АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тэргүүн хатагтай Меланиа Трампын хамтаар энэ долоо хоногийн дундуур ИБУИНВУ-д төрийн хэмжээний айлчлал хийх гэж байна. Ерөнхийлөгч Трамп мягмар гарагийн орой Их Британид газардана гэж төлөвлөж байна. Түүний айлчлал лхагва, пүрэв гарагуудад үргэлжилнэ.
Трампын гэр бүлийг Виндсор шилтгээнд Их Британийн ирээдүйн хаан Уэльсийн хунтайж Уильям, гүнж Кэтрин нар угтаж авна. Мөн хаан гуравдугаар Чарльз, хатан Камилла нар угталтын дараа Америкийн Ерөнхийлөгч Трамп, тэргүүн хатагтай Меланиа нарыг хүлээж авна.
Трамп өмнө нь 2019 онд Их Британи улсад төрийн айлчлал хийж байна. Тэргүүн хатагтайн хамт ирэхэд нь Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет хатан амьд сэрүүн байсан билээ. Тэрээр хоёр дахь удаагаа ийнхүү Их Британид айлчлах гэж байна. Трампыг 2017 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж эхлэхэд тухайн үед Их Британийн Ерөнхий сайд байсан хатагтай Тереза Мэй Лондонд айлчлах урилга өгч байсан юм. Гэвч Трамп Тереза Мэйг огцрох жилд буюу урилга авснаасаа хойш хоёр жилийн дараа 2019 онд Их Британид айлчилж байжээ. Трампыг дахин сонгодсоны дараа Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер төрийн айлчлал хийхийг урьсан гуравдугаар Чарльз хааны урилгыг дамжуулжээ. Энэ удаад Трамп Их Британийн хаан болон эрх баригчдыг удаан хүлээлгэсэнгүй. Энэ жилийн айлчлалын гурав хоног Трампын анх удаа айлчилж байсан үеийн гурав хоногтой адил дайллага цайллага, төрийн хэмжээний хүлээн авалтууд, хүндэтгэлийн арга хэмжээ, дээд хэмжээний уулзалтуудаар дүүрэн байна. Гэхдээ ярих сэдвийн хувьд харилцан адилгүй байна гэж ажиглагчид сануулж байна.
Трамп Британийн Засгийн газрын тэргүүн Кейр Стармертай уулзана. Энэ үеэр дэлхийн хэмжээний асуудлууд болох Орос, Украины дайн, Газын нөхцөл байдлын талаар санал солилцохоос зайлсхийхээр байна. Учир нь Украины дайны асуудал дээр Лондон, Вашингтон харилцан адилгүй байр сууринаас хандаж байгаа юм. Трампын айлчлал вин-вин буюу Их Британи, АНУ-уудад аль алинд нь харилцан ашигтай байх болов уу гэсэн таамаг байна. Учир нь хоёр улс худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалт, мөн технологийн салбарт хамтын ажиллагаагаа сайжруулах хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгаа юм.
Трамп дахин сонгогдсон даруйдаа дэлхийн улс орнуудын бараа бүтээгдэхүүний татварыг нэмснээр худалдааны гэрээ хэлцлүүдийг шинэчлэх шаардлагатай болсон. Хоёр улс технологийн салбарын түншлэлээ улам бэхжүүлэх уулзалт, хэлэлцээрүүдийг хийх гэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал хиймэл оюун ухаан, квант тооцоолол, газрын ховор ашигт малтмалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Энэ хүрээнд хоёр улсын технологийн салбарын гүйцэтгэх захирлуудын уулзалт болно. Nvidia-ын гүйцэтгэх захирал Женсен Хуан, OpenAI-ын Сэм Алтман, Apple-ын Тим Күк нар уулзалтад нэгдэх ажээ. Хөрөнгө оруулалтын тухайд Их Британийн хиймэл оюуныг хөгжүүлэх томоохон мэдээллийн төвүүд, дараа нь цөмийн хөтөлбөрийг батлан хамгаалах салбарт ашиглах зэрэгт яригдаж магадгүй байна.
Сэтгэгдэл