А.Баатархуяг: Тэнгэрт сүү өргөхөөр...

Aдмин / Нийгэм

Тоолол

2023 оны тавдугаар сарын 10-нд болох Их хааны өндгөн сүргийн тайлгад амжиж очих гэж ихэд довтолгосон бөлгөө. Бидний зорилго болбоос Их хааны өндгөн сүргийн их тайлгыг үзэх, хар сүлдийг хэрхэн тайдаг талаар сураж, их тахилч Сүмбэр (Эрдэнэсүмбэр) гуайтай уулзах байлаа. Бид гэдэг нь манай эхнэр Уянга, “Хүннү фэйшн” компанийн менежер Аззаяа эгч бид гурав. Аззаяа эгч биднийг Сүмбэр тахилчтай танилцуулна гэж ятгаж авч явсан юм.

Их хааны өндгөн сүргийн тайлга бол “Анхны гүүний сүүгээ 99 тэнгэрт” өргөх хаад, язгууртны тахилга юм. Үүний дараа улирлын хоёр дахь тахилга буюу “гүү барьж айраг бэлтгэсний баяр” буюу нуур далай мэт айргаар бялхахын бэлгэдэл нуурын тайлга хийнэ. Үүнийг манай Монголд адуутай айл бүхэн хийдэг бөгөөд “Гүүний үрс гаргах” найр гэж нэрлэдэг. Шөргийн тайлга нь манай ард түмний дунд өдгөө хүртэл уламжилсан “Тамганы найр” билээ. Гүүгээ бар өдөр барьж, нохой өдөр тавьдаг, ер нь хатуу өдөр сонгодог нь төрийн үйл уламжилсных мэт. Адуутай айл бүр эртний их өв соёлоо хадгалж явдаг ажээ, үүнийгээ улам сайхнаар хадгалж явууштай...

Энэ хоёр найр ба Ордос дахь тайлгын өдөр зөрж болно, энэ нь цаг улирлын шинж чанараас ихээхэн хамааралтай билээ. Монголын ард түмэн нийтээрээ хааны их тахилгын хоёрыг нутаг нутагтаа хийдэг аж. Улирлын дөрвөн их тайлгын сүүлч тасмын тайлгыг өвлийн тэргүүн сарын шинийн 3 буюу их хааны хүй цөглөсөн өдөр хийдэг. Энэ мөн л язгууртан дээдсийн тахилга.

Энэ жилийн тавдугаар сарын 10 болбоос хуучин монгол тооллын 6 дугаар сарын 21 юм. Шинийн нэгнээс хойш 81 дэхь хоногт Их хааны өндгөн сүргийн тайлга хийдэг байна. Энэ хуучин Монгол тоолол бол бидний одоо мөрддөг билгийн улирлын буюу дээд Монголын сүмбэ хамба Ишбалжирын монголчилсон Түвд тоолол биш ээ.

5 дугаар сарын 10-наас урагш 81 хоногийг тоолбол шар зурхайн шинийн 1-тэй таарч байна. Жинхэнэ Монгол тооллоор бол Чингис хааны төрсөн өдрөөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нээр он эхэлсэн гэж үздэг байна. Та 5 сарын 10-наас 6 сарын 21-ныг хасаад үзвэл Чингис хааны төрсөн өдөр тодорно. Тэр өдөр Монгол Улсад “Их эзэн хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлсэн бий... Төдийгээс 3 хоногийн дараа Ордост их хааны хүй цөглөсөн тасмын тайлга хийжээ.

Энэ тоолол их учиртай, Чингис хаан Алтан улсад элч довтолгож “Таван сард би морилно, цэргээ гарга, байлдая!” гэж явуулжээ. Алтан улс болоогүй хэмээн найрлаж ахуйд Монгол цэрэг довтлон орохуйд хаан нь: “Хаан хүн атал хэлсэндээ үл хүрэв” гэж заалдсанд Чингис хаан: “Би танай тооллыг дагах ёстой юу? Манай таван сар болсон” гэжээ.

Үүнээс 700 жилийн дараа Ардын хувьсгалын эхэн үед ч Монголчууд энэ тооллыг хэрэглэж байсныг “МонТА” одоогийн “Монцамэ” агентлагийг байгуулсан Засгийн газрын тогтоолоос харж болно. Уг тогтоол “Олноо өргөгдсөний арван нэгдүгээр он зургадугаар (Европын долдугаар) сарын арван таван (есөн)-ы өдөр” гэж давхардуулж бичсэн хоёр огноотой байдаг. 6 дугаар сарын 15-ны өдөр гэхээр Ардын засаг тогтохоос өмнө болчихож байгаа биз? Харин энэ өдөр Европын 7 дугаар сарын 19 байжээ гэсэн үг. Хэрэв тусгаар тогтнолоо зарласан өвлийн дунд сарын шинийн 9 буюу 12 дугаар сарын 29-ний өдрийг 1 сарын 1 гэж тооцсон бол европ тооллоос ингэж хол зөрөхгүй, гурав хоног л зөрөх байх.

Төрийн албан бичигт Чингис хааны мэндэлсэн өдрөөр тооцдог хуучин монгол тооллыг уламжлуулан хэрэглэж байсны нэг нотолгоо энэ юм. Тэгэхээр өвлийн эхэн сарын шинийн 1-нээр тооцвол тэр жил Европ тооллоос 1 сар 4 өдөр түрүүлж байж. Тооллыг зөвхөн Ар монголд төдийгүй хожуу болтол Өвөр монголд хэрэглэж байсан бөгөөд өдгөө Ордос дахь Их хааны дархадууд мөрдөн тайлга, тахилгын цаг хугацаагаа тогтоож байна. Монгол тоолол 24 улирал, 12 сартай, сард 30 хоногтой 5 хоногийн зөрүүг “Улирлын тахилгын үйлэнд оруулж тооцох өөрийн аргатай тоолол байсныг энэ хүртэл өгүүлээд судлаачдад орхин цааш...

Ордос ба дархад

Манж Чин гүрэн унаж, Богд Хаант Монгол Улс байгуулагдаж, зарлан тунхаглахад явдалд талархан баясаж, дагахаа илэрхийлсэн Өвөр Монголын зургаан чуулганы 35 хошууны 7 нь “Их зуу” чуулганд харяалагддаг байсан юм. 1914 оны үест Нийслэл хүрээнээс цэрэг илгээхийг хүссэн өөр нэгэн учир буй.

Их зуугийн чуулган нь 7 хошуутай, “Их зуу” гэдэг газар чуулган чуулдаг байсан тул ийнхүү нэрлэжээ. Батмөнх Даян хааны гуравдугаар хөвгүүн Барсболдын ахмад хөвгүүн Мэргэн хар жонон эцгийн хэргэмийг залгамжилж Ордост суусан байна.

сонин mn

Чингис хаан Тангудад морилж, 1227 онд улсыг нь мөхөөгөөд 8 дугаар сард нь тэнгэр болжээ. Чингис хааны алтан чандрыг хамгаалан монголын уламжлалт ёсны дагуу эх нутагт нь хүргэхээр явах зам зуур Ордосын “Монын хөөвөр” гэдэг газар чандар ачсан тэрэг саатсанд эзэн Чингис хааны өмссөн цамц, өргөө гэр, өрөөсөн оймс зэргийг тэнд онголж, Чингис хааны шүтээн тахилгын найман цагаан орд анх үүсэн байгуулж “шүтээн” болгожээ гэсэн домог бий.

Судалгаагаар бол Өгэдэй хааны үед Хархорумд Чингис хааны тахилгын ордон байгуулж тахиж байсан бөгөөд Хубилай хааны үед Шанд (Xanadu) хотын ойр Бумбатын хөндий гэдэг газар тахилга үйлдэж байжээ. Дараа нь Дайдуд (нийслэл хот) Есүхэй баатар тэргүүтэй дээдсийн тахилын 8 сүм, шүтлэгийн ордон байгуулж “Найман цагаан ордон” гэж нэрлэх болжээ. Энэ үеэр Хубилай хаан зарлиг буулгаж өдгөө нийтээр зөвшөөрдөг Чингис хааны хөргийг тахилгын зориулалтаар бүтээлгэсэн байдаг. Ийн цээж хөрөг бүтээх уламжлал нь бүр Уйгурын үеэс Монголд уламжлагдсан байдаг.

Юань төр хөөгдөж, Монголчууд Бээжингээс ухран уугуул нутагтаа буцсанаас хойш “Найман цагаан орд”-ыг Чингис хааны хатдын дөрвөн их ордонтой нийлүүлж тахин шүтсээр иржээ. Монголчууд ухран гараад улсаа Умард Юань гэж нэрлэсээр байсан бөгөөд Батмөнх хааны цол “Даян” нь “Да Юань” буюу их Юань улсын хаан гэсэн үг гэж Японы эрдэмтэд тайлжээ.

Даян хааны үеэс Ордос түмэн Чингис хааны хар, цагаан туг зэрэг сүлд шүтээнийг хадгалан тахиж байжээ. Цахар Дарайсун Хүдэн хааны үеэс эхлэн “Эзний найман цагаан гэр”-ийг Ордосын “Их Зууд” үе дамжин тахих болжээ. Манжид орсны дараа 1809 онд ар, авөр Монголын олон аймаг, чуулганаас Манжийн хаанд өргөдөл барьж зөвшөөрүүлснээс уг ордыг “Чингис хааны онгон” гэж нэрлэдэг болжээ.

Зарлигаар тогтоосон гадаад Монголын төрийг засах яамны хууль зүйлийн бичигт: "Их Зуугийн хязгаарт Чингис xааны онгон байх тул Ордос долоон хошуунаас 500 өрх томилж, онгоныг хамгаалах ба тахилгын ажлыг эрхлүүлтүгэй. Бас жил бүр 500 лан мөнгө гаргаж сэлбэлт ба тахилгад хэрэглэтүгэй!” гэжээ. Жил бүрийн билгийн улирлын 3-р сарын 21-ийг их тахилгын өдрөөр тогтож, энэ 500 өрхийг дархад гэж нэрлэх бөгөөд дархадууд ямар ч татвар төлөхгүй, үеийн үеэрээ "Чингисийн Онгон"-ыг сахих үүрэгтэй болжээ. Ингэхдээ түмэн ордосоос 500 зууг сонгосон гэдэг. Тахилгыг эрхлэх албан тушаалыг шинээр нэрлэсэн авч Монгол ноёд дахин хүссэний дагуу тахилчдын эртний цол нэрийг хэвээр үлдээсэн байна. Тэр ч байтугай Манжийн хаад нөгчихөд улс даяар бэлбэсрэл зарлахад гагцхүү дархадууд түүнийг дагахгүй байх эрхтэй бөгөөд учир нь тэд үүрд Их Чингис хааны бэлбэсрэлийг үйлдэж буй тул давхар үйлдэхгүй онцгой эрхтэй байжээ.

Гайхалтай нь домогт өгүүлснээр Чингис хааны шарилыг Тангудаас нутаг руу нь авч явах үест Их хааны сүнс хоргодож, энэ орчим тээж явсан тэрэг нь элсэнд суугаад хөдөлсөнгүйд Сөнидийн Гөлгүдэй баатар өчил өчиж хөдөлгөсөн гэдэг домогт дурдсанаар тэнд дахин очсон мэт. Ордос хот хааны ивээлээр цэцэглэн буй мэт. Аман ярианд “Чингисийн онгон” гэх авч бодитоор Чингис хааны тахилын өргөө билээ...

Залахуй...

Их хааны тахилын өргөөг Хархоринд эсбөгөөс төрсөн нутагт нь авчрах цаг ирсэн мэт эсбөгөөс Монгол Улсад сэргээх боломжтой мэт санагдсанаас тийш явснаа нуух юун...

сонин mn

Урд өмнө Их хааны тахилын өргөөг нүүлгэх, тэр тусмаа Монгол Улсад авчрах оролдлого ч хийж байсан түүхтэй юм. Ийм санаархал нэгэн зуун жилд гурвантаа гарсан мэт. Эхнийхийг эрдэмтэн Жамсраны Цэвээн, удаад нь Б.Ринчин гуай очиж үзэж тандсан мэт байдаг. Тиймээс энэ тэмдэглэлдээ энэ хоёр их эрдэмтний тэмдэглэлийг гурамслуулан бичих нь зөв байх. Учир нь Б.Ринчин абугай тэмдэглэлдээ Ж.Цэвээний тэмдэглэлээс олонтаа эшлэсэн байдаг. Судалгаа, шинжилгээний олон арван өгүүлэл буй нь гарцаагүй авч миний бичих нь тэмдэглэлээс үл хэтрэх тул сонирхолтой болгох үүднээс ингэж шийдлээ.

Эрдэмтэн Жамсраны Цэвээн 1909-1910 онд буюу Монголд ирэхийн өмнөх жилээ Зүүн монгол, өмнөд монголын Ордос нутагт хийсэн аяллын тэмдэглэлдээ 1910 онд Их зуугийн Чингис хааны тахилгад оролцсон тухайгаа тодорхой бичсэн байдаг. Ордост хижиг өвчин тусаад эмчлүүлж нэг жил амьдарсан тул нарийн тэмдэглэл үлдээжээ. Түүгээр үл барам тэрээр эргэж ирээд Чин ван Ханддоржид Ордост байгаа хааны тахилгын газар ба хар сүлдний талаар тодорхой ярьсанд, “Бид Таны зөвлөснөөр тэр сүлд тахилгыг Монголыг нэгтгэхэд ашиглаж болох юм” гэж хэлсэн гэх яриа бий. Үүнийг батлах мэт нэгэн явдал буй нь:

Богдын Засгийн газраас Өвөр Монголыг чөлөөлөх таван замын байлдаан хийж байсан 1913 оны намар болжээ. Ордосын засаг, жүн ван Чагдарсүрэнгийн асарсан хөвгүүн Төгсжаргалан нутгаасаа зугтан, Хүрээнд ирээд Дотоод яаманд бичиг өргөжээ.

Уг бичигт:

Мэдүүлэх учир: Энэ жил цагаан сард Дотоод их яамнаас манай хошуу ба өмнө захын сэргийлэх түшмэл цэргийн хүчийг ангилан гаргаж, хамгаалсугай хэмээн мөнхүү цэргийг захирах сайдад тушаагаад, мэдэгдэн тушаасан билээ.

Гэтэл Хөх хотын зүг чанадын цэрэг олон. Маш түгшүүртэй түргэн түүхий цаг бөгөөд мөнхүү хамгаалах цэрэг гаргаж, хүрч завдаагүй байтал харъяат хошууны лам Өлзийжаргал, Сандаг, гавж Линз, бичээч Мөнх-Өлзий, хуяг Өлзий нар монгол язгуур угсаа журмыг гээгдүүлэн буруу муу санаа үүсгэж, мунхаг дүрсгүй ардыг нэмэн авч, олноор бүлэглэн, энэ зуны тэргүүн сарын 22-ны өдөр гэнэт цэргийн байдал гадаа ирж, вангийн яам ба санг эвдэж, данс бичиг зүйлийг нэгжин үзэж, сүйтгэн, дарлаж зовоосонд Чин ван гэрийн хүмүүсийн хамт зугтан гараад мөн Ордосын Хужирт сүмийн газраа ирж хоргодон суусны дараа бас тэдгээр бүлэглэсэн ардууд зэвсэгтэй ирж, манай эцгийг ална гэж буудсан.

Суманд эцэг маань оногдсон боловч арай бие эрсдэж алагдсангүй. Нэгэн удаа амьд мэнд гарч суун бүхийд эцэг хөвгүүн бид нар Чингисийн бие сүлд тугийг амар тавиун газар залаад, нийслэл хүрээнээ хүрч ирж Богд хаан таны бат соёлд хандсан, чин үнэнхүү сүсгээр мөргөхийг цөм хүссэн авч угаас манай хошуу нутгийн зах тойрон иргэн улсын хот шиндэй нэн олон болохын дээр гамин цэрэг сууж, хоорондоо ямагт сэлгүүцэн явж, тэмцэлдэхүйд нэгэнт санаа урвасан муу ардууд даруй цаашид нийлэлцэх зэргээр бидний хорхой мэт амьсийг нэгэн цагт сүйтгэхээс өөргүйд лавтайяа хүрнэ хэмээн айцгааж, зайсан хөвгүүн Төгсжаргалангийн бие төдий сэмхэн гарч, өмнө зүгийг сэргийлэн сахих цэргийн сайд, ялгуусан баатар, гүн ламтнаа эл учраа мэдүүлээд нийслэл хүрээнээ хүрч ирэв.

Одоо нэгэн үзүүрт сэтгэлийг зүтгэн барьсан эцэг ван эсэргүүцлийн этгээдээс амь мэнд ангижиран гарахад чингэж маш бэрхтэй болсон туйлын үзэн зүдгүүртэй учраа гаргаж, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа өргөн мэдүүлээд, олдвол толилон, нигүүлсэн өршөөж, тэнгэрийн сүлдэт баатар цэргийг ангилан гаргаж, тэдгээр санаа нийцэхгүй урван тэрсэлсэн муу ардад амь эрсдэх шахамдан буй эцэг вангийн бие ба гэрийн хүмүүсийг Чингисийн бие, сүлд, тугийн хамт уул нутгаас хамгаалуулан авч, Богд гэгээн хаантны бат соёл, авралд багтаан амьдруулж, тохинуулахыг мөргөн гуйхаас гадна анхнаас өчүүхэн хүн нийслэл хүрээний газраас нутаг буцаж очвол муу ардын гарт бусних нь магадтай тул нийслэл хүрээнээ түр сууж, эцэг вангийн биеийг ирэхийг хүлээхээр мөн эцэг лүгээ хэлэлцэж ирсэн учрыг хамтаар гаргаж мэдүүлсүгэй. Үүний тулд өргөв гэжээ.

Энэ өргөдөл бичгийг хүлээн авсан Дотоод яам Цэргийн ба Сангийн яамтай яаравчлан зөвлөөд намрын сүүл сарын 23-нд Богдод айлтгасан байна. Учир нь Цэргийн яамнаас төсөв гаргуулахыг хүссэн бололтой, учир нь бичигт дурдсан түшээт ван цолтой сайд нь Сангийн яамны сайд Чагдаржав болж таарч байна.

Уг бичигт “Чингис хааны бие, сүлд тугийг нийслэл хүрээнээ залж хэрэглэвэл болох үл болох явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж, Богд гэгээнээр толилон сургахыг гуйж бөлгөө.

Өргөсөн тухайд манай Дотоод яамнаас харъяат вангийн биеийг хамгаалуулан, гэрийн хүмүүсийн хамт ирүүлэхэд үл болох газаргүй боловч гагцхүү Чингис хааны бие, сүлд, тугийг чингэж шилжүүлэн залж ирүүлж болох эсэхийг Бүгд Ерөнхийлөн захирах хоёр яамнаа зөвлөсөнд Цэргийн яамнаас ван Чагдарсүрэнг хамгаалан ирүүлэх ба Чингис хааны бие туг сүлдийг шилжүүлэн залж ирүүлэх зэргийг төсөвлөн мэдэх ойр бөгөөд эрхэм шийтгэгч сайд, Түшээт ванд явуулж, гүйцэтгэн шийтгүүлбэл ямар гэлээ. Бүгд Ерөнхий яамнаас ван Чагдарсүрэнг хамгаалж ирүүлэхэд эрхлэн шийтгэх бөгөөд ойр байдлыг төсөөлөх сайд, түшээт ванд явуулж, гүйцэтгэн шийтгүүлэх нь зүйтэй. Гагцхүү Чингис хааны бие, сүлд, туг бол Ордосын нутагт тахиулж он удсан.

Богд хувилгаан суурин болох тул шууд шилжүүлэн хөдөлгөж болох, эсэх зарлигийг гуйн айлтгаж, тогтоолговол зохино гэж зөвлөн ирсэн. Үүнд шавь боолчууд хянан байцаавал энэхүү ван Чагдарсүрэнгийн биеийг гэрийн хүн нарын хамт түшээт ванд явуулж, гүйцэтгэн шийдүүлбэл болох боловч гагцхүү Чингис богд хааны бие, сүлд туг бол манай Монгол Улсын эрхэм шүтээн болох бөгөөд чингэж он удсан суурин газраас залж ирүүлбэл болох ба үл болохыг зүй нь зарлиг гуйн айлтгаж, дагаж явуулбал зохих тул хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад, Богд гэгээнээ толилж, заан сургах ажааму. Үүний тулд хичээнгүйлэн айлтгав. Зарлиг гуйму! гэсэн байна.

сонин mn

Богд хаан уг нугалбарт “Чагдарсүрэнг гуйсан ёсоор болгогтун. Чингис хааны бие, сүлд тугийг аль л сайнаар залж ирүүлэхийг Чагдаржав нарт тушаагтун! гэж улаан бийрээр цохож зарлиг болгоод мөнхүү сарын 24-нд буцаан хүргүүлжээ. Улаан бийрээр цохсон нь чухалчлан үзсэн хэрэг бололтой байна.

Дотоод яамнаас даруй таван яаманд дараахь бичгийг илгээжээ. Уг бичигт “Хааны зарлигийг хичээнгүйлэн дагаж сайд түшээт ванд явуулаад, уг айлтгасан хэрэг, буулгасан зарлигийг хичээнгүйлэн дагаж, харъяат сайд ван биеэр буюу эсвэл сайн чадамгай сайд түшмэдийг сонгон гаргаж, Чингис хааны бие, сүлд тугийг даруйхнаа шилжүүлэн, ван Чагдарсүрэнд залуулж авахуулан, түшмэл цэргүүдээр хамгаалуулан, хүргэж ирүүлэхийн гадна хэзээ аль өдөр шилжүүлэн залсан ба бас ван Чагдарсүрэнг гэрийн хүмүүсийн хамт хэрхэн хамгаалуулан мордуулсан зэргийг манай яамнаа мэдүүлэн ирүүлээд, тухайд түшмэл цэргүүдийг гаргаж хамгаалуулан тосч авахуулахад бэлтгүүлье! Үүнийг басхүү Их зуугийн чуулганы ван Чагдарсүрэнд тушаагаад, Чингис хааны бие, сүлд тугийг яахин хурдан түргэнээр залж, нийслэл хүрээнээ ирүүлбээс зохих зэргийг лавлах зүйл буй аваас түүгээр сайд түшээт вангийн газар лавлан мэдүүлж, гүйцэтгүүлсүгэй хэмээх явдлыг хамтаар тушаасугай! Ийнхүү явуулан тушаасан үүнийг Бүгд Ерөнхийлөн захирах таван яамнаа тус бүр явуулаад, байцаан үзүүлье! Үүний тулд тушаан өргөн илгээв. Олноо өргөгдсөний 3 дугаар он. 9 сарын 25.

Жич: Чингис хааны нандин, жиндэн зүйл, басхүү тахилгын ном, судар, элдэв эрдэнийн сав хэрэглэл ба жагсаалын зэрэг чухал хэрэглэгдэх юмнуудыг авч, бүрнээ тодорхойлон гаргаж, битүүмжлэн, хүргэж ирвэл зохихын гадна үлдсэн зүйлийг нягт тодорхой данс үйлдэж, эрхлэх газрын итгэж болох түшмэд, мөн битүүмжлэн тушаан хадгалуулж хойшид будлиан шамшигдуулахгүй болговол зохино” гэсэн байна.

Гэвч энэ хэргийг гүйцэлдүүлж чадсан эсэх нь тодорхойгүй бөгөөд Чингис хааны бие, сүлд тугийг Хүрээнд авчирсан тухай ямар нэг мэдээ занги өнөө болтол олдоогүй байна.

Хожим 1957 оны зун их эрдэмтэн Бямбын Ринчин мөн Ордост очиж, тахилгад оролцож, эртний тахилгын өчил, дууны үгийг тэмдэглэн авсан байдаг. Б.Ринчин гуай энэ тухай тэмдэглэлдээ:

... Эдгээрээс гадна, Чингис хааны хар сүлд хэмээх чухал сүлд буй. Тэрхүү сүлдийн хамт мөн цэргийн хэнгэрэг нь хадгалагдаж байдаг байна. Хар сүлд нь аугаа их заслал, ялалт, байлдан дагууллын сүр хүчийг бэлгэдсэн байдаг. Хар сүлд нь Эзэн хорооноос зүүн урагш 50 бээрийн газарт байдаг. Жамсраногийн бичсэнээр Эзэн хороо нь түрүү зууны далаад оны сүүлчээр талагдаж дээрэмдэгдсэн байжээ. Тэгэхэд авдрын дотор хадгалагдаж байсан мөнгөний зүйлс, мөн гурван хэлтэй мөнгөн тулга гэх мэт их хэмжээний зүйлс хулгайлагдсан байв. Дээрэмчид тэднээс их хэмжээний зүйлсийг авсан боловч зарим зүйлсийг шүтээнийг хамгаалж буй дархдуудад буцааж өгсөн байна. Хамгийн харамсалтай нь гэвэл дээрэмчид авдарт байсан их хэмжээний гар бичмэл судар номыг шатаасан байв. Үүнд өртөгдөөгүй үлдсэн гар бичмэлүүдийн утга нь тодорхойгүй бөгөөд түүнийг гаргаж уншихаас ч айх болжээ. (Жамсраногийн зохиолоос ... Б.Р)

Аюур өвгөний ярьснаар бол Чингис хааны шүтээний урд дахь тэрхүү гар бичмэл байгаа авдрыг хэн ч онгойлгож болохгүй, хэрвээ онгойлгоход хүрвэл тэр хүний нүд нь сохрох учиртай. Тэр хэлсэн нь: "Лигдэн хаан нэг удаа авдрыг онгойлгохыг завдан тагийг нь хагас сөхтөл түүний нүд нь ухархайнаасаа гарчихсан гэнэ. Тэгээд эргэж хаагаад, тахил өргөж, хурал ном уншуулсны дараа сая нэг хараа орсон гэнэ. Чингис хааны шүтээнийг хожим нь гоминданы бүлгийнхэн авч яваад байсныг нэлээд хэдэн жилийн дараа эргэж Ордост буцаан авчирчээ... гэжээ.

... Хэдэн жилийн өмнө өвөрлөгчидтэй ярилцаж суухад: “Улаанхүү уг онгонд хадгалагдаж байгаа зүйлийг үзэхийг хүссэн тухай аман яриа байдаг. Дархадууд “Тахиж буй зүйлсийг хаан хүн л үзэх ёстой, Таныг хаан мөн гэж үзүүлье!” гэжээ. Улаанхүү гэрт орж онгоныг үзээд юу ч хэлэлгүй хурднаар явж одсон гэдэг. Гэвч онгонд юу байгаа нь одоо ч нууцлаг хэвээр гэж ярьж байсан.

сонин mn

Япончууд Хятадыг түрэмгийлж, Манж-Го улсыг байгуулсныхаа дараа өвөр Монголчуудад нөлөөлөхийн тулд Чингис хааны онгоныг ихэд сонирхох болсон байна. Тиймээс 1939 онд Чингис хааны онгон шүтээнийг саатуулан тахисан Эзэн Хороонд байгаа "онгон"-ыг дайны хөлөөс зайлуулахын тулд түр шилжүүлэх хүсэлтийг Их Зуугийн чуулганы дарга Чагдаржав нар мөн л Гоминданы Засгийн газарт тавьжээ. Уг хүсэлтийг хүлээн авч, Хятадын Ганьсу мужийн Шин луншан гэгч газар нүүлгэсэн байдаг. Гэвч зарим хүмүүс үүнийг гоминданы Засгийн газар япончуудын гарт онгоныг өгөхгүйн тулд хийсэн ажил болохоос, Монголчууд тийм хүсэлт тавиагүй гэж хэлдэг юм билээ.

Тэндээс 1946 онд Хөхнуурын Гүмбүм хийдэд шилжүүлжээ. Тэр ороо бусгаа цагт дархадууд эдний шүтээнийхээ дэргэдээс огт салаагүй хамт байсан нь туйлын бахархмаар.

БНХАУ байгуулагдсаны дараа 1954 онд Ордосын монголчуудын хүсэлт, шаардлaгаар онгоныг Өвөр Монголын Ордост буцааж авчирч, Эзэн хороонд дахин залсан байна. 1955 онд онгоныг агуулсан ордон барилга бүтээсний хамт, жил бүрийн их тахилгын өдрийг нь билгийн улирлын 3-р сарын 21 байснаас 5-р сарын 15 болгон өөрчилжээ. Харин одоо хааны онгонд очвол Хятадын коммунист Засгийн газар онгоныг бусдын гарт өгөхгүйн тулд нүүлгэн авч яваад буцаан авчирсан түүхийг дэлгэрэнгүй өгүүлсэн музейг үзэж болно. Энэ 15-ны тухайд энэ жил нэг л өөр байсан, тэр талаар дараа өгүүлье!

Лу.Алтан товчид “Их эзний өрөөсөн оймс, цамц, гэр”-ийг онголсон гэдэг бол зарим сурвалжид Чингис хааныг шархадахад цусыг тогтоосон цагаан тэмээний ноос, нум сум бий ч гэх нь бий. Б.Ринчин гуайн тэмдэглэлд “...Жамсраногийн бичсэнээр Чингис эзний их гэрийн хойморт том мөнгөн авдар байх бөгөөд түүний зүүн талд мөнгөн нум сум буй. Мөнгөн авдрын өмнөх жижигхэн ширээн дээр олон зул ба хэд хэдэн жижиг аяга байна. Шүтээний өмнөх зайд Чингис хааны гал голомт болох мөнгөн тулга байна” гэжээ.

Мөн Ганьсу муж руу шилжүүлэхэд цагаан сүлдийг мориор авч явж болохгүйн учирт явгаар авч явсан, гэвч халуун газарт цагаан сүлд тэсэхгүй тул Цахарууд хуурай худагт нуун авч үлдээд хожим гаргаж тахисан гэлцдэг. Харин хуурамч цагаан сүлдний цагаан хөхөл үс халуун газар тэсэлгүй зөвхөн төмөр хүрээ буцаж ирсэн, харин Ордосчууд жинхэнэ цагаан сүлдийг буцаан сэргээж залсан ч гэлцэх нь бий. Энэ аман яриа бол Цахарууд төрийн их цагаан сүлдийг Манж нарт өгөхгүйн тулд хуурай худагт нууж байгаад Ордосчуудад өгсөн гэдэг домогтой адил мэт... Энэ домог орчин үежиж мөнөөхөн Ринчин гуай Еншөөбүү овгийн хүн тул цагаан сүлдийг өмхөрсөн модны дотор нуун авчирсан гэлцдэг. Эд бүгд домог бөгөөд өдгөө Ордост тахиж буй нандин зүйлс цөм уг байдлаараа, бид алдал осолгүй сахисан билээ гэж дархадууд итгэлтэй хэлдэг.

Даян хааны гуравдугаар хөвгүүн Барсболд (Б.Ринчин гуай хүүдээ энэ нэрийг өгсөн байдаг) жонон Ордос, Түмэд, Еншөөбүүг захирч байсан юм. Б.Ринчин гуай энэ талаараа: ...Хөгшин дархад өвгөн Аюуртай ярилцах хооронд өөрийгөө хойт монголын эртний овог аймгийн нэгэн Еншөөбүүгээс гаралтайгаа мэдэж авлаа. Энэхүү хойт монголын Еншөөбүү хэмээх аймгийн айраг аягалах үед уншдаг магтаал нь Чингис хааны онгоны магтаалд байдаг ба эдүгээ Өвөр Монголчууд энэ магтаалыг уншдаг тухай сэтгэл хөдлөн ярьж байв. Түүнчлэн тэд миний эх боржигин овгийн хүн болох тухай болон намайг Чингис хааны онгон шүтээнийг шинжлэх ухааны үүднээс судлах зорилготой явааг минь мэдэж их л сайшааж байлаа. Ингээд тэд надад урьд Жамсраногийн дурсан ярьж байсан нэг боодол эртний гар бичмэлийг өгөв. Тэдгээр гар бичмэлийн хоёр нь их айраг үнэртсэн, усанд норсон болов уу гэмээр гэм толбо үүссэн судар байлаа. Түүнд "Монголын нууц товчоон"-д гардаг Хэрлэн голын нэрийг Хэлүрэн гэж бичсэн байлаа... гэжээ.

Археологич, Шинжлэх ухааны гавъяат ажилтан Хатгин Д.Эрдэнэбаатар “Би Ленинградад хадгалагдаж буй Ж.Цэвээн гуайн архивыг танилаараа дамжуулж үзсэн. Их цөөн өв байдаг болов уу гэтэл асар их баримтыг гурван шкафанд нямбай хадгалсан байв. Бүр Марксын “Капитал”-ын орчуулга монгол бичгээр байсан. Би Ж.Цэвээн гуайн Ордост хийсэн тэмдэглэлийн эхийг үзэхийг чухалчилсан юм. Өвөр Монголын кино найруулагч Чагдарсүрэнтэй хамт тайлгын тухай кино хийхээр явсан учраас тэр. Би архивт орохдоо Чагдарсүрэнд “Чи илүү хөдөлгөөн хийж, юм ярьж болохгүй шүү!” гэж анхааруулсаар байтал тэмдэглэлийг үзэж байхад “Хүүе энд Ордосын тухай% тахилгын талаар яг бичиж гээд чангаар уншиж эхэлсэн. Гэтэл музейн ажилтан бичгийг хурааж аваад гарахыг хүссэн...” гэлээ.

Хааны онгонд анх бараадсан минь

Тахилгын урд өдөр Ордосын вангийн дэмчийн угсаа, Отог хошууны Гарди хэмээх залуу тэнгэрээс илгээсэн мэт бидний буусан буудалд ирж, онгонд хөтлөн явлаа. Дэмч гэдэг ар монголд хийдийн албан тушаал болсон бол Ордост дархадуудын дунд бол 40 гэрийн ахлагчийн үүрэгтэй хошуу засгийн шадар алба болж хадгалагджээ.

Онгоны үүдээр ороход гадаадын иргэн 90 юань төлдөг журамтай болжээ. Уг нь Монгол хүн төлбөргүй орох ёстой гэж байсан нь 2006 он. Харин Гарди үүдний зохицуулагчидтай яриад биднийг шууд оруулав. Бид уг нь паспортаа бэлдээд “Монгол хүн” гэдгээ нотлох санаатай байсан юм, гэтэл паспорт үзвэл гадаад хүн хүн гээд мөнгө төлөх болно шүү гэж учирлав. Тэгээд би Гардид дараахь түүхийг ярьж өглөө.

... Тэртээ 2006 оны эцсээр би АН-ын нарийн бичгийн дарга байхдаа энд нэг удаа ирсэн юм. Намын дарга Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүдээс Ламбаа, Батбаатар тэргүүтэй 15 хүн Хятадын Ардын Улстөрөөр зөвлөлдөх зөвлөлийн дарга У Бан Гуогийн урилгаар БНХАУ-д айлчилсан юм. АН сөрөг хүчин байсан үе ээ...

Биднийг Б.Ринчин гуайн тэмдэглэлдээ дурдсан Их зуу аймгийн төв Дуншинд буулгаж, орой нь өргөн дайллага зохион байгуулж, Ордос бүсгүйчүүд “Алтан хундага”-аа дуулж, алд цагаан хадган дээр аягатай сархад барихад бид ч хамаатан садныдаан байгаа мэт эрээлхэж нэрэлхэлгүй тогтоож, мах огтолж шөнө дүл болтол ярилцаж сууцгаав.

Маргааш нь биднийг Дуншенаас машинаар Шинэ Ордост хүргэн ирж үзүүлэхэд Засгийн ордны урт саарал байшин ба түүний өмнөх Их хааны түүхийг өгүүлсэн өнөө алдартай нүсэр хөшөөд л байсан билээ. Дуншенаас ирэх засмал замын хоёр хажуугаар тарьсан модод дөнгөж ургаж байсан бөгөөд Ордосын Засгийн ордныхон эндээс Шинжаан хүртэл шинэ засмал зам тавьж, түүнийг хамгаалж мод тарьсан, ойжуулах ажил эхэлж байна гэж тайлбарласан нь өдгөө битүү ой болчихож. Ой болох болохдоо Ордосын цөл хааны онгоныг тойроод хангай газар мэт болжээ.

Элсэн говийн дундах шинэ хот өдгөө өргөжин хөгжөөд жинхэнэ монгол агуулгатай том хот болжээ. Энэ хотод хүн тогтохгүй “чөтгөртэй хот” гэдэг болж гэсэн суртал худлаа болж таарлаа. Өнөө хотын төвөө хайгаад олохуйяа бэрх болсон бөгөөд сая хоёр өдрийн дараа хотоос явахдаа хэрэг болгон очиж зураг авч билээ.

... Тэгэхэд АН-ынхныг Их хааны онгонд бараалхуулав. Дархадууд биднийг хөтлөн онгоны үүдээр оруулахдаа “Монгол хүн үнэгүй ордог юм” гэхэд нь “Монгол хүнийг яаж мэдэх вэ?” гэж асуухад Ордосын засгийн ордны ажилтан “Монголоор л ярьж байвал тэр Монгол хүн болно!” гэж билээ. Харин тэр журам өдгөө зөвхөн Хятадын харьяат Монголчуудад л үйлчилдэг болж.

Тэгэхэд дархадууд хааны гол цомцог ордны өмнө биднийг дагуулж очоод шинэ архи хундагалан бариулж хэн, хэн бараалхаж буйг өчиж, их цөгцөнд бидний өргөсөн архийг нийлүүлээд түүнээсээ аягалан хааны хишиг хэмээн барьсанд гурав хүртэж билээ. Урд шөнө найрлаж ахуйд өгсөн цагаан хадгийг бид хүрэмнийхээ дотор халаасанд хийсэн маань зол болж, хадгаа ч өргөв. Эхний ээлжинд Элбэгээ дарга, Ламбаа, Батбаатар гишүүн, бид дөрөв таарсан юм. Ламбаа гуай “Хаанаас хадаг авсан юм, илүү байна уу?” гэж шивнэж билээ. Даан ч байгаагүй, тэр ерөөлөөр би дахин золгосон мэт...

Тэндээс гармагц би Элбэгээ даргын тохойноос татаж “Хааны онгонд юу хадгалдгийг Улаанхүү дарга нэг үзсэн гэдэг юм билээ. Та ч Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн, үзье гэвэл үзүүлж юуны магад” гэлээ. Бид хоёр сүүлдэсгээд үлдмэгц мань хүн шуудхан л дархадуудад хандаж “Бид хоёр үзэж болох уу?” гэж сэм хэллээ. Гэвч “Болохгүй! Цомцог ордны үүдээр харсан тэр мөнгөн хайрцаг л бий” гэлээ. Хайрцгийг нээвэл.. гэсэнд “Тэр бүр эртнээс хориотой юм” гээд үзүүлсэнгүй билээ...

Энэ нь Б.Ринчин гуайн хэлсэн хоригтой яг таарч байна. Б.Ринчин гуай ч Өвөр Монголынтэргүүлэгч Улаанхүүгээс асуусан байдаг. Тэрбээр: “Чингисийн шүтээний илрүүлгэд оролцсон ӨМӨЗО-ны тэргүүлэгч Улаанхүү надад ярихдаа "Тэрхүү шүтээний бичиг баримтад Чингис хааны адуу тэмээний үр төл, хойч үе гэгдэх шарга морь, цагаан тэмээний тухай дурдсан байдаг. Мөн айраг хийдэг модон сав суулганууд хадгалагдаж байдаг гэв” хэмээн тэмдэглэн үлдээжээ.

Харин сая хааны онгонд очсонд нэн өргөжүүлж, гайхалтайгаар засан тохижуулжээ. Онгоны үүднээс хоёр тийш тус тус километр шахам газрыг бүрнээ тохижуулж, нүсэр хот мандал цогцлоожээ.

Онгоны гоёмсог асарт өндөр хаалгаар ормогц гайхалтай сүрлэг Их эзний морьтой хөшөө угтав. Манай барималч Болд урласан гэнэ. Эрдэнэсүмбэр гуай тахилгыг хариуцдаг байхдаа онгоныг дэглэхдээ уг хөшөөг бариулсан бололтой. Үүнийхээ төлөө зүгээр ч өнгөрөөгүй л болов уу, яагаад Монгол Улсын барималчийн хөшөө энд барих болов гэдгээс өгсүүлээд... Өмнө нь хааны үүнээс багавтар хөшөө байжээ, түүнийг шинэчилж өөр хөшөөг өндөр суурин дээр барьжээ.

Хөшөөний ур хийц ярих юмгүй сайхан, ер нь очоод үзвэл сүр дарагдаж, нүд баясна. Хааны хөлөг яг манай жанжны хөшөө мэт хөлөө өргөсөн байдалтай, молцогтой, эртний бэдгэдлийг ёсоор шингээсэн. Загарвадын хааны бэлгэдэл долоон давхар суурин дээр залаагүй нь нэгд буддын бэлгэдлээс хол хийхийг зорьсон мэт, нарийн ажвал өөр ч учиртай мэт. Хааны хөлгийн хөл дорх газар гурван хэсэг цуурсан мэт агаад тэр нь өмнөд ба төв, умард Монголыг бэлгэддэг гэх. Тэр цуурхайгаар явсан хүн дээш харвал их хааны алтан ташуур байгааг харж болно. “...Эвдрэхүй төр дор хураалтай...” гэж гадна талд нь бичжээ.

Хөшөөг үзээд өлмийн доогуур гарч найман гэрийг зүглэсэн засмал талбайгаар дээш өгсөв. Зуу орчим метр тэгш талбайгаар алхаад 9 шат өгсөнө. Тэр мэтээр 81 гишгүүр алхаж Их эзний онгоны өлмийд хүрмүй...

Хааны онгонд бараалхах ёсыг бичихийн урд Ордосын вангийн өргөөнд очсоноо бичилтэй. Учир нь тэмдэглэлийн эхэнд таван замын байлдааны үед Ордост самуун гарч, вангийн яамыг түйвээсэн ба хааны бие, туг, сүлдийг булаахыг оролдсон тухай дэлгэрэнгүй бичсэн билээ. Сэдэв хамааруулж, хоёр хоногийн дараах нэгэн үйл явдлыг энд залган өгүүлсү!

А.Баатархуяг


Сэтгэгдэл

Зочин [192.82.80.162] 2023-06-14 12:30:10

Хужаагийн шээс, оросын баас,...

Төмөр [103.11.192.34] 2023-06-07 12:29:14

АН-ынхан Элбэгдоржийн тушаалаар хятадын суртал ухуулга хийхээ болиорой. Урвагчдад ганц л зам байгаа шүү.

Зочин [66.181.160.61] 2023-06-12 22:17:54

Улан оросуудад дарлуулж, дөрлүүлж явснаа ойлгодоггүй харанхуйнууд. Хятад яачихсан юм? Манжийн "дарлал"-ын үед хэдэн хүн алагдлаа? Оросын "жаргалын үед яалаа? Толгойнхоо эргүүг гаргаа... Орос биднийг аварсан уу? Тэгвэл тэднээс хол явсан улсууд биднээс харин ч илүү хөгжсөн, илүү хөрөнгөжсөн, бага зовсон

Хаха [202.9.47.63] 2023-06-07 11:17:23

Хужаагиин шээснүүд томтом хуцах юм


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.