Баруун бүсэд сэргээгдэх эрчим хүчний нарны цахилгаан станц барина
Эрчим хүчний яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 8 МВт.ц багтаамж бүхий батарей хуримтлууртай барих Түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр Хятадын “Зонгтиан фотоволтиак технологи”, “Жиансу зонгтиан технологи” компанитай гэрээ байгуулжээ. Гүйцэтгэгчээр шалгарсан компани нь дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй охин компанитай 16 мянга орчим ажилтантай БНХАУ-ын тэргүүлэх аж ахуй нэгжүүдийн нэг юм. Монголд барьсан анхны том чадлын батарей хуримтлуурын төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай. Энэ төсөл нь Азийн хөгжлийн банкны зээл болон Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжинэ. Ингэхдээ нийт санхүүжилтийн 40 хувийг Азийн хөгжлийн банкаар дамжуулан дээрх сангийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байгаа өндөр ач холбогдолтой төсөл юм. Төслийн хэрэгжилтийг Эрчим хүчний яам, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж хариуцах бөгөөд станцыг 300 хоногт багтаан ашиглалтад оруулна.
Энэ нь Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Баруун бүс нутагт эрчим хүчний яамнаас барьж буй тав дахь эх үүсвэр ажээ. Мянгад нарны цахилгаан станц 39.3 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэснээр импортыг 17 орчим хувиар бууруулж, 2.0 сая ам.долларыг жил бүр хэмнэх боломжтой гэж тооцсон байна. Мөн жил бүр 34.6 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. Төслийн барилга угсралтын ажлын үед 150 гаруй түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 14 хүний байнгын ажлын байр бий болно.
































































Сэтгэгдэл