Сурагчийн ширээнээс эхэлсэн байлдагч нарын нөхөрлөл

Aдмин / Нүүр

Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Инженер сапёрын батальоны Ус хангалтын ротын соёл хүмүүжлийн зааварлагч бөгөөд орон тооны бус хэвлэлийн төлөөлөгч, дэслэгч Р.Билэг нэгэн сонирхолтой ярилцлагыг бидэнд ирүүллээ. Бяцхан сурагч байхаасаа нөхөрлөсөн гурван залуу өдгөө хамтдаа хугацаат цэргийн алба хааж байгаа тухай санжээ. Нөхөрлөлөөрөө үеийн залуустаа үлгэр болох эдгээр залуусыг Гантулгын Буянжаргал, Баярцогтын Азжаргал, Бат-Эрдэнийн Өнөмөнх гэдэг. Дөрөвдүгээр ангиасаа хойш алхам ч холдоогүй тэдний нөхөрлөл өдгөө "Инженерийн хороо"-нд 10 дахь жилдээ үргэлжилж байгаа нь жирийн нэгэн тохиолдол биш ээ. Нөхөрлөл гэдэг нэгнээ хурцлан ирлэдэг, дэмжин тэтгэдэг, урам өгдөг, уучилж өршөөдөг сэтгэл, зүрхийг бат суулгадаг нь тэдний эх орноо гэсэн эрхэм зорилгод ч бас нэгдсэнийг нотлон харуулж байна. Тэртээ багийн найзууд, эдүгээгийн эрхэм хугацаат албаны дайчидтай ийн хөөрөлдлөө.
Арван жилийн дунд сургуулийн гурван найз өнөөдөр нэг ангид бүр нэг ротод цэргийн алба хаах болсон нь их сонин бөгөөд сайхан тохиолдол байна шүү…
Байлдагч Б.Өнөмөнх:
-Бид гурав арван жилийнхээ хоёр найзыг цэргээс халагдаж ирэх мөчид тосож авсан юм. Тэгэхэд нөгөө хоёр маань цэргийн дүрэмт хувцастайгаа машинаас буугаад ирлээ. Танигдахгүй шахам. Ёстой нэг нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, цээж тэнэгэр, жавхаатай гэж жигтэйхэн. Бидний ах ч юм шиг. Нэг л гоё оо. Тэгж найзуудыгаа тоссоноос хойш цэрэгт явъя гэдэг шийдвэрийг бид гурав зэрэг гаргасан юм. Аз болоход өнөөдөр гурвуулаа хамтдаа 77 жилийн түүхтэй, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид хамтдаа алба хааж байна. Сэтгэгдэл маш өндөр байгаа.
Хүссэн алба нь хэр таалагдаж байна вэ?
-Үнэхээр сайхан. Эхний 10 хоногтоо өглөө эрт босох, гүйх, дасгал сургуулилт зэрэгт дасахгүй байсан л даа. Харин өнөөдөр бол эсрэгээрээ. Өглөө эрт босч, гүйх нь дадал зуршил болоод зогсохгүй өдөр тутмын сургалт бэлтгэлээсээ эрч хүч авдаг болсон байна. Манай дарга нар “Цэргийн дүрэмт хувцсыг зөв өмсөж хэрэглэж чадвал та цог золбоотой харагдана шүү” гэдэг. Тэр утгаараа ч бид цэргийн албанд ирээд хамгийн түрүүнд гутлаа тосолж, захны даавуугаа зөв хадаж, хувцас хэрэглэлээ ч дэвхийтэл өмсөж сурсан даа.
Цэрэгт ирсэний дараах хөгжилтэй дурсамжаа хуваалцахгүй юу?
Байлдагч Б.Азжаргал:
-Бид дөрөвдүгээр ангиасаа өдийг хүртэл нэгнээсээ холдож үзээгүй. Хаа ч цуг. Аав, ээж, ах дүүс, бусад найзууд маань ч мэднэ. Тэгээд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангидаа ирээд бас л хамтдаа буюу нэг ротод байхын тулд төлөвлөгөө боловсруулсан юм. Тэр нь бие биенээ огт танихгүй байх. Төлөвлөгөө ёсоор долоо хоног мэндлэхгүй, ярилцахгүй байв. Тэгсэн найм дахь өдөр байлдагч Б.Буянжаргалын маань ээж Даваасүрэн эгч эргэлтээр ирээд манай даргад тор дүүрэн зүйлс өгөхдөө “Миний дүү эдгээр юмнуудыг гурван хүүд минь дамжуулаад өгөөрэй” гэж. Дарга гайхсанаа оройн тоон дээр тор дээрх нэрүүдийг дуудлаа. Бид гурав ч жагсаалаас гарлаа. Тэгсэн “Та гурав ах дүүс юм уу, ихрүүд юм уу” гэж байна. Байдал бишдээд л явчихлаа. Найзууд гээд хэлчхээр нэг ротод оруулахгүй байх гэж бодоод. Нэгэнт дарга асуусан болохоор “Бид найзууд” гэхэд дарга бас жагссан бүх онжавууд маань инээлдсэн. Нээх хөөрхөн. Хэдий гурван найзын төлөвлөгөө нурсан ч рот, салааны дарга нар маань “Найзууд хамтдаа бай” гээд нэг ротод хуваарилсанд нь маш их баярласан даа.
Та гурвын үеийн олон залуус нийгэмд байгаа. Тэд магадгүй цэргийн албандаа явахгүй “хойш” сууж байхыг үгүйсгэхгүй. Юу гэж хэлэх вэ, тэдэнд...
Байлдагч Г.Буянжаргал:
-Эр хүн болж төрсний утга учир нь өөрөө цэргийн алба хаах явдал юм. Өвөг дээдсийн минь бүлээн цус, халуун амиараа хамгаалж үлдээсэн газар шороог хойч үедээ өвлүүлэн үлдээх ариун үйлст гар бие оролцоно гэдэг өөрөө маш том боломж, гайхамшиг. Эх оронч сэтгэлгээтэй эр хүний хамгийн түрүүнд гүйцэтгэх үүрэг бол хугацаат цэргийн албаа хаах явдал шүү дээ. Хэрэв ийм сайхан албанаас “зугтаадаг” үеийн залуус байгаа бол таагүй л санагдаж байна. Гэхдээ цэрэгт явахын туйлын хүслэн нь түүнээс их байдгийг бид гурав энэ биеэрээ мэдэрч байна. Манай онжавууд бүгдээрээ их ухаантай залуус. Цэрэгт ирснээр эх орноороо бахархах, цэргийн албанд дурлах, онжавуудаараа бахдах олон сайхан чанарыг олж харж байгаадаа маш их баяртай байна. Бидний ирээдүйн сайхан амьдралын маань хамгийн дурсамжтай үе энэ цаг үе болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Ташрамд, нэгнээ тодорхойлооч гэсэн асуултад байлдагч Б.Өнөмөнх "Манай Буянаа их идэвх, санаачилгатай залуу. Цуг байхад их шогч, харин Азаа чин сэтгэлээрээ, тусч шүү" гэхэд байлдагч Г.Буянжаргал "Азаа бол манлайлагч. Түүний хамгийн сайхан чанар нь тууштай, үнэнч. Нөхөрлөсөн нэгнээ хэзээ ч хаяж байгаагүй. Өнөө мэдрэмж өндөр, нөхөрсөг сайхан харилцаа, бусдын арга эвийг амархан олдог, даруухан тэгээд их шударга. Надад хэзээ ч худал хэлж байгаагүй" гэлээ. Харин байлдагч Б.Азжаргал "Буяа хаанаас нь ундардаг юм бол гэмээр хөгжилтэй. Үргэлж бусдыг хөгжөөж, инээлгэж явдаг нөхөр. Өнөө харин их даруухан. Даруухан болохоор найзыгаа бусдад дээрэлхүүлэхвий дээ гэхээс айдаг. Цаадах чинь Буяа бид хоёрыг дэггүйтэх гээд байвал жинтэй үг хэлнэ. Бид хоёр ч найзынхаа үгэнд ордог" гэсэн нь дотно сайхан санагдав.
Хуурай замын цэргийн командлалын хэвлэлийн алба


Сэтгэгдэл

Зочин [203.217.139.240] 2022-01-07 15:22:13

Монгол эрчүүд энэ 3 хүү шиг ийм ухаалаг, эв нэгдэлтэй, ухамсартай байгаасай.

Дорж [203.217.139.240] 2022-01-07 09:32:09

Нүд дүүрэм сайхан залуус байна. Өөдлөх үндэстний үр хүүхэд залуус царай зүс, бие бялдар сайтай, эрүүл саруул сэтгэлгээтэй, ирээдүйдээ итгэлтэй, хамтач , нөхөжрсөг чанартай байдаг гэдэг. Энэ гурван хүү тийм л дүр зургийг харуулж байна. Сайхан залуус минь амжилт аз жаргалыг та нартаа хүсье


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.