ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрийг соёрхон баталснаар 5 улсын зах зээлд 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй нэвтэрнэ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын танилцуулснаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталснаар тус холбоонд нэгдсэн 5 улсын 185 сая хүн амтай зах зээлд 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй нэвтрэх юм байна.

Тэрбээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар танилцуулсан.

Ж.Энхбаяр сайд "Монгол Улсаас ЕАЭЗХ-д экспортлох бараанд 15–50 хувийн гаалийн тариф ногдуулж, эрүүл ахуй, хорио цээрийн өндөр шаардлага тавьж байгаа нь экспортын боломжийг хязгаарлаж байна.

Мөн нийт экспортын 91.2 хувь, уул уурхайн бүтээгдэхүүний 94.7 хувь, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолж байна. Энэ нь нэг улсын зах зээлээс хэт хамааралтай болж, эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулах хэмжээнд хүрээд байна.

ОХУ нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон тул тус холбооны дүрэмд заасны дагуу холбооны 5 гишүүн орон нь нэгдсэн татварын тогтолцоотой, бусад гадаад улс орнуудтай хийх худалдаанд нэгдсэн нэг бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд импортоор орж ирэх бүтээгдэхүүнүүдэд 15-50 хувийн татвар ногдуулахаас гадна эрүүл ахуй, хорио цээр, техникийн өндөр шалгуур, шаардлагыг тавьдаг тул Монгол Улсаас экспорт хийх бололцоо хумигдмал байна.

Иймээс гол түнш орнуудтай хийх худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулж, харьцангуй давуу талтай бүтээгдэхүүнээ саадгүй экспортлох, дотоодын үйлдвэрлэлд шаардлагатай орц, түүхий эд, тоног төхөөрөмжийг хямд өртгөөр импортлох нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Үүнийг хэрэгжүүлэх гол хэрэгсэл нь чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг байгуулах явдал юм" хэмээн тодотгосон юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.