Ц.Пүрэвтүвшин: “Халзан Бүрэгтэй” ордоос 7-8 төрлийн элемент илэрсэн. Үүнээс дөрөв нь эдийн засгийн хувьд үр ашигтай

Aдмин / Нүүр

“Халзан Бүрэгтэй” төслийн удирдагч Ц.Пүрэвтүвшинтэй ярилцаа.

-Халзан Бүрэгтэй төслийн ТЭЗҮ гарсан гэсэн. Ямар ТЭЗҮ гарав?

-Энэ төслийн анхны ТЭЗҮ 2015 онд батлагдсан. Монголын стандартаар, үндэсний аж ахуйн нэгжүүд гүйцэтгээд, Халзан Бүрэгтэй төслийн ил уурхайг 33 жил ашиглана гэж батлагдсан. Гэхдээ тэр ТЭЗҮ дээр нэмж засч сайжруулах зайлшгүй шаардлагатай зүйлүүд байгаа. Яагаад гэвэл газрын ховор элемент өөрөө алт, нүүрс, зэс шиг хялбар боловсрогддоггүй. Технологийн нарийн дараалалтай. Эрсдэл өндөртэй. Хөрөнгө оруулалт их шаардлагатай. Тиймээс тэр үед хийгдэж байсан ТЭЗҮ-ийг олон улсын стандартаар шинэчлэх шаардлагатай болсон. Энэ ажил 2020 оноос эхэлсэн. Тухайн онд Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өндөр технологийн ашигт малтмалыг олборлох, тэр дундаа газрын ховор элемент олборлох, эдийн засгийн эргэлтэд оруулах урт хугацааны бодлого төлөвлөсөн. Тэр хүрээндээ барууны улс орнууд, Япон, Солонгос, Герман, АНУ-уудтай хамтран газрын ховор элемент олборлоно хэмээн тусгайлан яриа хэлэлцээрүүд үргэлжлээд явж байна. Энэ хүрээнд 2021 онд төслийн урьдчилсан эдийн засгийн үнэлгээг хийлгэсэн. Түүнийг өмнөх мэдээлэл дээр үндэслэсэн. Түүгээр эдийн засгийн үнэлгээг зайлшгүй цааш нь шалгах шаардлагатай буюу эдийн засгийн хувьд ашигтай байж болзошгүй гэдэг дүгнэлт гарсан. Үүний дараагийн шат дамжлага урьдчилсан ТЭЗҮ. Тэгээд эцсийн ТЭЗҮ гарна. Одоогийн байдлаар урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ажил хийгдэж байна. Үүнийг олон улсад нэр хүнд бүхий Австралийн “Wood Plc” компани хийж байгаа. Энэ компани олон улсын маш олон төслийн ТЭЗҮ-ийг боловсруулсан, метталургийн туршилт хийсэн, үйлдвэр барихад оролцсон Австралийн том компани. Одоогийн байдлаар ТЭЗҮ дээр “Wood Plc” компаниас гадна туслан гүйцэтгэгчээр дөрвөн компани ажиллаж байгаа. Нэг нь геологийн нөөц дээр, хоёр дахь нь хаягдлын аж ахуй буюу уурхайгаас гарах хаягдлыг хэрхэн зөөх, хадгалах, хэрхэн зөв боловсруулах, байгал орчинд хэрхэн ээлтэй байх вэ гэдэг дээр ажиллаж байна. Гурав дахь нь зах зээлийн судалгааг хийж байгаа. Цаашдаа газрын ховор элементийн үнэ ямар байх вэ, яаж борлуулагдах вэ гэх мэтийг судлан ажиллаж байна. Дөрөв дэх нь ерөнхий менежментийн зөвлөгөө өгөөд тогтмол ажиллаад явж байна. Жил гаруйн хугацаанд бидэнтэй хамтраад ажилласан. ТЭЗҮ дээр суурь судалгаа, хайгуулын судалгаа мөн хийгдэж байна. Нөөцийг баталгаажуулан тогтоосны дараа ТЭЗҮ-ийг хийдэг. 2013 оны нөөцийн тайланд үндэслэн 2015 онд Эрдэс баялгийн зөвлөлд танилцуулсан анхны суурь судалгаа байгаа. Тэрхүү судалгаа чанарын шаардлага хангахгүй учраас бид урьдчилсан ТЭЗҮ-д зайлшгүй шаардлагатай хайгуулын ажлыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн. Үүн дээр үндэслэн геологийн нөөцийг тогтооно. Геологийн нөөцийг тогтоосны дараа ТЭЗҮ хийж байгаа эдийн засгийн гол ач холбогдолтой хэсгийг ялгана. Тэндээс нөөцийг 100 хувь гаргаж авч чадахгүй. Тиймээс нөөцөөсөө аль болох эдийн засгийн ашигтай байдлаар олборлохоор зорьж байна. Гэвч 20-30 хувь нь эдийн засгийн үр ашиггүй, дараа нь олборлох ёстой гэдэг байдлаар явагддаг.

-Хайгуулын дараагийн үе шатанд хэзээ хүрэх вэ?

-Геологийн үйл ажиллагаа дуусахаар маш олон дээжлэлт явагдана. Монгол Улсад газрын ховор элементийг шинжлэн судалдаг лаборатори байдаггүй. Тиймээс бүх дээж Австрали эсвэл европ руу явуулж шинжлүүлнэ. Шинжилгээний хариун дээр үндэслэн уурхай төлөвлөлтөө хийнэ. Төлөвлөлтөө хийсний дараа эдийн засгийн ач холбогдолтой хэсгийн судалгаа руугаа орно. Энэ бүх судалгаа шинжилгээний ажил ирэх жилийн зургадугаар сард дуусна гэдэг төлөвлөгөөтэй байгаа. ТЭЗҮ одоогоор ийм л шатандаа явж байна.

-Хэчнээн төрлийн газрын ховор элемент Халзан Бүрэгтэйн ордод бий вэ?

-Газрын ховор элемент химийнхээ нэр томьёогоор 17 төрөл байдаг юм билээ. Гэхдээ зарим нь ямар ч эдийн засгийн үр ашиггүй. Зарим нь 1 кг нь 10 ам.доллар. Зарим нь бүр үнэтэй 1 кг нь 10 мянган ам.доллар гэх мэтчилэн. Манай төсөлд илэрсэн 7-8 төрлийн элемент бий. Үүнээс эдийн засгийн хувьд үр ашигтай дөрвөн элементийг сонгон авч, ялган боловсруулах үйлдвэрээ түүн рүү чиглүүлж ажиллуулж байгаа. Дэлхий даяар газрын ховор элементээс энэ дөрвөн төрлийг л боловсруулдаг. Нэгдүгээрт, неодиум гэж соронзонд хэрэглэгддэг материал. Парасидиум гээд бас соронзонд хэрэглэгддэг материал. NDPR гээд соронзны үндсэн түүхий эд. Үүнийг Австрали, АНУ, Африк, Канад гэх орнуудад боловсруулж цаашаа гуравдагч орнуудад нийлүүлдэг. Энэ хоёр дээр нэмээд тербиум, сприозиум гээд хоёр газрын хүнд ховор элемент байна. Мөн адил өндөр технологид хэрэглэгддэг. Энэхүү дөрвөн элемент нь хоорондоо тодорхой түвшинд орц найрлагуудыг тааруулж хэрэглэгддэг. Тербиум, сприозиум нь хүнд газрын элемент буюу эдийн засгийн хувьд өндөр үнэтэй элемент. Гэхдээ ялган авах технологи нь маш төвөгтэй. Бид энэ дөрвөн элементийг аль болох эцсийн шат хүртэл нь боловсруулахаар зорьж ажиллаж байгаа. Монголд энэ дөрвөн элементийг тусдаа салган авах ямар ч боломж байхгүй. Салгаж авах үйл ажиллагааг Хятад, Вьетнам зэрэг улсууд хийдэг. Өөрөөр хэлбэл, газрын ховор элементэд агуулагдсан эрдэсийг бид бүхэн маш олон шат дамжлагаар оруулаад, баяжуулаад, баяжмал гэх бүтээгдэхүүн гарган авдаг. Баяжмалыг дахин өндөр метталургийн аргаар химийн шинж чанар нь хөрвөх дахин боловсруулах үйлдвэр рүү оруулаад, газрын ховор элементийн холимог исэл гэдэг бүтээгдэхүүн гарч байгаа. Ийм хоёр шат дамжлага эдийн засгийн хувьд ашигтай гэдэг тооцоо гарсан. Бид энэхүү хоёр шат дамжлагыг агуулсан үйлдвэрийг барихаар төлөвлөсөн. Энэ бол өөрөө маш нарийн төвөгтэй процесс. Гэхдээ энэ технологийг олон улс ашиглаад ирсэн. Ислээс салгах технологи нь маш түвэгтэй. Бид ийм хэцүү технологийг Монголд хийх шаардлагагүй гэж үзэж байгаа. Исэл нь өөрөө маш өндөр агуулгатай. Эдийн засгийн өндөр ашигтай. Ислийг цааш нь салгана гэхээр маш том химийн үйлдвэр барих шаардлага үүснэ. Түүнийг хувийн компани өнөө маргаашдаа хийчихнэ гэвэл өрөөсгөл. Ийм үндсэн технологийн дарааллаар ТЭЗҮ боловсруулагдаж байгаа. Эцсийн бүтээгдэхүүн нь газрын ховор элементийн холимог исэл гэдэг бүтээгдэхүүн гарна. Үүнийг бид Япон, европ, хятадын зах зээл рүү борлуулна.

-Борлуулалтаа хэрхэн хийх талаар судалсан уу. Гадаад зах зээлд нээлттэй гарах боломж бий юу?

-Борлуулалтынхаа сувгийг бид бүхэн давхар судлаад явж байгаа. Тээвэр ложистик ямар байх вэ, баруун руу яаж гаргах вэ гэх мэтээр. Хятад руу асуудалгүй гаргах боломжтой. Монгол Улсын Засгийн газар газрын ховор элементээ баруун руу гаргах боломжийг эрэлхийлж байгаа. Бид ч бас тэр талаар судалгаа хийж байна.

-Халзан Бүрэгтэйн ордын хүдрийн агууламж хэр өндөр вэ?

-Жишээ хэлэхэд, Халзан Бүрэгтэйн үндсэн хүдрийн агууламж 0.46 хувь. Зэс бас тиймэрхүү байдаг. Эрдэнэт үйлдвэрийнх 0.38. Оюу толгойн ил уурхайнх 0.35, далд уурхайнх нь 1.8 байдаг. Австралийн “Mountwell” гээд дэлхийн номер нэг газрын ховор элементийн ордын хүдрийн агууламж 8 хувь. Тэгэхээр Халзан Бүрэгтэйгээс 16 дахин өндөр агууламжтай гэсэн үг. Тийм өндөр агуулгатай хүдрийг үйлдвэр рүү оруулахаар 30 хувиа дороо алддаг. Геологийн төвөгтэй байдалд байна гэсэн үг.

-Энэ бүх үйл ажиллагааг хийгээд явж байхад баруун аймгийнхан яаж хүлээж авч байна. Тэдэнд зориулж танин мэдэх, сургалт сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юу?

-2021 оноос хойш манай компани Мянгат сумын ард иргэдэд тасралтгүй танин мэдэхүйн үйл ажиллагаа явуулж байгаа. Мянгат сум нь Ховд аймгийн төвөөс 45 км-ийн зайтай. Аймгийн төвөөс харьцангуй ойрхон. Нийт 6500 хүн амтай. Миний бодлоор сургалт сурталчилгаа хийснээс хойш сумын иргэдийн 90-95 хувь Халзан Бүрэгтэй гэж юу вэ, энд ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаа вэ гэдгийг мэддэг болсон. Иргэдийн хувьд газрын ховор элемент нь хортой юу, хоргүй юу, цацраг идэвхит бодистой юу гэдэг асуултуудыг л тавьдаг. Түүнд л бид хариултыг нь бүрэн дүүрэн өгөхийг зорьж байгаа. Түүнээс сумын ард иргэд хариуцлагатай уул уурхайг дэмжиж байгаа. Баруун аймагт аж үйлдвэрийн томоохон төслүүд байгуулагдаасай гэж бүгд л хүсч байгаа. Хортой бол бид энэ ажилд оролцохгүй шүү дээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш бид тасралтгүй хоргүй гэдэг зүйлийг ойлгуулахын төлөө ажиллаж байна. Иргэд үүнийг тийм ч хурдан хүлээж авахгүй байна л даа. Гэтэл биднийг эсрэг талд хортой хэмээн сурталчлах, иргэдийг турхирах, хувийн, эдийн засгийн, улс төрийн ашиг сонирхолтой бүлэг хүмүүс байна л даа.

-Халзан Бүрэгтэй төсөл хэрэгжээд, үйлдвэр баригдаад ашиглалтад орчихвол эдийн засгийн ямар үр нөлөөтэй вэ. Түүнээс сум болон аймгийн ард иргэдэд хүртэх үр нөлөө нь хэр өндөр вэ?

-Мэдээж аливаа төсөлд шууд болон шууд бус дам нөлөөлөл гэж байгаа. Шууд хамаарал нь шинэ ажлын байрууд бий болно. Урьдчилсан тооцоогоор 500-600 шинэ тогтмол ажлын байр бий болно гэж гарсан. Үүний 10-15 хувь нарийн мэргэжлийн ажлын байрууд байна. Газрын тос боловсруулах том үйлдвэр баригдаж байна. Үүнд нарийн мэргэжлийн монгол ажилчид ажиллана. 80-иад хувьд нь орон нутгийн иргэд ажиллах бүрэн боломжтой. Мянгат сум 6500 хүн амтай гэж хэлсэн. Ихээр яривал иргэдийн 10 хувь нь тогтмол ажлын байртай болох бүрэн боломжтой. Дээр нь энэ үйлдвэр өөрөө маш том хэмжээнийх. Тэгэхээр дагаад хүнс, мах гурал, сүү будаа, ногоо гээд хүний хэрэгцээтэй бүх л зүйлийг авах шаардлага үүснэ. Мянгат сум өөрөө хүнсний ногоо тариалалтаараа аймагтаа тэргүүлдэг Буянт сумтай залгаа. Тэндээс худалдан авалтаа хийнэ. Ер нь тэгээд үйлдвэр баригдаад ашиглалтад орчихвол бүх л зүйл эдийн засгийн эргэлтэд орно. Хайгуулын ажлын явцад л аваад үзэхэд маш их эдийн засгийн нөлөө үзүүлж байгаа юм. Хувцас хэрэглэл, ахуйн хэрэглээ, хүнс гээд худалдан авалт нэмэгдэхийн хэрээр түүнийг дагаад үйлдвэрлэл урлал, төмс, хүнсний ногоо тариалалт гээд бүхий л салбар хөгжинө. Шууд нөлөө нь энэ. Шууд бус нөлөөлөл нь Халзан Бүрэгтэй ашиглалтад орвол дөрвөн том аж үйлдвэрийн цогцолбор бий болно. Халзан Бүрэгтэйн үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Эко цементийн үйлдвэр ашиглалтад орчихсон. Халзан Бүрэгтэйн ордоос Эко цементийн үйлдвэр 21 км зайтай. Маш ойрхон. Тэгээд Хөшөөтийн уурхай гээд дөрвөн том аж үйлдвэрийн цогцолбор байгуулагдана. Үүнийг дагаад аймгийн хэмжээнд ажил эрхлэлт нэмэгдэнэ. Баруун бүс рүү хүмүүс очиж амьдарна. Хотоос иргэдийн хөдөлгөөн тийшээ чиглэж, түгжрэлд ч шууд бусаар нөлөөлж болох үр ашигтай шүү дээ. Монгол Улсын хувьд хамгийн чухал зүйл уран, газрын ховор элемент гэдэг хоёр шинэ ашигт малтмал бий болно. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн хөрөнгө оруулалт нэмэгдэх гэх мэтчилэн шууд бус эдийн засгийн ач холбогдол маш өндөртэй. Миний төсөөллөөр хэрэв үйлдвэр барих ажил саадгүй үргэлжилбэл 2028 он гэхэд ашиглалтад орох боломжтой. Тэгэхээр хөрөнгө оруулалт маш их шаардлагатай. Урьдчилсан тооцоогоор манай үйлдвэр Эрдэнэт болон Оюу толгойгоос гурав дахин жижигхэн үйлдвэр баригдана гэж тооцож байгаа.

-Өмнөговийн ард иргэд уул уурхайг ойлгож дэмжээд, эхнээсээ үр ашгаа хүртээд ногдол ашиг ч авдаг боллоо. Үүн шиг баруун аймгийн иргэдэд уул уурхайн үр нөлөөг яаж мэдрүүлэх вэ?

-Иргэд хариуцлагатай уул уурхайг дэмжинэ, хариуцлагагүй уул уурхайг дэмжихгүй гэдэг зүйлийг ярьж байгаа. Хариуцлагатай уул уурхайг иргэд ч ойлгодог болж. Уул уурхайг дэмжээд, үр шимийг нь хүртэж байгаа олон аймаг манайд бий. Өмнөговь, Эрдэнэт, Дархан гээд. Дагаад үйлчилгээ, худалдаа, бизнес зэрэг маш олон секторууд хөгжсөн. Бүгд л харж байна. Иргэд нь орлоготой. Орлогоо дагаад бизнестэй болчихсон. Баруун аймгууд руу ийм болох бүрэн боломжтой. Иргэд өөрсдөө ч үүнд идэвх санаачилгатай оролцох хэрэгтэй. Бид иргэдийг сургах, таниулах ажлыг их хийж байгаа. Манай компани ч иргэдэд нээлттэй байх, санал санаачилга иргэдэд хүргэсэн л дээ. Ашигт малтмалын тухай хуулиараа аж ахуйн нэгжүүд сумтай гэрээ байгуулж, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах боломжтой. Энэ талаар бид 2023 оны нэгдүгээр сард суманд хүсэлтэй тавьж, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулъя гэдэг хүсэлтээ тавьсан. Жилд 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийе гэдэг санал тавьсан. Хэдийгээр бид одоогоор үйл ажиллагаагаа эхлээгүй байгаа ч гэсэн нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ажлаа хийх л болно. Энэ үр ашиг цаашид ч нэмэгдсээр л байх болно.

-Уран гэхээр орон нутгийн ард иргэд хортой, цацраг идэвхит бодис үүсдэг гэж хүлээж авдаг. Үүнийг ард иргэдэд яаж ойлгуулж байна вэ?

-Уран өөрөө цацраг идэвхит ашигт малтмал. Цөмийн энергийн тухай хуулиараа тэгж тодорхойлсон. Энэ ашигт малтмал газрын ховор элемент дээр дагалдах байдлаар байгаа. Үүнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Уул уурхайн яам, Цөмийн энергийн комисс, Байгал орчны яамны хамтарсан ажлын хэсэг шалгалт хийгээд хүн, байгал орчинд нөлөөлөх түвшин байхгүй гэж дүгнэсэн. Гэхдээ энэ танилцуулгыг хийгээрэй гэдэг үүргийг манай компанид өгсөн. Тиймээс бид улирал болгон цацрагийн шинжилгээ хийлгэдэг. Сар бүр ажиллаж байгаа ажилчдынхаа авч байгаа цацрагийн тунд шинжилгээ хийлгэдэг. Энэ бүхэн байгал орчны нарийвчилсан үнэлгээнд орно. Өнөөдрийн байдлаар цацраг их хэмжээнд хүрсэн, онцгой ихэссэн зүйл байхгүй. Огт тийм зүйл болоогүй. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд цацрагтай холбоотой аваар осол гарсан зүйл ч байхгүй. Энэ тухайгаа ч бид олон нийтийн сүлжээгээр байнга мэдээлсээр яваа.

-Хэрэв энэ төсөл ямар нэгэн байдлаар цаашид үргэлжлэх боломжгүй болбол дагаад ямар асуудал үүсэх бол?

-Монголд газрын ховор элементийн зөндөө олон илэрцүүд байгаа. 5-6 орд, 20 гаруй илэрц байна. Үүнээс арай ахицтай яваа нь манай төсөл. Үүнийг улстөржиж унагааж, гацаавал энэ салбар дахин босох гэж 10 гаруй жил болно. Удалгүй цикл нь ч алга болно. 2025-2026 онд зэрэг маш олон үйлдвэр ашиглалтад орох магадлал байна. Африкт маш олон үйлдвэрийн төсөл явж байгаа. АНУ, Канад гээд олон оронд үйлдвэрүүдийн төсөл явж байгаа. Барууны орнууд үүнийг хараад л байж байгаа шүү дээ. Монголд нэг ийм үйлдвэрийн төсөл явж байгаа юм байна. Ашиглалтад орвол хамтран ажиллая, орохгүй бол өөр газартай хамтрана гээд ажиглаж л байгаа. Хэрэв иймэрхүү төслүүдээ эсэргүүцээд, гацаагаад байх юм бол бид бүхэн зах зээлээ л алдана гэсэн үг. Уул уурхайн бүтээгдэхүүн циклтэй. 2012-2014 онуудад өсч яваад, 2014 оноос огцом унасан. Зэс 2016 онд 4800-5000 ам.долларын үнэтэй байсан. Саяхан 12 мянган ам.доллар болоод одоо 8000 ам.долларын үнэтэй байна. Дахиад унахыг үгүйсгэхгүй. Эдийн засаг тогтворгүй байна. Зэсийн ордууд ховордож байна. Энэ мэтчилэн газрын ховор элемент 2022 оны нэгдүгээр сард үнэ нь маш өндөр өссөн. Гэтэл өнөөдөр 40 хувиар уначихсан. Урт хугацаандаа л өснө гэж ярьж байгаа болохоос үүнийг баталгаатай гэж хэн ч хэлэхгүй. Унаад эхэлбэл яах вэ, олон үйлдвэр ашиглалтад ороод нийлүүлэлт ихэсвэл зах зээлийн ханшаараа үнэ нь унаж л таарна. Тэр үед нь бид шинэ газрын ховор элементийн төсөл яриад нэмэргүй. Тэр үед уйлаад ч нэмэргүй болно. Харин өнөөдөр богино хугацаанд эдийн засгийн эргэтэд оруулаад үйлдвэрээ босгоод авчихсан байхад ашигтай зарах, ашиггүй зарах нь дараагийн асуудал. Үйлдвэр ашиггүй байвал зарж болно. Ашигтай байвал улсад татвараа төлөөд л явна гэсэн үг.

С.ОТГОНБАЯР

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [79.237.240.65] 2023-09-20 13:24:41

Чи Ховдын нутгийг онгичоод үзээрэй. Тэнгэр чамайг ниргэх болно.

ховд [66.181.161.44] 2023-09-20 08:30:03

НУТАГ УСЫГ МИНЬ УХАЖ ХӨНДӨӨД ҮЗЭЭРЭЙ МУУ ШЭЭС МИНЬ УРАН ХОРГҮЙ ГЭЖ ЧИ МУУ ГӨЛӨГ ЯАЖ МЭДЭЭД БГАН ХОВДЫХОН ГӨЛӨГ МИНЬ ЗАРАГЧ ХҮМҮҮС БДАГ ШҮҮ ШЭЭС МИНЬ

Guest [66.181.186.226] 2023-09-19 19:02:38

Энэ нөгөө манай Эрдэнэт үйлдвэрийн эзэн мөн шив дээ. Ингэтлээ боловсон хүчингүй болсон юм уу хулгайч нарын мафи ийм хүчтэй болсон юм уу.

иргэн [62.55.205.86] 2023-09-19 18:49:50

Элбэгдорж, Бямбацогт хоёрын бууны нохой болж явахаар өөр ажил олж хийгээч. Наад хоёр чинь дээлээ нөмөрнө ш дээ.

zochin [98.214.171.138] 2023-09-19 18:27:49

xairan zalyy Elbegt suiruullee


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.