УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл: Би хэзээ ч ямар ч нөхцөлд бэлчээрээ хагалахгүй
УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл өөрийн цахим хуудастаа "Малчдад тэжээл тариалах зориулалтаар таван га газар олгох нь. Энэ талаар хүн бүхэн л өөрийн бодолтой байгаа байх. Зарим нь дэмжиж, зарим эсрэг байр суурьтай л байх шиг байна. Зөвхөн өөрийнхөө бодлыг л хэлье.
Би бол хэзээ ч ямар ч нөхцөлд бэлчээрээ хагалахгүй. Учир нь, би хар багаасаа өвөө, эмээгийнхээ хэдэн малын хажууд өсөж, яаж ч ядарч явсан тараг бүрэх таван ямаатайгаа байж, ямарч ажил алба хашиж явсан хэдэн малтайгаа хөөцөлдөж, сүүлийн арваад жил 60 хүртлээ малчин болж бэлчээр бол Монгол хүн амьдарч, Монгол Улс бусдаас ондоошин оршин тогтнох үндэс юм байна аа гэдгийг яс махандаа тултал ойлгосон хүн.
Би бодлоо, мал маллаж явах үед надад таван га газар хагалаад тэжээлийн ургамал тарих зав боломж гарах уу? Өөрөөсөө асуулаа, төр засгийн бодлого шийдвэрийг дэмжээд тарина гэж хүчээр бодлоо, тооцож үзлээ. За, таван га газраа хашина, гайгүй чанартай бат бөх хаших ёстой. Дор хаяж 15 сая төгрөг болох нь. Техник түрээслээд газраа хагалуулж, боловсруулж, бордуулна. Энэ бас мөнгө. Үрээ суулгана, хүн хүч хэрэгтэй, надад зүгээр зарагдах хүн олдохгүй. За үрээ нэг юм суулгалаа, услах хэрэгтэй, хаанаас юугаараа услах вэ? Аз болж бороо хур элбэг байя гэж бодоход ахиу ургац авахын тулд зэрлэгээ зулгааж арчлах шаардлага гарна, хэн хийх вэ? Өөрсдөө л хийнэ дээ.Яг үнэндээ юм тарина гэдэг хэн хүний хийдэг ажил биш ээ. Би тариаланч болох гэж хоёр жил “ шатаад” сүүлдээ сүүлээ хавчдаад зугтсан хүн, мэдэлгүй яах вэ? Малчин хүний хөдөлмөр зогсолтгүй.Хаврын ноолуур, мал төллөлт, нүүдэл суудал, ноосоо хяргах, тарилга туулга, угаалга, үүнийгээ нэг юм дуусгаад малаа хужирлах, сааль сүүгээ авах, хураах,намар борлуулах жаахан цагаан идээгээ бэлтгэх, намар хэдэн гүүгээ ахиухан саагаад цагаан сараар зарах ганц тонн айраг аятайхан бэлдээд хураачихмаар. Нөгөө таван га-д нь овоо юм ургачихсан байвал түүнийгээ хураамаар.
Гэтэл техник хүн хүч яах билээ, хажуугаар нь гүүгээ хоёр цаг тутам саах хэрэгтэй байдаг, залгаад өвөлжилт идэш ууш, нүүдэл суудал гэх мэт бодогдоод би л лав барахгүй юм байна болих минь гээд шантарч байна. Чи муу тэгээд шантарлаа гээд яах юм гэж өөрөөсөө асуух үед хариулт маань бэлэн, малчидтай гэрээ хийгээд шаардлагатай тэжээлийг нь бэлдээд өгчихдөг “дундын тариалалт хоршоо” ны Болорцогт, “Шим агро” Мөнхцолмон,Эрдэнэ шишийн Чука дүүтэйгээ гэрээлээд тэжээлээ авчих нь хамгийн зөв хувилбар байхад асуудал юу байна. Малчин хүний хөдөлмөр маш хүнд шүү дээ. Хоёр нарны хооронд борви бохисхийхгүй л ажиллана.
Тэдэнд хагас бүтэн сайн, баяр ёслол, ээлжийн амралт гэж байхгүй. За та тэгээд ямар бодолтой байгаа юм гэвэл надад туршаад үзчихсэн арга туршлага байна. Түүнийг залгуулаад бичих гэхээр хэт нуршуу болох гээд байгаа тул эхлээд үүнийг уншаад жаахан бодоод сууцгааж байгаарай. Би гарц шийдэлгүй юм ярихгүй. Үдийн дараа таван га-г орлох “бэлчээрийн нүд” буюу нөөц бэлчээр, нөөцийн нөөц бэлчээрийн тухай бичнэ ээ" гэв.
Малчин Алтангэрэл Пүрэв
















.jpg)
















































Сэтгэгдэл