ООХНОЙН БАТСАЙХАН: БААТАРЛАГ ТҮҮХТЭЙ МОНГОЛ ҮНДЭСТНИЙ НЭГ ЭД ЭС БОЛОХОО ЯМАГТ САНАЖ, САЙХАН НААДААРАЙ

Aдмин / Нүүр

Монгол Улсын төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхантай ярилцлаа.


-Хоёулаа энэ удаад түүх гэхээсээ илүү монголчуудын бахархал, өв соёл, омогшлын талаар ярилцъя. Яагаад гэвэл удахгүй “Монгол Улсын төрийн далбааны өдөр” тохионо. Монголчуудын бахархах зүйл гэж юу байх ёстой вэ?

- Үндэсний баяр тохиох гэж байна. Энэ өдрүүдэд монгол хүн бүр Монголын сайхан онгон дагшин байгальдаа өсөн бойжиж, дэлхийн талыг эзэлж явсан эзэн Чингис хааныхаа түүчээлсэн баатарлаг түүхийн улбаа, Ардчилсан Монголыг бүтээгч болохын хувьд бахархах учиртай. Бид монгол үндэстэн өөрийн олон мянган жилийн турш өвлөж ирсэн уламжлал, түүх, хэл, соёлтой, үүгээрээ бусад үндэстнээс ялгардаг онцлогтой. Эл бүх өвөрмөц онцлог болсон үндэсний амин шалгуураа өнгөлж, үр ач нартаа өвлүүлж, таниулах, бид нэг монгол үндэстэн гэдгээрээ бахархах өдөр юм.

-Бахархахын тулд мэдээж эв нэгдэлтэй, үзэл санаатай байх ёстой байх. Үндсэрхэг үзэл гэж юуг хэлээд байна. Бид яг юун дээр нэгдэж үндсэрхэг байх ёстой вэ?

- Үндсэрхэг үзэл бол бусдыг гадуурхах үзэл юм. Үндэсний үзэл гэвэл Монголоо хэмээсэн үзэл болно. Тиймээс монголчууд Монголоо хэмээсэн үндэсний үзэлтэй байх учиртай. Юун дээр нэгдэх вэ гэвэл таны хийж байгаа алхам бүр Монголоо муухай харагдуулахгүй байх хэрэгтэй байна. Үг хэлсэн ч, үйлдэл хийсэн ч зөв байх, бусдадаа үлгэр дуурайл болохоор, үр ач нартаа бахархан дуурайх тийм үе төрөх аваас монгол хүн монгол хүндээ чоно биш нөхөр болж чадна. Улмаар монгол хүн өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, монгол эх орондоо эзэн байх болно шүү дээ. Чухам үүний тулд ой санамж болсон үндэсний түүх байдаг. Тиймээс Монголынхоо түүх, соёлыг хүүхэд бүрд багаас нь таниулж мэдүүлэх явдал тэргүүн зэргийн үүрэг болно. Сургуулийн сурах бичгээр дамжуулан түүх, соёлыг нь таниулахаас гадна оршин буй гэр орон, өргөө, хот, суурин эргэн тойрон монгол түүх, соёлоор үнэртэж байвал сайнсан. Учир нь бидний үндэсний дархлаа сул байгаа учраас эл бүхнийг давтан хэлж буй хэрэг. Хэрэв та монгол бол, монголын түүх соёлыг сонирхдог, судалдаг хүндэлдэг бол эл өдрүүдэд наадмын талбай очиж, монгол бөхийн цол дуудахыг сонсож, эд хаваа гайхуулсан хүчит монгол бөхчүүдийн уран барилдааныг заавал сонирхоорой. Бас Морин уралдааны талбай очиж, янцгаах хурдан хүлгүүдийн дуу, гийнгоолох хүүхдийн хоолойг сонсож нэг үзээрэй. Эрчит нум сум харваачдыг нэг үзэхэд гэмгүй. Мэдээж монголын хээр талд хөл нүцгэн гүйж, сүү тараг ууж, морины нуруун дээр өсч өндийсэн хэн бүхэнд эл бүхэн гайхалтай сонирхолтой сэтгэлийн таашал өгөх болно. Харин хот хүрээнд өссөн хүүхэд багачууд маань монгол эл соёлоосоо хөндий байсан болохоор тэр бүр мэдэхгүй байх тал бий. Тиймээс заавал хүүхдүүдээ дагуулж, бөхийн барилдаан, морины уралдаан, нум сум харваачдын наадамыг сонирхуулаарай. Малчин удамтай монголчууд эрт цагаас эрийн гурван наадам хийж ирсэн уламжлалын талаар ярьж өгөөрэй. Эртний сурвалж бичигт “Монголчууд харвах, намнах хавтай бөлгөө”. “Монголчууд морин уралдах хавтай бөлгөө”. “Монголчууд бөх барилдах хавтай бөлгөө”. “Монголчууд эмнэг сургах хавтай бөлгөө” хэмээн бахархан тэмдэглэж ирсэн байдаг. Эзэн Чингис хааны үед хавтай мэргэн харваачид байсан тухай, Чингис хааны чулууны бичигт 335 алд буюу 536 метр харвасан баатар эрийн тухай өгүүлсэн байдаг. Энэхүү 1225 оны үеийн түүхэн үйл явдлыг өгүүлсэн Чингисийн чулууны бичиг эдүгээ ОХУ-ын Эрмитажид бий. Түүний хуулбарыг Чингис хаан музейгээс үзэж болно.

-Бид түүх, өв соёл, үндэсний урлаг гээд асар их бахархах зүйлтэй. Яг юугаар нь омогших ёстой юм бол?

Хэрэв өөрийн үндэсний түүх, өв соёл, урлагаа бахархах зүйл гэж мэдэж байгаа бол түүнийгээ л дээдлэх учиртай шүү дээ. Түүх, соёлоо таньж мэдэхгүйн улмаас гадны соёлд автах явдал өмнө их байсан одоо ч үргэлжилсээр байна. Харин одоо үүнийгээ шүүмжилж ярьцгаадаг болсон нь зөв гарц олохын эхлэл гэж бодно. Нэрт эрдэмтэн сайд А.Амар “Чингис хаан Ази Европ хоёр тивийн ард түмний харилцааг бий болгосон” хэмээн бахархан бичиж, Америкийн эрдэмтэд 13-14 зуунд дэлхий монгол хэлээр ярьж, өрнө дорнын хооронд өнөөгийн технологийн сүлжээ шиг холбоо тогтоож чадсан хэмээн бичсэнийг үзвэл бидний бахархах баатарлаг түүх мөн. Тиймээс дэлхийн олон оронд Эзэн Чингис хааны үеийн Монголын түүхийг судалсаар, дэлхийн түүхэнд Чингис хаан нэрээ тамгалсан нь бидний бахархал билээ. Харин тэрхүү баатарлаг түүх, хаадынхаа тухай үнэн магад кино, уран зохиол дутагдсаар байна. Тийм болохоор мянган мянган жил туулж ирсэн нүүдэлчин монголчуудын соёл, ёс, зан заншил, хүн хүнээ эрхэмлэх ёсон, байгаль эхээ дээдлэх ухаан, шударга, хүнлэг ёсны мөн чанарыг яахин уламжлуулж чадах билээ. Түүхийн нугачаан дунд эрх чөлөө, тусгаар тогтнолоо 1911 онд сэргээн мандуулж, улсын цолоо Монгол хэмээн нэрийдэж, Чингис хааныхаа байгуулсан Монгол Улсынхаа гал голомтыг дахин бадрааж, бурханы шашны тэргүүн Богд Жавзундамба хутагтаа улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ. Тэрхүү төрийн ёслолд оролцсон алтан ургийн ноёд, лам нар, ар, өвөр монгол, буриад, халимаг монголчууд магнай тэнийтэл баярлан, баярын нулимс унагаж байсан нь орчин үеийн Монголын эхлэл болсон билээ. Тэр үед Монголд байсан Норвегийн аялагч Оскар Мамен “Монголчууд бахархлыг нь төрүүлж, ирээдүйн мөрөөдлийн утга учир нь болсон гайхамшигтай өнгөрсөн үетэй ард түмэн юм”, “монголчууд түүхээ чамгүй сайн мэддэг ард түмэн бөгөөд түшмэд болон бас бус хүмүүс эх түүхээ эртний гар бичмэлээс уншихын зэрэгцээ түүхэн үлгэр домгоо эцгээс хүүд уламжлан дамжуулдаг билээ”. “Өнөөг хүртэл монголчууд 12-13 дугаар зууны үеийн аугаа их хүнийхээ тугийн дор амьдарч ирсэн хэв маягаа тууштайгаар хадгалж, энэхүү гайхамшигт эзэнт гүрнийг цогцлоогчийнхоо олон хууль цаазыг хүндэтгэсээр иржээ” хэмээн ХХ зууны эхэн үед амьдарч байсан монголчуудын талаар чухам үнэнийг товч бөгөөд тодорхой тэмдэглэсэн байна.

Тэрбээр ХХ зууны эхэн үеийн монголчуудын тухай “энэ нутгийн ард түмэн бол нэгэн цагт агуу их цэргийн сүр хүчин дор дэлхийн талыг эзэлж явсан хүмүүсийн үр удам билээ” хэмээн тэмдэглэж, “Халх бол эртний Монголын эзэнт гүрний төв бөгөөд монголчууд энд байсан эртний нийслэл Хархориноос өргөн уудам эзэнт гүрнийг удирдаж байв”, “Энд монголчуудын нэрлэж заншсанаар Бурханы хот буюу одоогийн нийслэл Өргөө хот байрлах бөгөөд саяхан нэрийг нь Улаанбаатар болгон өөрчилсөн юм. Энэ л хотоос Монголын сүүлчийн эзэн хаан Зөвлөлт засаг эрх мэдлийг нь хураах хүртэл улс орноо удирдаж байв” хэмээн Богд хааны тухай бичсэн буй.

-Монгол хүн эртнээс нэг нэгнээ дээдэлж ирсэн тухай баримт сэлт их байдаг. Одоо хаана ч явсан нэгнээ муулдаг, гутаан доромжилдог боллоо. Бид хаана нэгнээ хүндлэх сэтгэлээ гээчихэв?

-Шулуухан хэлбэл социализмын он жилүүдэд монгол үндэстнийг мөхөөсөн байна. Ой санамж болсон түүхээс нь холдуулж, үндэсний бичиг үсгийг нь сольж, алтан ургийн ноёд, номт мэргэн лам нарыг нь үйл олноор нь хүйс тэмтэрч, үндэсний соёл, урлаг, бүхнийг нь үгүй хийсэнээс ийм болжээ. Ардчиллын он жилүүдэд монгол уламжлал, соёл тэргүүтнээ нэн тэргүүнд тавих учиртай байтал бид тэгэж чадсангүй. Өсвөр үе, хүүхэд багачууддаа монгол үндэсний уламжлал, бидний амин шалгуур болсон өвөрмөц онцлог эх түүх, хэл, соёлоо өвлүүлэх нь онц чухал байна. Даяаршиж буй дэлхийд бусад үндэстнүүд лүгээ зэрэгцэн оршихын гол утга үүнд оршино. Эс тэгвээс үндэстэн уусаж хайлах болно. Иймээс үндэсний баяр наадамдаа бүгд очиж, өөрийгөө монгол гэдгийг мэдэрцгээвэл сайнсан.

-Эргээд нэгнээ хүндлэх, хайрлах, эв зүйтэй байх ёс зүйг яаж олж авах вэ?

-Эхлээд хүний ертөнцөд нийцэх хүн болох хэрэгтэй байна. Улмаар үр хүүхдээ ёс зүйтэй монгол хүн болгох давхар үүрэг бид бүхэнд байгаа. Энэ бол мөхлийн ирмэгт буй үндэстнээ аврах боломж хэмээн харж, ухамсартайгаар эл асуудалд хандах шаардлагатай гэж бодно. Нэг үндэстний хувьд эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс нэгтэй болбол түүнийг тойрч хүрээлж, бие биеэ хүндлэх, дэмжих болно гэж бодож байна.

-Та түүхийн ухааны хүн улсын наадам дөхөж байгаа энэ үед түүхэнд дурсагдах баяр наадам хэзээ болж байв?

-1990 оны цагаан морин жилийн наадам. Төв цэнгэлдэх хүрээлэнд суусан олон бүгд босч, цагаан эсгий дэвссэн дардан замаар Монгол дээл агссан Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат гуай алхан орж ирэх тэр агшинд өчүүхэн миний сэтгэл огшиж, нүдэнд минь баяр бахархлын нулимс хурж билээ. Тэр жилийн наадам олон монголчуудын сэтгэлийг огшоосон гэж бодож байна.

-Үндэсний баяр наадамын үүслийн тухайд ярьж өгөөч?

Баяр наадмын тухай нилээд тодорхой бичсэн хэд хэдэн сурвалж бий. 1862 оны Долоон хошуу наадмын тухай Хүрээнд сууж байсан Оросын консулын газрын орчуулагч, жилийн дараа ерөнхий консулаар томилогдсон Я.Шишмарев “Монголын Үндэсний баяр” хэмээх өгүүлэл бичиж, “Северная пчела” сэтгүүлд нийтлүүлсэн байдаг. 1862 оны долдугаар сарын сүүлчээр эхэлсэн Богдод бат оршил өргөх Долоон хошуу наадам найман өдөр үргэлжилж, 1032 бөх барилдаж, Их нас, хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан Бөхөг Түргэний голын хөндийд болсон тухай дэлгэрэнгүй бичсэн бий.

Монголын нэрт түүхч, олноо Магсар хурц хэмээн алдаршсан Н.Магсаржавын 1934 онд бичсэн “Долоон хошуу наадам” хэмээх зохиол бол үндэсний баяр наадмын тухай чухал сурвалж болно. Магсар хурц бээр бичихдээ, Богд Жавзундамба хутагтад бат оршил өргөж, “аймаг шавь таван газрын их бат оршил өргөсөн баярын ёсоор бөх барилдуулах, бай нэхий харвуулах, хурдан морь уралдуулах гурван зүйл наадам” үйлдсэн тухай өгүүлээд 1088 бөх барилддаг, бас Хүй голын баруун этгээд Магнаг толгойн энгэрт наадмын байгууллагыг байгуулж, Богдыг тугдамд нь дундын, үүдний хэмээх шар, хөх, торгон бүрээс бүхий монгол өргөө гэр гурвыг төв дунд угсран байгуулж, шар бөсийн хүрээ татна хэмээн бичсэн байна. Анхандаа Морины наадамд их морь, соёолон, хязаалан гурван насны морь уралддаг байжээ. Хожим VIII Богд наадамд дуртай болж, азарга, шүдлэн, жороо морь, даага нэмж уралддаг болсон тухай бичсэн байна.

ХХ зууны эхэн үеийн монгол наадмын тухай Норвегийн аялагч Оскар Мамен бээр “Дэлхийн хаана ч монгол бөхийн барилдааны үзүүлбэр үзэгчдийг суудал дээр нь өндөлзүүлнэ гэдэгт би итгэлтэй байдаг” хэмээн бичээд Морины уралдаан, бөхийн барилдаан, нум сум харвах гээд монгол наадмын гайхамшигийг магтан дуулсан байдаг. Тухайлбал, “Монгол спортын бүхий л наадам нарийн дэг журамтай зохион байгуулалт төгс болдог. Бүх зүйл цагийн зүү шиг жигдхэн өрнөнө. Олон зууны турш уламжилж, улс үндэстний зүрх сэтгэлд шингэсэн, нэн эртний бөгөөд төгс төгөлдөр хууль байгаа нь дамжиггүй юм” гээд “Шүүгчид өвөр зуураа хэрэлдэн маргах нь огтхон ч үгүй бөгөөд олон тооны өрсөлдөгчдийн зүгээс нэгээхэн боловч эсэргүүцэл үл гарна. Энэ талаар барууны орнууд монголчуудаас суралцах зүйл арвин буй” хэмээн бичсэн нь өнөөгийн бидэнд нэгийг бодогдуулна.

-Эцэст нь асуухад монгол хүн монгол хүн гэдэг итгэл үнэмшилээ яаж бадраах вэ. Түүнийг хэрхэн суулгах вэ?

-Монголчууд маань өөрсдийн түүх, соёл, өв уламжлалаа таньж мэдэхийн тулд гуйж дайваагүй Монголын түүхийн сурвалж, ном зохиолыг унших хэрэгтэй байх. Уншихгүй хүний толгой өөр хүнээр удирдуулах нь гарцаагүй. Тиймээс өөрийн, монголоо хэмээсэн итгэл үнэмшилтэй болохын тулд аливаад өөрийн үзэл бодол, ойлголтоор хандаж, бие даан шийдвэр гаргадаг болох явдал чухал хэмээн бодно. Дээр өгүүлсэн Оскар Мамен “Халх нүүдэлчид аядуу зөөлөн боловч үргэлж дуу хөөр болсон, шашин шүтлэгтээ үнэнч, түүхээ мартдаггүй, ямагт гэрэлт ирээдүйд тэмүүлсэн ард түмэн байсан юм. Ийм үндэстний сүлд хийморь хэзээ ч доройтох ёсгүй билээ”хэмээн монголчуудаа үнэлж, захисан сэтгэлийн халуун дулаан үгсээ тэмдэглэж үлдээсэн нь өнөөгийн монголчуудад хандсан захиас хэмээн бодно. Өвөг дээдэс, өрлөг түүхэндээ үнэнч байж, баатарлаг түүхтэй монгол үндэстний нэг эд эс болохоо ямагт санаж, сайхан наадаарай.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [77.249.65.151] 2023-07-10 23:03:38

Сайхан зөв ярьжээ.

Зочин [192.82.88.201] 2023-07-10 22:13:03

ЭЛБЭГДОРЖИЙН БААСАН ДОТОР ТӨЛСӨН ӨТ БАТСАЙХАН ГЭГЧ НОГООН БАТГАНА БОЛЧИХООД ЭНД ТЭНД ӨТ ЦАЦААД Л....

Зочин [64.119.16.16] 2023-07-11 10:24:58

Ataarhaj uhlee yu

Зочин [66.181.161.174] 2023-07-10 18:34:25

Сайхан ярилцлага байнө


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.