Зуншлага тааруу байгаа баруун 5 аймагт өвс тэжээлийн нөөцөө эрчимтэй бэлтгэх ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Aдмин / Нүүр

ХХААХҮЯ-аас “Өвөлжилт хаваржилтын болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай Ерөнхий сайдын албан даалгавар” гарсантай холбогдуулан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажил улсын хэмжээнд хэрхэн явж байгаа талаар цахим уулзалтыг зохион байгуулж, үүрэг чиглэл өглөө.

Уулзалтанд Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон холбогдох албаныхан, 21 аймгийн удирдлагууд оролцлоо.

Өнгөрсөн жилийн эцсийн мал тооллогоор 67.3 сая толгой мал тоологдсон. Энэ онд 24 сая толгой төл хүлээн авч бойжуулснаар өнөөдрийн байдлаар 90 гаруй сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 120 гаруй сая хонин толгой мал бэлчээр ашиглаж байна. Монгол Улсын бэлчээрийн даац 84.7 сая хонин толгой малыг багтаах багтаамжтай бөгөөд бэлчээрийн даац 35 сая хонин толгой малаар хэтрээд байгаа.

Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ "Улсын хэмжээнд 2022 он гарснаас хойш мал, амьтны гоц халдварт шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан, үхрийн арьс товруутах өвчний тархалттай байна. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц, Увс аймгийн Өмнөговь, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Архангай аймгийн Ихтамир зэрэг сумдад шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн тул хорио цээрийн дэглэмтэй байна. Өнгөрсөн хавар улсын хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 5.02 сая үхэр, 32,000 гахай, 2500 цаа бугыг тус тус хамруулсны үр дүнд өвчний халдварыг хумиж чадсан. Дархлаажуулалтын ажил 2 жилийн хугацаанд үргэлжлэн хийгдэнэ.

Arslan.mn

Малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдлээс шалтгаалан малын гоц халдварт болон халдварт өвчний тархалт жил бүр ихсэж байна гэсэн хардлага их байгаа тул эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхээр малын отор нүүдлийг босоо чиглэлд зохион байгуулах бодлого баримтлан ажиллаж байна" гэлээ.

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалт 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд буюу Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорноговийн зарим, Завхан, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар сайн, 40-өөс илүү хувьд дунд, 10 гаруй хувьд буюу Баянхонгор, Говь-Алтай, Увс, Өвөрхангай, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Завхан, Ховд, Дундговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу байна.

Зуншлага тааруу байгаа баруун 5 аймгийн удирдлагууд хадлан бэлтгэх боломжтой аймгуудтай гэрээ байгуулж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах, тарга хүч муу авсан мал болон бэлчээрийн даацаас хэтэрсэн малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байна. Засгийн газар экспортыг ямар нэгэн хориг саадгүй явуулах чиглэлд бүх талаар анхаарч ажиллаж байгаа талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.

Arslan.mn

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар дараах чиглэлийг өгчээ. Үүнд:

• Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллах.

• Өөрийн аймгийн нутагтаа ган, зудын эрсдэлийн үнэлгээг хийж, бодитой дүгнэлт гаргах.

• Хадлангийн талбайг оновчтой хуваарилах, зохистой ашиглах, хадлан авах боломжгүй аймаг, сумдад хадлангийн талбай ашиглуулах.

• Зуншлага тааруу болж байгаа аймгуудын малчид тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлж, бог малын хээлтүүлэгчийг бүх хээлтэгч малдаа тавих эсэхийг шийдэх.

• 2022 оны үр дүнгийн гэрээн дэх орон нутгийн тусгай хэрэгцээний сумын болон сум дундын отрын бүс нутаг байгуулах заалтын хэрэгжилт хангалтгүй байгааг эрчимжүүлэх.

• Малын гоц халдварт өвчний нөхцөл байдал, хор уршиг, тэмцэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх сурталчилгаа, мэдээллийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран малчид, иргэдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахимаар тогтмол хүргэх.

• Малын гоц халдварт өвчний эрсдэл бүхий аймаг, сумаас хийх малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэлд хяналт тавих, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, хяналтын цэгүүдэд бүртгэгдээгүй мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэхгүй байх.

• Архаг халдварт болон шимэгчтэх өвчнөөс сэргийлэх вакцинжуулалт, угаалга, туулгалт, боловсруулалтын ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах

• Малын гоц халдварт болон халдварт өвчин олон аймаг, суманд тархсантай холбогдуулан мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулах.

• Зуншлага тааруу болж байгаа аймгуудын малчид үржлийн бус малаа эдийн засгийн эргэлтэд оруулах.

• Орон нутгийнхаа хүн амын өвөл, хаврын хүнсний хэрэгцээнд чанарын шаардлага хангасан махны нөөцийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах.

• Орон нутагтаа бэлтгэсэн малын арьс, ширэнд анхан шатны боловсруулалт хийж, Хөдөө аж ахуйн биржээр арилжаалах арга хэмжээг зохион байгуулах.

• Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хүрээнд төвлөрсөн хөрөнгийг төсвийн тухай хуулийн 60.2.8-д заасан арга хэмжээнүүдэд зориулалтын дагуу зарцуулах.

• Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-д аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 05-ны дотор батлахаар заасан тул Та бүхэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт холбогдох хөтөлбөр, арга хэмжээнүүдийг тусгаж ажиллах.

Arslan.mnArslan.mn


Сэтгэгдэл

Гэсэр [103.229.123.41] 2022-08-16 10:30:12

Зуншлага тааруу байгаа гэсэн мөртлөө өвс тэжээлээ бэлтгэх үүрэг өгч л байдаг. Өвс байхгүй учраас л зуншлага нь муу байгаа биз дээ. Өөр газраас бэлтгэ гэсэн үг байхдаа.... ойлгохгүй юм даа заримдаа. Эсвэл ногоо, жимстэйгээ адилхан өвсөө ургуул гээд байгаа юм болов уу даа

Зочин [202.126.94.205] 2022-08-16 03:52:44

Шунал нь дэндсэн малчдын тоо толгой нь хэтэрсэн олон малыг тэнгэр өөрөө ниргээд хагаслаад өгвөл хэрэгтэй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.