Т.Чулуун: Дэлхий хийгээд Монголд болж буй үйл явцын өрнөлийг “Эргэлтийн Цаг 2 иржээ” гэж дүгнэсэн

Aдмин / Хууль

МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор Т.Чулуун “Монголын хөгжлийн жим: Систем судлаачийн зураглал” нэртэй гурамсан зохиол бичиж хэвлүүлжээ. Энэ тухай зохиогчтой ярилцлаа.

-Эрдэмтдийн нийтэд зориулсан зохиол хомс байдаг. Таныг “Монголын хөгжлийн жим: Систем судлаачийн зураглал” гурамсан ном, бүтээлээ туурвихад юу түлхэц болов?

-Сурсан мэдсэнээ нийгэмдээ түгээх, улс нийгмийнхээ хөгжилд өөрийн чадах хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл л юм даа. Комплекс системийн онол, нийгэм-экологийн системийн судалгаа, резилиенс онолын үүднээс гурван номоо бичлээ.

-Та бол систем судлаач эрдэмтэн хүн. Цувралын эхнийх болох “Монголын нэгэн жаран: нэртэй номоо бичихдээ та судлаачийн байр сууринаас бичив үү эсвэл улс орны хөгжлийн 60 жилийн дийлэнх хугацааны гэрч гэдэг талаасаа бичив үү. Гол агуулгыг сонирхуулаач?

-Аливаа систем хөгжиж цэгцрэх, физикийн хэлээр бол энтропигоо бууруулахын тулд нэгдүгээрт, нээлттэй, хоёрдугаарт, хурдасгуур хэрэгтэй. Миний гэрч болсон социализмын хагас жаранд Монгол Улс “үүд хаалгаа” хагас онгойлгож, харин ардчиллын хагас жаранд бүрэн нээсэн нь хөгжлийн зайлшгүй нөхцөлийг бүрдүүлэн өвөрмөц хөгжлийн жимээр замнаж ирлээ. Харин хөгжлийн хурдасгуурыг бий болгох, ашиглах тал дээр оносон алдсан аль аль нь байна. Үүний талаар санаа бодлоо бичсэн юм л даа.

Монгол Улсын хөгжилд ардчиллын 30 жилд системийн хувьд хамгийн их эерэг нөлөө үзүүлсэн хүчин зүйлс бол ардчилал, эрх чөлөө, мэдээллийн технологи, олон улсын харилцаа, боловсрол соёл юм. Харин хөгжлийг системээр нь боомилсон хүчин зүйлс бол авлига хээл хахууль, тэгш бус байдал, ядуурал, газрын доройтол, санхүүгийн алдагдал өр юм гэсэн дүгнэлтийг энэ номондоо

хийсэн. Монгол Улс хөгжлийн чөдөр тушаанаас салж эрүүлжин, хөгжлийн хурдасгуураа улам бүр төгөлдөржүүлэхийн төлөө эв саналаа нэгтгэвэл сэргэн хөгжих нь дамжиггүй.

-“Хүмүүн-байгалийн найрсал: Экосистем судлаачийн өнцөг” буюу 2 дахь

номынхоо түлхүүр санааг танилцуулна уу?

-Нийгэм-экологийн систем гэдэг нь хүмүүн-байгалийн харилцан уялдаа бүхий тогтолцоог хэлнэ. Дэлхий, Монгол Улс, бэлчээрийн нийгэм-экологийн системийн судалгааныхаа үр дүнг тоймлон нийтэд түгээхийг зорьж байгаа. Сүүлийн жаранд хүн ам, хүний хэрэглээ огцом хурдатгалтайгаар өсөн нэмэгдсэнээс хүн төрөлхтөн байгаль дэлхийдээ улам их дарамт учруулан, Дэлхийн тогтолцоондоо нөлөөлөх хүчин болсон тул Хүний эрин буюу Антропоцен эрин ирлээ гэж эрдэмтэд үзэх болов. Иймээс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэвшүүлэн хүн зоны Дэлхийд үзүүлэх дарамтыг бууруулахаар чармайж эхэллээ. Улс орны тогтвортой хөгжлийг харьцуулан эрэмбэлж, чиглүүлэх үүднээс тогтвортой хөгжлийн хураангуй индексийн саналыг дэвшүүлсэн. Хүний хөгжлийн индексийг 1990 оноос хэрэглэж үр дүнд хүрсэн. Харин орчин үеийн нөхцөлд тохирсон ирэх 30 жилд хэрэглэж болох шинэ индексийн санааг мөн дэвшүүлчихлээ. Европын орнууд, ялангуяа скандинавийн орнууд тогтвортой хөгжлөөр тэргүүлж байна. Монгол Улс дундаас доогуур явна. Гэх мэт санааг тус номноос унших боломжтой.

-Дэлхийн түвшинд тогтворой хөгжлийн индексийн сонирхолтой санааг дэвшүүлжээ. Монголын түвшинд ямар суурь сэдэл санааг дэвшүүлэв?

-Дэлхийн 4 шахам тэрбум жилийн хувьсал хөгжлийн үр дүнд нарны эрчим хүчээр ивээн тэтгэгддэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй, бодисын бүрэн эргэлт бүхий хог хаягдалгүй экосистем бүрэлдэн тогтжээ. монголчуудын нүүдлийн соёл иргэншил хэдэн мянган жилийн туршид хуурай бүс нутгийн цаг агаарын хэлбэлзэлд дасан зохицож, бэлчээр нутгаа оновчтой ашиглах чиглэлээр хөгжсөөр ирсэн. Монголын бэлчээрийн нийгэм-экологийн систем нь нарны эрчим хүч ашигладаг, материаллаг бус, хог хаягдал багатай, тогтвортой тогтолцоо юм.

Нэг нутаг-усныхан буюу бэлчээрийн нийгэм-экологийн систем нь бол олон зуун жилийн хувьсал хөгжлийн шалгуур давж төгөлдөршсөн, хүмүүн-байгалийн найрслын монгол загвар мөн. Иймээс байгаль-соёлын нэгдмэл байдал болох нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйл дээрээ суурилан хөгжихийн тулд нэг нутаг усныханд сэргээгдэх байгалийн нөөцийг цогцоор эзэмшүүлэх замаар Үндсэн Хуулийн 6.2-д оруулсан шинэ өөрчлөлт болох “...төрийн нийтийн өмч” гэсэн заалтыг амьдруулж, хөдөө нутгийг тогтвортой хөгжүүлэх санааг энд дэвшүүлсэн.

-З дахь цуврал “Сэргэн хөгжихүй: Бодлого судлаачийн хараа” нэртэй. Энэ мэдээж монгол орны хэтийн хөгжлийг харж бичсэн байх?

-Монгол Улсын “Алсын хараа 2050”, ойрын 10 жилийн төрийн бодлого, Эргэлтийн цаг 2 ирсэн тухай резилиенс онол, сэтгэлгээний өнцгөөс толилууллаа. Хүмүүн-байгалийн системийн тэсэж тогтох хийгээд дасан зохицох чадавх нь тогтвортой ирээдүйг бий болгоход хангалтгүй тул сэргэн хөгжих асуудлыг онцолсон. “Баялгийн хараал”, “Хөрш орны дагуул” зэрэг үл хүсүүштэй хөгжлийн хувилбар, “Нордик загвар”, “Азийн чоно” зэрэг хүсүүштэй хөгжлийн замын хувилбар байна. Үүнээс уур амьсгалын өөрчлөлтийг хазаарлах дэлхий нийтийн ерөнхий чиг хандлагыг чандлан, тогтвортой хөгжил хийгээд аз жаргалаар манлайлагч, эрх тэгш нийгмийг цогцлоож буй нордик загвараас суралцахыг энэ номоороо санал болгож байгаа юм. Ардчилал, зах зээлийн 30 жилд даамжирсан нийгмийн тэгш бус байдал нь нийгмийн тогтворгүй байдлыг үүдэх эрсдэл болсныг одоо засаж залруулах шаардлагатай. Нийгэм-эдийн засгийн тэгш хүртээмж, тэгш гараа, тэгш боломжийг бүрдүүлэх замаар дундаж давхаргаа өргөтгөн, олонхыг аз жаргалтай амьдруулах төрийн бодлогоо Скандинавын орнуудын Нордик загвараас суралцаж хэрэгжүүлэх санал мөн дэвшүүллээ. Нордик загварыг судлах, хэрэгтэйг нь нутагшуулах, боловсон хүчин бэлтгэх, эдгээр оронтой гадаад харилцаагаа өргөжүүлэх гээд олон талын арга хэмжээ авч байж л хэрэгжинэ.

-Таныг Ногоон хөгжлийн бодлого 2030-ыг боловсруулахад голлох үүрэгтэй оролцсон гэж ярьдаг. Энэ тухай тус номонд орсон болов уу?

-Ногоон хөгжлийн бодлогын тухайд бол миний хувьд санаачлах, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Ногоон хөгжлийн бодлогын газрын даргын үүргийн дагуу удирдан боловсруулах зэрэг үүргээ л биелүүлсэн хэрэг. Харин тус бодлого бол хамтын зүтгэл бүтээл, 2014 оны 6-р сарын 13-нд Их Хурлаар батлагдсанаас хойш бол төрийн бодлого болсон. Алсын хараа 2050-ын есөн үндсэн зорилгын нэг тул 2050 он хүртэл хэрэгжинэ. Тэгээд ч ногоон хөгжил Дэлхийн гол чиг хандлага болох нь тодорхой болсон. Ногоон хөгжлийн бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг тайлбарласан нийтлэлээ энэ номондоо багтаасан байгаа. Мөн тогтвортой хөгжлийн зорилгууд, тэрбум мод хөдөлгөөний талаар өөрийн санаа бодлоо нэмж орууллаа.

-Яагаад та одоо Эргэлтийн цаг 2 ирсэн гэж дүгнэв?

-Гладвеллийн tipping point буюу эргэлтийн цэг, цаг хэмээх нийгмийн шугаман бус өөрчлөлтийн санааг хэрэглэсэн санаа л даа. 1990 онд Эргэлтийн Цаг 1 тохиосон тухай уг онолын үүднээс дүгнэн бичсэн. Зөвхөн Монгол бус Дэлхийд тохиосон шугаман бусаар өөрчлөлдөх үйл явдлыг эргэлтийн цаг гэж нэрийдсэн. Өөрөөр хэлбэл, ардчилсан хувьсгал зөвхөн Монголд болоогүй социалист систем нуран унасан шүү дээ. Түүний нэгэн адил үйл явдал Дэлхийд 2020 онд боллоо шүү дээ. Энэ бол цар тахал. Цар тахал цахим хувьсгалыг түргэтгэлээ. Үүний нөлөө ч Монголд туссан. Мөн цар тахал манай улсыг хоёр хөршөөсөө эдийн засгийн хэт хамааралтай, эрсдэлтэй болсныг тод томруун харууллаа. Иймд эдийн засгийн хувьд хөрш орны хараат байдлаас гарах нь үндэсний аюулгүй байдлын гол стратеги боллоо.

Том агуулгаар нь харвал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал Дэлхий дахины хөгжлийн гол чиг хандлага болж, ирэх 2050 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх стратеги нь хөгжсөн улс орнуудын геополитик болох төлөвтэй. Дэлхийн дунджаас 2 дахин илүү дулаарч буй Монгол Улсад уур амьсгалд эмзэг байдлаа бууруулж, дасан зохицон, хүлэмжийн хийг бууруулах ногоон технологи нэвтрүүлэх чиглэлээр олон улсын хөрөнгө оруулалт татах таатай боломжийг ашиглан байгаль орчноо сэргээн, нийгэм-эдийн засгаа хөгжүүлэх шаардлагатайг бүрэн утгаар нь ухаарах цаг болсон. Мөн Монголын ардчилал, зах зээлийн өнгөрсөн 30 жилийг эргэн дүгнэж, гарсан алдааг засах үйл явц шинэ үеийнхний оролцоотой ид явж байна. Баруунд боловсорсон шинэ үеийнхэн эргэлт, сэргэлтийг манлайлах учиртай. Дэлхий хийгээд Монголд болж буй үйл явцын өрнөлийг харан дүгнэхэд, Монгол Улсад аливаа эрсдэлд тэсэж үлдэх, даван туулж сэргэх төдийгүй шинэчлэгдэн хөгжих шаардлагатай Эргэлтийн Цаг 2 иржээ гэж дүгнэсэн юм.Тиймээс Эргэлтийн Цаг 2-ын энэ үед даруй хийвэл зохих төрийн бодлогын талаар санаа бодлоо нэмэрлэсэн байгаа.

-Таны эрдмийн замнал Монголын хөгжлийн жимтэй хэрхэн сүлэлдсэн бэ?

-Социализмын үр шимээр 1-р сургуулийн тооны анги, Харьковын их сургуулийг онолын физикчээр дүүргэн ШУА-д ажиллаж, Москвагийн их сургуульд комплекс системийн судалгаагаар физик-математикийн эрдэмтний зэрэг хамгаалсан. Комплекс системийн тухай онолын мэдлэгтээ тулгуурлан, “Монголын нэгэн жаран: Систем судлаачийн бодрол” номоо 1960-2020 оныг хамруулан бичсэн юм. Ардчиллын үр шимээр АНУ-ын Колорадо их сургуульд экосистем судлаачаар 1991-2002 онд ажилласан. Экосистем, нийгэм-экологийн системийн судалгааны үр дүн бол “Хүмүүн-байгалийн найрсал: Экосистем судлаачийн өнцөг” номын минь гол агуулга. 2002 онд АНУ-аас эргэж эх орондоо ирэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн бодлого боловсруулахад хувь нэмрээ оруулах зорилго тавин, хэрхэн ногоон хөгжлийн бодлого боловсруулахад оролцсон хийсэн тухай төдийгүй ирээдүйн хагас жаран буюу 2050 он хүртэлх үеийг “Сэргэн хөгжихүй: Бодлого судлаачийн хараа” номондоо хамрууллаа. Миний бие 2 нийгмийн нүүрийг үзэж, үр шимийг нь хүртсэн хүн. Энэ утгаар би гурамсан номоо ирээдүйг бүтээх залуустаа өргөн барьж байгаа юм. Монгол Улс сэргэн хөгжих болтугай!


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.95] 2022-05-11 15:50:11

зозо


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.