А.ДӨЛГӨӨН: АМ БҮЛИЙН ТОО ЦӨӨХӨН БОЛ ХҮҮХДИЙН МӨНГӨНӨӨС ШУУД АВТОМАТААР ХАСАГДСАН БАЙНА ЛЭЭ

Aдмин / Нүүр

“Ээжүүдийн төлөөлөл” группийн админ А.Дөлгөөнтэй ярилцлаа.


-Эхлээд та өөрийгөө танилцуулаач. Фэйсбүүкт групп үүсгэн, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхүүдийг нэгтгэсэн гэсэн үү?

-Намайг А.Дөлгөөн гэдэг. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан эцэг эхчүүдийг төлөөлөн “Ээжүүдийн төлөөлөл” группийг фэйсбүүкт үүсгэсэн. Эхний нэг өдрийн дотор надад мянга гаруй хүн хандсан. Тиймээс би хүүхдүүдийг ялгаваргүй 100 хувь хүүхдийн мөнгөнд хамруулж өгөөч гэж төв талбай дээр жагсаал зохион байгуулсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хүсэлт тавьсан. Шийдвэрлэж өгсөнгүй. Тиймээс энэ аргачлалыг тооцоолж гаргасан Үндэсний статистикийн хороонд хандаж байна.

-Үндэсний статистикийн хороонд ямар шаардлага хүргүүлж байгаа вэ?

-Би Монгол Улсын иргэн хүнийхээ хувьд Үндэсний статистикийн хороон дарга Б.Батдаваад хаягласан шаардлагаа хүргүүллээ. Шаардлагын үндсэн баримт нь зөвхөн өөр дээрээ жишээ авахад, миний E-mongolia-д бүртгүүлсэн мэдээлэл дээр суурилж, төрийн таван байгууллагаас гаргасан миний мэдээллийг багцлаад хүүхдийн мөнгөнөөс хасчихсан.

Эхэндээ бид хүүхдийг ялгахгүйгээр бүгдэд нь 100 хувь тэгш олгооч гэдэг хүсэлт тавьсан. Гэтэл халамжийн бодлогыг баримталж байна. Халамж хавтгайрч байна гээд улсын хэмжээнд 91 хувьд нь олгохоор болсон. Ингэхдээ орлогоос тооцоолох аргачлал дээр үндэслэн 9 хувийг хасах шийдвэр гарсан юм байна лээ. Анх бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд өргөдөл гаргасан. Гэтэл бидэнд ямар ч хариу өгөөгүй. Тиймээс тооцоолох аргачлалаа өөрчлөөд өгөөч гэж Үндэсний статистикийн хороонд хандаж байгаа юм.

-Орлогыг яаж тооцож гаргасан юм бол?

-Би хасагдсан есөн хувьд орсон. Бүртгэлийн мэдээлэл алдаагүй хэрнээ зөвхөн цалингийн орлого, хөрөнгийн мэдээлэлд суурилж хасагдсан. Ингээд надтай ижилхэн кейстэй хүмүүс байна уу гэж судлаад фэйсбүүкт групп үүсгэсэн. Ингэхэд надтай адилхан жишээгээр хүүхдийн мөнгөнөөс хасагдсан мянга гаруй өрх над руу хандсан. Би бүгдийнх нь хүсэлтийг хүлээж аваад нэгд нэгэнгүй уншиж судалсан. Уншаад үзэхэд ихэнх нь орон нутгийнх, бүгдээрээ ардаа нялх балчир хүүхэдтэй, хүүхдээ хардаг болохоор гэрээсээ гарч чаддаггүй. Анхан шатны нэгжүүддээ очоод шаардлагаа тавиад засуулах гэхээр боломжгүй гэдэг хариуг авсан.

Өргөдөл гомдлоо өгөөд байхад засч залруулж өгөөгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, байнгын асаргаанд байдаг, байнгын эм тарианы хэрэглээтэй хүүхэдтэй хүмүүс ч тэр дунд байгаа. Түүнчлэн жирэмсэн дикритээ авчихсан, нөхөр нь ганцаархнаа орлого олдог, төрийн албан хаагч, 600 мянган төгрөгийн цалингаас өөр орлогогүй ийм өрхүүд байна. Хүүхдийн мөнгө халамж юм бол зорилтот бүлгээ тодорхойлох зорилгоор өрхийн амьжиргааны түвшинг тооцоолоод өгөөч ээ гэж Үндэсний статистикийн хороогоор тооцоолол гаргуулсан байх. Гэтэл Үндэсний статистикийн хороо нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хамтаар арав гаруй төрийн байгууллага хамтарсан ажлын хэсэг байгуулаад, хагас жилийн хугацаанд энэ аргачлал тооцооллоор үндсэн судалгаанд суурилаад, тал талаас мэдээллээ цуглуулаад, хэдэн тэрбумын төсөв батлаад, ажлаа хийсэн юм байна. Тэр ажлын хэсгийн хийсэн тооцооллоор бид хасагдчихсан.

-Тэр нь ямар тооцоолол байсан талаар судалсан уу?

-Нэгдүгээрт, цалингийн орлого хөрөнгийн мэдээллийн сан дээр суурилна гэсэн. Миний цалингийн орлогыг тооцсон жишээ, жилийн 30-40 сая гэдэг бохир дүнгээр тооцсон. Автоматаар суутгагддаг Нийгмийн даатгал, ХАОАТ, Эрүүл мэндийн даатгал зөвхөн хувь хүнийхээр тооцоход үүнийг хасаагүй. Аж ахуйн нэгжээр тооцвол бид даатгуулагчийн цалингаас хамаараад 35 хувийг хасуулдаг. Үүнийг бохир дүнгээр тооцсон. Хэрэв үүнийг хасч аргачлалаа тооцсон бол шал өөр дүн гарна. Хоёрдугаарт, хөрөнгийн мэдээлэл дээр суурилсан гэж байгаа. Миний үл хөдлөхийн мэдээлэл дээр нэг хүн гэж гарч ирж байгаа юм. Гэтэл энэ ганцхан миний өмч биш. Улсын бүртгэлээр энэ үл хөдлөх дөрвөн хүний эзэмшилд байгаа. Үүний хоёр нь манай өрх дээр бүртгэлгүй хоёр хүн байгаа. Энэ аргачлалыг яаж тооцсон болоод үл хөдлөхийн баримт яагаад ганцхан миний өмч болчихов оо. Газар, мал, машин, үл хөдлөх нь бүгд өмчлөх, эзэмших хуулийн заалттай.

Хамгийн түгээмэл кейс нь бид яагаад нийгмийн даатгалаа ингэж өндөр төлдөг вэ гэхээр зээлд хамрагдахын тулд тэгж төлдөг. Хэрвээ анхнаасаа зээлийн мэдээллийн санг тусгаж өгсөн бол ипотек, цалин, машины зээлтэй, банк бус санхүүгийн байгууллагын өчнөөн олон аппликэйшний зээлтэй ард иргэдийн зээлийн хасалтыг хийсэн бол өрх битгий хэл энэ улсын бүх хүн ам амьдрахад хэцүү байгааг батлаад өгнө өө. Ипотекийн зээлд хамрагдсан бид эзэмшиж л байгаа болохоос өмчлөх эрхгүй. Захиран зарцуулах эрхгүй. Үүнийг үл хөдлөх хөрөнгө болгож тооцож байгаа нь асуудалтай байна.

-Аргачлалыг яаж тооцох ёстой байсан гэж бодож байна вэ?

-Орлогыг орлуулан тооцох аргачлал нь хуучнаараа явах ёстой байсан. Өмнө нь орон сууцны төрөл, орон тоо, хашаа байшин, өрхөд амьдарч байгаа хүн болгоны нас хүйс, гэр бүлийн гишүүдийн орлого олох боломжтой үгүйг тооцдог байсан. Яагаад энэ системээрээ яваагүй юм бэ. Энгийн жишээ нь, би өрхдөө ам бүл гурвуулаа. Хоёр настай охинтойгоо, 70 настай тэтгэврийн ээжтэйгээ хамт өрх толгойлон амьдардаг. Өрхөөс би ганцаараа орлого олдог. Би ипотекийн зээлтэй, машины зээлтэй, бүх банк бусуудын зээлийн мэдээллийг оруулаад өгсөн бол шал өөр дүн гарна. Татвараас өмнөх орлого нь Татварын ерөнхий газрын мэдээлэл дээр суурилсан байгаа юм.

Татварын мэдээллээр миний ХАОАТ-аар тооцоод байгаа юм уу, эсвэл и-баримтат бүртгүүлсэн НӨАТ-ын орлогоор тооцоод байгаа юм уу, яагаад өр орлогын харьцааг тооцоогүй бодит бус аргачлалаар ингэж гарсан юм бэ. Зөвхөн нэг хоногийн хугацаанд надад мянга гаруй өрх хандаж байна. Цаана нь бидэнд мэдэгдэж амжаагүй хэчнээн өрх байгаа вэ. Сошиалгүй, интернэт орж чадахгүй, мэдээлэлгүй маш олон хүн хохирсон гэдэгт би эргэлзэхгүй байна. Тооцооллын аргачлалын бас нэг зүйлийг анзаарсан нь гурваас дээш хүүхэдтэй өрхүүдийн хүүхдийн мөнгөнөөс бараг хасаагүй байна лээ.

Ам бүлийн тоо цөөхөн бол шууд автоматаар хасагдсан байна лээ. Энэ бол алгоритмын маш том алдаа. Заавал олуулаа байхаар халамж авдаг юм биш шүү дээ. Тооцооллыг хийхдээ өрх дээр тулгуурласан гээд байгаа. Тэгвэл өрх гэж юуг хэлээд байгаа юм бэ. Нэг бүртгэлтэй газарт амьдардаг нэгдмэл төсөвтэй хүмүүсийг хэлээд байгаа юм. Энэ заавал нэг гэр бүл байх албагүй. Ах дүү, хамаатан садан юу ч байж болно. Нэгдмэл төсөвтэй өрхийн тооцоолол дээр суурилсан юм бол орлого, зарлага, өр төлбөр, хуримтлал гэдэг дөрвөн зүйлийг заавал тусгах ёстой байсан. Гэтэл орлого, хуримтлал хоёрыг тусгасан.

Зарлага, өр төлбөр, зээлийн мэдээллийг ер тусгаагүй. Хуримтлал гэж юмыг бид яах гэж цуглуулдаг юм бэ. Өрхдөө ганцаархнаа орлого олж байгаа би нэг өдөр зуурдаар нас барчихвал миний цуглуулсан хуримтлалыг орлого олох боломжгүй миний ээж, үр хүүхэд ашиглаж зарцуулаасай гэдэг үүднээс цуглуулдаг. Энэ бол иргэний үүрэг. Өр төлбөрийн мэдээллийг яагаад тусгах ёстой вэ гэвэл би хуулийн дагуу гэрээ хийгээд зээл авсан. Үүнийгээ төлж чадахгүй бол хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Хэрэв би өр төлбөр, зээлээ төлж чадахгүй бол барьцаанд тавьсан хөрөнгөө хураалгана. Эсвэл би төлж чадахгүй байдалд орвол намайг батлан даасан болон миний ойр тойрны хамаатан, ах дүү миний зээлийг төлдөг. Энэ мэт хуулиа уншиж судлаагүй, мэдээлэлгүй хүмүүсийн хийсэн тооцооллоор өчнөөн гэр бүл, өрх хохирч үлдэж байна.

-Та бүхний шаардлагад хариу өгөхгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

-Бидний шаардлагад ямар нэгэн хариу өгөхгүй бол би Монгол Улсын иргэний эрхийнхээ дагуу төрийн үйл ажиллагаанд шууд оролцох эрхтэй. Засгийн газар болон УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал илгээнэ. Олон улсын хүүхдийн төлөөх байгууллага, хүний эрхийн байгууллага, хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагуудад захидал илгээнэ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.106] 2023-01-26 13:44:36

Энэ хүний ярилцлага маш үнэнийг өгүүлжээ. Өрхийн орлого 3,5 саяаас дээш үү гэсэн ганц талыг барьж шийдвэр гаргасан нь олон хүүхэд мөнгө авах эрхгүй болгож байнаа. Өрхийн зарлага нь ямар байгааг харгалзах ёстой үүнд байрны зээл, банкны бусад зээл, оюутны төллбөр ам бүл , өрх толгойлсон ганц бие эх, эцэг гэх мэт үзүүлэлтийг үл харгалзсан нь алдаа шүү ,байр,машин гэдэг нь үнийн хувьд харьцуулашгүй өаөр шүү дээ. Зайсан дах хаус уу, нийтийн орон сууцны 2 өрөө юу, машин нь Лекссус 570 уу, нүүрс усаа дөхүүлдэг Прусс хоёрын ялгаа асар их шүү дээ. Эцэст нь хэлэхэд хүүхдийг битгий ингэж ялгаварлаачээ бүгдэд нь өгчисөн нь шударга ёсонд нийцнэ шүү.....

Татвар ингээд л дээрээс буугад ирдэг юм. [103.57.94.26] 2023-01-26 15:06:57

Зарлага чинь танай өрхийн 3,5 сая төгрөгт л тохирсон зарлага байгаа. Өөрөөр хэлбэл БАЯН айлын зарлага. Тэр нь барааны зээл үү, оюутны төлбөр үү, байрны зээл үү хэнд ч хамаагүй. Танайх 3,5 сая төгрөг л хийсэл бол БАЯН айл, иймд БАЯН айлын зарлага л гарч байна. Иймд хүүхдүүд чинь БАЯН айлын хүүхэд.. "3.5 сая" гэдэг босгыг таны сонгосон Улсын Их Хурал л тогтоочихлоо ш дээ. Танай машин, байрнаас илүү үнэтэй хаус ба Лексус-тэй айл байгаа нь УИХ-д ХАМААГҮЙ.

zochin [192.82.92.14] 2023-01-26 11:45:39

хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох ёстой энэ бол халамж биш хэрвээ халамж юм бол Монголын хүн амын 90 хувь нь ядуу учир халамж авч байна гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна

Монголчууд ядуу ш дээ. [103.57.94.26] 2023-01-26 12:18:44

Яг тийм. Хүүхэдтэй монголчуудын 90 хувь нь ЯДУУЧУУДЫН ангилалд орж байгна. Яаахав тэрнээс нь шалгаж шүүвэл 10 орчим хувь нь ХУУРАМЧААР өөрсдийгөө ядууст "оруулчихсан" хүмүүс байгаа байх. Бусад нь бол ядуус ш дээ. Тэгээд л ойлгочих, хүлээн зөвшөөрчих.

Татвар төлөгчдийн мөнгийг утгагүй битгий зараач. [103.57.94.26] 2023-01-26 11:02:03

Хүүхдүүд чинь нийгэмд "Пү!" гэх орлого орулаагүй. Нийгмээс юм авахын тулд эхлээд нийгэмдээ ЮМ БҮТЭЭЖ байж авах ЁСТОЙ. Иймд хүүхдэд нийгэмд амьдарч буй ЯДУУ нөхцөл, орлогын ДОРОЙ байдлыг харгалзан нийгмийн ТЭТГЭМЖ олгох нь ЗҮЙТЭЙ. Тэрнээс биш томчуул бидний бүтээсэн баялгаас яахлээрээ БАЯН АЙЛЫН хүүхдэд хувь хүртээх ёстой юм бэ? Ялгаварлахгүйгээр "хүүхдийн мөнгө" ядуу ба баян хүмүүст утгагүй тараах нь ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМД байх ЁСГҮЙ. Улсад татвар төлөх утгагүй болно.

Цалин нэмүүлэхийн төлөө тэмцэх хэрэгтэй. [103.57.94.26] 2023-01-26 11:08:51

Харин энд хөдөлмөрлөж буй хүмүүсийн цалин орлогыг нэмэх ёстой ш дээ. Үүний төлөө тэмцэх хэрэгтэй. Ядахдаа одооныхоо цалинг 30-40 хувь нэмүүлийлдээ.

зочин [66.181.171.35] 2023-01-26 08:57:38

Хүүхдийн мөнгийг халамж гэж нэрлэсэн нь буруу, Монгол Улс цөөхөн хүн амтай, хүн амаа өсгөх бодлого дээр суурилж явах ёстой, эрүүл монгол хүнийг өсгөх. Хүүхдийг ялгаварлаж болохгүй.

Зочин [64.119.20.73] 2023-01-26 11:34:12

яаааааг үнэн

m [103.26.195.185] 2023-01-25 21:53:03

zub shuu huuhed buhend uguh heregtei

Баян гэдэгээ хүлээн зөвшөөр. [103.57.94.26] 2023-01-25 19:07:24

"Хүүхдийн мөнгө" гэж байхгүй болсон гэсэн биздээ. Харин "бага орлоготой айлын хүүхдийн ТЭТГЭМЖ" гэж бий болсон. Иймд эрх зүйн шинэ нөхцөлд орших болохнээ. Тэтгэмж авах ядуус нь л түүнийг аваг л дээ. Баячууд нь үүнтэй зууралдахаа боль. Утгагүй ем.

халамж [192.82.92.14] 2023-01-26 11:49:58

тэгэхээр монголчуудын 90 хувь нь ядуу гэж ойлгохнээ?????

Иргэн [66.181.186.162] 2023-01-25 14:53:21

Бохир орлого нь жилийн 30 40 сая гэхээр аймаар орлоготой хүүхэн байна ямар ажил эрхэлдэг юм бол жилийн 6 сая хүрэхгүй орлоготой айл захаас аван байна

Zochin [202.21.107.90] 2023-01-25 14:11:14

zov sh Dee oorsdooo heden terbumaar idne .icheech

Иргэн [64.119.23.249] 2023-01-25 13:26:06

Ядуугаа мэдээд, яах гэж хүүхэд төрүүлдэг юм бэ! Секс хийхийг зөвхөн баячуудад зөвшөөрдөг хатуу зах зээлийн нийгэм шүү дээ. Улсаар тэжээлгэж амьдрахаа болиочээ!

Г.Ичинхорлоо [66.181.161.7] 2023-01-25 13:24:50

Хүүхэд бүр тэгш эрхтэй хэнийч хүүхдийг ялгаварлан гадуурхаж болохгүй. Энэ нь хүчирхийллийн нэг хэлбэр .

Зочин [103.229.121.254] 2023-01-25 12:02:03

Хүүхдийн мөнгөөр ахин дахин оролдохоо болиосой луйварчдаас мөнгөө олж авч чадахгүй байж хүүхдийн хоолыг булаадаг ийм арчаагүй төртэй улс


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.