Б.ОДБАЯР: ПАПЫН АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР УЛААНБААТАР ХОТЫН ЗОЧИД БУУДЛУУД ДҮҮРЭХЭЭР ЗАХИАЛГАТАЙ БАЙНА

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис манай улсад энэ сарын 31-ний өдрөөс ирэх сарын 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Дэлхий дахинд 1.3 тэрбум хүн шүтдэг католик шашны тэргүүн азийн орнуудаас анх удаа Монгол Улсад айлчилж буй нь олон улсын анхаарлыг татаад буй. Энэхүү айлчлал Монгол Улсад төрийн болон шашны аялал жуулчлал, эдийн засаг гээд олон салбарт өндөр ач холбогдолтой байхыг олон улс судлаачид онцлон ярьж байгаа. Энэ удаа айлчлалын хөтөлбөр болон шашны аялал жуулчлалд ямар үр нөлөөтэй байгаа талаар тоймлон хүргэе.

Пап Францис есдүгээр сарын 1-нд Улаанбаатар дахь Чингис хаан олон улсын нисэх буудалд газардана. 2-ны 09:00 цагт Сүхбаатарын талбайд албан ёсны угтах ёслол болж Ерөнхийлөгчтэй уулзалт хийнэ. Үргэлжлүүлэн төр засаг, иргэний нийгэм дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзсаны дараа УИХ-ын дарга, Ерөнхий сайд бараалхах аж.

Тэр өдрийн 16:00 цагаас католик хамба нар, санваартнууд, шашин дэлгэрүүлэгчид, сахилт хүмүүс болон шашны хариуцлагатай ажилчидтай хийх уулзалтаар өндөрлөнө.

Есдүгээр сарын 3-ны үдээс өмнө шашин хоорондын уулзалт товлогджээ. Ингээд өдрийн 16:00 цагаас талархал магтаалын мөргөл болно. Пап Францисын айлчлалын онцлох үйл явдал нь талархал магтаалын мөргөл юм. Тиймээс зөвхөн Монголын төдийгүй зэргэлдээх улс орны католик шашинтнууд энэхүү мөргөлд оролцохоор Монгол Улсыг зорин ирсээр байгаа аж. Пап Францисын дэлхийн бусад улс орнуудад хийсэн айлчлалын үеэр олон зуун мянган санваартнууд, шашин дэлгэрүүлэгчид цуглардаг гэсэн тооцоолол байдаг. Энэ удаагийн Монгол дахь айлчлалаар Папыг дагалдаж албан ёсоор 1300 гаруй хүн, олон улсын сэтгүүлчид, сүсэгтнүүд ирэх төлөвтэй байна.

Талархал магтаалын мөргөл “Степпа Арена” өргөөнд болно. Тус өргөө нь олон улсын хурал цуглаан, тэмцээн уралдаан зохион байгуулах стандарттай манай улсын хамгийн том цогцолбор юм. Суугаа болон босоо байдлаар 11-12 мянган хүний багтаамжтай юм.

Монгол дахь католик шашны төвөөс мэдээлж буйгаар Талархал магтаалын мөргөлд тусгай тасалбартай хэн ч оролцох боломжтой гэнэ. Тасалбарыг үнэгүй авна. Монголд амьдарч байгаа дотоод гадаадын аль ч католик сүсэгтэн бүртгүүлж нэвтрэх мандат авна. Бүртгэл өчигдөр хаагдсан бөгөөд хоцорсон тохиолдолд ирэх сарын 3-нд “Степпе Арена” дээр бүртгүүлэх боломжтой. Мөргөл эхлэхээс гурван цагийн өмнө ирсэн байхыг зохион байгуулагчид сануулав. Харин Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедралд зохион байгуулагдах католик хамба лам, санваартнууд, шашин дэлгэрүүлэгчид, сахилт хүмүүс, пасторал ажилчидтай хийх уулзалт нь зөвхөн Монгол дахь Католик шашны сүсэгтнүүдээр хязгаарлагдах аж.

Хөтөлбөрийн дагуу Пап Францис 4-ний өдөр 09:30 цагаас сайн үйлстнүүдтэй уулзалт хийж, “Энэрэл нигүүлслийн өргөөний нээлтэнд оролцоно. Ингээд 11:30 цагаас Монгол Улсаас мордох ажээ.

Б.ОДБАЯР: ПапынАйЛЧЛАЛ мАНАй УЛсАд ШАШНы АяЛАЛ жУУЛЧЛАЛыг ХӨгжүүЛЭХ БОЛОмжийг ОЛгОж БАйНА

Папын айлчлалтай холбоотойгоор шашны аялал жуулчлал ямар байгаа талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Одбаяртай ярилцлаа.

-Шашны аялал жуулчлалын талаар тодруулахаас өмнө ер нь энэ жилийн аялал жуулчлалын төлөв ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2023 онд манай улс нэг сая жуулчин хүлээн авах зорилго тавьсан. Яг одоогийн байдлаар 399 мянган жуулчин манай орныг зорин ирсэн судалгаа гараад байна. Эндээс тэргүүлэх буюу голчлон ирж буй улсууд бол ОХУ, БНСУ, БНХАУ, Казахстан, Япон, АНУ, ХБНГУ-ын жуулчид байна. 2022 оны долоон сарын байдлаар 121,741 жуулчин ирж байсан бол энэ оны долдугаар сард 341,945 жуулчин ирсэн. Энэ бол тодорхой зорилтот үйл ажиллагаатай шууд холбоотой гэж ойлгож болно.

-Жуулчдын маршрут чухам ямар байх юм?

-Нийт ирж буй жуулчид манай орны байгаль, хөдөө аж ахуй, нүүдэлчин соёлтой танилцах зорилготой байдаг. Жуулчлалын зах зээл улс улсаасаа хамаараад өөр байх хандлага ихээхэн ажиглагддаг. Япон болон Солонгос улсаас зорин ирсэн жуулчид ихэнхдээ говь руу аялах сонирхол өндөртэй бол бусад орны жуулчид хангай говь хосолсон байдлаар аяллын маршрутаа төлөвлөж байна. Манай улсын энэ жилийн маркетинг хийж буй салбар бол ялангуяа Япон, Солонгосын жуулчдыг татах. Энэ чиглэлийн хүрээнд Солонгосоос 84 мянган жуулчид хүрэлцэн ирсэн гэх тоо баримт байна. Одоогийн байдлаар аялал жуулчлалын улирал үргэлжилж байна. Цаашид ч энэ тоо өсөн нэмэгдэх төлөвтэй байгаа.

-Энэ сарын сүүлчээр болох Ромын Папын айлчлал эхэлнэ. Энэ айлчлалын хүрээнд гадны жуулчид сүсэгтнүүд Монголд олноор ирж байгаа мэдээлэл бий. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ромын пап Францис наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний хооронд тав хоног Монгол Улсад айлчлах товыг Ватиканаас зарласан. Уг айлчлалын хүрээнд Ерөнхийлөгчийн ёслолын алба болон Гадаад харилцааны яамнаас зохион байгуулж байгаа. Манай талаас шашны аялал жуулчлалын хүрээнд ирж байгаа гаднын жуулчдын баттай тоо баримт яг өнөөдрийн байдлаар нарийвчлан гараагүй байна. Харин бид гаднын жуулчид зочдыг хүлээн авах зочид буудлуудаас мэдээлэл аваад үзэхэд ирэх есдүгээр сарын эхний өдрүүдэд захиалга дүүрсэн гэсэн мэдээллийг өгч байгаа.

Уг нь өмнөх жилүүдтэй харьцуулахад манай орны оргил ачааллын үе наймдугаар сарын сүүлчээр дуусдаг. Гэтэл энэ жилийн хувьд эсрэгээрээ жуулчид ихтэй, ялангуяа есдүгээр сарын эхний өдрүүд илүү ачаалалтай байх нь ажиглагдаж байна. Энэ нь яалт ч үгүй Ромын пап Францисын айлчлалтай холбоотой.

-Шашны аялал жуулчлал манайд ер нь ямархуу хөгжиж байна вэ?

-Монголд Христийн католик шашны сүм хэд хэд бий. Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн католик шашинтай гэх тоо байдаг. Харин “Reu­ters” агентлагийн цахим хуудаст Монгол Улсад 1500 орчим католик шашинтан байдаг гэсэн мэдээллийг саяхан харсан.

Шашны аялал жуулчлал дэлхийн хаана ч байлаа гэсэн улирал хамаардаггүй өвөрмөц онцлогтой аяллын төрөл. Энэ удаагийн Ромын Пап ламын айлчлал бидэнд шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон боломжийг олгож байна.

-Танай яамны зүгээс Ромын Папын айлчлахтай холбоотой ямар хөтөлбөрийг хариуцаж байна вэ?

-“Steppe Arena”-д есдүгээр сарын 3-нд Ромын Пап Талархал магтаалын мөргөлтэй. Үүн дээр манай яам хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

Б.Энхзаяа

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

дамбиижаа [103.57.92.135] 2023-09-01 12:01:33

монголйн төр улсын өндөр хэргэмтэнүүд шунал тачаалгүй, авилгалгүй эсрэг нам нэртэй багтай дүр эсгэсэн нам нэрээр эвсэн нийлж улсын санг цөлмөдөг, амьд явах тоотой заяасан насандаа алтан загасны эмгэн шулмасын санаа далд тээдэг түүний хээ төлөө бие биендээ тал засаж эвсдэг, харин ард олондоо илт хуурмаг царай гаргаж борчуулдаа та нарын төлөө гэсэн үгээр ард түмнээ хуурах сэтгэлээс ангижирч эх орондоо эзэн болсон монгол хүмүүжлээр ирээдүйгээ хүмүүжүүлж амьдрахын төлөө гадаад руу гарч ондоошдоггүй монгол хүн ардтай монголын төлөө гэсэн сэтгэлийг Папын айлдвар мангаануудад төрүүлэх болтугай. Папын айлчлалыг албан хэргэмтнүүд өөр өөрсдийн төлөө ашиг хонжоо өрсөлдөн олохын төлөө далд муу санаа битгий тээгээрэй. аюул зэтгэр хол амгалан тайван энх тунх амьдрал цэцэглэтүгэй!!! "

Zochin [66.181.161.208] 2023-08-23 11:15:16

GOE GOE


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.