Р.Даваадорж: Эрх баригчид замбараагүй зардал гаргахын тулд орлогоо өөдрөгөөр төсөөлж, алдагдлыг бага харагдуулахыг хичээж байна

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын 2022 оны улсын төсвийн асуудлаар судлаач, эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


-Саяхан батлагдсан Монгол Улсын 2022 оны төсөв одоо ч олон нийтийн шүүмжллэд өртсөн хэвээр байна. Орлого, зарлагын төсөөллөөс эхлээд хоёулаа ярих уу?

-Энэ жил ковидын цар тахал үргэлжилж байгаа асар хүнд жил. Ирэх жил ямар байдалтай байх нь тодорхойгүй байна. ДЭМБ-аас ч энэ талаар анхаарууулж байгаа. Тиймээс ирэх жилийн улсын төсөв иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих, улс орны эдийн засагт хүндээр нөлөөлж байгаа бүх хүчин зүйлийг засч залруулахад чиглэсэн байх ёстой. Гэтэл ийм хүнд үед Засгийн газраас өргөн барьсан 2022 оны төсөв орж ирэхдээ хэд хэдэн хуулийн зөрчилтэй байсан. УИХ-ын 2021 оны тавдугаар сарын 6-ны өдрийн Нэгдсэн чуулганаар төсвийн хүрээний мэдэгдэлд дунд хугацаанд төсвийн голлох үзүүлэлтүүдээ хуульчилсан боловч ердөө хоёрхон сарын дараа Төсвийн тогтвортой байдлын хуулиа өөрчиллөө. Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.5.1-д заасан “улсын болон орон нутгийн төсвийн төлөвлөлтийг хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулах” чиг үүрэг болон Төсвийн тухай хуулийн 6.2.2, 6.4.1, 6.4.2, 6,4.8, 6.5.5 зэрэг зарчмуудтай өргөн барьсан төсөв зөрчилдөж байгаа нь Үндсэн хуулийн “хууль дээдлэх” зарчим алдагджээ гэж дүгнэж болохоор байна. За, төсвийн орлого руу оръё. 2022 оны төсөвт орлогоо хэт өөдрөгөөр төсөөлсөн. Манай эрх баригчид хүссэнээрээ замбараагүй зардал гаргахын тулд орлогоо өөдрөгөөр төсөөлж, алдагдлыг бага харагдуулахыг хичээдэг. Жишээ нь, Уул уурхайн салбараас 4.3 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсон нь энэ оныхоос нэг их наядаар илүү байна. Хувь хүний орлогын татварын орлогыг энэ оныхоос 14.6 хувь, Нийгмийн даатгалын сангийн орлогыг 57.5 хувь, Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг 22.7 хувь, Гаалийн албан татварын орлогыг 15.7 хувиар гэх мэтээр бүх татварын орлогоо нэмэгдүүлжээ. Энэ нь Засгийн газар эдийн засгаа солонгоруулах биш, уул уурхайн хараат байдлаа улам бүр нэмэгдүүлж, хөл хорионд туйлдсан аж ахуйн нэгж, иргэдээсээ авах татварын орлогыг эрс нэмэгдүүлж, дундаж давхаргад нэн халтай шийдвэр гаргаж байна.

-Уул уурхайгаас 4.3 их наяд төгрөгийг төвлөрүүлнэ гэлээ. 2021 оны улсын төсөвт мөн л ийм өндөр дүн тавьж байсан. Тэр дүндээ хүрэхээргүй болчихоод байгаа шүү дээ?

-Манайд экспортын орлогын 90 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Түүн дотроо 70-80 хувь буюу Монголын олж байгаа 10 ам.доллар тутмын долоог нь зэс, нүүрсээс олдог. Үүнээс нүүрсээ 36.7 сая тонныг олборлоно гэж тооцсон байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар 15, 16 сая тонныг л олборлоод явж байна. Ер нь энэ бол эрх баригчдын заль л даа. Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байх үед гурван жил дараалан 42 сая тонн нүүрс олборлоно гэж тооцоолж байсан. Энэ бол зарлагаа хэт өндөр тавьснаа нуухын тулд, төсвийн алдагдлыг бага харагдуулахын тулд ингэж худлаа тооцдог юм.

Зэсийг 8915 ам.доллараар тооцож 1.2 тонныг олборлоно, алтыг 20 тонн олборлоно, нэг унцийг 1821 ам.доллараар, нүүрсийг 132 ам.доллараар 36.7 сая тонныг зарна гэсэн. Яах вэ алт бол хүрч болох юм. Гэхдээ дэлхийн зах зээлийн үнэ ямар байх нь эргэлзээтэй. Нүүрсний хувьд сая хэллээ, боломжгүй. Ковидын үед олон компани дампуурч, дийлэнхийнх нь үйл ажиллагаа хүнд байдалд байгаа. Статистик мэдээллээс харахад, энэ жил гэхэд л 15-20 мянган компани үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Гэтэл НД-ын шимтгэлээс орж ирэх орлогыг 57 хувиар өсгөнө гэсэн хийсвэр орлого тавьчихаад байгаа. Энэ бол яасан ч бүтэхгүй төсөөлөл.

-Ковидын үеийн нөхцөл байдал өнөөдөр гэхэд шал өөрөөр эргэх болчихоод байна. “Ковид 19” вирусийн маш хортой шинэ хувилбар гарсныг дэлхий зарлаж байна. Ийм нөхцөл байдалтай уялдуулсан агуулга төсөвт хэр тусгагдсан бэ?

-Төсөв өргөн барихаас өмнө ДЭМБ-аас дэлхийн бүх улсуудад маш тодорхой анхааруулга өгч байгаа. Цар тахал дуусаагүй, ирэх жилүүдэд яаж хувирах нь тодорхойгүй гэдгийг аль эрт зарлачихсан. Гэтэл ийм үед төсөв маш хэмнэлттэй, орлогоо маш зөв төсөөлж алдагдалгүй төсөв өргөн барих ёстой байсан юм. Гэтэл ковидын үед олон байшин барилга барих, шавар зуурах төслүүд л дийлэнх байна. Ковид нэгдүгээр сарын 1-нээс дуусаад амьдрал бужигнаад ирэх юм шиг л төсөөлөлтэй төсөл орж ирснийг олонхоороо хүч түрэн баталчихлаа.Харамсалтай.

-Төсвийн зарлага дээр 32 тэрбум төгрөгөөр бурхан барих төсөл ихээхэн шуугиан тарилаа. УИХ-ын гишүүд мэдээгүй байхад батлагдаад, бүр төсөв нь хэд дахин өсчихсөн болж харагдаад байгаа. Энэ төслийн талаарх хэлэлцүүлгийг эдийн засагчийн хувьд та анхаарав уу?

-УИХ-ын гишүүнд хоёр үндсэн үүрэг бий. Нэг нь хууль санаачлах, батлуулах. Нөгөө нь улсын төсөв дээр анхаарч ажиллах ёстой. Монгол гэдэг айлыг бүтэн жил авч явах төсөв. Гэтэл гишүүд туйлын хариуцлагагүй хандаж байна. Нэлээд олон гишүүд ярилцлага өгч, бас жиргэж. Ингэхдээ “Би мэдээгүй” гэсэн байх юм. Энэ нь нэг ёсондоо “Би ажлаа мэддэггүй” гэсэнтэй адил сонсогдож байгаа юм. Энэ 32 тэрбумын асуудал өнгөрсөн жилийн өргөн барьсан төсвөөс эхтэй. Тэгэхдээ 5.5 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. 1.5 тэрбум төгрөгийг тавьсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил батлагдаад энэ жил хэрэгжиж эхэлсэн төсөл. Ирэх жилийн төсөв дээр 32 тэрбум болж нэмж орж ирээд асуудал дагуулаад байна. Энд нэг асуудал бий. Хүмүүс сайн мэдэхгүй байна.

-За…

-Засгийн газраас 2021 оны төсвийг өргөн барихад энэ төсөл байгаагүй. Гэтэл хэлэлцүүлгийн явцад гэнэт гараад ирсэн. УИХ-ын гишүүн төсвийн хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй санал гаргаж шинээр арга хэмжээ нэмж болдог. Тухайлбал, Төсвийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр “Манай суманд ийм ажил заавал хийх ёстой. Засгийн газраас оруулаагүй байна” гэж гараараа бичиж өгдөг. Түүнийг нь Байнгын хороодын хурлаар хэлэлцэж УИХ-д оруулах боломж бий. Ингэхдээ нийт зардлыг нэмэхгүйгээр, өөр арга хэмжээний төсвөөс хасч оруулдаг. Гэтэл өнгөрсөн жил арай өөр асуудал болсон. УИХ-ын гишүүдээс бүрдсэн төсвийн ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэгт ирүүлсэн саналуудтай уялдуулан 178 тэрбум төгрөгийн өртөгтэй, 2021 онд санхүүжих 74 тэрбум төгрөгийн дүнтэй 109 төсөл арга хэмжээ шинээр нэмээд оруулаад ирсэн. Түүн дотор энэ бурхны төсөл байсан. Ийм олон арга хэмжээг нэг дор оруулж ирээд батлуулж байсныг би лав мэдэхгүй. Нэг юмуу хоёроор гишүүд санал гаргаад дээд тал нь 10 орчим арга хэмжээг нэмэх хасах асуудал байдаг л юм. Энэ бол тухайн үеийн Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хоёрын хийсэн ажил. Эдгээр хүмүүсийг энэхүү асуудлаар нь шалгахад буруудахгүй байх. Ингэж төсвийн дундуур нэгдүгээр хэлэлцүүлгийн дараа орж ирсэн учраас хүмүүс тэр бүр мэдэхгүй байх шиг байна. Зөвхөн 5.5 тэрбум төгрөгийн бурхны төслөөс гадна өөр олон асуудалтай арга хэмжээ бас бий.

-Ковидын үеийн засаг эрүүл мэндийн салбарт чиглэсэн байх ёстой гэж та эхэнд хэллээ. Цар тахалтай өдөр шөнөгүй тэмцэж байгаа эмч, ажилтнуудын цалинг нэмэх асуудал төсөвт тусгагдсан уу?

-Эрүүл мэндийн сайдын багц нэг их наяд орчим төгрөг байна лээ. Эмч албан хаагчдынхаа цалинг нэмэх хангалттай боломж байгаа болов уу. Тусгайлан эмч албан хаагчдын цалинг нэмэх асуудал орж ирээгүй. Хөрөнгө оруулалтад 125 орчим тэрбум төгрөг тавьсан нь боломжийн гэж харагдаж байгаа. Гэвч хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлж чадаагүй байсан.

-Тэгвэл эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр барих, олон жил дуншиж байгаа Түлэнхийн төвийг ашиглалтад оруулах зэрэг анхаарах зардлууд байсан уу?

-Түлэнхийн төвийн хөрөнгө оруулалт тавигдаагүйг бодвол дууссан болов уу. Яагаад ашиглалтад орохгүй байгаа учрыг мэдэхгүй байна. Эмнэлгийн тоног төхөөрөмж харин боломжийн хэмжээнд тавигдсан байсан. Харин ковидын аюул болоод байхад иргэдийг цуглуулах 40 гаруй соёлын төв барих төслийг батлаад явуулсан даа. Мөн сумдад Засаг даргын Тамгын газрын байр, сумын төвүүдэд засмал замууд барих төслүүд олон байна лээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан суманд 10 тэрбум төгрөгөөр бетонон зам барих төсөл харагдсан. Цөөхөн хүн амтай нэг сургуулийн байр хангалттай байх ёстой атал хоёр, гурав дахь сургуулийн байр барина гэж байх жишээтэй. Тэр дундаа Сангийн сайд Б.Жавхлангийн тойрог Дархан-Уул, Ерөнхий сайдын нутаг Хэнтий аймагт хийгдэх хөрөнгө оруулалтыг нийлүүлбэл өөр 10 аймгийн хөрөнгө оруулалттай тэнцэхүйц харагдаж байсан нь анхаарал татаж байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтын хуваарилалт, байршуулалт жигд, эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх зарчим бүрмөсөн алдагдлаа. Үүнийг Хэнтий аймгийн нэг хүнд ногдох төсвийн хөрөнгө оруулалт 2 сая 740 мянган төгрөг байхад Өмнөговь аймгийн хувьд 146.5 мянга, Завхан аймагт 72.2 мянган төгрөг байгаагаас харж болох юм. Хөрөнгө оруулалтын 1334 арга хэмжээний 80-90 хувь нь цаашид төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр байгаа нь аюулын дохио мөн.

-УИХ-ын гишүүдийн төсөвт хандаж байгаагаас харахад төрт ёсондоо хоноцын сэтгэлээр хандаж байна уу даа гэсэн эмзэглэл олон нийтэд төрж байгаа нь ажиглагдаж байна?

-Хоноцын сэтгэлээр хандаж байгаа ганцхан жишээ хэлье. Тэр бол төсвийн алдагдал. Төсвийн алдагдал бол өр болж хувирдаг. Ирээдүйд бидний үр хүүхдүүдэд өр болж үлдэнэ. 2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөг байсан. Энэ бол Монгол Улсын түүхэнд урьд өмнө байгаагүй үзүүлэлт. 2021 оных 3.7 их наяд болно. Тэгвэл 2022 оных 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөл өргөн барьсан. Би ирэх жил энэ алдагдал 4-5 их наяд хүрэх байх гэж тооцож байгаа. Зөвхөн УИХ-ын гишүүдийн тооцооллоор аваад үзэхэд Монголын төр сүүлийн гурван жилийн хугацаанд 11 их наяд төгрөгийн өр үйлдвэрлэсэн байна. Хэр их өр үйлдвэрлэнэ, түүнийг бид гаднаас зээл авч төлж таарна. Монгол Улсын гадаад өр замбараагаа алдсан. Өнөөдрийн эрх баригчид 2016 онд иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй болчихлоо гээд аюулын харанга дэлдэж байсан хүмүүс. Одоо нэг иргэн 30 сая төгрөгийн өртэй болсон. Монгол Улсын нийт өр 32 тэрбум ам.доллар болчихоод байна. Дээр нь Засгийн газрын өр дөрөвхөн жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн. Таван жилийн өмнө 4.5 тэрбум ам.доллар байсан бол одоо 8.2 тэрбум ам.доллар болсон. Өрийг ДНБ-ий хувиар тооцдог. Засгийн газар өрөө ДНБ-ий 60, 70 хувьтай байгаа гэж өөрийгөө төдийгүй өрөөлийг хуурсаар өнөөг хүрлээ. Монголбанкны свот, Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бонд, МИАТ, Төмөр зам гээд олон төрийн өмчит компаниудын өр, өрийн баталгаа зэргийг тооцох юм бол Засгийн газрын өр ДНБ-ий 100 хувиас давчихсан.

-Уул нь улсын төсөв нэг байх ёстой биз дээ?

-Тийм. Олон төсөвтэй байж болохгүй гэж 2016 оноос өмнө маш их шүүмжлэл өрнүүлдэг байсан хүмүүс бол өнөөгийн эрх баригчид. Гэтэл өөрсдөө 10 гаруй төсөвтэй болсон. Монголбанкнаас тэтгэврийн ахмадуудын зээлийг тэглэчихэж байна. Эрдэнэт үйлдвэрээс дулаан цахилгааны мөнгө гээд нэг их наяд төгрөг төсвийн гадуур зарцууллаа. Хөгжлийн банк, Эрдэнэс Таван толгой гээд төрийн өмчит компаниудаас төсвийн гадуур хичнээн төгрөг авсныг тооцох аргагүй болчихоод байна. Энэ бол Монгол Улсын түүхэнд байгаагүй асуудал. Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрийн газар татвар төлөөд татвараас төсвөөрөө дамжуулаад цааш зарцуулах ёстой юм. Хуульгүй улс шиг болчихоод байна. Төсвийн ийм дураараа замбараагүй байдал үнэ өсгөнө, үндэсний валютын ханш унагана, валютын нөөц бууруулна гэж би боддог. Зээлийн хүү өснө, зээлжих зэрэглэл буурна гэх мэтээр эдийн засгийн асар их хохиролтой. Эхнээсээ буруу бодлогынх нь үр дүн гараад эхэлчихсэн. Өргөн хэрэглээний барааны үнэ, үйлчилгээний үнэ өсчихсөн, иргэд туйлын хүнд амьдарч байна.


Сэтгэгдэл

Түвшин [202.179.25.228] 2021-12-02 01:49:38

Энэ УИХ, ЗГ, Ерөнхийлөгч монгол улсыг доройтуулах нь дээ.

Зочин [202.126.88.150] 2021-12-02 01:23:47

яана даа, Монгол улсаа дампууруулчилгүй, амар тайван ажлаа хийгээд амьдрах юмсаан

Зочин [66.181.160.27] 2021-11-30 05:58:22

Үнэн шүү хий хоосон хөөсөрсөн худлаа тоо тавихаар наад төсөв чинь яаж бодитой болох вэ.Харин бодитоор төсөвөө хийгээд тэр хэмжээгээр зарлагаа багагсагах хэрэгтэй шүү дээ.Жавхлан наад нөхдийнхөө шахалтаар үндэслэлгүй төсөв оруулж батлуулж байгаа чинь бас л мэргэжлийн ёс зүй,судалгаа тооцоогүй ханддагийг харуулаад байх юм.Төсвийн тооцоонд ямарч хэн нэгний амаар нэгч тоо тавигдах учиргүй,түүнийгээ мэргэжлийн яам хамгаалах үүрэгтэйш дээ нөхөд өө.Тэгээд баланслагдаагүй авцалдаагүй төсөв болчихдог,тэр нь бөөн шүүмжлэл дагуулдаг,тасардаг гм хор хөнөөлтэй.

tyu [192.82.65.248] 2021-11-30 03:37:35

tusuv deer hudlaa zardal iluu batluulaj mungu hurungu husdag etgeediig shuud ajilaas n halj// eruu uusgen buh hurungiig n huraaj yl asuudag boloo////

Зочин [202.126.92.99] 2021-11-30 03:30:16

энэ засгийн газрыг огцруулах хэргтэй


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.