Монгол Улсын Нотариат-100 жил

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Нотариатын байгууллага нь 1925 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ардын Засгийн газрын 38 дугаар хуралдааны шийдвэрээр Шүүх явдлын яамны хэлтэст харьяалагдан “Гэрээ зэргийг гэрчлэх хэргийг эрхлэх салаа” нэртэйгээр байгуулагдсан нь чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтын хувьд өнөөгийн байр суурийг эзлэн хууль ёсыг бэхжүүлэх, иргэдэд эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх замаар өнөөдөр 100 жилтэйгээ золгож байна.

Түүхт 100 жилийн ойн хүрээнд Монголын Нотариатчдын Танхим 16 орны 60 гаруй төлөөлөгчдийг хамруулсан “Нотариатын эрх зүйн чиг хандлага” сэдэвт олон улсын семинар, Олон Улсын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын 15-р хурлыг эх орондоо зохион байгуулсан бөгөөд Танхимын үе үеийн удирдлагууд, нотариатчид, ажилтнууд болон Олон Улсын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн улсууд болох Япон, БНСУ, Хятад, Вьетнам, Узбекистан, Казахстан улсын нотариатын байгууллага, мөн Герман, Франц, ОХУ, Хорват, Сенегал, Бенин, Мексик, Косово, Албани зэрэг улсын төлөөлөгчид цуглаж, Төрийн ордонд хүндэтгэлийн хурлаа зохион байгуулсан.

Тус хурлын үеэр Монголын Нотариатчдын Танхимыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасан түүхэн үйл явдал тохиов. Улмаар бид нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аян болон гишүүддээ чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулан 100 жилээ угтаж байна.

Ийнхүү төрийн бүтцэд хэлтсийн хэмжээнд үүсэж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нотариатын байгууллага нь өдгөө мэргэжлийн 300 гаруй нотариатчдыг эгнээндээ нэгтгэж, үйлчилгээгээ XXI зууны дэвшилтэт технологид суурилуулж, нотариатын үйлчилгээг цахим хэлбэрээр гүйцэтгэж, иргэд төрийн e-mongolia системээр дамжуулан нотариатын үйлдлийн архивын баримтыг хуулбарлан авах боломжтой болсон томоохон амжилттайгаар түүхт ойгоо угтаж байна.

Өнөөдөр E.notary.mn цахим систем нь Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”, “Монголын Үнэт цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо” зэрэг байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна.

Нэгэн зууны түүхийг бүтээлцсэн Монголын Нотариатын байгууллагын үе үеийн нотариатчид, ажилтнууд, хилийн чанадад ажиллаж буй Дипломат төлөөлөгчийн газрын болон сумдын Засаг даргын Тамгын газрын нотариатын үүрэг гүйцэтгэгч Та бүхэндээ Монгол Улсад Нотариатын байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

АЛТАН ГАДАС ОДОНТ

МОНГОЛЫН НОТАРИАТЧДЫН ТАНХИМ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.