Урьд хожид мэдэгдэж байгаагүй урт хүзүүтэй аварга үлэг гүрвэлийн үлдэгдэл Европоос олджээ

Aдмин / Шинжлэх Ухаан

Шинжлэх ухаанд урьд хожид мэдэгдээгүй байсан асар том сауропод эдүгээгээс 122 сая жилийн тэртээ өнөөгийн Испанийн нутаг дэвсгэрт амьдарч байсныг шинэ олдворууд харуулжээ. Уг амьтны ясны ер бусын хэлбэр нь нэлээд эртнийх болохыг харуулж байгаа бөгөөд энэ нь эдгээр аварга том, урт хүзүүт үлэг гүрвэлүүдийн хувьслыг илүү сайн ойлгоход судлаачдад тус дөхөм болно.

“Гарумбатитан морелленсис” хэмээн нэрлээд буй шинэ төрөл зүйлийг 2005-2008 оны хооронд Морелла хотын ойролцоо “Sant Antoni de la Vespa” гэдэг нэртэй газар хийсэн малтлагын үеэр илрүүлж байжээ. Судлаачид уг газраас гурван олдвор олсон нь аварга том нугалам, урт хөлний яс, ерөнхийдөө бүрэн гэж үзэж болохуйц тавхайн яс байжээ. Эдгээр нь сауроподын хувьд маш ховорт тооцогддог байна.

Судлаачид есдүгээр сарын 28-нд Линнейн нийгэмлэгийн Амьтан судлалын сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаандаа “Гарумбатитан морелленсис”-ын талаар тодорхойлжээ. Диплодокус, Брахиозавр зэрэг сауроподууд нь урт сунагар хүзүү, сүүлтэй дөрвөн хөлт өвсөн тэжээлт үлэг гүрвэлүүд ажээ.

“Гарумбатитан морелленсис” нь титанозавр гэгддэг сауроподуудын дэд бүлэгт багтдаг бөгөөд титанозаврууд нь 66 сая жилийн өмнө үлэг гүрвэлүүдийг устгасан солир дэлхийг мөргөх хүртэл амьдарч байсан хамгийн том сауроподууд юм. “Гарумбатитан морелленсис” нь сагсан бөмбөгийн талбайтай тэнцэхүйц хэмжээтэй том болж өсдөг титанозавруудтай харьцуулахад дундаж хэмжээтэй байж магадгүй байна.

Судлаачдын багийнхан “Sant Antoni de la Vespa” болон Иберийн хойг дахь бусад газруудыг сауроподын хувьслын талаар илүү ихийг олж мэдэхэд тус дөхөм болно гэж үзэж байна. 2022 онд судлаачид Португалаас 150 сая жилийн өмнө амьдарч байсан асар том сауроподын үлдэгдлийг олж байсан билээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.