Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
Монгол Улсын Боловсролын Яам болон Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран 2026-2027 оны хичээлийн жилд Францын их, дээд сургуулийн магистрын түвшинд суралцах оюутнуудыг сонгон шалгаруулах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.
Тус хөтөлбөр нь хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, өрсөлдөх чадвартай хүний нөөцийг бэлтгэх, их, дээд сургууль болон судалгааны байгууллагуудын түншлэлийг дэмжих зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд магистрын түвшинд франц болон англи хэлээр суралцах боломжтой. Монгол Улсын хөгжилд шаардлагатай, Засгийн газрын 115 дугаар тогтоолоор баталсан тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцахыг давуу талд тооцно.
Сонгогдсон оюутнууд Францын визийн хураамжаас чөлөөлж, сар бүр 860 еврогийн тэтгэлэг авах, их, дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөх, оюутны байранд ороход давуу эрх эдлэх, эрүүл мэндийн даатгалд хамрагдах зэрэг нөхцөлөөр хангагдана. Гэхдээ тэтгэлэг нь бүх зардлыг бүрэн даахгүй тул нэмэлт санхүүгийн эх үүсвэр шаардлагатайг анхааруулав. Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргагч нь Монгол Улсын иргэн байх, бакалаврын зэрэгтэй, хэлний шаардлага хангасан байх ёстой. Англи хэлний хувьд TOEFL 72-оос дээш эсвэл IELTS 5.5-аас дээш, франц хэлний хувьд DELF B2, DALF эсвэл TCF B2-оос дээш түвшинтэй байх шаардлагатай юм.
Материал хүлээн авах хугацаа 2026 оны тавдугаар сарын 16-нд дуусах бөгөөд сонгон шалгаруулалт баримт бичгийн үнэлгээ болон ярилцлагын шаттай явагдана. Ярилцлагад тэнцсэн эсэхийг тавдугаар сарын 29-ний дотор мэдэгдэнэ. Бүрдүүлэх баримт бичгийг франц эсвэл англи хэл болон монгол хэл дээр хоёр хувь бэлтгэж, Францын Элчин Сайдын Яаманд “Сургалтын тэтгэлгийн хүсэлт” хэмээн хаяглан биеэр хүргэж өгөх шаардлагатай. Баримт бичиг дутуу болон хугацаа хоцорсон тохиолдолд сонгон шалгаруулалтад оруулахгүй.
Дэлгэрэнгүй мэдээллийг Францын ЭСЯ-ны 11-324519, Боловсролын яамны 51-262916 дугаараас лавлах боломжтой.































































Сэтгэгдэл