“Тусгай замын автобус (BRT)” төслийн зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг зарлалаа
Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, үйлчилгээ, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар түгжрэлийг бууруулахад ач холбогдол бүхий их багтаажийн нийтийн тээврийн хэрэгсэл “Тусгай замын автобус” төслийг 2025-2030 онд хэрэгжүүлж байгаа билээ. Тус төсөл нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих бөгөөд төслийн нарийвчилсан ажлын зураг төсөл боловсруулах (DED), барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээ (CS), мөн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээ (DOD)-ний ажлын даалгаврыг Нийслэлийн Засаг даргын А/573 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулж, баталсан.
Дээрх зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт нь Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулагдах бөгөөд оролцох сонирхол хүлээн авах олон улсад нээлттэй зарыг 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны цахим системд нийтэллээ.
“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намъянжүгийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө-Цэцэрлэгт хүрээлэн чиглэлд нийт 12.9 км урт, 19 зогсоолтой, өдөрт 140 мянгаас 180 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай байх юм.
Түүнчлэн төсөл хэрэгжсэнээр явган зорчигч болон дугуйн хөдөлгөөний дэд бүтэц сайжирч, замын хөдөлгөөний зохион байгуулалт боловсронгуй болохын зэрэгцээ агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн ажил эрхлэлт, боловсрол, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн олон талын үр өгөөж бүрдэх юм.
Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



































































Сэтгэгдэл