Х.Мөнх-Эрдэнэ: Дөрвөн улирлын дугуйг өвлийн цагт хэрэглэх зам тээврийн осол гарах нэг шалтгаан болдог

Aдмин / Нийгэм

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Ойрын өдрүүдэд их хэмжээний цас уналаа. Энэ нь замын хөдөлгөөнд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 951 дуудлага, мэдээлэл Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн. Зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас барж, 11 хүн гэмтсэн мэдээлэл байна. Амралтын өдөр амь нас нь хохирсон хоёр хүний нэг нь хүүхэд байсан бөгөөд осол орон нутгийн замд тохиолдсон. Гэмтэж бэртсэн 11 хүний гурав нь нийслэлд, найм нь орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох явцдаа гэмтэж бэртсэн.

Амралтын өдөр бүртгэгдсэн осолд дүн шинжилгээ хийхэд дийлэнх нь халтиргаа, гулгаатай холбоотой байна. Тээврийн хэрэгслүүд ар араасаа мөргөлдөх, замын хажуу руу онхолдох хэлбэрээр осол гарсан. Тээврийн хэрэгслүүд мөргөлдөх нь зорчих хэсгийн ачааллыг нэмэгдүүлж байна. Үүнд Тээврийн цагдаагийн алба хаагчид богино хугацаанд шаардлагатай арга хэмжээ болон зорчих хэсгийг чөлөөлөх арга хэмжээг авч ажилладаг. Цас орсон, халтиргаа гулгаатай ийм үед жолооч өвлийн бэлтгэлээ хангаад замын хөдөлгөөнд оролцох нь өөрийн болон бусдын эд хөрөнгийг хохирохоос сэргийлнэ.

-Манайд дөрвөн улирлын дугуй гэх ойлголт байдаг. Үүнийг ихэнх жолооч хэрэглэдэг. Ийм дугуй шаардлага хангадаг юм уу?

-Зорчих хэсэг халтиргаа, гулгаатай ийм үед жолооч нар хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой. Нэгдүгээрт, жолооч автомашиндаа өвлийн дугуй хийж замын хөдөлгөөнд оролцоно.

Өвлийн дугуйны тэмдэглэгээ цас болон уулын дүрстэй байдаг. Ийм дүрстэй дугуйг хэрэглэх нь зам тээврийн ослоос сэргийлнэ. Жолооч нар өвлийн дугуйг дөрвөн улирлын дугуйтай андуурдаг. Дөрвөн улирлын дугуй нь -10 градусаас илүүгүй хүйтэрдэг улс оронд хэрэглэхэд тохиромжтой. -10-аас илүү градусын хүйтэнд хөлдчихдөг. Тухайн дугуйны барьцалдах чадвар нь алдагддаг гэсэн үг л дээ. Орон нутагт хол замд гарах бол өвлийн дугуй зайлшгүй шаардлагатай. Дөрвөн улирлын дугуйтайгаар мөстсөн замд хөдөлгөөнд оролцох нь осолд орох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ийм учраас тэмдэглэгээ нь цас болон уулын дүрстэй дугуй хэрэглэх нь зөв.

Түүнчлэн орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Халтиргаа гулгаатай нөхцөлд даваа уруудах болон өгсөхдөө хоорондын зайгаа зөв сонгох нь чухал. Яг ийм нөхцөлд хоорондын зайг 70-100 метр байхаар сонгож хөдөлгөөнд оролцох нь зөв. Өгсөх болон уруудахдаа ийм хэмжээний зай бариад явахад урд талын тээврийн хэрэгслээ мөргөхгүй гэсэн үг. Мэдээж ийм үед хурдаа тохируулахаа мартаж болохгүй. Үүнээс гадна манайхны гаргадаг түгээмэл алдаа нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд төдийлөн анхаардаггүй. Өвлийн улиралд замын хөдөлгөөнд оролцоход автомашины шил арчигч, цан үлээгүүр хэвийн ажиллаж байх шаардлагатай. Үүнд ач холбогдол өгөөгүйгээс эд материал, амь насаараа хохирсон жишээ олон бий. Мөн хол болон ойрын гэрэл, ар талын тоормосны гэрлүүд бүрэн ажиллагаатай байх ёстой.

Халтиргаа гулгаатай, зарим үед шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал болж буй ийм нөхцөлд онц чухал шаардлагагүй бол хол замд гарах ажлаа түр хугацаанд хойшлуулаарай гэж захих байна.

-Сүүлийн хэд хоногт замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдлээ. Энэ нь халтиргаа гулгаатай холбоотой байна уу?

-Тээврийн цагдаагийн албанаас чиг үүрэг бүхий хариуцсан байгууллагууд руу холбогдож замын халтиргаа гулгааг богино хугацаанд арилгах чиглэлээр ажиллаж байна. Шаардлагатай уулзвар гарцуудад нэмэлт хүч гарч ажиллаж байгаа. Замын ачаалал эрс нэмэгдсэн ийм үед замын цагдаагийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна.

-Авто тээврийн оношилгоонд хамрагдаагүй, өндөр торгуультай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд сул чөлөөтэй оролцож байгаа нь түгжрэлд нэмэр болж байгаа гэх байр суурийг мэргэжилтнүүд хэлдэг. Та бүхэн үүнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Манай хэлтэс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Хуулийн хүрээнд энэ үүргээ хэрэгжүүлээд явдаг.

-Өндөр торгуультай, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгсэлд та бүхэн ямар арга хэмжээ авч ажилладаг юм бэ? Эрхийг нь хасч байна уу?

-Эрх хасах хэдхэн үндэслэл бий. Хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон гэх тохиолдолд эрх хасах арга хэмжээ авч ажилладаг. Бусад тохиолдолд жолоодох эрх хасах үндэслэл байхгүй.

О.ДАШНЯМ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.130] 2023-11-13 20:03:32

Ok

Зочин [66.181.191.194] 2023-11-12 08:24:01

Дугааргүй машиныг хөдөлгөөнд оруулахгүй байх хэрэгтэй. Машин ихэссэн нэг шалтгаан нь энэ шүү.

Зочин [202.9.40.161] 2023-11-11 22:12:11

Өвлийн дугуйны зарчимаа мэдэхгүй их худлаа бурах юмаа. Манай орны нөхцөлд наад замд чинь таарахгүй ээ. Олон улсын жишигтэй зам тавчихаад дугуй яриач. Усан хээтэй дугуй биш бол ялгаагүй. Арай

хүннү [103.254.123.136] 2023-11-11 15:55:56

Дугуй мэддэг хүн монгол байхгүй ш дээ. Одоо л юм элбэг болоод өвөл, зуны, дөрвөн улиралын дугуй гэдэг болж. Ер нь осол аваар гаргах гаргахгүй нь жолоочийн овсгоо самбаа, хариуцлагаас л шалтгаална. Одоо манай жолооч нар техникээ залуурдаж чадахгүй байж сүлжилдэн давхих донтой. Тэгэж яваад хүн дайраад алчхаж байна. Одоо яах вэ? дөрвөн улиралын дугуйны буруу юу? түүнд ямар ял өгөх вэ? манай хуулиудад дугуй яллах заалт байхгүй, жолоочийг яллах заалт л байгаа. Иймд өөрийгөө зөвтгөх машины эд ангид буруугаа тохих сэдэл өгч болохгүй.

Зочин [202.131.225.197] 2023-11-13 19:55:44

Явган зорчигчид нь өөрсдөө запас амь, эд эрхтэнтэй юм шиг хөдөлгөөнд орж буй машинтай зэрэгцээд дайраад байдаг юм аа. Ямаршуу зам тээврийн нөхцөлтэй, ямар улс хотод амьдарч байгаагаа эргэцүүлж жаахан ухаантай баймаар

Зочин [66.181.161.134] 2023-11-13 09:42:46

4 улиралын дугуй буюу M S тэмдэглэгээтэй дугуй хүйтэрсэн халтиргаа гулгаатай үед ямар ч нэмэргүй шдээ үүнд


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.