Монголд нэг шөнийн дотор найман хүн цасан шуурганд амиа алдах нь бараг Изриаль Хамасын дайнаас ч ширүүн үү

Aдмин / Нийгэм

Одоогоос зургаа хоногийн өмнө буюу энэ сарын 4-5-нд шилжих шөнө орон нутагт цаг агаарын хүндрэлийн улмаас долоон том хүн, нэг хүүхэд амиа алдсан харамсалтай явдал болов. Эндсэн хүмүүсийн долоо нь Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумын нутагт бол нэг нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд нүүдэл хийж байгаад, зарим нь малаа хариулж яваад цасан шуурганд төөрч, осгосон болохыг Онцгой байдлын байгууллага мэдээллээ. Энхийн цагт нэг шөнийн дотор олон хүн эндэнэ гэдэг хачирхалтай явдал. Тэр тусмаа нүүдэлчин уламжлалтай, хөдөө аж ахуйн орон гэгддэг Монгол орны малчид мал дээрээ олноороо амиа алдах нь байж болох үзэгдэл үү.

Монгол орон угаас эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө -45 хэм хүрч хүйтэрдэг, зундаа +45 гарах аймаг, сумд олон. Цас, бороо, шуурга жилийн дөрвөн улиралд байдаг л үзэгдэл. Манайх шиг оронд саяны цасан шуурга цаг уурын хэвийн нэг үзэгдэлдээ орно. Харин ч өвлийн эхэн сар учраас агаарын хэм тэгтлээ хүйтрээгүй байсан үе. Ийм нөхцөлд бид найман хүнээ цаг бусаар алдчихаад хоосон эмгэнэн суух тийм ч зохистой үйлдэл биш ээ.

Өнөөдөр малчдын хэрэглээнээс бараг гарсан радио гэдэг хэвлэл мэдээллийн нэг төрлийн хэрэгсэл хуучин үед чухамдаа цаг агаарын мэдээг авдаг гол хэрэгсэл байв шүү. Мэдээж улсын баяр наадам, дуу хөгжим, цаг үеийн мэдээллийг сонсож ирсэн. Гэхдээ радио хэрэглэх гол зорилго бол хуучны малчид тэнгэр хангайгаа хэрхэх төлөвийг

сонсож, аж амьдрал, нүүдэл суудлаа тохируулдаг нэг ёсны соёл болон төлөвшсөн байлаа. Хуучны малчид, хөгшид радиогоороо цас борооны мэдээг сонсож байгаад нүүдэл суудлаа товлодог, айл саахалтдаа дуулгадаг уламжлалтай байв. Ерөөсөө л малчин хүний амьдрал цаг агаартай салшгүй холбоотой.

Харин өнөөдөр цаг өөр болж, радио ч ихэнх малчны хэрэглээнээс гарсан. Малчин өрх бүр гэртээ телевиз суурилуулчихсан, гар утас хэрэглэдэг болсон үе. Бүхий л шугамаар цаг уурын мэдээллийг бараг хахтал гэдэг шиг авч байгаа гэсэн үг. Энэ удаагийн цаг агаарын хүндрэх төлөвийг бараг нэг сарын өмнөөс цаг уурын байгууллага анхааруулж эхэлсэн. Ид есийн үе биш, өвлийн эхэн сар, бараг эхний шахам их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах тухай урьдчилсан мэдээлэлд Монголын бүх хэвлэл анхааруулга хандуулж, мэдээлсэн. Анхааруулга сэрэмжлүүлэг өгсөөр байхад найман хүний алтан амь үрэгддэг байдал Монголоос өөр байхгүй. Дэлхийн хоёр талд өрнөж буй Орос Украин, Израил Хамасын дайн биш. Өөрийн эх орондоо, даваа нугачаа бүрийг нь мэддэг эх нутагтаа цас шуурах төдийд ийм олуулаа эндэж байгаа үндэстэн манайх л болж таарлаа.

Үнэндээ нэг цаг хугацаанд олон хүн эрсэддэг явдал бол дайн, байгалийн том хэмжээний гамшиг, гэнэтийн осол аваар зэрэг л байдаг. Хойд мөсөн далайд аялж явсан аялагчдад, магадгүй Эверестэд авирч буй уулчдад гэнэтийн ийм явдал тохиолдож болзошгүй юм. Гэтэл Монголын хөдөөд, төрж өссөн нутагтаа, малчид ганц шөнийн дотор ийм олуулаа эндэж, олон хүүхэд, гэр бүл өнчирч үлдэнэ гэдэг тун харамсалтай.

Үүний гол шалтгаан ерөөсөө бид үгэн дохио анхааруулга яриа зэргийг огт тоодоггүй, хүлээн авдаггүй болчихжээ. Хатуухан хэлэхэд үгэн яриагаар дохио авч сураагүй байна. “Цас орно, шуурна гэнэ” гэхэд “Хөөх, тийм үү” гэж эргэцүүлдэггүй, боддоггүй болчихсоны илрэл. Нэг сарын өмнөөс бүх сувгаар цаг агаарын төлөв байдлыг сэрэмжлүүлээд байхад нүүдэл суудал хийж, ямар ч бэлтгэлгүй малд гарч явсан болж таарлаа шүү дээ. Нөгөө, Монголын “яагуузай л гэж” гэдэг алдарт зан яг ийм үед үйлчилсэн гэсэн үг. Хүнээ алдсан хүмүүст хатуухан л сонсогдож мэднэ. Гэвч ард үлдсэн ар гэрийн хүмүүст ийм л харуусал хамгийн түрүүнд бууж буй. Тусламж, дэмжлэг шуурхай байх, байхгүй тухай дараагийн асуудал. Магадгүй сум, багийн дарга нар нь малчдаа нэг бүрчлэн татаж чангааж байгаад бас шилэн хүзүү рүү нь нэг сайн дэлсэж өгөөд “Хөөе, сэрэмжлээрэй. Цас орох нь, шуурах нь байна шүү” гэж хэлэх байсан уу.

Ер нь бид яагаад ийм сэрэмжгүй, нэгнийхээ хэлсэн, анхааруулсныг үл тоодог болчихов. Монголчууд бид нийтээрээ нэгэндээ худлаа ярьдаг хэрэг үү. Дөрвөн уулын дундаа сошиал сүлжээнд дэвж, улстөржиж суудаг нийслэлчүүд нэгэндээ худлаа ярьдаг гэвэл бараг итгэхээр. Хүн юм ярихаар огт үнэмшдэггүй, худал дэмий ярьж байна гэж боддог болсны гай юм. Хэт их мэдээлэл хүмүүсийг ийм байдалд оруулдаг. Хүн толгойтой болгон нь мэдэмхийрээд байхад ингэхээс ч яах вэ. Телевиз, утсаар мэдээлэл аваагүй гэвэл ядаж саахалт айлууд нэгэндээ орж гарах зуурт цаг агаарын сэрэмж мэдээг дамжуулмаар юм. Өвлийн сар гарчихлаа гэдгийг хэн бүхэн мэдээд малд явахдаа дулаан дээл хувцас, холбоо барих хэрэгсэл, хоол ундаа зэхээд гардаггүй хэрэг үү. Хээр талд яваа хэнд ч энэ бүхэн хэрэгтэй эд зүйлс. Гэнэт цаг агаар муудах эрсдэлийг малчид тооцоолж сурсан баймаар.

Өнөөдрийн малчид хүн хүч муу болсон. Энэ байдлаа бодоод цаг агаар хүнд өдөр малаа хашаа хороондоо хашаад өнгөрөөж ч болох байлаа. Ерөөсөө 21 дүгээр зуунд мэдээллийн эрин үе төгсөрч байгаа нөхцөлд ямар ч эрсдэлийг даван туулах боломжийг А-Я хүртэл заачихсан шүү дээ. Эрс тэс уур амьсгалтай Монгол орны малчид энэ талаар нийслэлчүүдээс ч илүү мэдлэг, мэдээлэлтэй суух ёстой. Хуучны өвгөчүүд бол амьдралаараа заадаг байсаан. Тэр уламжлал, дээр нь орчин үеийн мэдээллээс аваад хөдөөд эрсдэл, эндэгдэл битгий хэл хэнээс ч тансаг сайхан амьдарчих боломж бүрэн дүүрэн бий болсон. Даанч манай малчид дур зоргын мал аж ахуй “эрхэлдэг” болсоор өнөөдөр ийм эрсдэл үүрэхэд хүргэж байна гэж хэлэхэд ч болох. Энэ тухай манай сонин байнга хөндөж ирсэн. Мал маллагаа гэдэг арга ухаан хаягдчихсан, зоргоор нь бэлчээрлүүлдэг. Өглөө малаа дагаад гардаг малчин ховор болсон. Гэрээсээ дурандаж байгаад эрх биш орой нэг хотлуулдаг. Бүх малчин ийм биш л дээ. Ийм үзэгдэл мал аж ахуйн салбарт бий болчихсон учраас цаг уурын хүндрэлтэй үед хүнд үр дагаврыг хүртэж байгаа явдал шүү дээ. Ийм байдалтай малчин өрхүүд гэнэт цас, бороо ороход “Мал” гээд л ухасхийгээд гарцгаадаг. Дулаан бүлээн хувцас, хэрэглэл, гэнэтийн нөхцөл байдалд хэрэглэх эд зүйлс базаахгүйгээр гэрийн нимгэн цамцан дээрээ тэрлэг нөмрөөд л, бүсээ хагас дутуу бүслээд хаалга саван одоцгоодог. Байгалийн хуулийг хүн өөрийн нүцгэн биеэр сөрж гарах боломжгүй. Малаа олохгүй бол яах вэ, гэрээсээ хэр хол зайд яваад буцах вэ гэх мэт наад захын амьдралтай боломжуудыг малчин өрхүүд аль ч улиралд хэвшүүлчихсэн байх ёстой. Үр хүүхдүүддээ ч зааж зөвлөж сургаж байх. Дэлхийн хүн ам ийм л байдаг. Өнөөдөр цас, зуднаас цаадахыг яаж давж амьд гарах тухай арга замыг шинжлэх ухаанаар батлаад, тайлбарлаад зөвлөсөн үй олон мэдээллүүд интернэтээр нэг бий. Амьдралд хэрэгтэй ийм зүйлсэд суралцаж, ашиглахгүй байгаагийн илрэл шүү дээ.

Ерөөсөө энэ удаа ч биш, ганц мал аж ахуйн салбарт ч биш. Улаанбаатар хотод хэдхэн сарын өмнө ид зуны улиралд буюу өнгөрсөн тавдугаар сарын 31-нд их хэмжээний бороо ороод л цаг агаар сэрүүсэхэд нүүрс түлж, тэр шөнө 25 хүн угаартаж, найман хүн газар дээрээ амиа алдсан айхавтар явдал болсон доо. Мэргэжлийн байгууллагууд энэ цаг зуурын ослыг хохирогчид гэрийнхээ өрхийг бүтээчихсэн, яндангаа авчихсан, хаалтаа хаачихсан, утаа мэдрэгчээ ажиллуулаагүй гэх зэргээр тайлбарлаад өнгөрсөн.

Үүнээс харахад бид аливаа эрсдэлтэй зүйлд бэлэн байх, эрсдэлээс хамгаалах нөхцөл боломжийг бүрдүүлэх, бэлдэх, өөрөөр хэлбэл сөрөн тэсвэрлэх чадвараа алдсаар байгаагийн гашуун түүхүүд эдгээр л болж таарч байна. Нийгэм ч ийм эмх замбараагүй, сахилга батгүй болж гүйцсэн. Нийтээрээ бид амьдралаа ийм маягаар л хөтлөн явуулж байна гэхэд хилсдэхгүй. Өглөө ажил эхлэхэд яс цагаа бариад чанартай бүтээмжтэй ажиллаад, гэр бүлдээ цаг зарцуулаад, өөртөө цаг гаргадаг бүтээлч байдалтай монгол хүнийг олоод ирээч гэвэл цөөхөн дөө. Мэдээж хөндлөнгийн хүчин зүйлүүд нөлөөлж буй ч монголчууд бидний амьдрал нийтээрээ ийм зохион байгуулалтгүй, хашир хэрсүү биш, аливаа эрсдэлд бэлтгэлгүй болсон нь үнэн. Өнгөрсөн зуны үерийн нөхцөл байдлыг эргэн санахад ч тэр.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [192.82.92.153] 2023-11-27 07:53:22

ихэнх нь баян айлын мал хардаг хүмүүс байгаа даа Хамжлага ардууд

Бат [192.82.65.182] 2023-11-16 09:32:56

Өнөөгийн малчдад үг хэлэх хүнгүй байсаар айлын эрхийн балай хүүхэд шиг болсон,зунжин архи ууж,морь уралдуулаад элийрч явдаг.Дулаан хувцас ч байхгүй,Ядахад яр гэдэг шиг мухар сүсэгт нэвт идэгдсэн,бүх асуудлаа ламаас асууна,тэр лам нь өөртэй нь адилхан нэг муу сурдаг байсан этгээд байдаг.Сүүлийн үед утаснаасаа салахаа байсан,дүүрэн алдаатай мессеж бие биедээ бичээд малаа мартдаг.Орон нутагт хийгдэх ажлыг улайран эсэргүүцэж,бид энэ нутгийн эзэд нь гээд орилно.Ийм л нөхөд байдаг,

зочин [202.9.46.157] 2023-11-15 14:33:53

Монголчуудын өв соёл уламжлалт зан заншилыг мартуулж ардчилал гэж бусдыг дууриаж савсагнаж барууны бурангуй соёл хүмүүжил үг хэлэх эрх чөлөө хэрүүл хийрхэл худал хулгай луйвар шуналыг түгээж дээдлэн эцэг өвгөд дээдсээ үл хүндэтгэн хийж чаддаг зүйлээ чадахгүй болсоны хор уршиг,,

Зочин [66.181.180.97] 2023-11-14 18:09:35

Торгон дээлээр гоёосоор байгаад үстэй дээл, үнэгэн малгайгаа мартсан уу. Приус, мотоцкль, ланд унасаар байсаад морь тэмээгээ унахаа мартсан уу.

Цаг үе өөрчлөгджээ. Хувийн өмч хүчтэй. [103.57.95.80] 2023-11-14 14:25:34

Хуучин улс баян, малчид улсын малыг хувийнх нь зүйл БИШ гэж үздэг байсан. Тэгэхлээр өөрийн биш зүйлийн төлөө малчин амиа өгөх байсан уу??? Харин одоо бол малчид хувийнхаа өмчийн төлөө амиа тавьж байгаа юм биш үү? Цаг үеийн эрхэмлэх зүйл өөрчлөгдсөн.

Кх! [103.57.95.80] 2023-11-14 13:45:05

"Изриаль" гэж ямар улс байна-а-а, редактор аа?

Зочин [82.144.201.2] 2023-11-14 13:17:59

Монгол улсын маанл наймын найман иргэн амиа алдсан байхад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас ямар нэгэн эмгэнэл илэрхийлдэггүй ёрийн хүмүүс байх юмаа, ёо ёо хэлэх үг алга. Эх орон даяараа эмгэнэл зарлаад, төрийн далбаагаа гудайлгах хэрэгтэй биз дээ. Тэр 5 сая төгрөг юу ч биш,, ийм төр засагтай байх гэж .....

зочин [202.9.46.122] 2023-11-14 12:05:55

малчид үстэй дээл үнэгэн малгай эсгий гутал үгүй болсон намрын дунд сарын найранд өмссөн саатай торгон дээлээ хэдийг давхарлаж өмсөөд ч нэмэргүй зуун давхар давуунаас зудын турсага дээр гэсэн үгтэй юм 60 70 аад онд зуд шуурга болж л байсан 2 хоног эрээд орой нь цасан доороос инээгээд босоод ирж байсан гэж азарган нэхий дээлтэй явсан юм билээ ажаа маань

Зочин [103.57.95.21] 2023-11-14 22:36:32

ЗУЗААН ЭСГТЙ УЛТАЙ, ЭСГИЙ ОЙМСТОЙ МОНГОЛ ГУТАЛ, АЗАРГАН НЭХИЙ ДЭЭЛ, ҮНЭГНЭ ЛООВУУЗ, УНАА НЬ БОЛ ШИРРЭЭ БӨХТЭЙ САЙХАН ТЭМЭЭД, БОЛ МАЛЧНЫ АМИН ЧУХАЛ ЗҮЙЛЭЭ МАРТСАН МААНАГУУД. ХЯТАДЫН НИЙЛЭГ ПААВУУН ДЭЭЛ ХЭДИЙГ ДАВХАРЛАЖ ӨМСӨӨД Ч ХӨЛДӨЖ Л ҮХНЭ ШҮҮДЭЭ

Зочин [202.9.46.92] 2023-11-14 11:26:24

Малчингууд цаг агаарын мэдээ үздэггүй юм байх даа


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.