ХЯМРАЛААС НУРАЛТ РУУ ОРОХ УУ?

Aдмин / Нүүр

Овог, аймгууд бүрэлдэж хүн төрөлхтөн нийгэм гэх зохион байгуулалтад орж эхэлсэн үеэс амьдрах, аж төрөх, улмаар хүчирхэгжихийн тулд дүрэм журам бий болгон мөрдөцгөөж эхэлсэн хэрэг. Эртний грекийн сэтгэгч Аристотель: Хүн бол хамгийн төгс амьтан, гэхдээ хууль, зүй ёсноос салахаараа хамгийн муу нь болдог.

Хууль ёсноос ангид бүлэг амьтдын бөөгнөрлөөс ялгарах юмгүй. Иймд Үндсэн хууль бол төр нь ард түмнийг аюулгүй, амгалан тайван, эрх чөлөөтэй, шударга, тэгш боломжоор хангагдан амьдрах бололцоог бүрдүүлэхээр гэрээлсэн эрх зүйн баримт бичиг.

Ардчилсан хувьсгалаас хойш монголчууд бүрэн эрхт улсын иргэний эдлэх эрх чөлөөг хүртэн амьдарч чадсан ч тэгш дүүрэн боломж, аюулгүй амар тайван нийгэм, гэрэлтэй, сайн сайхан ирээдүйг төсөөлөх боломжгүй гажуудсан нийгмийг аажимдаа үзэцгээж байгааг хожим түүх гэрчлэх биз. Тогтолцооны хямралаас, их уналтын ирмэг дээр ирсэн энэ он жилүүдэд хэн буруутайг ч хожим түүх шүүнэ.

Засаглах эрх гэдэг мөлжих хэрэгсэл ч биш, хууль дураараа өөрчилдөг хэт явцуу эрх мэдэл ч биш.

Нийгмийн харилцаанд оролцогчдын эдлэх эрх, хүлээх үүргийг зохицуулдаг хэм хэмжээний нийлбэрийн хувьд Үндсэн хуульд иргэний эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд төрийн байгууллын үндсийг тодорхойлж, иргэдийн оролцоог хэрхэн хангахыг зохицуулсан байдаг. Харин Монголд савраа шигтгэсэн хэт явцуу ашиг сонирхлын бүлэглэл гэмт хэргийг өдөөн хөгжөөх санаархал бүр дээр хоолойд нь тээглэсэн яс шиг зовоодог нь Үндсэн хууль учраас байнга эрх мэдлийн хэтийдэлд автан дураараа өөрчлөх явдал хэд хэдэн хэдэн удаа давтагдаж, эцэг хуульд хүйтэн гар дүрэгдэхэд сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд шургаж, ард түмний ахуй амьдрал үнсэнд хаягдсан шалз шиг дордсоор ирсэн. Тун саяхан 2019 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг амаа олохгүй магтацгааж “...одоо л тогтолцооны хямрал арилах боломж бүрдлээ...” гэж хөөрцгөөсөн. Гэтэл хоёрхон жилийн дотор хэрэгжиж бүрэн амжаагүй Үндсэн хуулийнхаа чухал заалтууд болох төрийн байгуулал, түүний эдлэх эрх зүйн хэм хэмжээ, ард түмний төрийн эрх мэдэлд оролцох, төр барилцах эрх рүү халдан довтлох...

Урьд нь үндсэн хуулийн заалтуудыг өөрчлөх бүрт тун няхуур хандаж, болгоомжилж, ард түмнээр хэлэлцүүлдэг байсан ч энэ удаагийн парламент тун бүрхэг, ноцтой, сандарсан байдалтайгаар Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа. Тогтолцооны хямралыг гүнзгийрүүлж, эдийн засаг, нийгмийн амьдрал улам дордсон суурь шалтгаанууд нь

  1. Сонгууль ил тод, шударга явагдахаа больж, сонгуулийн хууль, систем нь бохирдсон.
  2. Сонгуулийн насны 2,040,556 иргэнээс зөвхөн 45 хувийн санал авч чадсан улс төрийн нам хэт олонхоороо төрийн эрх барих болсон. Улмаар сөрөг хүчний дуу хоолой хумигдаж улс төрийн үйл явцууд эрх баригчдын шууд хүсэлд удирдагдах болов
  3. Бүх ард түмний дийлэнхийн саналыг авч сонгогдсон Ерөнхийлөгчийн хууль ёсны эрх мэдэл алдагдаж, тогтолцооны хямралаас гарах оролдлогуудын үр дүнг нухчин дарах ажлыг эрх баригч нам болон тэдний нөлөөнд автсан сөрөг хүчний хуучин лидерүүд гүйцэтгэсэн. Ерөнхийлөгч 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдэл нь хумигдаж төр, засгийн үйл ажиллагаанд оролцох нь багассан.
  4. Хяналтгүй төсөв, үрэлгэн зардал, хэрэггүй барилга байгууламжид төвлөрч, улс орны өмнө тулгамдсан нэн чухал асуудлууд орхигдох, улмаар цаг үеийн тааварлашгүй нөхцөл байдлуудаас эдийн засаг, ард түмний амжиргаа зогсонги байдалд удаж, уналтад орсоор. Өнөөдөр Монгол Улсын иргэн бүрт 30 сая төгрөгийн өр ногдож нийт хэмжээ нь 2021 онд 32.3 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 240 орчим хувьд хүрсэн. Оны эцэст Оюутолгойн хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсын Засгийн газарт ногдох өрийг хасч тооцвол улсын өр нийт эдийн засгаасаа давж, ДНБ-ий 150 орчим хувьтай тэнцснээр нь олон улсын дунджаас хол тасарчээ. Энэ бол үйлдвэрлэл хөгжөөгүй, уул уурхай түшиглэдэг Монгол Улсад хамгийн том аюул. Монгол Улсын эдийн засаг зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнд дангаараа түшиглэн, боомтын хамаарал, боомилонгуй экспорттой удлаа. Эдийн засгийн хямралтай нүүр тулангуут эрх баригчдын бултах арга саам нь 32 жилийн хугацаанд 4-хөн жил төр барьсан сөрөг хүчнээ буруутгах хандлага гаргаж байгаа нь хэтэрхий сул доройн шинж үү. Дөрөв таван жил гацаж иргэдийг амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохироосон Дарханы зам, хоёр гуравхан жилийн дотор Ардчилсан нам засаглах үед барьж байгуулсан 21 аймгийг холбосон хатуу хучилттай авто зам хоёрын хооронд өдөр шөнө шиг ялгаатай. Бондын хөрөнгөөр бүтээн байгуулж, үр ашиг нь ард түмний амьдрал, улс орны стратегийн салбарт шингэх учиртай болохоос улс төрчдийн ББСБ-аар дамжиж иргэдийг шулах ёсгүй. Бас ЖДҮ, 60 тэрбумын гэх хэрэг шиг төрийн бүтцийг наймаалах хэрэгсэл болж ч болохгүй. Энэ мэт 100 жилийн түүхтэй улс төрийн хүчин засаг төрөө эмхлэх, зөв зохион байгуулах, хүнд хэцүү цагт ард түмний амьжиргааг өөд татах дорвитой алхам хийж чадахгүй байсаар л.
  5. Тогтвортой дархлаатай байж гэмээ нь нийгэм төр нь батжих жамтай Үндсэн хуулиа удаа дараа ноцтой зөрчин, хоёрхон жилийн өмнө өөрчилсөн өөрчлөлтөө умартаж, хоёрхон цаг хуралдаад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталдаг их хямрал, завхралын шинжтэй байдал руу УИХ, ЗГ гулсаад орчихлоо. Энэ бол хамгийн ноцтой үр дагавар. 1990 онд “Үндсэн хуулийн нэмэлтийн тухай” хууль, 1992 онд бүх ард түмнээрээ хэлэлцэж “Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан нь дахин дахин гар хүрээд, засч өөрчлөөд байх тийм муу хууль биш. “...Учир нь олон мянган жилийн төрт ёсны уламжлалтай Монголын ард түмнээс сонгогдсон 430 депутат 76 хоног хуралдан батлахдаа Монгол Улсын язгуур эрх ашгийг хангах, төрийн байгуулал, засгийн эрх, үүргийг бүхэлд нь тусгаж, нийгмийн харилцааг бүхэлд нь зохицуулсан, хүний эрх, эрх чөлөөг дээд зэргээр эрхэмлэсэн хууль болсон...” хэмээн өдгөө депутатууд дурсан ярьдаг. Хуульчид, Үндсэн хуулийг батлалцсан депутатууд, зарим Улсын Их Хурлын гишүүд ч үндсэн хуульд цочир гар хүрэхдээ яаруу, бүрхэг, бүтэл муутай хандаж байгаад туйлын шүүмжлэлтэй байна.
  6. Үндсэн хуулийг сахин хамгаалах үүрэгтэй Үндсэн Хуулийн Цэц өөрсдөө Үндсэн хуулийн заалтыг дураараа хүчингүй болгодог . Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг 02 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, түүнээс салбарлах хэд хэдэн хуулийг ноцтой зөрчиж, төрийн эрх мэдлийг урвуулах, хүчээр авах гэмт хэргийн шинжтэй хэмээн зарим хуульчид дүгнээд байна.

Улс орон тогтолцооны хямралруу гулсан орох эцсийн шат бол засаглал, төрийн удирдлагын хямрал. Үүнийг илтгэх бас нэгэн жишээ нь эрх баригчид бүх ард нийтийн санал асуулгагүйгээр Үндсэн хуулийн байгууллаа өөрсдийн эрх мэдлийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрчилсөн явдал мөн. Байшингийн суурийг ховх татвал тэр чигтээ нурна. Үүний адил эрх зүйт төрийн бат суурь Үндсэн хуулиа үл хэрэгсэн эрх мэдлийн золионд гаргавал Монгол Улсын орших, эс оршиход хамаарах аюултай.

Дарангуй нийгэм яг ийм маягаар тогтсоор иржээ.

Өнөөдөр төрт ёсоо эрхэмлэн дээдэлдэг уламжлалт гүн бат сэтгэлгээтэй монголчууд төрийн сүлд, алтан соёмбот далбаандаа сүсэглэхээ мартаагүй ч төр болж тоглосон самрагчид, тэдний гар хөлүүд, улс төрийн намуудыг таашааж үзэх нь бүү хэл, тоож хүндлэхгүй, үзэн ядах боллоо.

Нийтлэлч Б.Дорж


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.80] 2022-09-01 22:19:50

Цэцийг бүрэн бүрэлдэхүүнээр нь солих ажил албагүй болгох

Зориг [124.158.67.138] 2022-08-29 11:07:48

МАН-ын Аюурсайхан Ж.Бат эрдэнэ Даваасүрэн Чинбүрэн Б.Энхбаяр Ж.Эрдэнэбат нар үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэогүүцээд хуралд оролцоогүй. Харин тэдний оронд АН-ын сайдын суудалд шунасан 6 нөхөр хуулийг дэмжиж батөлсан. Ийм хогийн сөрөг хүчин байж таарахгүй.

Зочин [192.82.90.52] 2022-08-29 04:14:36

Sain humuun samuurvaas amitnii adag bolno shaazan ayaga haltaivaas savnii adag bolno

Зочин [122.201.24.191] 2022-08-29 02:47:27

Энэ төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийг зохион байгуулсан хүмүүс , оролцогчид хэдэн жилийн дараа хорь , хорин жилийн ял аваад явах болно доо . Цаг цагаараа байдаггүй , цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж

Иргэн [192.82.74.173] 2022-08-29 02:09:58

Холион бантан цэцийг татан буулгах нь зөв.

ЗОЧИН [103.10.22.64] 2022-08-29 01:52:35

СААРАЛ ОРДОНД МӨНГӨ, ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛД ШУНАСАН, ШУНАЛД НҮДЭЭ СОХОЛСОН, АДГУУСНААС ДОР, ХҮНИЙ АДАГ, ХОГИЙН ТАНТАН, АВСАНД ОРСОН ХҮҮР МЭТ АМИА ТОРГООН НУУГАДАЖ БАЙГАА, МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙ, МЭДРЭЛИЙН ГАЖИГТАЙ, ИЧИЖ ҮХМЭЭР 76 ХҮН СҮГНҮҮДИЙН ҮЙЛДЭЛ, ҮНЭН БАЙДЛЫГ ЯГ ҮНЭНЭЭР НЬ БИЧИЖ, ЭНЭ 76-д БОЛ ҮҮНИЙГ УНШААД МЭДРЭМЖ, СЭРЭЛ АВАХАД ЭНЭ ХООСОН МАХАН ТОЛГОЙНУУДАД ТОЛГОЙ УХААН ХҮРЭХГҮЙ.

Зочин [66.181.190.238] 2022-08-29 01:03:30

Аль ч ЗГ зээл авч төрийг арай яадан тогоож ирсэн нь иргэдийн нуруун дээр даахгүй өр болон үлдэж байна төсвөө зөв төлөвлөж хэзээ сурах вэ сангийн яамныхаан

Зочин [202.21.124.132] 2022-08-29 00:19:48

Saihn bichj yg l iim bn


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.