С.Амарсайхан: Он гарсаар осол гэмтлийн улмаас амиа алдсан нийт иргэний 44% нь гол ус, үерийн эрсдэлээс болсон
Үер, усны цаг үеийн нөхцөл байдал, цаг агаарын байдлаас урьдчилан сэргийлэх талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "Зургаа, долоо, наймдугаар сард усархаг дуу цахилгаантай аадар бороо төвийн бүс нутгуудаар орох эрсдэл өндөр байгааг ЦУОШГ-аас мэдээлж, урьдчилан сануулж байгаа. Улс төрийн уур амьсгал орсон, сонгууль зохион байгуулагдаж байгаа энэ үед мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдохгүй, уялдаа холбоо алдагдахгүй байх хэрэгтэй. Сонгууль зохион байгуулах нэрээр албан тушаалтнууд дарга, сонгогчдыг дагаж ажлаа алдагдуулахгүй байхыг онцгойлон анхааруулсан.
Үер ус бууж, далан суваг задарч болзошгүй газар шаардлагатай тоног төхөөрөмж, элс хайрга материал зэрэг урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх ёстой. Бүх аймаг орон нутгийн хэмжээнд үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх байнгын штабууд ажиллаж байгаа. Он гарснаас хойш осол гэмтлийн улмаас амь насаа алдсан нийт иргэний 44 хувь нь гол ус, үерийн эрсдэлээс болж хохирчээ. Хоёр долоо хоногийн өмнө Тэрэлжид мотоциклтойгоо явж байсан эхнэр, нөхөр хоёрын нэг нь харамсалтайгаар дуу цахилгаантай борооны үеэр аянгад цохиулж амиа алдсан.
Завхан, Хэнтий аймагт түр зуурын бороо орж, хүчтэй салхи шуурсны улмаас айлын байшин барилга нурсан. Улмаар асар их хэмжээний хохирол учирсан зэрэг асуудал зургаадугаар сарын сүүлээс үргэлжлэх нь гэж ойлгож болно" хэмээв.
Мөн "Аялал жуулчлалын сар эхэлж, гадаад дотоодоос зочин гийчид олноор ирж Монгол Улсаар аялж байна.
Энэ цаг үед гол усны үерээс урьдчилан сэргийлэхээс эхлээд болзошгүй гэнэтийн аадар борооноос үүдэн эрсдэлд өртөхгүй байхад анхаарах нь чухал.
Ялангуяа
- Үерийн даланг хүчитгэх
- Далан нэмж байгуулах
- Далан суваг шуудууг цэвэрлэх, нээх хэрэгтэй" гэж Шадар сайд С.Амарсайхан ярив
Сэтгэгдэл