АТГ: Гадаад харилцааг хөгжүүлснээр 2021 онд 20 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгийг буцаан авчирсан

Aдмин / Хууль

Авлига үндэсний хэмжээнээс хальж, гадаад улсын банк, санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшил оролцох нь улам бүр нэмэгдэж байна. Монгол Улс иргэн, эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэх, ялтан шилжүүлэх тухай 36 гэрээг 20 орчим улс оронтой байгуулсан бөгөөд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хүрээнд Авлигатай тэмцэх газраас гадаад улсын эрх бүхий байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллаж, ялангуяа гадаад улсаас хөрөнгө буцаах, мэдээлэл солилцох чиглэлээр 2021 онд гадаадын дөрвөн улсаас 20 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгийг буцаан авчирч ажилласан.

Авлигатай тэмцэх газар нь гадаад улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлж, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хөрөнгө буцаах чиглэлээр мэдээлэл солилцох, туршлага судлах, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг хэлбэрээр ажиллаж БНСУ-ын Авлигатай тэмцэх, хүний эрхийн хороо, БНХАУ-ын Ардын Ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Авлигын эсрэг газар, ИБУИНВУ-ын Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх алба зэрэг байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэв.

Түүнчлэн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн дагуу конвенцийн хэрэгжилтийн талаар тайланг боловсруулах, бусад гишүүн орны конвенцийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн европ, төв азийн Авлигын эсрэг сүлжээнээс гишүүн улсын авлигын эсрэг тогтолцоо, эрх зүйн орчинд бүрэн хэмжээний мониторинг хийх үйл ажиллагаанд ажиглагчаар ажиллаж дүгнэлт хүргүүлэн олон улсын өмнө хүлээсэн үүргээ үр дүнтэй бүрэн гүйцэтгэж байна.

Олон улсын хөгжлийн түнш байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газар нь 2018 оноос хойш Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын авлигын эсрэг тогтолцоог сайжруулах нь” төслийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон УЕПГ-тай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд шүүгч, прокурор, хууль сахиулагчдын мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх, хууль тогтоомжид оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, авах арга хэмжээний зөвлөмж боловсруулж, авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх юм.

Мөн Авлигатай тэмцэх газраас Ази, Номхон далайн орнуудын авлигын эсрэг сүлжээ, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны хамтарсан санаачилга СтАР /StAR/, ФАТФ зэрэг олон улсын байгууллагатай хамтран өргөн цар хүрээнд ажиллаж байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.