Жолоочийн хариуцлагын даатгалыг төрийн оролцоогүй, ашгийн бус, нийтийн эрх зүйн хуулийн этгээд эрхлэх хуулийн төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, С.Амарсайхан, Э.Бат-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Ц.Даваасүрэн, Б.Жаргалмаа, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Б.Энх-Амгалан нар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.27) өргөн барилаа.
Улсын Их Хурал Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011.10.06-ны өдөр баталж, 2012.01.01-нээс дагаж мөрдсөн. Харин жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох ажлыг 2013.01.01-нээс эхлэн хэрэгжүүлсэн байна.
Хуулийн зорилт нь автомашин эзэмшигчдийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн юм.
Дэлхийн 165 улс оронд ийм агуулгатай хууль үйлчилж байгаа бөгөөд зам тээврийн ослыг бууруулах, ослын улмаас хохирогчийн эрхийг хамгаалах, хохирлыг бодитой тогтоож, шуурхай барагдуулах зэрэг нийгмийн хамгааллын зорилгоор үйлчилдэг аж.
Манай улсад жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдвал зохих автотээврийн хэрэгслийн тоо 2020 оны эцсийн байдлаар 900.000 орчим байгаагаас 650.000 нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагджээ. Зам тээврийн осол гаргасан жолоочийн тоо 2020 оны байдлаар 27.983 байгаа ба ослын тоо сүүлийн 9 жилийн хугацаанд энэ түвшинд байна.
Энэ хууль хэрэгжиж, хохирогчид нөхөн төлбөр олгож эхэлсэн 2012-2020 онд нийт 230.5 тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлснээс 231.201 хүнд 121.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчдын төлсөн хураамжийн орлогоос олгосон байна. Өөрөөр хэлбэл даатгалын компаниуд төвлөрүүлсэн орлогынхоо тал хувийг л нөхөн төлбөрт зориулжээ. Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн цаг хугацаанд тодорхой үр дүнд хүрсэн ч:
-зам тээврийн осол, зөрчлийн тоо буураагүй;
-хариуцлагын даатгалыг хэрэгжүүлэхдээ ашгийн төлөөх арилжааны даатгалын компаниудад зөвшөөрөл өгч ажиллуулсан нь нийтийн эрх ашгийг хамгаалах, нэгдсэн ажил, арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болгосон;
-жолооч нар нар хохирлоо бүрэн гүйцэт үнэлүүлж чаддаггүй, нөхөн төлбөр олгох ажил удааширдаг, нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалздаг байдал бий болсон;
-хуульд хохирол үнэлэгчийг даатгалын байгууллага өөрөө томилохоор зааснаар хохирлын үнэлгээг багаар тогтоох, эсвэл үнэлгээнд гаднын нөлөөлөл орох боломжийг бүрдүүлсэн зэрэг бэрхшээлтэй асуудал хуримтлагдсан байна.
Иймд жолоочийн даатгалын одоогийн тогтолцоог өөрчилж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээ авах, жолооч нарыг хариуцлагажуулах, соён гэгээрүүлэх, авто жолооны сургалтын системд чанарыг анхаарах, давтан сургалтаар дадлагажуулах ажлыг даатгалтай холбох, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, осол гаргасан жолоочтой тооцох хариуцлагыг нэмэгдүүлэх, осол гаргаагүй жолоочийг урамшуулах шаардлагатай байна гэж үзэж, энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд:
-жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд хариуцуулан төрийн оролцоогүйгээр зохион байгуулах;
-хохирлыг зөв үнэлдэг, жолоочид чирэгдэл учруулахгүйгээр хохирлыг шуурхай, бүрэн барагдуулдаг тогтолцоо төлөвшүүлэх;
-зам тээврийн осолд холбогдсон иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй тохиолдолд тээврийн цагдаагийн албаны оролцоогүйгээр нөхөн төлбөрийг шийвэрлэх;
-жолооч нар осол гаргаад давхар торгуулдаг, жолоодох эрхийн оноогоо хасуулдаг байдлыг засах;
-даатгалын санд төвлөрсөн орлогыг осол гаргасан жолооч нарыг соён гэгээрүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын тоог бууруулахад зарцуулах;
-тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцлагын даатгалд хамрагдсан боловч түүний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргавал даатгалын гэрээнд нэр бичигдээгүй гэсэн шалтгаанаар даатгалаас нөхөн төлбөр олгохгүй байгааг өөрчлөх;
-заавал өөрийн биеэр даатгалын компанид очихгүйгээр цахимаар даатгалд хамрагдах боломжийг нээж өгөх;
-замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, замын хөдөлгөөний дүрмийн заалтыг чандлан мөрддөг, зам тээврийн осол гаргадаггүй жолооч нарын төлөх хураамжийн хэмжээг багасгах;
-жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгуулагч буюу жолооч нараас төлөөлөл оруулах зэрэг шинэ зохицуулалтуудыг тусгажээ.
Ингэснээр:
-хариуцлагын даатгалд хамруулах, нөхөн төлбөр олгох явцад гарч буй нэмэгдэл зардлуудыг хэмнэж, даатгуулагчдын одоогийн төлж байгаа хураамжийг бууруулах боломж бүрдэх;
-санд хуримтлагдсан хөрөнгөнөөс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээ, зам, тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг санхүүжүүлэх боломж бий болох;
-хууль хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулснаар тээврийн хэрэгслийн бүртгэл хяналт сайжирч, нэгдсэн бодлогоор даатгуулагчдад урьдчилан сэргийлэх, мэдээлэл авах, мэдлэг олгох, сургалт сурталчилгаа хийх боломж бүрдэх;
-хариуцлагын механизмын үйлчлэл өндөржиж, жолоочийн даатгалын гол маргаан болж байгаа хохирогчийн хохирол нөхөн олгох ажилд хүний хамаарлыг эрс багасгах;
-даатгалын үйл ажиллагаанд даатгуулагчдын өөрсдийн оролцоог нэмэгдүүлснээр тэдний зүгээс тавих хяналт сайжрах зэрэг ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Сэтгэгдэл
Зочин [107.77.229.144] 2021-10-27 22:33:00
Даатглыг жолооны үнэмлэхтэй нь холбох хэрэгтэй. Дүрэм зөрчих осол гаргах даатглынхан үнэ нэмэгдэг жолоодох эрхийн оноог хасдаг. Харин дүрмээр замын хөдөдгөөнд оролцож байгаа жолоочын даатглыг нь урамшуулдагч юм уу хөнгөлдөгч юм уу. Ийм болгох хэрэгтэй. Ядаж л замын хөдөлгөөнд соёлтой оролцож эхлэнэ.