Хиймэл оюунт чатботууд хөнөөлт контентууд бүтээж болзошгүйг анхааруулав
Хиймэл оюунд суурилсан "харилцан ярилцагч" чатботууд нь өсвөр үеийнхнийг хор хөнөөлтэй контентод өртүүлж болзошгүй байгааг Австралийн цахим аюулгүй байдлын зохицуулах байгууллагаас анхаарууллаа.
Тус улсын Цахим аюулгүй байдлын комиссоос мягмар гарагт гаргасан тайланд дурдсанаар, хиймэл оюунт "харилцан ярилцагч" чатботын үйлчилгээ үзүүлэгчид хүүхдүүдийг садар самууныг сурталчилсан агуулгатай контентоос хамгаалж чадахгүй байгаа төдийгүй хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой контент үүсгэхээс урьдчилан сэргийлэх хангалттай арга хэмжээ авахгүй байна гэжээ.
Зохицуулах байгууллагаас хиймэл оюуныг ашиглан "харилцан ярилцах" үйлчилгээ үзүүлэгч дөрвөн компанид цахим аюулгүй байдлыг хангах талаар албан мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд эдгээр компанийн алинд нь ч насны хязгаар тогтоох найдвартай систем байхгүй нь тогтоогджээ. Мөн дээрх компаниудын гурав нь амиа хорлох, өөрийгөө гэмтээх сэдвээр чааталсан хэрэглэгчдийг сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх тусламжийн үйлчилгээнд холбоогүй байна. Түүнчлэн хоёр компани хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглах, хүчирхийлэх утга бүхий контент үүсгэх нь хууль бус болохыг хэрэглэгчдэд сануулаагүй, ийм төрлийн материалыг хууль сахиулах байгууллагад мэдээлээгүй болохыг тайланд тэмдэглэжээ.
Австралийн 10-17 насны хүүхдүүдийн 8 хувь буюу 200 мянга орчим хүүхэд хиймэл оюунт "харилцан ярилцагч" чатбот ашиглаж байгаа тухай цахим аюулгүй байдлын комиссын дарга Жули Инман Грант мэдээлжээ.
Эдгээр чатбот нь хүүхдийн сэтгэл санаанд нөлөөлж, садар самуун төдийгүй өөрийгөө гэмтээх, амиа хорлохыг уриалсан харилцаа үүсгэж байгаад тэрбээр сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ.
Г.Энх-Од



































































Сэтгэгдэл