BTS-ийн тоглолтыг Netflix-ээр шууд дамжуулна
К-поп ертөнцийн хамгийн алдартай хамтлаг болох BTS-ийн гишүүд бүгд цэргийн албаа хааж дуусгасны дараа анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ бямба гарагт буюу өнөөдөр Сөүлд тоглолтоо толилуулах гэж байна. Удаан хүлээлгэсэн тоглолтоо тус хамтлаг дэлхийн өнцөг булан бүрд буй шүтэн бишрэгчдэдээ Netflix-ээр шууд дамжуулан хүргэнэ.
"BTS The Comeback Live: Arirang" хэмээн нэрлэсэн уг тоглолт Өмнөд Солонгосын нийслэл хотын төвд орших Гванхамүн талбайд орой 20:00 цагт эхлэх бөгөөд дөрөв шахам жилийн дараа гаргасан хамтлагийн тав дахь студийн цомог болох "Arirang"-ийн нээлтэд зориулжээ.
Тоглолтыг үзэхээр 260 мянга орчим хүн ирэх төлөвтэй байгаа бөгөөд 2002 оны хөл бөмбөгийн ДАШТ-ээс хойш хамгийн олон үзэгчтэй нэгэн арга хэмжээ болох магадлалтай байна. ДАШТ-ий үеэр Сөүлийн гудамжинд 250 мянга орчим хөгжөөн дэмжигч цуглаж байжээ.
"Netflix" компанийн хувьд анх удаа хөгжмийн тоглолтыг шууд дамжуулах гэж байгаа бөгөөд уг төслийг "Hybe" компанитай хамтран хэрэгжүүлж байна.
BTS хамтлаг шинэ цомгоо гаргасантай холбогдуулан мөн “BTS The City Arirang Seoul” гэдэг нэртэй соёлын цогц үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бөгөөд хөгжим, медиа арт, хотын инсталляцыг хослуулсан уг үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 1 хүртэл Сөүл хот даяар үргэлжилнэ.
Д.ЖАРГАЛ




































































Сэтгэгдэл