Д.ЧОЙЖАМЦ: X БОГД БОЛ БУРХАНЫ ШАШНЫ ЕРТӨНЦӨД АГУУ ҮЙЛ БҮТЭЭХ ГЭГЭЭНТЭН ЮМ

Aдмин / Нийгэм

Энэ удаа би Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц гуайг ярилцлагынхаа зочноор урьж ярилцсан юм. Өмнө нь бид хэд хэдэн удаа уулзаж ярилцаж байжээ. Гэхдээ энэ удаа өмнөхөөс тэс өөр агаар сэлтийн дунд заримдаа үл ойлголцож буй мэт эсвэл бүр чинаддаа хамгаас илүү мэдрэлцэж байгаа ч юм шиг сонирхолтой, басхүү амар биш болж өнгөрөх шиг санагдана.

Урьдын нээлттэй, зарим үед хөгжөөнтэй, асууж шалгаасанд төдийлөн цааргалалгүй хөөрөлддөг байсан хамбатан арав гаруй жилийн тэртээхээс нэлээд өөрчлөгдөж хувирсан мэт ээ. Зарим үед шашны нарийн учир сэлтийг нь мэдэхгүй тулгаж ээрсэн асуултуудад маань ундууцах үе ч гарав.

Ингээд эрхэм уншигч таны өмнө энэхүү хөөрөлдөөнөө дэлгэж байна. Та бүхэн өөр өөрийнхөөрөө тунгаан хүлээж авах буй заа.


-Эрхэм хамба тантай 10 гаруй жилийн дараа ярилцах гэж байна. Хамгийн сүүлд Солонгосын нисэх онгоцны буудалд тэргэнцэртэй ээжийгээ түрээд явж байхад нь таарч байжээ.Таны ээж хэзээ ч уулзсан амар амгалан, хайр хүрэм,дөлгөөн сайхан ижий байлаа. Ээжээсээ хойш таны сэтгэл санааны орчинд хэр их өөрчлөлтүүд гарсан бол?

-Орчлонгийн олон юмнаас огоорч амьдарсан лам хүн гэлээ ч ижийгээ санан дурсах сэтгэлээс л салж болдоггүй юм байнаа. Аав маань лам хүн байсан. Миний эмээ мөн л бурханы

шашинтан хүн байлаа. Байнга л намайг хөтлөөд Гандангаар явж байдаг хүн байж билээ. Манайх энэ Жанрайсагийн дуганы арын гудамжинд байдаг байсан. Манайхаар олон сайхан номтой өвгөчүүд ирж шашин номын тухай ярьдаг. Нэлээн тийм сүсэг бишрэлтэй айл байж дээ. Хэдийгээр коммунизмын, айхтар хатуу, хамаг юм хаалттай үе байсан ч гэсэн өссөн орчин маань тэр аяараа л бурханы шашны орчин байлаа. Тийм болохоор би хар нялхаасаа л Гандан хийдийн хүрээнд аж төрж дээ. Эмээгээ дагаад мөргөл хийнэ. Лам нарын тэрсайхан уянгалаг дуу хоолой, номын гэгээн дор бүх юм л ер бусын санагддаг байлаа. Тэр үеийн гавж, гэвш нар гэж олон газраас цугласан, эрдэм номтой хуваргууд байсан юм билээ. Сайхан зан ааштай, цаанаасаа нэг тийм сүрлэг өвгөд толгой илж байдагсан. Эмээгээ дагаад мөргөж байгаа бяцхан хүүг энхрийлэн харцгааж байгаа тэр байр байдал нь сэтгэл татам. Тэгээд л 19 насандаа лам болсон доо.

-Шууд л...?

-Шууд л... Аав минь их дуртай байсан. Эмээ маань бол ойлгомжтой. Харин ээж минь жаахан тийм бодлогоширонгуй байсан сан. Миний аав 59 насандаа, залуугаараа өнгөрсөн. Тэр цагаас хойш ижийтэйгээ л хамт явж дээ. Ээж минь л миний амьдралыг зохицуулж явсан. Ээжтэй минь холбоогүй юм гэж надад байхгүй. Өглөө гарахдаа ижийдээ үнсүүлчихээд “За, би явлаа шүү”л гэнэ. Араас “Хурдан ирээрэй” л гэж байдагсан. Заримдаа жаахан ажил сунгагдаад оройн найм есөн цаг болгоод очиход “Хаагуур алга болдог юм” гэж дуугарч байдагсан. Муу хөгшин өвгөн хаагуур л яваа аж дээ. (инээв) Хөөрхий минь. Сайхан ээжийгээ өнгөрснөөс хойш их эзгүйддэг юм байнаа. Яагаад гэвэл өглөө гарахдаа үнсүүлэх хүн байхгүй.Орой очиход хүү минь хүрээд ирлээ гэж бөөн баяр болж угтах хүн байхгүй. Тийм нэг надаас болоод үүсдэг баяр баясгалан, тийм дотнохон орчин байхгүй болдог юм байна. Тэрэнд дасахад л эхэн үедээ зовлонтой. Дандаа хамт байсан болохоор хаашаа л харна үгүйлэгдээд байдаг юм даа. Би чинь ижийтэйгээ 70 жил хамт байсан хүн шүү дээ.

Их амгалан хүн байсан санагддаг. Инээж л суудаг. Орж гарч байгаа улсаас төвөгшөөж байгаа юм байхгүй. Анхнаасаа сурчихдаг байх л даа...?

-Тийм. Жигтэйхэн амгалан.Олон хүн ирэх тусам улам л дуртай байдагсан. Тэгээд ирсэн гийчдийг явахад манайхаар ирж байгаарай гээд заавал чихэр боов өгнө. Ээж маань үнэхээр хөгжөөнтэй хүн байсан, өөрөө маш гоё ярина, хүмүүсийг их инээлгэнэ. Ер нь л хүнээр бүчүүлж суудагсан.

-Та шооч зангаа ээжээсээ өвлөж авсан байх...?

-Би тийм шооч гэж үү. (инээв) Ээж маань хуучны намтар түүх их ярихаас гадна, юмыг яг л дүрсэлж, яг онож шоглодог хүн байсан. Тэр нь их амттай.

-Таны дээлийг ээж тань өөрөө оёдог байв уу?

-Олон жил ээж минь өөрөө оёсон. Сүүлдээ нүд нь жаахан муудаад оёдолчноор оёулдаг болсон. Ээж маань өнгөрөөд нэг их удалгүй ганц охин дүүгийн маань нөхөр нь өнгөрсөн. Тэгээд хоёулаа хоёр газар амьдарч байхаар агаатайгаа хамт байя даа гээд над дээр хүрээд ирсэн. Одоо ингээд хоёулаа хамтдаа байж байна даа.

-Гандан хийдийн хүрээ маань шинэ сайхан дугантай болсон байна. Бас их удаан яригдсан, нэлээн түүхтэй боссон дуган байх шүү ?

-Тэгсэн. Коммунизмын үед олон сайхан сүм хийдүүдийг устгах, үгүй хийх бодлого явагдсан. Тэр бодлогынх нь урхаг арилж өгөхгүй, урт удаан замыг тууллаа. Үүний жишээ, энэ дөрвөн уулын дунд Өндөр гэгээнтний шав суурийг нь тавьж босгосон Риву гэжай Гандан шадүвлин хийдийн үргэлжлэл их хүрээний “Батцагаан цогчэн дуган”-ыг дөнгөж сая л шинээр бүтээж байна шүү дээ.

-Уламжлалт шашин соёлоо устгасан улс орнууд олон байдаг. Тэд бүгд эргэж алдаагаа засах ажил хийсэн. Хийхдээ асар том бодлого болгож, том бүтээн байгуулалт болгож, том дэмжлэг үзүүлж хийж байна. Харин манай Төр яаж дэмждэг юм бол... Энэ Батцагаан дуганаас өөр юм ер нь өгсөнгүй дээ?

-Ер нь бол бусад коммунист байсан орнууд хэлмэгдэж сүйрсэн шашиндаа нөхөн олговор олгоод сүм дуганыг нь барьж өгөөд, лам нараа нийгэмд ил гарч ирж ажиллах бүх бололцоогоор нь хангасан. Ийм орнууд их олон байдаг. Манайд бол тэгээгүй л дээ. Зүгээр шашинд өөрт нь даатгаад үлдээсэн. Тийм учраас маш хүнд нөхцөлд сэргээх ажил явагдаж байна. Урт удаан ч үргэлжилж байна.

-Хоморголон устгасан их хэлмэгдүүлэлт явагдсан. Лам нараас ер нь тусгайлан уучлалт гуйсан билүү?

-Ер нь бол 20 орчим мянган лам хуврагуудыг хэлмэгдүүлэн устгасан. 1000 гаруй том жижиг сүм хийд, дацан дуганыг устгасан. Төдий хэмжээний шашин соёлын биет болон, биет бус өв устгагдсан гэсэн үг шүү дээ. Үүнд бурхан тахил, судар ном, нарийн эд өлгийн зүйлс бүгд үгүй болсон. Олон зуун жил монголчуудын дээдэлж ирсэн шашин соёлыг бараг л бүрмөсөн устгасан даа.

-Ер нь манай шашин соёлын цөм байсан Богдын институцийг ч 1920-иод оноос манайд хэрэгжсэн Коментерины бодлогоор устгасан биз дээ ?

-Тийм ээ. Ер нь уламжлалт шашных нь толгойг таслаж байж аливаа улс орны шашин соёлыг устгадаг юм шиг байгаа юм.

-Нийгэм өөрчлөгдсөн. Сошил платформ их хөгжиж байна. Та ер нь сошил сувгууд хэрэглэдэг үү. Танай лам нараас сошилд идэвхтэй лам нар олон болсон.

-Сүүлийн жилүүдэд уламжлалт шашнаа муу хэлдэг, муу муухайгаар сурталддаг юмнууд их явдаг болжээ. Зориуд гадна дотны янз бүрийн түлхээс ч гэж хармаар юм их байна. Тийм юманд бол лам нар зөв тайлбарыг нь өгч байх ёстой болов уу

Таны нэрээр нээчихсэн хаягууд байдаг .

-Тийм.Надад өөрийнхөө нэрээр нээсэн хаяг нэг ч байхгүй. Д.Чойжамц гээд хаяг нээчихсэн байнаа гээд улсууд ярьж л байдаг юм. Тэрийг нь би олж үзэж мэдэхгүй юм даа.

-Ганцаараа байх боломж ер нь танд олддог юм уу. Олон хүн тань дээр ирдэг. Та ер нь хүнээс залхдаг уу?

-Ганцаараа байлгүй яахав. Ер нь лам хүн чинь ганцаараа байхдаа л ном уншлагаа уншина, бясалгал бүтээлээ хийнэ шүү дээ. Хүнээс залхана гэж юу байхав дээ. Бид чинь хүн зонд л туслахыг зорьдог улс. Ер нь лам хүний амьдрал хүнээс хол байна гэж байхгүй дээ.

-Та гүтгэлэг доромжлолд их тэсвэрлэг хүн юм шиг харагддаг.

-Өөрөөр байх боломж байхгүй дээ. Залуу зандан байхад жаахан түгших маягийн юм байсан. Одоо тийм ч юм төрдөггүй. Нийгэм маань өөрөө асар их хувирч өөрчлөгдөж байна шүү дээ. Араншингийн хувьд зөвхөн шүүмжлэх, үзэн ядах аяс давамгайлах шинж ажиглагддаг ч лам хүний хувьд автах хөтлөгдөх юм алга болдог юм байна. Гэхдээ дэндүү их хардаж, гүтгээд байгаа юманд даанч дээ гэж бодон сэтгэл гуниглах үе байх л юм.

-Бурханы ном гэдэг үзээд барна, оройд нь гарна гэж юм байдаггүй юм байна уу?

-Оройд нь гарна гэж юм байхгүй. Бурханы шашны зөвхөн нэг чиглэлээр мэргэшихэд л 20-30 жил шаардагддаг.Ийм л мэдлэг ухаан юм.

-Одоо ч ном үзсээр, сурсаар л байна уу?

-Одоо ч номоо үзсээр... Ер нь лам хүн гэдэг чинь үхэн үхтлээ л номоо үзэж байх учиртай.Нөгөө талаас алба хүлээж аваад явахаар зарцуулдаг цаг нэлээн багасдаг. Энгийнээр хэлэхэд үүргээ дагаад алба ихсэх юм даа.

-Далай лам монголын лам нарын тухай хачирхалтай гэмээр үг хэлсэн. Түүний үг сүсэгтнүүдийн дунд нэлээн шуугиан тарьсан. Судлаад байхад манай нэг хамба өөрийн охиныг дагуулж очоод танилцуулсан юмдаг уу даа. Танд өөрөө хувиараа энэ тухай ямар нэг юм хэлсэн үү?

-Үгүй ээ. Далай багш надтай энэ тухай ярилцаагүй.

-Гэнэт тэгээд мэдэгдчихээр та цочирдсон л байх даа ?

-Цочирдох юу байхав дээ. Шилжилтийн энэ үед янз бүрийн л юм гарч, сонсогдож байх юм даа. Тэдгээрийн үнэн худлыг олон нийт өөр өөрийн ухаанаар тунгааж байдаг биз. Далай багш бол монголчуудад, тэр тусмаа монголын бурханы шашинд асар хүндэтгэлтэй ханддаг. “Монголчууд сонирхолтой хүмүүс. Гаднаасаа харахад зөрчил маргаантай, зарим юм нь болж бүтэхгүй байгаа юм шиг харагдавч цаана нь, ар дээр нь нэг өөр дэвшил гаргачихсан л байж байдаг бас их сонин улс байгаа юм” гэж айлдсан байдаг шүү дээ.

-Дэлхийн Буддын шашны ертөнцөд манай X Богдын тухай мэдээллүүд цацагдаад удаагүй байна. Сүсэгтнүүд X Богдын дүрийг анх удаа саяхан л харлаа. Уг үйл явдлыг дагаад янз бүрийн хандлагууд гарч байна. Энэ утгаараа бид түүхэн цаг үед ярилцаж байх шиг?

-Түүхэн цаг үед гэж хэлж болноо.

-Олны сэтгэлзүйг барьж баглах бололцоогүй. Зарим нь Богд гэж юу юм. Ийм цаг үед энэ ямар учиртай үйл явдал юм. Манайд ямар ашигтай юм гэх мэт элдэв үг шидэлцгээж байна. Өмнөх есөн Богдын түүхэнд хоёрхон монгол Богд байлаа шүү дээ?

-Тиймээ. Үе үеийн Богдуудын түүх, номын ёсыг уншиж мэдэхгүйгээр, уламжлал, учир шалтгааныг нь олж,сайтар судлахгүйгээр хөнгөн хийсвэр үгсийг шидлэх нь зохисгүй зүйл юм. Амны аясаар, араншингийн зоргоор үгийн мууг шидлэх нь өөрөө асар их алдас үйлдэж байгаа явдал юм шүү дээ.

-Өндөр гэгээнээс эхлээд өмнөх есөн Богдуудын түүхийг манай шинэ үе төдийлөн мэдэхгүй байна. Мэдэхгүй учраас олон янзын хандлага гарч байна.

-Тийм. Манайхан социализмын 70 жилийн турш шашныг устгаж, лам нарыг үгүй хийх бодлого, суртал ухуулга хийж ирсэн. Бурханы шашны түүхэн хүмүүсийг буруу зөрүү дүгнэсэн. Шашны түүх номлолыг гажуудуулж үзүүлсэн. Манай Богдсын түүхийг судлахад бүгд л тухайн цаг үе,нийгмийнхээ захиалгаар гарч ирсэн байдаг. Энэ бүх цаг үед монголчууд Богдынхоо манлайлал дор эвлэрэл зохицлыг дээдэлж зүтгэсэн байдаг.

АИХ-ын 38 дугаар тойргийн депутат Дэмбэрэлийн Чойжамц төр шашины харилцааны талаар санал хэлж байна. Төрийн ордон. АИХ-ын танхим 1991 он

-Халхад тодорсон анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар энэ хорвоод 88 насыг зооглоод жанч халж байсан. 300 жилийн өмнө. Бид Өндөр гэгээний тухай харьцангуй мэддэг байх. Хоёрдугаар Богд бол манжийн дарангуйллын эсрэг тэмцэгч байсан. Гуравдугаар богдоос эхлээд бүх Богдууд Төвдөөс тодордог болсон. Тэдгээр богдуудаас наймдугаар Богдыг бид арай илүү мэддэг юм уу даа ?

-Наймдугаар Богдын түүх рүү сүүлийн гучин жил илүү бодитой харах болсон. Өөрөө ч тун сонирхолтой түүх намтартай хүн. Хүн нь төвд боловч сэтгэл зүрх, бодлого ажил нь монголын төлөө гэсэн чин зоригтой, холын ухаантай, түүхэн удирдагч байж дээ.

-Эдгээр Богдуудаас өнөөдрийн түүхтэй гүн холбогдох IX Богд Жавзандамба Монголын бурханы шашны тэргүүнээр заларч байсан. “Миний дараагийн X дүр монгол хүн болон төрж, шашин амьтны тусыг агуу ихээр бүтээх болно” гэж гэрээслэсэн. Одоо X Богд тодорчихоод байна шүү дээ. Дараагийн дүрийг тодруулах энэ үйл явц яг уламжлал, номын ёсоороо явагдав уу?

-Тэгэлгүй яахав. Анхдугаар Богдоос авахуулаад арван Богд тодорсон байнаа. Энэ дотроос анхдугаар Богд, хоёрдугаар Богд, аравдугаар Богд монголоос тодорсон. Манай бүх Богдууд монголынхоо төлөө зүтгэж, тусгаар тогтнолынхоо төлөө амьдралаа зориулсан байдаг.

-Богдуудыг тодруулж байсан түүхэн уламжлалуудаас та манай уншигчдад ярьж өгөөч. Уншаад судлаад байхаар их сонирхолтой юм?

-Аливаа Богдын дараагийн дүрийг тодруулах ажил өмнөх дүр нь жанч халсанаас хойш тодорхой хугацааны дараа явагддаг.

-Яг ямар хугацааны дараа юм бол?

- Энэ хугацаа харилцан адилгүй байдаг. Зарим Богдууд хоёроос гурван жилийн дараа тодорсон байхад зарим нь түүнээс ч илүү олон жилийн дараа тодорсон байдаг. Хэрвээ өмнөх дүрийн гэрээслэл байвал энэ ажил илүү хурдан, тодорхой болдог. Жишээ нь, анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар 1635 онд төрөөд, 1640 онд шашны тэргүүнээр тодорч, өргөмжлөгджээ. Хоёрдугаар Богд Жавзандамба 1724 онд төрсөн. Тэгээд 1729 онд Богдоор тодорч, шашны тэргүүнээр өргөмжлөгдсөн байдаг. Хоёрдугаар Богд 1757 онд жанч халсан бөгөөд жилийн дараа буюу 1758 онд гуравдугаар Богд төрсөн байна. Гэх мэтчилэн тодорсоор долоо наймдугаар Богдын үед иржээ. Долдугаар Богд 1868 онд таалал болсон. Үүнээс нэг жилийн дараа наймдугаар Богд мэндэлсэн. Наймдугаар Богдыг таван настайд нь буюу 1874 онд тодруулж, ширээнд залжээ. Тэгэхээр цаг хугацааных нь түүхэн үечлэлүүд харагдаж байгаа биз.

-Хэдийгээр би мэдэж байгаа ч гэсэн уншигчдын өмнөөс асуух хэрэгтэй байна л даа. IX Богд хэдэн онд таалал болж, X Богд хэдэн онд тодорсоныг та нэг хэлчихээч?

-IX Богд маань 2012 онд таалал болсон. 2016 онд дараагийн дүр буюу X Богд тодорсон доо.

-IX Богдын хувь зохиол, амьдрал бас л сонирхолтой.VIII Богд жанч халсанаас хойш 1990 он хүртэл үндсэндээ манайхан түүний тухай мэдээлэл маш багатай явж ирсэн юм билээ?

-Угаасаа социализмын үед Богд болоод хутагт хувилгаадын дараа дүрүүдийг тодруулах хориотой байсан. Тийм ч учраас есдүгээр Богдын талаар мэдээлэл маш хомс байж дээ. Уг нь бол 1932 онд төрөөд 1936 онд Богдоор тодорсон байдаг. Ерэн оны ардчиллаар дөнгөж эрх чөлөөгөө олоод л монголчууд бид чинь IX Богдынхоо талаар сураг чимээ тавьж эхэлсэн шүү дээ. Тэр болтол мэдээлэлгүй явж ирсэн гэсэн үг. Богд маань бага наснаасаа гучаад нас хүртлээ буддын гүн ухаанд суралцаж, тарнийн гүн ухааныг судалсан хүн. Тэгээд хүнд хэцүү цагийн эрхээр 1961 онд Энэтхэгт дүрвэн гарсан байдаг юм. 1991 онд XIV Далай лам Халхын Жавзандамба хутагтын IX дүрийн хувилгаан мөн болохыг нь баталгаажуулсан түүхтэй.

-Та хамгийн анх IX Богдтой хэзээ уулзаж байсан бэ?

-Далаад оны үед л юм даа. Анх бол сураг яриа, домог түүх шиг юмс л олж сонсож байсан.Тэгж байтал Гүрдиваарэнбүчий тэргүүтэй улсууд ирсэн. Тэд манай Богдын тухай нэлээн тодорхой ярьж байхыг нь сонссон юм. Халх лам гэж нэгэн сайхан алдар суутай лам Дариадун гэдэг газар байдаг. Маш сайхан сэтгэлтэй, юу олдсоноо замын гуйлгачингуудад өгчихдөг. Нэг тийм харсан хүн бүхэн нүд унагадаг сайхан хүн гэнээ. Хувийн шунал байхгүй, харахаас сэтгэл автам тийм сайхан хүн байдаг юм даа гэж ярьж байхыг нь сонссон. Тэр үеэс хойш улам л ихийг олж сонсохсон гэж боддог болсон. Ингээд явж байтал Богдын маань номын хувцастай нэг зургийг манай аав олоод аваад ирсэн. Тэр зураг манай гүнгэрваа дотор одоо хүртэл байдаг юм. Тэр зураг бол IX Богдын идэр залуу үеийн зураг. Тэр цагаас л уулзахсан гэж мөрөөддөг байлаа даа. 1983 онд би Дарамсалад Буддын Диалектикт явсан юм.

-Буддын Диалектик?

-Буддын Диалектикийн сургууль. Тэнд сурч байхдаа нэг удаа Далай багшийн номонд сууж байтал нэг их таньдаг хүн суварганы хажууд зогсож байхыг харсан. Хүнтэй яриад зогсож байна. Монгол лам захтай дээлтэй, нүд булаасан сайхан монгол хүн. Бүр нэг гоё хүн юмаа. Ерөөсөө Төвд гэж хэлмээргүй яг л монгол хүн байна даа. Таньдаг ч юм шиг оргиод. Тэгээд хамт явсан Ө.Гүндсамбуу ламд хэллээ. Үгүй ээ, энэ нэг таньдаг хүн шиг.Яах аргагүй л монгол хүн шиг харагдаад байх юм. Энд чинь одоо ямар монгол явж байдаг билээ гээд хэлсэн чинь харин надад түрүүнээс хойш нүдэнд тусаад байна гэж байна. Тэгээд байж байтал ар талаас цани ловдойгийн нэг хүүхэд гүйж ирээд танай Халх лам гэдэг чинь энэ хүн шүү дээ гэж хэлчихээд гүйгээд явчихсан. Би анхлан ингэж л дүрийг нь харж байсан юм. Яах аргагүй таньдаг дүр, тэгээд бүр сэтгэл булаагаад болдоггүй. Хоёулаа хурал тараад явж байгаад уулзчихвал яадаг юм гэж ярилцлаа. Хэцүү үе шүү дээ. Засаг төр олоод мэдвэл ч бид хоёр дахиад сургуульд явахгүй шүү дээ, яах вэ гээд хоёулаа ярилцлаа. Яадаг юм, уулзчихъя гэж зөвлөлдөөд хоёулаа нууцаар дагалаа. Дорждангийн нэг зочид буудал маягийн байшинд байдаг юм байна. Ингээд л шууд орсон. Буцаад явж чадаагүй. Өвөртөө авч явсан ганц хадгаа өргөөд Богд гэгээнтэйгээ анхлан тэгж танилцсан түүхтэй. Яг яваад ороход хоол хийгээд байж байсан. Бид хоёрт тэрнээсээ нэг жоохон аягаар хийж өгсөн. Оюутан улс болохоор хоол нэлээн идэх сонирхолтой байсан юм байлгүй. Их жоохон аяганд хийлээ дээ гэж дотроо бодож байж билээ.(инээв)

-Тарчиг үе болохоор тэгсэн юм болов уу?

-Тэгтэл өнөө жижигхэн аягатай хоолоо бардаггүй. Бүр цадчихаад идэж болдоггүй.

-Сонин хэрэг байна?

-Сонин. Тэгээд гараад буусан газар луугаа буцаж явахдаа “арай л нэг онцгой хүн байна даа” гэж хоорондоо ярьж байж билээ. Хамгийн анх тэгж наяад оны эхэн үед би Богдтойгоо тааралдаж уулзсан юмдаа. Хожим олон жилийн дараа хамба болсноосоо хойш очиж уулзаж учирдаг байсаан. IX Богд маань 1999 онд Монголд анх удаа морилж ирсэн дээ.

-Яг анхны ирэлт мөн болов уу?

-Тэгж л үздэг. Монголд тэгж орж ирэхдээ бол Халимагт явж байсан юм билээ. Халимагт явж байхад нь Халимагийн консулд томилогдоод,хараахан албан ёсных болж чадаагүй нэг хүн тааралдаад “ Та энэ завшаанд Монголдоо очвол яасан юм.Би оруулж өгье” гэсэн юм байна лээ л дээ. Тэгэхэд нь“...болохгүй ээ, хүү минь Монголын төрөөс зөвшөөрөл өгөхгүй бол би очоод яахав дээ” гэх үг хэлсэн юм байна. Тэгтэл тэр хүн “Өө, зүгээр зүгээр би визийг чинь аваад өгье, та паспортоо өгчих” гээд.

-Нөгөө жуулчны визээр орж ирсэн гэдэг дуулианы үе ?

-Тийм.Тэгээд Жавзандамба гэж нэрээр биш өөрийн уугуул нэрээр, Энэтхэгт амьдарч байсан нэрээрээ паспорт авсан. Тэр нэрээр нь виз дараад өгсөн байсан. Ингээд 1999 оны наадмын дараахан IX Богд заларсан.

-Тэгээд ирэнгүүтээ тантай уулзсан байдаг биз дээ ?

-Тэгж анх ирэхэд нь Богдыг төмөр замын ойролцоо буудалд буулгасан байсан. Намайг очиход лам, хар нийлсэн гучаад хүн тэнд байсан.Онгоцны буудлаас хүлээж аваад л тэнд байрлуулаад байж байтал нь асуудал өрнөсөн юм билээ. Янз бүрийн л юм болсон. Та өөрөө мэднэ шүү дээ. Одоо нэг их ярих сонирхол алга байна. Тэгээд элдэв хэл үг дэгдэхээр нь би “Монголдоо нэгэнт ингээд зориод ирсэн Богдыгоо визний нь хугацаанд байлгаж байгаад буцаавал зүгээрсэн дээ” гэж л хэлж байсан.

-Н.Багабанди Ерөнхийлөгч “бушуухан Монголоос гар” гэдэг билүү?

-Ер нь гаргана, зөвшөөрөлгүй орж ирсэн байна гэсэн тийм асуудал хөндөгдсөн. Тэгээд нэгэнт визийг нь аваад ороод ирсэн.Тэр хүчинтэй хугацаанд нь байлгая гэдэг саналыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зүгээс гаргасан.

-Хугацаанд нь гарганаа гэдэг ам өчгийг та өгч байж ... ?

-Гандан хийдийн тавьсан хүсэлтийн үндсэн дээр визний хугацаанд нь байлгаад гаргая гэсэн ийм яриа тохироо болсон.

-Тэгээд буцахдаа визний хугацаа нь жаахан хоцорсон бил үү ?

-Тэгээд Монголд сар болоод байж байтал зарим нэгэн лам нар айлтгал өргөсөн юм билээ. “Та үлдэж өгөөч. Визний хугацаа хэтэрсэн ч хамаагүй ээ. Одоо Монголын бурхан шашны төвийн тэргүүнээр таныг залж, монголын иргэн болгох ажлыг бид хөөцөлдөнө. Тийм учраас та үлдэж өгөөчээ” гээд мандал өргөсөн юм байна лээ. Тэгээд би нэг яваад орсон чинь надад хэлж байна. “Эд нар ингээд байх юм. Тодорхой улсууд орж ирээд мандал өргөчихлөө. Би үлддэг юмуудаа” гэж айлдсан. Тэгж байтал визний хугацаа нь ч жаахан хоцорсон. Төрийн зүгээс бол визнийхээ хугацаанд гарсангүй гэсэн маягийн аяг гаргаад эхэлсэн. Ийм нөхцөл байдал чинь өөрөө маш хэцүү шүү дээ. Өнөө улсууд нь хөөцөлдөөд базаагаагүй л болов уу. Тэгэсхийгээд бүгд дайжсан. Тэгээд эцэст нь Ө.Гүндсамбуу, Ё.Амгалан бид гурав л “Чингисхаан” зочид буудалд Богдыгоо хараад үлдсэн. Нэгэнт байдал ийм болсон болохоор Богдыгоо Гандан дээрээ шилжүүлж залсан. Үүнээс хойш хэд хонож байгаад л буцсандаа.

-Буцаад Халимаг явсан уу?

-Хойшоо Орос руу вагоноор явсан. Ё.Амгалан, Ө.Гүндсамбуу хоёрыг дагалдуулж нутагт нь хүргэхээр би томилсон. Ийм байдалтай Монголоос гараад Буриадаар дамжаад явсан юм. Бид ингэж жаахан бүтэлгүйтээд Богдынхоо Монголд залрах боломжийг 10 жилээр алдсан. Тэгээд 2009 онд буюу бүтэн

арван жилийн дараа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед Богдыгоо ахин залсан.Ингээд Монгол улсын иргэн болж, Монголын бурханы шашны тэргүүнээр заларч байгаад 2012 онд таалал төгслөө.

-Өнөөдрийн X Богдын тухай IX Богдоо ярихгүйгээр ярих боломжгүй юм. Та ойлгож байгаа байх. Тэгэхээр IX Богдын айлдвар гэрээслэлийнх нь талаар та ярьж болох хэмжээнд нь ярьж өгөөч ?

-IX Богдыг тийм хатуу хүнд нөхцөлд бид залж байсан. Богдыгоо залж чадахгүй олон жил болж, гадаад дотоодоор явуулж байсан. Туулсан түүх маань юм болохоор яалтай билээ. Уг нь 1992 оны Үндсэн хууль батлагдаж, бид шашин уламжлалаа сэргээгээд, хэний ч хараат биш шашныг үүсгэн бий болгох энэ ажил эхэлсэн юм шүү дээ. Гэвч амьдрал дээр юм амархан биш байсан. Тийм учраас IX Богдыг таалал төгссөний дараа X Богдоо уламжлан залах зүй ёсны ажил эхэлсэн. Урд талын Богд дараагийнхаа дүрээ тодорхойлдог уламжлалын тухай ярилцлагын эхэнд хоёулаа ярьсан. Тэр ёсоор IX Богд маань дараагийнхаа дүрийг тодорхойлохдоо монгол хүн болж төрнөө гэсэн айлдвар айлдсан. Үеийн үед Богд Жавзандамба хутагтуудыг тодруулж байсан түүхэн уламжлал бий. Ингээд IX Богд таалал төгссөнөөс хойш X Богдыгоо тодруулах ажил эхэлсэн дээ.

-2013 - 2015 онуудад бүх нарийн судалгаанууд хийгдсэн юм билээ. Зөвхөн лам нарын хүрээнд, манай дотооддоо өөрсдөө хийж байгаа ажил биз дээ?

-Тэгэлгүй яахав. Богдуудыг хэрхэн яаж тодруулж ирсэн түүхэн уламжлалууд, номын ёсыг нарийвчлан судалсан.2013-2015 онуудад зөвхөн судалгаа шинжилгээний ажил л явагдсан. Энэ үйл явц нарийн төвөгтэй юм байна билээ. Дараа нь томоохон хийдүүдийн хамба лам нар, хутагт хувилгаад, гэвш, гавж нарын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан. Дээрх ажлын хэсгээс явуулсан судалгааны хүрээнд олон арван мянган хүүхдийн нэрс бүхий мэдээллийг цуглуулсан. Газар байршил, төрсөн цаг хугацаа гээд асар нарийн шүүлтүүрээр нарийвчлан судалсаны дүнд 11 хүүхэд шалгарч үлдсэн.Хуучин цагт Богд дээдсийг тодруулдаг номын ёсны дагуу 11 хүүхдээс есөн хүүхэд дээр нарийвчилсан шинжилгээ хийгдсэн.

-Богдын өөрийнх нь хэрэглэж байсан эд зүйлийг таниулах ажил хийгдсэн гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Тэгсэн л дээ. IX Богдын өөрийнх нь эдэлж хэрэглэж байсан шашны эд зүйл болох хонх очир, эрхи тэргүүтнийг бусад адил зүйлстэй холин байршуулсан байсан.

-Зүгээр холиод л тавьчихсан байсан уу ?

-Тиймээ. Холиод тавьчихсан. Гэхдээ маш тийм энгийн орчин бүрдүүлж,хүүхдүүдийг чөлөөтэй байлгаж байж тэднээр таниулах ажил хийгдэнэ шүү дээ. Амархан эд биш.

-Тэр есөн хүүхдээ Гандан хийд дээр авчрахдаа яасан бэ?

-Мэдээж хэрэг Богдын хойд дүр тодруулах ажил явагдаж байна гэдгийг хэнд ч мэдэгдэлгүйгээр зохион байгуулсан. Зүгээр л хүүхдүүдэд Гандан хийдээс гарын бэлэг өгч байгааг дуулгаж зар хүргүүлсэн юм.

-Тэргүүн Хамба гарын бэлэг өгөх нь ээ гэхэд бүх айлууд хүүхдүүдээ дагуулаад сүсэглээд ирэх байх л даа?

-Бүгд ирсэн л дээ. Цугласан хүүхдүүд аав ээжийнхээ өвөр дээр сууцгаагаад л,орчныг сониучирхан харцгааж байсан. Ганц нэг нь босож явж, холхиж үзсэн. Тэр таниулах гэж байгаа зүйлс рүү очиж гар хүрсэн хүүхэд ганцхан байсан. Бусад нь огт хүрээгүй. Энэ хүүхэд бол шууд тэр шашны хэрэглэгдэхүүнүүд дээр очсон. Өөрийнх нь өдөр тутам ном уншдаг байдаг хайртай эрхийг нь шууд олж аваад хүзүүндээ зүүчихсэн.

-Шууд уу?

-Шууд л олж аваад зүүчихэж байгаа юм. Өөрийнх нь үргэлж хэрэглэдэг хайртай эрхи нь л дээ. Тэгсэнээ тэр дотроос хонхыг нь олж гаргаж ирээд барьж үзээд, нэг цохиод дугаргаж байгаа юм. Яг л өөрийнхөө урд дүрийн хэрэглэж байсан юмнуудыг таниж олж авсан.

-Сонин л үзэгдэл байдаг юм байна ?

-Сонин үзэгдэл байдаг юм байна лээ. Үнэхээр гайхширмаар шүү.

-Та тэр явцыг нүдээрээ харсан уу?

- Та чинь их хачин юм лавлаж асуух хүн юм даа. Би нүдээрээ харсан. Тэр үйл явц чинь гэрчтэй орчинд болж буй үйл шүү. Ганцхан би байсан юм биш. Хэд хэдэн хүмүүс гэрчилнэ шүү. Одоо ер нь хоёулаа энэ ярилцлагаа болих уу даа.

- Та намайг ойлгох хэрэгтэй. Би шашны үйлээс асар хол хүн. Тийм учраас надад бүх юм их сонин байна. Тэр үеэр өөр сонин юм юу болсон бэ?

-Надад тэр олон хольж хутгаад тавьчихсан шашны эд хэрэгсэл дотроос хайртай эрхийг нь шууд авч зүүгээд, хонхыг нь олж аваад дугаргахад үнэхээр онцгой сэтгэгдэл төрсөн. Ер нь бүх хүнд төрсөн. Тэрийг шинжээд сууж байсан улсууд дотор Богдтой амьдралынх нь сүүлийн 10 гаруй жил салахгүй хамт байсан нэгэн лам байсан юм.

-Ойр дотно. Шадар лам нь юм уу?

-Ойр дотно. Сүүлийн он жилүүдэд дэргэдээс нь салаагүй тийм хүн.

-Тэгээд зүгээр л тэр улсууд дотор сууж байсан юм уу?

-Тэр дотор чинь шинжлэх ажиглах үүднээс хэдэн хүн оруулна шүү дээ. Тэгсэн өнөө хүү маань гүйж байснаа шууд тэр ламын өвөр дээр очоод суусан.

-Шууд гүйж очоод уу?

-Гүйж очоод л тэрнийхээ өвөр дээр суучих юм билээ. Эрхээ олж аваад зүүчихсэн, тэгээд тэр ламынхаа өвөр дээр тохьтой гээч нь суугаад байх жишээтэй.

-Тэр үед бол бүр жаахан байсан биз дээ?

-Жаахан. Хөлд орсон, хэлд ороогүй байсан. Тэр орчин бол гайхширал, сүсэг бишрэлийн асар сонин агаар дундах орчин байсан. Богдыгоо хайрлан шүтдэг бидний хувьд ч онцгой бишрэлд автсан тийм түүхэн өдөр. Эцэг эх нь ч гэсэн гайхсан. Ерөөсөө хүнээс бишүүрхээд байдаг. Танихгүй хүн дээр очдоггүй юмсан гээд нэлээн гайхацгааж байсан шүү.

-Ингээд X Богд маань Монголдоо эргэн төржээ. Түүний дүрийг тэгж анх харахад бусдаас онцгой гэмээр ямар зүйл танд ажиглагдсан бол. Бид саяхан л гэрэл зургийг нь харлаа шүү дээ?

-Тунамал сайхан Богдыгоо

Туулай жилдээ зална даа ...гэж энэ дууг манай монголчууд тэртээ хориод оны сүүлээр дуулж байсан юм билээ. Үнэхээрийн тунамал сайхан Богд заларсаан.

-Энэ дууг өмнө нь нарийвчилж анзаарч байгаагүй юм байна. Тэгэхээр туулай жилд X Богд маань залагдаж байгаа юм байна шүү дээ?

-Тийм ээ. Юм их нарийн учиртай юм билээ.

-Манай дотоодын зарим мэдээллийн хэрэгслээр БНХАУ-ын зарим албан тушаалтнууд ихэд эгдүүцсэн, тус улсад суугаа манай элчин сайдыг дуудаж зэмлэсэн гэх мэдээлэл цацагдсан?

-Би тийм юм огт дуулаагүй. Тийм элдэв юм болоогүй болов уу. БНХАУ манай ард түмний язгуур эрх ашиг, эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэсэн энэ цэвэр шашны үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж байгаа болов уу.

-Монголчуудын дийлэнх нь уламжлалт Бурханы шашныг шүтдэг. Цаашид орчин үеийн ёс зүйт нийгмийг цогцлооход, уламжлалт Бурханы шашны, тэр дундаа Богдын үүрэг ямар байх тухай та сүсэгтнүүдэд юу айлдах бол?

-Бид бүгдээрээ монголынхоо төлөө гэсэн сэтгэлтэй, монгол хүмүүс шүү дээ. Энэ учраас л X Богдыгоо Үндсэн хуулиараа олгогдсон эрх чөлөөнийхөө дагуу тодруулж байна. Өөрийн шашныхаа хараат биш удирдагчийг гаргах нь монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн болоод лам хуварга, сүсэгтэн олны эрмэлзэл байсан. Тийм учраас бие даасан, хараат биш Богдын удирдлагатай болох нь энэ үйл хэргийн нэгдүгээр чиглэл нь. Хоёрдугаарт,шашны үйл хэрэг бол дэлхийн аль ч ардчилсан, эрх чөлөөт оронд Үндсэн хууль болоод бусад хуулиараа хамгаалагдсан байдаг. Манай Үндсэн хуульд “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гээд тов тодорхой заачихсан байгаа шүү дээ. Энэ эрхээ л шашныхан эдэлж байгаа хэрэг. Монголчууд эртнээс төрөө дээдэлж, төрийн бодлогоо хүндэтгэж ирсэн уламжлалтай ард түмэн. Тиймээс ч Төр шашиндаа хүндэтгэлтэй хандаж байгаагийн томоохон илрэл 10 дугаар Богдыг тодруулахад ажиглагдсандаа. Гуравдугаарт, Богд гарч ирснээрээ монголчуудын эв нэгдэл, ёсзүй, дээрээс нь гадаад дотоод нэр төр, энхтайванч бодлогод яах аргагүй ач тусаа өгөх юм.

-Дотооддоо л элдэв зохисгүй хандлагуудаа тэвчмээр байгаа юм даа...

-1937 оны хэлмэгдлийн ур уршгаар IX Богдыг ширээнд залахад хүнд хэцүү юм их гарсан. Тэр бүхнийг давсан. X Богдын тодруулан зарлах энэ эхэн үе л жаахан бэрхшээлтэй юм гарч магадгүй. Үүнээс хойш бол ямар ч асуудал байхгүй сайхан болно доо.

-X Богдын дүрийг сая дэлхий нийтээрээ харлаа. Тэгэхээр Дарамсалад болсон тэр үйл явцыг Далай ламаас авшиг хүртсэн гэж харах уу. Яг ямар үйл явдал юм бэ?

-Ван.

-Шашны л нэршил орж ирж байх шиг байна. Би яаж ойлгох ёстой юм бол доо?

-Дарамсалад саяхан Дэмчиг ядам бурханы авшгийг авах хурал болсон. Энэ хуралд IX Богдын хойд дүр заларсан. Тэнд бол X Богдтой холбоотой ямарваа нэгэн тусгай үйл ажиллагаа огт болоогүйг энд цохон тэмдэглэе. Юу болсон бэ гэхээр бурхан багш болон дээдэс мэргэдээс уламжилж ирсэн дээдийн номнуудыг энэ Ван авшигаар дамжуулж авдаг ёстой юм. Лүн ван, хөтөлбөр гэх мэт олон зүйлээр дамжуулж авдаг. Энэ бүхэн маань алдагдчихсан байсан. Тийм учраас Дүйнхор дацанг Монголд сэргээн байгуулсан.Энэ Дэчин галба гэдэг дацан бол үе үеийн Богдын ойрын дацан юм. Тэндээ заларч ажлаа явуулдаг учиртай. Энэ Дүйнхорын Наваг Дэмчигийн авшгийн уламжлал Монголд тасарчихсан.Тэр битгий хэл Төвддөө, Энэтхэгт байгаа Төвдүүдийн дунд ч тасарчихсан.Ганцхан хэнд байгаа юм бэ гэхээр Далай ламд байдаг. Үүнийг авахын төлөө гурван жилийн өмнөөс хүсэлт илгээсэн. Тэгээд коронагийн үе давхцаад саатсан байсан юм. Тийм учраас тэр авшгийг Далай ламаас авсан хэрэг. Өөр ямар нэгэн үйл явдал болоогүй. Зөвхөн тэр Ванг авах л зорилго бидэнд байсан. Нөгөө талаар гэр бүлийнхэн нь шүтлэгтэй улсууд болохоор очиж таарсан. Сайхан бэлгэ дэмбэрэлтэй явдал болсон.

-Саяхан болж өнгөрсөн цагаан сарын шинийн гуравны өдөр X Богд гэгээнийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд залж, золголт хүндэтгэлийн үйл ажиллагаа болсон гэж сонссон?

-Тэгсэн. Энэ үйл явц өөрөө шашин номын маш нарийн зан үйл шүү дээ. 2016 онд IX Богдын хойд дүр тодорсон боловч үнэн хэрэг дээрээ тийм амар урсаад хийгдчих ажил огтоос биш. Яагаад гэвэл Монголын Бурхан Шашны тэргүүн маань ирээдүйд асар их шашны үйл хэргийг бүтээх том учиг тавилангийн эзэн. Анх бол гэр бүлийнхэн нь маш их цочирдож хүлээж авсан. Арга ч үгүй байдаг юм билээ. Анх хэлсэн зоргоор тэгээд л хүлээгээд авчихдаггүй юм байна билээ л дээ. Агуу үйл хэргийг цааш нь авч явах гэгээнтэн учраас эмзэг, хэцүү үеийг туулна. Тийм учраас гэр бүлд нь бол маш эмзэг тусдаг юм байна.Тэгээд бид гэр бүлтэй нь энэ асуудлыг ярьсан. Ойлголцоход тодорхой цаг хугацаа шаардагдсан.Эргэлзээ тээнэгэлзээ, үл итгэх байдал, эсэргүүцэх тал ч байсан. Тийм учраас хүүхдийн талаасаа ямар нэгэн шинж тэмдэг тодорхой мэдэгдэх хүртэл бид хүлээсэн. Гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрөхөд нэлээн хэцүү байдаг юм байна лээ. Тэгээд овоо болоод дөрөв таван нас хүрээд ирэхийнхээ алдад илүү шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлж байгаа юм.Үнэхээрийн эргэлзээгүй, хуурмаггүй, тунамал сайны ерөөлт Богд бол нэг л цагт бидэндээ ирнэ дээ гэсэн ийм л найдлагатай хүлээж байсан. Эцэг эхийг нь шахамдуулах эрх бидэнд байхгүй шүү дээ. Сүүлдээ эцэг эхэд нь мэдэгдэхүйц хэмжээний шинж тэмдгүүд илэрсэн байхаа. Тийм учраас тээж байсан тээнэгэлзээ аажмаар тайлагдах аяс орж, бид харилцан ойлголцож эхэлсэн. Гандан дээр авчраад, Богдын Лавранд нь оруулаад харж байхад тэр өндөр сэнтий дээр шууд өөрөө авирч очоод суучихаж байгаа юм. Тэгээд хонхоо нэг цохиж үзээд л, урдах юмнуудаа барьж тавьж, нааш нь цааш нь болгож үзээд л...Эцэг эх нь “миний хүү буугаарай, болохгүй ээ” гээд буулгах гээд, хөөрхий. Өөрийнхөө суух ёстой газар суухаас яахав дээ. Тэгээд өөрөө авирч гарч ирж сууж байгаад гүнцгээ (хоолоо) зооглочихоод босоод явж байгаа юм.

-Лавранд оруулмагц өөрөө авираад гарчих юм уу?

-Өөрөө авираад гараад явчихаж байгаа юм.

-X Богд гэгээнээ албан ёсоор хэзээ залах юм бэ. Эсвэл одоо ингээд залагдчихсан гэж ойлгох юм уу?

-X Богд гэгээн бол Дэлхийн Бурханы шашинд чухал үүрэг гүйцэтгэх гэгээнтэн юм. Дэлхийн Бурханы шашны томоохон төлөөлөл яах аргагүй мөн. Энэ утгаараа дэлхийн маш олон газрын анхаарлыг татаж байгааг нууцлах юм байхгүй ээ. Тийм учраас X Богдын институт бол бүх дэг ёсны дагуу байна. Шашны дэг журмаараа л явна. Бурханы шашны мэдлэг ухаан, орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг боловсролыг өв тэгш олгох бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Богд маань монгол ээжээс төрсөн, монгол аавын хүүхэд. Удам гарлын хувьд эцэг эхийн тал хуучнаар Түшээт Ханыхан. Ээжийнх нь аав Өмнөговийн Ханбогдын хүн. Монголын төлөө гэсэн сэтгэлтэй, монгол хүн бүхэн дотроо Богд гэгээнээ сүсэглэн дээдэлж буй биз ээ.

Бидний яриа энэ хүрээд өндөрлөлөө. Ярилцлагын төгсгөлд би эрхэм Хамбаас ахиад хэд хэдэн асуулт асууж хариулт авахыг хичээсэн боловч тэрбээр “Хамбын ажлаа өгсөний дараа надад олон сэдвээр ярих боломж гарах байлгүй дээ” хэмээсэн ганцхан хариулт хэлсэн юм.

Тийм ч биз, үгүй ч биз ээ.

Улаан гүжрийн хар шуурганд хаа сайгүй, хэн хүнгүй дайруулж буй энэ цаг үе...

Сахил санваар, ёс жудгийг ч үл хүндэтгэн омтгойрох нүгэлтнүүдийн хилэнцээр зарим хэсэг маань шуурч, цаанаас нь ч шууруулж байгаа ийм гунигтай цөвүүн цагийн зовлонг зөвхөн “хүлцэж л” ялдаг байж мэдэх юм гэсэн бодол төрнө. Гандангийн амьдрал дүнчүүр маанийн эгшиглэндээ урьдынхаараа үлдэж, харин би харь холыг зорьсон хайрт ижийгээ санан үгүйлэх сэтгэлийн хөндүүртэйгээ хамт танил гудамжийг уруудан түмний урсгал руу алхаж явна.

Хөөрхөн , ариухан ламхайнууд улаахан орхимжоо намируулан зөрнө. Хөлийн дор Гандангийн бор тагтаанууд будаа тогшин ердийнхөөрөө...

Сэтгүүлч Б.Ганчимэг

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Монгол [202.179.8.118] 2023-05-29 10:30:36

Сайхан богдодоо сүсэглэн мөргөе. Монгол түмнийхээ үндэсний эв нэгдэл, шажин соёлын төлөө ихийг бүтээсэн аугаа их зүтгэлтэн байх болтугай. Богддоо сүсэглэн сүсэглэн мөргөе. Төр засаг түмэн олны минь зая буянг дааж явах ерөөл тавья.

Bullshit [81.65.89.151] 2023-05-29 03:23:34

Ene teneg Mongolchuudiin tarhiiig saihan ugaah ymaa. Ene shashing shutdeg humuus bhgui bolj bn. Shine uyiin zaluuchuud amarhan tarhia ugaalgahgui. Zailj uz

Зочин [192.82.83.199] 2023-05-28 16:27:59

Somebody said: Suck my tongue

Зочин [192.82.78.213] 2023-05-28 15:42:57

Далай ламаас л хол байлгаарай, хэлээ хөхүүлнэ гээд дайрчина шүү цаад педофид сда чинь

Зочин [202.55.188.125] 2023-05-28 15:15:09

Маш саихан ярилцлага баинадаа . Монгол улс оршин тогтнож баигаа цагт Богдоо хаирлаж хүндэтгэх сэтгэл итгэлтэи хүмүүс баисаар л баих болно доо .

Зочин [166.194.132.2] 2023-05-28 22:14:43

19 р зуундаа үлдчихсэн мэдрэл муут вэ! Одоо 19 биш 20 ч биш 21 р зуун шүү.Юу н Богд ,юун хамба.Сансар огторгуй, техник технологи хөгжиж байна. Чой хулгайчтайгаа, Богд шашинтайгаа далд ор

Зочин [192.82.81.220] 2023-05-28 10:19:53

Хэн хэнийг тодоруудаад байгаа нь сонин

Бат [192.82.65.182] 2023-05-28 09:14:08

ийм тэнэг юм ярьж суудаг өвгөн эх орон ард түмнээ мэхэлнэ гэж бодож буй юм байх даа.миний хүүхдийг оруулсан ч тэр суудал дээр очоод л сууна,тэр хонхыг барьж үзэж болно,хэддүгээр зуунд амьдарч байгаагаа мартжээ.

Зочин [166.194.132.2] 2023-05-28 08:44:27

Чой хулгайч чи 10 хар нүглээ даахгүй далд ор.Шашин бол ард түмнийг мунхруулагч ХАР ТАМХИ мөн

Зочин [202.126.89.62] 2023-05-27 20:34:06

Монгол эрэгтэй хүн амьдралдаа заавал секс хийдэг юм.

Зочин [202.9.46.139] 2023-05-27 16:33:01

Муу нэртэй луу данстай коммунизм харанхуй монголчуудыг шар хувалзнуудаас салгаж эрдэм номтой боловсролтой болгосон. Шар хувалзнууд хүүхдүүдийг сургуульд явуулахыг эсэргүүцдэг хүүхдүүдийг лам болгохыг хүсдэг байсан. Хэрэв 1920 коммунизм байгуулагдаагүй бол монголчууд төвдүүд шиг болчихсон өрөвдөлтэй амьтад болох байлаа.

Зочин [192.82.81.220] 2023-05-28 10:18:36

Үнэн

Хог [202.9.40.196] 2023-05-27 13:02:55

Лам богд бөө байгаад хөгжвөл хөгжихөөрөө боллоо. Мухар сүсгээр юуугаа хийнэ. Шинжлэх ухаан аварна шдээ. Бидда

Зочин [87.122.25.234] 2023-05-27 12:16:01

Tssss

Зочин [202.21.107.20] 2023-05-27 12:05:09

zovlong temtsej yaldag bolohoos hultsdeggui yum HAr shar feodaluud tegeed darlaj l baig uu? ene Ganchimeg gej uneheer hereggui etgeed bna shd ee

Зочин [202.21.107.20] 2023-05-27 12:01:07

shar feodaluudiig davraaj bolohgui shd ee


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.