Эдийн засаг агшиж, иргэд гадагшаа гарч, бизнесүүд сөхөрч байна
Сүүлийн үед хотын төвөөр явахад “түрээслүүлнэ”, “үйл ажиллагаа зогсов” гэсэн бичигтэй хаалттай лангуу, дэлгүүр улам олширчээ. Нэг хэсэг нь түрээсээ дийлэхгүй хааж байна, нөгөө хэсэг нь ажиллах хүнгүй болсон учраас тогтож ажиллаж чадахгүй байгаагаа хэлдэг. Өнөөдөр Монголын эдийн засагт хамгийн их мэдрэгдэж байгаа асуудал бол хувийн хэвшлийн доройтол. Ялангуяа жижиг, дунд бизнесүүдийн нөхцөл байдал хүндэрч, олон байгууллага өдөр хоногийг арай ядан өнгөрөөж байна. Бизнес эрхлэгчидтэй ярихад хамгийн түрүүнд “ажиллах хүн олдохгүй байна” гэж хэлдэг болжээ. Цалин нэмсэн ч хүн тогтохгүй, ажилд орсон залуус удаан ажиллах сонирхолгүй, зарим нь бүр гадаад руу явах боломж хайж байдаг болсон байна.
Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгос, Австрали, Япон зэрэг улс руу ажиллаж амьдрахаар явж буй монголчуудын тоо эрс нэмэгдсэн. Ялангуяа залуус “Монголд олон жил ажиллаад ч амьдрал сайжрахгүй байна” гэж ярих болсон нь нууц биш.
Нөгөө талд нь дотоодын компаниуд хүний нөөцгүй болж, зарим салбар бараг зогсонги байдалд орж эхэлжээ. Барилга, үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарт ажилчин олдохгүй байгаа нь хамгийн том асуудал болоод байна. Мөн иргэдийн худалдан авах чадвар муудсан нь бизнесүүдэд давхар цохилт болж байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өдөр бүр өсөж байгаа ч хүмүүсийн орлого тэр хэмжээгээр нэмэгдэхгүй байна. Үүнээс болоод иргэд зөвхөн хэрэгцээтэй зүйлдээ мөнгө зарцуулж, бусад худалдан авалтаа танаж эхэлжээ. Худалдаа эрхлэгчдийн хэлж байгаагаар өмнө нь хүмүүс сардаа нэг удаа ч болов хувцас, бараа худалдаж авдаг байсан бол одоо зөвхөн хоол хүнс, хэрэглээний үндсэн зүйлдээ мөнгөө зарцуулдаг болсон байна.
Эдийн засагт мөнгөний эргэлт багасахын хэрээр компаниуд орлогогүй болж, улмаар цомхотгол хийх, үйл ажиллагаагаа зогсоох нөхцөл үүсч байна. Энэ нь эргээд ажилгүйдэл нэмэгдэж, иргэдийн амьжиргаанд дахин дарамт болж байгаа юм.
Эдийн засагчдын хэлж буйгаар Монголд өнөөдөр зөвхөн инфляц эсвэл валютын ханшийн асуудал биш, харин хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөрийн зах зээлийн хомсдол, иргэдийн амьдралын итгэл буурсан нь илүү том сорилт болж эхэлжээ.
Хэрэв энэ нөхцөл байдал удаан үргэлжилбэл хувийн хэвшил улам суларч, дундаж давхарга агших эрсдэлтэй байгааг бизнес эрхлэгчид анхааруулсаар байна. Монголын эдийн засгийг зөвхөн уул уурхай биш, харин ажил хийж, татвар төлж, бизнес эрхэлж байгаа хүмүүс авч явдаг. Харин өнөөдөр тэр хүмүүсийн тоо цөөрч, үлдсэн нь улам хүнд нөхцөлд ажиллаж байна.
Амина Б.


































































Сэтгэгдэл
Gonshignoj l baina uu [103.212.118.82] 2026-05-12 11:06:02
44 ikh nayad nuursnii mongoo avaach ee . 2500 litsenz baina . Uul uurhain ashigiin 50 huviig ni avdag boloe oo . Ard tumnii bayalag aa . Baigaa bolomjoo ashiglaj chadahgui bol hohino gehees oor uy gehev dee .