Хөвсгөлийн цагаан загас мөхлийн ирмэгт хүрлээ

Aдмин / Нүүр

“Манай гол мөрний загас жараахай гэж ёстой буцалж байсан юм гэнэ билээ. Өгий нууранд тор тавиад татахад хэдэн тонноор гарсан байдаг гэсэн. Хөвсгөлийн Цагаан нууранд өвөл тор тавьчихаад хоёр тракторын толгойгоор татаж гаргадаг таван тонн хүртэл загас нэг торонд баригддаг байсан хэмээн нэгэн үе Цагаан нуурын Загасны аж ахуйн дарга асан Н.Дашдорж гуайн яриаг чихээрээ сонсож байв” хэмээн зохиолч Б.Номинчимэд 2017 онд бичиж байв. Гэтэл өдгөө Хөвсгөлийн Цагаан нууранд гурван өдөр тавьсан торонд нэг цагаан загас орж байгаа талаар байгаль хамгаалагчид харуусан бичиж байна. Энэ бол бидний анхаарлаа хандуулах ёстой маш чухал асуудал юм.

Хөвсгөл нууранд цэнгэг усны индикатор болсон есөн зүйлийн загас амьдардаг. Үүнээс ан агнуурын ач холбогдолтой зургаан зүйлийн загас бий. Эдгээрээс Хөвсгөлийн цагаан загас бол тус аймгийн брэнд бүтээгдэхүүний нэг. Хөвсгөл аймгийн хойд хязгаар Дархадын цэнхэр хотгор нь 36 голын сүлжээ 300-гаад нуураас тогтдог.

Дархадын хотгорын нууруудаас Доод цагаан нуур, Тарган нуур, Дээд цагаан нуур, Шишгэд, Шарга голд Дархадын цагаан загас гэж алдартай загас бий. Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8-д “Дархадын цагаан, Буйр нуурын, Омоль, Зарам, Алтайн сугас загаснаас бусад загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл агнах, барихыг хориглоно.Хэрвээ дээрх хугацааг зөрчин загасчилсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно” гэж заасан байдаг. Гэвч загас агнуурын ямар ч хязгаарлалтгүй бодлого, буруу аргачлалаас үүдэн дэлхийд алдартай цагаан загас мөхлийн ирмэгт хүрээд байна.

Улаанбаатар хотын томоохон зах, худалдааны төвүүдийн загас зарж байгаа лангуунууд дээр очвол “Зарж байгаа загаснуудаа бид нутгийн хүмүүсээс худалдаж авдаг. Яг ямар аргаар агнасан эсэхийг мэдэхгүй. Тор тавьж агнадаг байх” гэсэн хариултыг өглөө. Мөн цахимаар загас зарна гэсэн зарын дагуу холбогдвол “Одоогоор Завханы цагаан загас цөөн байна. Бид өөр хүмүүсээс худалдаж авдаг. Өөрсдөө загас барьдаггүй” гэв. Үүнээс харахад яг одоогийн байдлаар загасыг зориулалтын байгальд ээлтэй аргаар буюу дэгээгээр агнаж байна уу эс бөгөөс хууль бус, байгальд ээлгүй аргаар агнаж байгаа эсэхэд ямар ч хяналт алга. Энэ мэт байдал нь үржлийн үед нь загас агнахыг хуулиар хориглосон байтал иргэд агнаж байгаа эсэхэд хатуу хяналт байдаггүйгээс дэлхийд алдартай энэ загас ховордоход хүрэв үү гэсэн асуултад хариулт нэхэхэд хүргэж байна.

Ховордож эхэлсэн Хөвсгөлийн цагаан загасыг үржүүлэх ажлын хүрээнд, Цагааннуур суманд загас үржүүлэх тоног төхөөрөмж худалдан авах, Цагаан загас үржүүлэх техник эдийн засгийн үндэслэл боловсруулах судалгааны ажлыг гэрээ байгуулан 2021 онд эхлүүлсэн байдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Цагаан загас үржүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх 45 сая, Цагаан загасны судалгаа хийх зориудын аргаар үржүүлэх техник эдийн засгийн үзүүлэлт боловсруулах зөвлөх үйлчилгээнд 35 сая төгрөг батлуулж, техник тоног төхөөрөмжийг “Шинэ сариг” ХХК, Загас судлалын төв ТББ-тай хамтран нийлүүлэхээр болсон юм. Хөвсгөлийн цагаан загасыг үржүүлэх судалгааны ажлыг ОХУ-аас туршлага судалж, эхлүүлэхийг аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан онцолж байлаа.

Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган хоёрдугаар сарын 23-нд Төрийн ордонд болсон. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Сүүлийн жилүүдэд хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нууранд живсэн автомашинууд, нуурыг түшиглэн, үйл ажиллагаа явуулж буй зарим нэг хариуцлагагүй аж ахуйн нэгж, иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж, нуурын ус ихээр бохирдож, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх боллоо” гэж Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганы индэр дээрээс мэдэгдсэн.

Мөн "Хөвсгөл нуур ба орон нутгийн хөгжил" сэдвээр Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан илтгэл танилцуулсан. Тэрбээр илтгэлдээ "Өнгөрсөн онд Хөвсгөл аймагт дотоодын 56 мянга гаруй жуулчин ирсэн. Хөвсгөл нуур нь дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувь, Монгол орны гадаргын усны нөөцийн 74.6 хувийг дангаараа бүрдүүлдэг. Маш цэвэр хэмээх ангилалд багтдаг хосгүй үнэт нуур юм. Тиймээс Хөвсгөл нуурыг эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхэд Мөрөн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгох, жижиг оврын онгоцоор нислэг үйлдэх, Хөвсгөл нуур болон түүний ойр орчимд нисэх буудлуудыг ашиглалтад оруулах, босоо тэнхлэгийн замд холбох зэргийг хэрэгжүүлэх шаардлагатай” гэж ярьж байв.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2019-2024 онд хэрэгжих "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх Хөвсгөл дэд төсөл"-ийн хүрээнд Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух 37.9 км авто зам, долоон авто зогсоол, 15 км нийтийн зориулалттай явган хүний болон морин жимийн тохижилтын ажлыг хийхээр төлөвлөжээ.

Мөн Хөвсгөл нуурыг хамгаалахын тулд 2022-2024 онд эрэг орчимд нь аялал жуулчлалын зориулалтаар шинээр газар олгохгүй байх, хур хогийг цэвэрлэх, хөрсний бохирдлын эх үүсвэр болсон нүхэн жорлонг устгах, хориглох, живсэн машин, техникийг бүрэн татаж гаргах, Усны чанарын лабораторийг шинэчлэх, Судалгаа-шинжилгээний төв байгуулах, аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг цогц ажил хийхээр төлөвлөж байна. Үүнээс гадна Хөвсгөл нуур орчмыг эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхтэй холбоотойгоор хяналтын цэгүүд, ариун цэврийн эко байгууламж байгуулах, нуур тойрсон сумдын иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг 19 сая ам.доллараар хэрэгжүүлж эхэлсэн байна.

Энэ бүхнээс харвал Хөвсгөл нуурыг зөвхөн аялал жуулчлалын бүс гэсэн нүдээр харж, тус нууран дахь ховор загасыг хамгаалах тал дээр ямар ажил хэрэгжүүлэх талаар тодорхой шийдэл гаргасангүй нь харамсалтай. Өмнөх нийтлэлээрээ бид Хөвсгөл нуурт хэрхэн жуулчдыг татах, аялал жуулчлалыг хурдацтай хөгжүүлэх нь бус нуураа бохирдлоос хэрхэн сэргийлж, цэнгэгээр нь урт удаан байлгах вэ гэдэг нь нэн тэргүүний чухал асуудал болоод байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд уламжилсан. Харин энэ удаа нуурын цагаан загасаа хамгаалах, загас агнуурт тавьж байгаа хяналтаа сайжруулахад анхаарахыг хүсэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Дархад [66.181.161.44] 2022-05-06 23:36:38

Дархад,цаатангууд үртэй болгоныг алж,үндэстэй бүхнийг ухаж устгадаг алуурчид юм билээ цагаан загасаа дуусгаж л амархахаас аварч огчт чадахгүй бүгд алуурчид

Зочин [103.212.119.220] 2022-05-06 00:58:11

Тэрбум мод л яриад байхаар бусад асуудлаа хаячихсан уу?

Зочи'н [192.82.81.45] 2022-05-05 14:38:59

Нутгийн иргэд тороор барьж байна.

Зочин [202.126.88.132] 2022-05-05 08:54:08

Агнуурын бодлого ,төлөвлөлт, судалгаа шинжилгээ, хамгаалах арга хэмжээг цогцоор нь шийддэг төрийн төрийн захиргааны төв байгууллага байхгүйгээс л ийм байдалд хүргэж байна даа.БОАЖЯ тай бүү андуур.Тэр бол биш шүү.

Зочин [202.179.21.231] 2022-05-05 07:51:06

Сүүлийн 10 жилд хар галуу маш ихээр ирж байна..нэг хар галуу өдөрт 5-15 кг хүртэл загас иддэг гэсэн тооцоо байгаа юм байна. Мөн усан доогуур маш хурдтай ,удаан явдаг учир тэнд байгаа загасыг түүгээд идээд гарна гэсэн үг. Энэ хар галуутай тэмцэхгүй юм бол ойрын 5 жилд монгол орон загасгүй болох аюул нүүрлээд байна.

Зочин [103.26.194.55] 2022-05-05 08:08:36

Хүний үйл ажиллагаанаас илүү загасанд хор хохирол учруулдаг хар гогой буюу / ХАР ГАЛУУг / УСТГАХ хэрэгтэй . Тэгээд энэ хорлонтой шувуу яг загасны үржилийн үеэр ирдэг юм.Хүнд хууль гаргачихвал загас агнаад байх нь ховор доо. Харин хар гогойд хууль үйлчилдэггүй шүү. Тус шувуу өөрөө 2.5-2.8 кг жинтэй мөртлөө 500 г - 1 кг загас өдөрт иддэг./ ЗАЛГИЧИХДАГ/ шувуу шүү дээ.Биеийн жингийн 2.5-5 хуваасны нэгтэй тэнцэх хүнс хэрэглэдэг гэсэн .үг. Өөрөөр хэлбэл 60 кг жинтэй хүн 12-24 кг хүнс нэг өдөр хэрэглэнэ гэсэн үг.ХОВДОГ ШУВУУ

Зочин [66.181.182.146] 2022-05-05 04:45:43

Манайхан гадныхан шиг бүр хоол болгож идэдгүй!!сонирхлын журмаар л хэргэлдэг бх. Урагшаа л гаргадаг бх!!

зочин [202.21.117.58] 2022-05-05 03:56:50

Энэ цагаан засаг чинь өөр нууранд байдаг шүү дээ Хөвсгөл нууранд байдаггүй юмаа , Цагаан нуурын эко систем алдагдсан нь бол үнэн шүү дээ одоо даруйхан нөхөн сэргээх л шаардлагатай

зочин [202.9.41.131] 2022-05-05 04:16:52

Ц.ЭЛБЭГДОРЖ ЗЭРЭГ ДАВАРЧИХСАН АН АМЬТАН ХЯДАГЧ ХУЛГАЙЧ НАРЫГ МАШ ХАТУУ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ. ЭХ ОРНЫГ МИНЬ ХУЛГАЙЛЖ ШУЛНА, ДЭЭР НЬ АН АМЬТНЫГ ХЯДНА МУУ БҮХЭН ШҮГЭЛСЭН АДГИЙН ЦЭЭР ХҮРЭМ АМЬТАН БОЛ ӨЦГӨР ЧОНО БИШ ХАРИН ӨЛӨН ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

ЗОЧИН [202.126.89.97] 2022-05-05 03:30:32

ГО ГО ХАР ГАЛУУ МАШ ИХЭЭР ИРЖ ЗАГАСЫГ Ч ХАРИН НЭГ ДУУСГАЖ БАЙГАА ШҮҮ ТҮҮНЭЭС ХУЛГАЙН АН ХИЙГЭЭД ДУУСГААД БАЙГАА ГЭДЭГ АРАЙ Л ИХ ХЭТРҮҮЛЭГТЭЙ БАЙНА ТЭНД ЧИНЬ НУУР ХАМГААЛЛЫН АЖИЛТНУУД ӨДӨР БҮР Л НУУРАА САХИН ХАМГААЛЖ БАЙДАГ ИНГЭЖ ТУЙЛШИРЧ БОЛОХГҮЙ. НУУР ХАМГААЛАГЧ НАР НЬ ГАЛУУТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА

Иргэн [66.181.160.15] 2022-05-05 03:14:51

Тулаа сайн хамгаал. Загасгүй болно. Байгалийн Тэнцвэрийг алдагдуулсан шийдвэрээ сайн мөрд. Тулаас өөр загасгүй болно. Дараа тул нь өөраө устана. Ийм л бн

Зочин [202.126.93.115] 2022-05-05 02:22:11

Монголчууд юу ч бүтээдэггүй дандаа барж дуусгаж, эвдэж сүйтгэж л чадна. ганц боловсруулдаг зүйл нь баас

dd [122.201.21.132] 2022-05-05 02:17:46

Ямарч байгалийн нөөц өөрийн хязгаартай. Цаасан мөнгө хязгааргүй хэвлэж болдог.

zochin [66.181.179.102] 2022-05-05 02:16:38

Загасгүй нуур цэнгэг байна

Зочин [202.70.44.46] 2022-05-05 01:59:11

зах дээрээс авсан мэдээллээр худал бичээд байна уу даа


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.