ХААН Банк Канадын хөгжлийн санхүүгийн институтээс 50 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүллээ
Улаанбаатар хот, Монгол Улс (2025 оны 12-р сарын 15) – ХААН Банк нь Канадын хөгжлийн санхүүгийн институт (FinDev Canada)-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлж, 50 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ. Энэхүү санхүүжилт нь FinDev Canada-аас Монгол Улсад хийж буй хамгийн анхны хөрөнгө оруулалт гэдгээрээ онцлог бөгөөд Нидерландын хөгжлийн банк (FMO)-ны удирдан зохион байгуулсан 250 сая ам.долларын хосолсон валюттай хамтарсан санхүүжилтийн нэг хэсэг юм.
Энэхүү түүхэн хэлцэл нь олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудын дунд ХААН Банкийг нэр хүндтэй, урт хугацааны түнш гэдгийг бататгасны дээр Канадын хөгжлийн санхүүгийн институттэй стратегийн шинэ харилцааг эхлүүлсэн чухал алхам боллоо.
ХААН Банк нь энэхүү эх үүсвэрийг Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих санхүүжилтийн боломжийг өргөжүүлэхэд зориулах юм. Тодруулбал, нийт санхүүжилтийн 30 хувийг эрчим хүчний хэмнэлт, тогтвортой хөдөө аж ахуй зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах болон дасан зохицох чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэхэд, 30 хувийг эмэгтэй бизнес эрхлэгч харилцагчдынхаа бизнес эрхлэлт болон эдийн засгийн оролцоог дэмжихэд, үлдсэн хэсгийг бичил болон жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдаа дэмжих, тэр дундаа залуу бизнес эрхлэгч болон хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхлэгч харилцагчдынхаа санхүүжилтийн хэрэгцээг хангахад зарцуулах юм.
Түүнчлэн энэхүү санхүүжилт нь “2X Challenge” буюу эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хөгжиж буй зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой олон улсын санаачилгад нийцсэн санхүүжилт болж буйг дуулгахад таатай байна.
FinDev Canada-гийн Гүйцэтгэх захирал Лори Керр: “Бид ХААН Банк болон FMO-той хамтран Монгол Улсад анхны хөрөнгө оруулалтаа хийж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, санхүүгийн хүртээмжийг сайжруулах, жендэрийн эрх тэгш байдлыг сурталчлах, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжихэд ийнхүү хувь нэмрээ оруулж байгаадаа таатай байна. Бид хамтдаа нь хөгжлийн хөрөнгө оруулалтын үр нөлөөг дээд хэмжээнд хүргэх, мөн Монгол Улсын тогтвортой эдийн засгийн өсөлтийн урт хугацааны зорилтыг дэмжихэд хувь нэмрээ оруулах болно” гэж хэллээ.
ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр: “ХААН Банк нь FinDev Canada-тай урт хугацааны түншлэлийн харилцаагаа ийнхүү эхлүүлж байгаадаа баяртай байна. Бидэнд үргэлж дэмжлэг үзүүлж, сайн туршлагаа хуваалцан манлайлж ирсэн FMO-гийн хамт олонд мөн талархал илэрхийлье. Энэхүү санхүүжилт нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн гол цөм болсон гурван тэргүүлэх чиглэл буюу ногоон санхүүжилт, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, мөн бичил болон жижиг, дунд бизнес эрхлэлтийг дэмжихэд зориулагдана. Монгол Улсад FinDev Canada-гийн хийж буй анхны хөрөнгө оруулалтыг ХААН Банкаар дамжуулан олгож байгаа нь нэр төрийн хэрэг бөгөөд бид ирээдүйд энэхүү түншлэлээ өргөжүүлэн бэхжүүлж, урт хугацааны үр өгөөжтэй хамтын ажиллагааг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
FMO-гийн Хамтарсан санхүүжилт хариуцсан захирал Аннемикe Моквельд: “Тогтвортой санхүүжилт, тогтвортой хөгжлийн үр нөлөөг нэмэгдүүлэх хүрээнд хамтрагч байгууллагуудтай ойр ажиллах нь FMO-гийн 2030 он хүртэлх хэрэгжүүлэх стратегийн гол зарчим юм. Энэхүү хамтарсан санхүүжилтийн хүрээнд бид урт хугацааны түнш ХААН Банк болон итгэлт түнш FinDev Canada хооронд шинэ хамтын ажиллагааг эхлүүлж өгөх гүүр болж, хамтдаа санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх болсондоо баяртай байна” гэж хэллээ.
ХААН Банкны тухай
Монгол Улсын хамгийн том арилжааны банк болох ХААН Банк нь орон даяар нийт 548 салбар нэгж болон бүх төрлийн цахим сувгаар дамжуулан Монголын нийт хүн амын 82 хувьд үйлчилгээ үзүүлдэг. Дижитал шилжилт болон тогтвортой санхүүжилтийн чиглэлд тэргүүлэгч ХААН Банк нь хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээ болон ногоон зээл, жендэрийн санхүүжилт, жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хөтөлбөрүүд зэрэг инновацлаг шийдлүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна. “Хамтын өсөлт төгөлдөр” уриан дор ХААН Банк нь хариуцлагатай үйл ажиллагаа, ил тод болон найдвартай санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг орон даяар өргөжүүлэх ажлаа тууштай хэрэгжүүлсээр байна.
FinDev Canada-гийн тухай
FinDev Canada нь хувийн хэвшлүүдтэй хамтарч, хөгжлийг дэмжин ажилладаг Канадын хоёр талт хөгжлийн санхүүгийн байгууллага юм. FinDev Canada нь Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Парисын хэлэлцээрийн зорилтуудын хүрээнд хөгжиж буй орнуудын тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжих зорилго дор тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалт, холимог санхүүжилтийн шийдлүүд болон текникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг www.findevcanada.ca хаягаас авна уу.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк



































.jpg)




























Сэтгэгдэл