Пентагоны тэргүүн: АНУ дайн хийхийг хүсэж байгаа бус, энх тайвныг эрхэмлэдэг учраас дайнд бэлтгэх шаардлагатай

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет тус улсын Зэвсэгт хүчний дээд командлалд хандан болзошгүй дайнуудад бэлтгэх шаардлагатайг онцлон мэдэгджээ.
Тэрбээр есдүгээр сарын 30-ны мягмар гарагт Виржиниа мужийн Квантико дахь тэнгисийн цэргийн баазад болсон дээд командлалын хуралдааны үеэр “Энэ мөчөөс эхлэн дахин байгуулагдсан Дайны яамны цорын ганц эрхэм зорилго бол дайныг удирдах, дайнд бэлтгэх, ялалтад бэлтгэх юм” хэмээн мэдэгдсэн байна.
Хегсет тайлбарлахдаа, АНУ дайн хийхийг хүсэж байгаа учраас бус, харин энх тайвныг эрхэмлэдэг учраас дайнд бэлтгэх шаардлагатайг онцолжээ. Тэр “Хэн ч дайныг хүсэхгүй. Гэхдээ энх тайвныг хүсэж буй хүмүүс дайнд бэлтгэлтэй байх ёстой” гэж нэмж хэлсэн байна.
Хуралдаанд оролцсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн армийн бодлогод суурь өөрчлөлт хийх шаардлагатайг дурджээ. Тэрбээр сүүлийн арван жилийн доройтлыг шүүмжилж, "Америкийн армийн дайчин сэтгэлгээг сэргээх"-ийг уриалсан юм.
Трамп цэргийн командлалууддаа “Бид Дэлхийн I, II дайнд ялалт байгуулсан. Түүнчлэн тэдгээрийн хооронд, өмнө нь ч ялж байсан. Одоо ч ялалт байгуулна” хэмээн хэлжээ.
Хегсет мөн армид хэрэгжүүлж байсан жендэр, арьсны өнгө, тэгш эрхийн хөтөлбөрүүдийг бүрэн цуцалж байгаагаа зарласан байна. Тэрбээр тус хөтөлбөрүүдийг “идеологийн хог хаягдал” хэмээн тодорхойлжээ
Хегсет “Арьсны өнгө, хүйсээр албан тушаал ахих тогтолцоо байх ёсгүй. Зарим тулааны даалгаварт эмэгтэйчүүд тохирохгүй байж болно. Тэр бол бодит үнэн” гэж мэдэгджээ.
Трамп энэ сарын эхээр гаргасан зарлигаараа АНУ-ын Батлан хамгаалах яамыг "Дайны яам" (Department of War) хэмээн албан ёсоор дахин нэрлэх санаачилга гаргасан.
Хегсет “Энэ бол хүч чадал, ялалтын дохио. Өнөөгийн дэлхий ертөнцөд ийм нэршил илүү тохиромжтой. Энэ бол зүгээр үг биш, харин дайчны ёс суртахууныг сэргээх алхам” хэмээн мэдэгджээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “Хатуу хүч хэрэгтэй. Бид хамгаалагч бус, жинхэнэ дайчдыг бэлтгэнэ” гэж мэдэгдсэн байна.
Гэсэн хэдий ч энэ санаачилгын хэрэгжилтэд АНУ-ын Конгрессын баталгаа шаардлагатай. Бүгд найрамдах намын сенаторууд Майк Ли, Рик Скотт, Грег Стьюб нар холбогдох хуулийн төслийг өргөн барьжээ.
Ардчилсан намын зүгээс уг санаачилгыг “үр ашиггүй, өртөг өндөртэй, анхаарал сарниулах алхам” хэмээн эсэргүүцэж байгаа аж.
Шүүмжлэгчдийн үзэж буйгаар, яамны нэр солигдсоноор дэлхийн өнцөг булан бүрт байрлаж буй АНУ-ын цэргийн баазуудын хаяг, эмблем, дүрэмт хувцсыг шинэчлэхэд хэдэн тэрбум доллар шаардлагатай болох юм байна.
Энэхүү хуралдаан болох талаар хэдхэн хоногийн өмнө мэдээлэл гарсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт байгаа АНУ-ын хэдэн зуун генерал, адмиралуудад шуурхай дуудлага очсон тул хэвлэлүүд “маш онцгой тохиолдол” хэмээн онцолжээ.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл