Ө.Амгалан: Аялал жуулчлалд аймгийн онцлог, амьдралын хэв маягийг ялгаатай төлөвлөх хэрэгтэй

Aдмин / Нийгэм

Энэ удаа МУБИС-ийн НХУС-ийн аялал жуулчлалын багш, доктор Ө.Амгалан урьж, ярилцлаа.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗОРИЛТОД ХӨГЖЛИЙН ОЛОН ТӨВҮҮДИЙГ ТУСГАХ ХЭРЭГТЭЙ

Блиц

Боловсрол:

-2001 онд: МУБИС-ийг газарзүйн багш, аялал жуулчлалын менежерээр төгссөн.

-2004 онд: Байгалийн аялал жуулчлалыг бүс нутгаар хөгжүүлэх чиглэлээр магистр хамгаалсан.

-2019 онд: Хил орчмын нутаг дэвсгэрийн эдийн засгийн газарзүй мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

-2001-2005 он: ХААИС-д багш.

-2006 оноос: МУБИС-д багшилж байна.

-“Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого"-ын баримт бичигт эдийн засгийн дөрвөн томоохон хүчин зүйлийн нэг нь аялал жуулчлал гэж тусгасан. Тиймээс энэ салбарт юуг чухалчилж, ямар бодлого барьж ажиллах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Үүний нэг нь орон нутгийн аялал жуулчлалын хөгжлийн асуудал юм. Өмнө нь орон нутгийн аялал жуулчлалыг бүсээр нь хувааж үздэг байсан бол шинээр боловсруулж байгаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд хөгжлийн төвүүдийг тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл, орон нутагт байгаа аялал жуулчлалын зорих газруудын холбоо, хамаарал нь хөгжлийг тодорхойлно гэсэн үг. Монгол Улсад найман аялал жуулчлалын хөгжлийн төв бий. Үүн дээр тулгуурласан орон нутгуудын зорих газруудыг хөгжүүлэхдээ нэгдмэл бодлого баримтлах хэрэгтэй. Нэгдмэл бодлогодоо аль аймаг, аль хөгжлийн бүс нь ямар онцлогтой вэ гэдгийг чухалчилж харах нь зөв юм. Ингэхгүйгээр бүх аймаг, зорих газрууд ижил түвшинд байхаар Монгол Улс олон хэв шинжит аялал жуулчлалын бүс биш болчихоод байгаа юм. Монголын хаана ч очсон жуулчны баазын хэв шинж адилхан байдаг. Бид аймаг орон нутгийн онцлог, амьдралын хэв маяг зэргийг үйлчилгээндээ тусгаж өгөөгүйгээс нэг ижил хэв маягийн баазтай болчихсон. Үүнтэй адилхан орон нутгийн аялал жуулчлалыг тухайн бүс нутаг, өв соёл, уламжлал байгаль, цаг уур, дахин давтагдашгүй язгуур хүчин зүйлүүд дээр нь тулгуурлаж, өөр хооронд нь ялгаатай төлөвлөх хэрэгтэй. Энэ нь аялал жуулчлалын хөгжлийн нэг хүчин зүйл болно гэсэн үг.

Монгол Улс өргөн уудам нутагтай мөртлөө аялал жуулчлалын бүтээгдэхүүн, зорих газруудыг Улаанбаатарт буюу нэг цэгт холбох нь сөрөг талтай. Тиймээс аялал жуулчлалын дараагийн зорилтуудыг хийхдээ хөгжлийн олон төвүүдийг тусгах хэрэгтэй. Тухайлбал, Токиогоос бүх нислэг Улаанбаатарт биш, зарим нь Баян-Өлгий, Хөвсгөл, Дорнод аймагт буухаар төлөвлөх нь зөв юм. Ингэснээр тухайн орон нутаг руу чиглэсэн шууд эдийн засгийн бодлогууд бий болно гэсэн үг. Яагаад Монгол Улсын аялал жуулчлалыг орон нутагт тулгуурласан олон төвт болгохоор төлөвлөж байна гэхээр Монгол Улсын хилээр 500 мянган жуулчин орж ирлээ гэж бодъё. Нийт жуулчны 60 орчим хувь нь говийн бүс рүү аяладаг. Ингэхдээ Ёлын ам, Баянзаг руу зорьж очиж байгаа жуулчин 20 мянгаас хэтрэхгүй байгаа. Тэгэхээр үлдсэн жуулчид хаагуур аялж байна гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Энэ нь аймаг бүр аялал жуулчлалын статистикаа тооцох шууд орц, гарцтай холбоотой. Мөн сүүлийн жилүүдэд аймаг орон нутгууд аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаарч буйн нэг томоохон дэвшил нь үйлчилгээний салбарын хөгжил. Тухайлбал, Өмнөговь, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Хэнтий аймагт өвөрмөц, орчин үеийн технологийн шийдэл бүхий зочид буудалтай болж байна. Үүнийг дагаад тухайн бүс нутгийн зорих үйлчилгээний дэд бүтэц сайжирч байна гэсэн үг.

МОНГОЛ АЙЛЫГ ТОДОТГОХ ХООЛНЫ ЖОР ХЭРЭГТЭЙ

-Аймаг орон нутгийн аялал жуулчлалыг төлөвлөхдөө зорих газар, үзмэрүүдийг ангилах ёстой. Олон улсын аялал жуулчлалд орж болохуйц үзмэрүүдээ нэгдүгээрт эрэмбэлж оруулах хэрэгтэй. Харин бэлгэдэл, домогзүйн хэв шинж агуулсан үзмэрүүдийг орон нутгийн аялал жуулчлалын хөтөлбөрт тусгах нь зөв.Орон нутгийн аялал жуулчлалын дүр төрхийг тодорхойлохдоо аялал жуулчлалын холбоо, судлаачид, ААН-үүд нэгдэж, оновчтой нэгдсэн бодлогоо гаргах хэрэгтэй. Ингэснээр аялал жуулчлалын хөгжил өөр түвшинд хүрэх боломжтой юм. Тухайлбал, Дорноговь аймгийн Сайншанд зорьж очсон аялагчдаа тосож аваад, аялалын хөтөч хийдэг сүлжээ бий болсон. Энэ бол орон нутгийн аялал жуулчлал. Бид соёл уламжлалаа мэдэж, ойлгож байгаа учраас Чингис хааны морины уяа, өвөлжөө, хаваржааг үзэхэд бэлэн. Түүнээс биш гадны жуулчид нарийн учрыг ойлгохгүй шүү дээ.

Аймаг орон нутаг бүр өөрийн гэсэн дүр төрх бүхий брэндийг бий болгох хэрэгтэй. Ингэснээр бусад аймгаас ялгаатай хэв шинж нь өөр аялал жуулчлалыг бий болгоно. Орон нутгийн онцлог хэв шинжийг хадгалсан, харуулсан дахин давтагдашгүй амт бүхий хоол бол аялал жуулчлалын томоохон хэсэг. Үүн дээр жуулчны баазууд анхаарч, ажиллах хэрэгтэй. Хоол үйлдвэрлэл дээр тодорхой хэмжээнд ахиц гарч байгаа ч бизнесийн талаас нь харвал удаан байна. Сүүлийн жилүүдэд олон сайн тогооч хоол, үйлчилгээний инновац бий болж нэмэгдэж байна. Тиймээс монгол амтыг тодотгох хоолны жорыг бий болгох, дараагийн түвшинд хүргэх тал дээр жуулчны баазууд анхаарах хэрэгтэй.

Бүх аймагт аялал, жуулчлал хөгжих боломжтой, язгуур нөөцтэй гэж боддог. Орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд үйлчилгээний дэд бүтэц, хүрэх боломж, тухайн хүн мөнгөө өгсөндөө сэтгэл ханамжтай байх нөхцлүүдийг бий болгох хэрэгтэй.

Мөн орон нутгийн аялал жуулчлал дээр анзаарагддаг нэг зүйл нь аймгууд ялгаатай журам гаргачихдаг. Тухайлбал, зарим суманд дэлгүүрүүд нь 22:00 цаг гэхэд хаачихдаг. Аялаж яваа хүмүүс ямар нэгэн байдлаар мөнгөө зарцуулахыг бодож байгаа шүү дээ. Тиймээс жуулчид саатан зочлох боломжтой газрууд, үйлчилгээг бий болгох хэрэгтэй.Аялал жуулчлал энгийн зүйл. Нүхэн жорлон шийдэх ёстой асуудал мөн. Гэхдээ үүнийг ямар аргаар шийдэх ёстой вэ гэдэг нь бидний гарц. Түүнээс биш бүгдэд ус татдаг, суултууртай жорлон тавих гээд хэрэггүй. Үнэргүй, ороход цэгцтэй, цэвэрхэн байх асуудал чухал. Тиймээс хамгийн тохиромжтой энгийн ямар шийдлүүд байх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Аялал жуулчлалыг энгийн байлгах талаас нь бодохгүйгээр хурдацтай хөгжиж байгаа техник, технологийг дагаж бодоод байвал Монголынх биш болчихоод байгаа юм. Жуулчид монголчуудын ахуй амьдрал, онгон зэрлэг байгаль, энэ бүхнийг үзэх гэж зорьж ирж байгаа шүү дээ.

ЭВЕНТ ЗОХИОН БАЙГУУЛАХДАА ХУГАЦААГ НЬ УРТАСГАХ ХЭРЭГТЭЙ

-Зарим аймаг гадны жуулчин гэхээс илүү дотоодын аялагчдаа дийлэхгүй байна. Жилд ойролцоогоор 800-1сая орчим хүн дотоодын аялал жуулчлал хийдэг гэсэн судалгаа бий. Нэг сая хүн байна гэдэг маш том зах зээл байна гэсэн үг. Тиймээс дотоодын зах зээлдээ зориулсан ямар бүтээгдэхүүн, эвент хийх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхээр яах аргагүй аймаг орон нутгийн хөгжилтэй холбоотой нэг хүчин зүйл бол эвент. Манай улсад зохион байгуулдаг Мөсний баяр, Тэмээний баяр, Бүргэдийн баяр, Талын түмэн адуу гээд цөөн хэдэн эвент бий. Манай эвентүүд харагдах талаасаа бол хүний анхаарлыг татахуйц байж чаддаг. Харин эвентийн үйл явдлын хувьд өрнүүн, үзэж байгаа хүмүүс оролцож, өөрсдөө тухайн мэдрэмжийг авах тал нь дутагдаж байна. Мөн хугацааны хувьд тав дахь өдөр цугладаг, бямба гарагт нээдэг, ням гарагт өндөрлөдөг. Энэ хугацаанд үйл явдлууд нь нэгэн зэрэг өрнөөд дуусдаг. Харбины цас мөсний баяр яагаад дэлхийд алдартай болж, цар хүрээ нь улам нэмэгдээд байна гэхээр олон сарын турш үргэлжилдэгт байгаа юм. Тиймээс бид эвент зохион байгуулахдаа хугацаан дээр нь анхаарах нь зөв юм. Тухайлбал, Хөвсгөлийн мөсний баярын хугацааг нь урт болгож, долоо хоног бүр өөр эвент зохион байгуулдаг байх хэрэгтэй. Архангай аймгийн 100 жилийн наадам маш том жишиг эвент болсон. Мөн тухайн эвент жил бүрийн гуравдугаар сарын 22-нд болно гэвэл хугацааг нь өөрчлөхгүй байх хэрэгтэй.

ИНОВАЦ ШИНГЭСЭН, ЖУУЛЧНЫ БААЗЫГ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

-1956 онд Монгол Улсад анх жуулчинд үйлчлэх товчоо нээгдэж түүнээс хойш 1990 он хүртэл нэгдсэн бодлогоор явсан. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш бүх үйлчилгээ хувийн хэвшил рүү шилжиж, Монголын аялал жуулчлал зогсонги байдалд орох гэж байсан үе. 2019 онд цар тахал гарч, энэ үеүдэд аялал жуулчлалын компаниуд тухайн үүссэн нөхцөлд байдалд яаж ажиллах вэ, юун дээр илүү анхаарах вэ гээд боломжуудыг эрэлхийлсэн цоо шинэ үеийг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, Монголын аялал жуулчлалын түүхэнд нэгэн шинэ үе тохиосон. Тиймээс үүнтэй зэрэгцээд орчин үеийн аялал жуулчалын хэрэгцээ шаардлагыг хангаж чадах, үндэсний онцлог хэв шинжтэй аялал жуулчлалыг орон нутагтаа хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Жуулчны баазын гэр сууцнууддаа иновац хийх хэрэгтэй. 100 хүн хүлээж авах чадалтай жуулчны бааз гэж бодоход доод тал нь 25-30 гэр хэрэгтэй болно. Үүнд газар, үйлчилгээ гээд зочид буудлын 30 өрөөнөөс илүү өртөг зарцуулна. Тиймээс иновац шингэсэн, жуулчны баазыг бий болгох хэрэгтэй. Мөн гэрт орох боломжийг нь ч гэсэн байлгах хэрэгтэй. Сонголт байна гэдэг давуу талыг бий болгож байна гэсэн үг.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХҮНИЙ НӨӨЦ ДУТАГДАЖ БАЙНА

-Аймаг орон нутгийн аялал жуулчлалын менежментийг хийж байгаа бүтэц болхи байна. Өөрөөр хэлбэл тухайн аймгийн БОАЖ-ын газарт 24-25 хүн ажиллаж байхад нэг л аялал жуулчлалын мэргэжилтэн ажиллаж байна. Статистик судалгаа, сургалт, аялал жуулчлалын бодлогын баримт бичиг, хууль тогтоомж дээр ажиллах гурван мэргэжилтэнтэй байх хэрэгтэй. Нэг хүнээс биш гурван хүнээс үүрэг хариуцлага нэхэх өөр. Үүн дээр Өмнөговь, Баянхонгор аймаг Засаг даргын тамгын газар болон Байгаль орчны газартаа тус тусад нь нэг мэргэжилтэн байхаар өөрсдөө зохицуулалт хийгээд шийдэл эрэлхийлээд явж байна. Тиймээс орон нутгийн аялал жуулчлалын мэргэжилтэнүүдийн тоог нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарын боловсон хүчний хүрэлцээ багассан. Ялангуяа цар тахлаас үүдэн 2-3 жилд тэг зогсолт хийснээс болж бэлтгэгдсэн боловсон хүчин өөр салбарт ажиллаж байна. Аялал жуулчлалын олон компани байгаа ч гэсэн аялалын хөтөлбөр гаргах менежер олдохгүй байна. Тэгэхээр боловсон хүчний эрэлт хэрэгцээ улам л сул байна гэсэн үг. Одоогийн байдлаар 20-иод их, дээд сургуульд аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүнд ойролцоогоор 900-гаад оюутан суралцаж байна гэсэн судалгаа гарсан. Энэ тоо бол аялал жуулчлалын хүний нөөцийн хаана ч хүрэхгүй тоо. Мөн үйлчилгээний ажилтны эрэлт, хэрэгцээ их байна. Боловсрол, хөгжлийн нийгэмлэгээс “400 сая” төсөл хэрэгжүүлсэн. Мөн БОАЖЯ дэмжиж ажилласан.

Зуны улиралд оюутнууд гурван сар жуулчны баазад ажиллаад гурван сая төгрөгийн тэтгэлэг авдаг. Энэ төсөл ирэх жилүүдэд илүү өргөн цар хүрээг хамарвал зуны улиралд ч гэсэн жуулчны баазуудын үйлчилгээний ажилчдын зохих хувийг хангах сайн нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Аялал жуулчлалыг богино хугацаанд төлөвлөх боломжгүй. Урт хугацаагаар тогтвортой төлөвлөх ёстой. Үүний нэг нь яах аргагүй хүний нөөцийн асуудал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Zochin [59.153.86.80] 2023-11-28 23:30:25

Ene Mongol ulsad yu hiisen gulug we doctor gechjee ats min aytaihan yawaarai

Жуулчны баазыг малчид, орон нутгийнх нь өмчилдөг бил үү? [66.181.160.101] 2023-11-28 16:29:17

Жуулчлалын компани чинь малчдын компани байдаг юм уу? ЯГШДЭЭ! Бүгдийг нь ХОТ, АЙМГИЙН ТӨВД сурьшин амдардаг бизнесүүд болон дарга, гишүүд байдаг. Тэд нар зун, хавар/намар орлогоо хийж ашгаа хурааж авчихаад хот, аймгийн төврүүгээ ЯВЧИХДАГ. Сумын төсөвт тэд ашгаасаа өгдөг үү? ЮҮ Л БОЛДОО. Харин малчид тэр жуулчны баазуудыгсүү, идээ, махаар хангана, хүүхдүүдээ 4-хөн сар баазад ажиллуулна, өвлийн улиралд баазыг манана. Энэ ч бол зүгээр л хэмжээт ХӨЛСНИЙ АЖИЛ. Харин ашгийг нь хотын ЭЗЭД л авдаг ш дээ.

Зочин [203.98.76.249] 2023-11-28 11:01:00

аялал гэж хуцахаар хөдөө аажиллах боломжийг бий болго. хөдөө ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө бусад аргаа олно.

Салбарын байдал тогтворгүй байгаа юм биш үү? [66.181.160.101] 2023-11-28 10:47:09

Улирлын шинжтэй Монгол жуулчлал нь жилийн туршид өрнөдөг Ази, Европ, Европ буюу Африкийн жуулчлалтай өрсөлдөж ЧАДАХ УУ? Өрсөлдөхүйц дэд бүтэц, хүний нөөц, тээврийн систем байгуулж ЧАДАХ УУ? Улс төрийн тогтвортой байдлын хувьд Монгол Улс нь 2 хөршөөс их ХАМААРАЛТАЙ юм биш үү?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.