ЦЕГ: Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 222 иргэнийг 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүллээ

Aдмин / Хууль

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.04.01-ээс 07-ны өдрүүдэд) нийт 35,346 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 546 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 184, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 20, Өмчлөх эрхийн эсрэг 253, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 57, бусад 9 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 82.492 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 82.417зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 81.623 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 794 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3208, Танхайрах 192, Хүний биед халдах 399, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 237, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 74.146, бусад 4235 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 65 иргэнд 19.500.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 222 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 20, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 47, сураггүй алга болсон хүн 36, шүүхээс даалгасан хүн 60, зөрчил үйлдсэн 16 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:

Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт 2024 оны 03 дугаар сарын 05-аас 03 дугаар сарын 06-нд шилжих шөнө иргэн А бусдад зодуулж амь нас хохирсон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, тус хэргийг "Б" гэгч үйлдсэн болохыг тогтоон Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн M.Z мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Иргэн Х нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр “Алтай Таван Богд” байгалийн цогцолборт газраас хууль бусаар 31 ширхэг Монгол хадран загас агнаж, 1.860.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэн З, Ц нар нь орон сууцны хорооллын дунд, гудамж талбайн явган хүний зам дээр тээврийн хэрэгслийг тус бүр байрлуулж явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 дахь хэсгийн 35.2-д зааснаар зөрчилд холбогдогч нарт тус бүр 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.