Н.Учрал: Тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо
Ахмадуудын шаардлагын дагуу УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгах асуудлаар Монголбанкны удирдлагууд болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзлаа.
УИХ-ын дарга хэлэхдээ "Тэтгэврийн зээлтэй ахмадууд сар бүр төлөлт хийсний дараа эм тариа, талх, сүүгээ авч чадахгүй байна. Эх орныхоо хөгжлийн сайн сайхны төлөө амьдралаа зориулсан азай буурлууд маань гавьяаны амралтаа аваад амьжиргаанд хүрэхгүй байгаа нь үнэн.
Улсын хэижээнд 294.4 мянган ахмад тэтгэврийн зээлтэй. Зээлтэй ахмадууд тэтгэврийн орлогынхоо 82.6%-г зээлийн төлбөрт суутгуулж, үлдсэн 17%-ийн орлогоороо эм тариа, ойр зуурын хэрэгцээгээ хангахад хүрэхгүй байна. Зарим ахмадуудын тэтгэвэр тэр чигтээ зээл төлөхөд зориулагдаж байна.
Энэ хүрээнд нийт тэтгэврийн зээлийн 95%-ийг олгодог Төрийн банк, Хаан банк болон мөнгөний бодлого хэрэгжүүлдэг Монголбанкны удирдлагуудтай уулзлаа.

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хугацааг сунгах, ачааллыг бууруулах, ахмадууд руу чиглэсэн санхүүгийн үйлчилгээ хүртээмжтэй байх асуудлаар иргэдийн саналыг уламжиллаа.
Жишээ нь 800 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмад 8 сая төгрөгийн зээлийг жилийн 17.8% хүүтэй авахад, хугацаа богино байх тусам гарт нь үлдэх мөнгө эрс багасдаг.
-12 сарын хугацаатай бол сар бүр 733 мянган төгрөг төлж, ахмадад ердөө 67 мянга л үлдэнэ.
-24 сарын хугацаатай бол 401 мянга үлдэнэ.
-36 сарын хугацаатай бол 512 мянган төгрөг гарт үлдэж, ахмадын амьжиргаанд бодит нэмэр болно.
Тийм учраас эхний ээлжинд одоо 18 сараар авсан тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгох, сар бүрийн зээлийн ачааллыг бууруулах боломжийг судлах, шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Монголбанк 12-р сарын 11-нд Мөнгөний бодлогын хороогоо хуралдуулж, одоо 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхээ илэрхийллээ.
Энэ бол ахмадуудад энэ цаг үед хэрэгтэй бодит дэмжлэг байх болно. Цаашид бид асуудлыг нэг удаагийн шинж чанартай гал унтраах биш уг сууриар шийдэх, олон давхаргат тэтгэврийн тогтолцоо руу шилжих шаардлагатай" гэлээ.





























































Сэтгэгдэл