүнд дахин баяр хүргэж, амжилт бүхний дээдийг бэлгэдэн ерөөе.
Удахгүй Ховд аймгийн удирдлага, иргэд, залуучууд болон ангийн нийт бие бүрэлдэхүүнтэйгээ баяр бахдал дүүрэн уулзахын ерөөлийг айлтган дэвшүүлье!
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай" гэжээ.


Сэтгэгдэл

Талархаж байна. Монголчуудаараа бахархаж байна. [202.131.225.53] 2021-07-20 04:15:23

Мундагаа. мундаг. 100 жилийн ойн баяр наадмаар улсынхаа баруунаас зүүн зүгт гүйж, монголчууд бид "нэг үндэстэн, нэг улс" гэдгийг нотолж байгаад Даваажамцад талархаж байна. 1921,31,41,51,61 онд ингэж гүйж чадах байсан юм уу? Ийм тамирчин, ийм орчин тойрны нөхцөл ч байгаагүй. Монголчуудад ийм ухамсар ч төлөвшөөгүй байсан. Гэтэл 2021 он оныг тэр үетэй харьцуулахад бид их өөр болчихсон байна. Бахархаж байна!

Зочин [202.21.109.41] 2021-07-20 01:48:16

Хэн энэ Э.Даваажамцыг гүй гэж хэлсэн юм.Иймэрхүү сэтгэлийн хөөрөлтэй сайн дурын үйлдэл цэрэгт байж болохгүй.Яг энэ замаар дайсны цэрэг зүгээр л ороод ирэх юм байна.Шөнөдөө машинтай эхнэртэйгээ хамт байна.Сахилгын арга хэмжээ ав.

Зочин [103.80.210.183] 2021-07-19 03:21:32

гүйх биш алхаж байгаад л орлоо доо.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.