Дэлхийн банк: Хөгжиж буй орнуудад энэ онд хөрөнгө оруулалт эрс буурч, өрийн хэмжээ нь ихэссээр байна

Дэлхийн банк "2025 онд дэлхийн эдийн засаг 2008 оны эдийн засгийн хямралаас хойш анх удаа маш сул үзүүлэлттэй байх төлөвтэй байна" гэж дүгнээд, энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0.4 хувиар бууруулж, 2.3 хувьд хүргэж буйгаа мэдэгдэв. 2027 он гэхэд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ дунджаар 2.5 хувиар өсөх тооцоо гарч, 1960-аад оноос хойш анх удаа эдийн засгийн бүтээмж сулрах нь төлөв ажиглагдаж буй юм байна.
Тус банкны тайланд дурдсанаар, 2025 онд дэлхийн нийт худалдаа эргэлт 1.8 хувиар өсөх нь. 2000-аад оны эхэн үед дэлхийн худалдаа эргэлт 5,9 хувьтай байсан бол өнгөрсөн жил 3.4 хувиар л өссөн байна. Энэ онд дэлхийн инфляц 2.9 хувьд хүрч өснө гэж тус банк үзжээ.
Дэлхийн банк тариф, хөдөлмөрийн сул зах зээлийн улмаас инфляцыг цар тахлын өмнөх үед аваачиж бууруулж чадахгүй байна гэж дүгнэсэн байна. АНУ-ын эдийн засаг өнгөрсөн онд 2.8 хувиар өссөн бол энэ онд 1.4 хувиар л өсөх төлөвтэй байгаа аж. Харин Хятад улсын эдийн засаг 2024 онд 5 хувиар өссөн ч энэ онд 4.5 хувь л өснө гэж тооцоолсон байна.
Тарифын дайнаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн удаашрал хөгжиж байгаа орнуудад хамгийн хурцаар нөлөөлөх төлөвтэй байгааг Дэлхийн банкнаас анхааруулав. Мөн хөгжиж буй орнуудын түвшинд хөрөнгө оруулалт эрс буурч, өрийн хэмжээ нь ихэссээр байна гэж төсөөлжээ.
Эх сурвалж: WORLD BANK
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл