СУРВАЛЖИЛГА: Тамхины онцгой албан татварын хоёр хувь иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд зарцуулагддаггүй

Тамхины онцгой албан татвар нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн чухал эх үүсвэр болдог ч өнөөг хүртэл түүний 2 хувь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, тамхины хор уршгийг бууруулах үйл ажиллагаанд зориулж зарцуулагдаж чадахгүй байгаа нь ноцтой асуудал болоод байна.
Энэхүү сурвалжилга нь тамхины хэрэглээ, татварын бодлого, мөн татварын орлого хэрхэн зарцуулагдаж буй талаарх бодит байдлыг тодруулж, олон улсын туршлагаас жишээ татан танилцуулж, хууль, бодлогын цоорхойг онцолж байна.
Түүнчлэн иргэд, бодлого боловсруулагчдад ойлгомжтой байдлаар хүргэх үүднээс инфографик, график, урсгал схемээр дамжуулан мэдээллийг хялбаршуулан танилцуулахыг зорив.
МОНГОЛЧУУДЫН ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭ ӨССӨӨР БАЙНА
Монгол Улсад тамхины хэрэглээ жилээс жилд нэмэгдсээр байна. Ялангуяа эмэгтэйчүүд, залуучууд, өсвөр үеийнхэн тамхинд автах хандлага эрс нэмэгдэж, хэрэглээ улам залуужиж буй нь сэтгэл түгшээхүйц үзэгдэл юм.
1997 оны байдлаар Монгол эрэгтэйчүүд дэлхийд тамхины хэрэглээгээр 42 дугаарт, эмэгтэйчүүд 67 дугаарт жагсаж байсан бол 2002 онд ДЭМБ Монгол Улсыг хэрэглээ хамгийн хурдацтай өсч буй 10 орны нэгээр нэрлэж байжээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд тамхины хэрэглээ огцом нэмэгдэж, 15 ба түүнээс дээш насны хүн амын 27 хувь нь тогтмол хэрэглэгч болсон байна. Түүнчлэн 2022 оны судалгаагаар хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг гэсэн ноцтой тоо баримт гарчээ.
ТАМХИНЫ ИМПОРТ: НЭГ ХҮНД ЖИЛД 50 ХАЙРЦАГ
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, 2022 онд Монгол Улс 74.4 сая ам.долларын үнэ бүхий 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи импортолсон нь өмнөх оноос 14.3 сая ам.доллароор өссөн үзүүлэлт юм. 2023 оны наймдугаар сарын байдлаар 2.2 тэрбум ширхэг импортолсон бол 2024 онд дахин 3.5 тэрбум хүрээд байна.
Тоон утгаар хувааж үзвэл, энэ нь Монгол Улсын нэг хүнд жилд дунджаар 1000 ширхэг буюу 50 хайрцаг тамхи оногдож байна гэсэн үг.
Импортын гол эх үүсвэр нь Өмнөд Солонгос, Казахстан хоёр улс бөгөөд “Esse”, “LD”, “Mevius”, “Caster”, “Raison” зэрэг брэндүүд хамгийн их эрэлттэй байна.
ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ДАВАМГАЙЛАЛ: ХОЁРХОН КОМПАНИ 85 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Одоогоор Монгол Улсад янжуур тамхи импортлох тусгай зөвшөөрөлтэй 19 аж ахуйн нэгж байгаа ч хоёрхон компани зах зээлийн 85 хувийг дангаар эзэлж байна.
- “Алтангадас Трейд” – 44% (Өмнөд Солонгосоос импортолдог)
- “Волтам” – 41% (Казахстанаас импортолдог)
Үлдсэн 15 хувийг бусад 17 компани хувааж байгаа ч зах зээлийн жин дарсан тоглогчид цөөн байгааг энэ тоо харуулж байна.
ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ БОДИТ БАЙДАЛД НИЙЦЭЖ БАЙНА УУ
Монгол Улсын хуулиар тамхины онцгой албан татвараас төвлөрсөн орлогын 2 хувийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлж, тамхины хор уршгийг бууруулах, урьдчилан сэргийлэх, боловсрол олгох, эмчилгээ, ухуулга сурталчилгааны үйл ажиллагаанд зориулах ёстой.
Ийнхүү Тусгай сангийн тухай” хуулийн 19.2 дугаар зүйл, Тамхины хяналтын тухай” хуулийн 4.1.1, Онцгой албан татварын тухай” хуульд тус тус заасан байдаг. Гэвч эдгээр хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Эрүүл мэндийн яам ч энэхүү 2 хувийг зориулалтын дагуу бүрэн зарцуулж чаддаггүйгээ хүлээн зөвшөөрөв.
Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:
-Тамхины онцгой албан татварын 2 хувийг иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор бүрэн зориулах боломжгүй. Энэхүү санд төвлөрсөн хөрөнгийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл орчин бүрдүүлэх, сэтгэцийн эрүүл мэнд, архи, тамхи, мансууруулах бодисын хорт нөлөөг бууруулах зэрэг олон чиглэлд хуваарилан зарцуулж байна. Эндээс харахад, татварын орлого эрүүл мэндийн салбарт шууд, зорилтот байдлаар очихгүй, ерөнхий төсөвт уусаж буг харуулж байна.
Олон улсын жишээ юу хэлэв?
Улс | Онцгой албан татвар | Хэрэглээний нөлөө |
---|---|---|
Их Британи | 80% хүртэл | Хэрэглээ эрс буурсан |
Франц | 80%+ | Эрүүл мэндийн санхүүжилтийн эх үүсвэр |
Австрали | 25-30 ам.доллар/хайрцаг | Залуусын дунд хэрэглээ буурсан |
Өмнөд Африк | Шат дараатай нэмэгдүүлдэг | Хор уршгийн талаарх боловсролд зарцуулдаг |
Монгол Улс | 38% | ДЭМБ-ын 70% стандартаас доогуур |
Шинжээчдийн байр суурь
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав:
-Хэрвээ татварыг зохих ёсоор үе шаттай нэмэхгүй бол хар зах зээл хүчээ авч, гаалийн авлига улам гаарна. Татвар төлдөг зах зээлээ үгүй хийх аюултай.
МУИС-ийн эдийн засгийн дэд профессор Н.Ууганбаатар:
-Тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол онцгой албан татварыг нэмэх. Ялангуяа залуусын дунд хэрэглээ эрчимтэй нэмэгдэж буй энэ үед илүү хүчтэй бодлого хэрэгтэй байна. Электрон тамхины хэрэглээ ч сүүлийн жилүүдэд санаа зовоож байна.
ЦААСАН ДЭЭРХ ХОЁР ХУВЬ БИШ, БОДИТ ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Төгсгөлд өгүүлэхүй. Тамхины онцгой албан татвар бол зүгээр нэг төсвийн тоо биш, эрүүл мэндийг хамгаалах бодлогын нэг хэсэг юм. Харин энэ татварын орлогоос иргэдэд очих 2 хувь хаана байна вэ?
Одоо бидэнд
- Татварын зориулалтын зарцуулалтыг ил тод болгох
- Эрүүл мэндийг дэмжих санд орсон мөнгийг зорилтот үйл ажиллагаанд хуваарилах
- Татварын хэмжээг ДЭМБ-ын стандарт (70%)-д хүргэх
- Ухуулга, урьдчилан сэргийлэх ажлыг орчин үеийн аргаар өргөн хүрээнд явуулах шаардлага тулгарч байна.
Хэрвээ энэ бодлого хэрэгжихгүй бол Монгол Улсын ирээдүй, ялангуяа өсвөр үеийнхэн тамхины хэрэглээний "гинжин донтолт"-д улам гүнзгий шигдэх магадлал өндөр хэвээр байна.
Д.ЭРДЭНЭТУЯА
Сэтгэгдэл