ААН бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг биржээр арилжвал үнэлгээг нь биржийн дүнгээр тооцон АМНАТ төлнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) тооцох аргачлалд өөрчлөлт оруулав. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэ талаар мэдээлэхдээ өмнөх тогтоолоор жишиг үнээр АМНАТ тооцож, бодит үнээс өндөр төлбөр авдаг байсан нь аж ахуй нэгжид дарамт үүсгэж байсныг онцолсон. Жишээлбэл, баяжуулсан коксжих нүүрсийг 22.6, хайлуур жоншийг 54.3, төмрийн хүдрийг 26.6 хувь илүү үнээр тооцож байжээ.
Тэрбээр “Түүхий эдийн үнэ их үед компаниуд тэсэж байсан ч үнэ багасахад алдагдалд орж, үйл ажиллагаа нь доголдож байна. Иймд бодит үнэлгээнд тулгуурласан, биржийн үнээр тооцохоор болж байна. Шинэ журамд зааснаар аж ахуйн нэгж бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг биржээр арилжвал нийт бүтээгдэхүүнийхээ үнэлгээг биржийн дүнгээр тооцон АМНАТ төлнө. Ингэснээр биржийн арилжааны идэвх нэмэгдэж, улсын төсөвт 100 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх тооцоо бий.
Мөн өмнөх зохицуулалтаар боловсруулах 47 үйлдвэр зогссон байсныг засах шийдвэр гаргалаа. Өмнө нь ТӨК-иас (Эрдэнэс Тавантолгой, Дархан төмөрлөг, Эрдэнэс Критикал гэх мэт) түүхий эд авч боловсруулсан бүтээгдэхүүнийг хилээр гаргахад бүртгэхгүй байсан тул аж ахуй нэгжүүд хохирч байсан.
Ашигт малтмалын биржийн тухай хуулиар биржээр худалдан авсан байх шаардлага тавьдгаас аж ахуй нэгжидэд хүндрэл үүсэж, үйлдвэр технологийн паркийн бодлого зогссон. Тухайлбал, Алтанширээтийн үйлдвэр технологийн паркт байрлах хорголжин тэжээлийн үйлдвэр энэ бодлогын зөрчлөөс болж хоёр жил зогссон. Харин одоо 30 гаруй аж ахуй нэгжийн 55 гэрээгээр 100 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдэж байна" гэж онцлов.
Засгийн газрын тэмдэглэлээр түр журам мөрдөж, цаашид Ашигт малтмалын биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Энэ нь боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг экспортлох шинэ гарцыг нээх нь.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.188.237] 2025-08-22 13:31:27
zov shiidver bna. bayajuulah uildver, teever sergene. AAN 4/1 gedeg ni harin yi gesen utgatai yum.boloo