Жилд нэг уралдаж, хоёр барилддаг үндэсний өв соёл долоо хоног бүр зохиохоор нэр хүндгүй, үзэх үзэгчгүй болсноор мөхөл рүүгээ ойртлоо

Aдмин / Спорт

Морьтон монголчуудын ахуй соёл, төрт ёс, түмний бахархалтай салшгүй холбогдсон нэгэн нандин өв бол хурдан морины уралдаан. Эртнээс нааш тал нутгийн монголчууд эрдэнийн хүлгээ жилдээ ганцхан удаа сойн, зуны дэлгэр цагт болдог Үндэсний их баяр наадамдаа уралдуулж ирсэн түүхтэй. Монгол хүний хийморь, уяачийн ухаан, унаач хүүхдийн зориг тэвчээр, түмэн олны догдлол нийлсэн монгол наадмын оргил мөч нь жилд ганц болдог наадам байлаа.

Наадмын өглөөний наран мандахтай зэрэгцэн хязаалан, шүдлэн, соёолонгийн төвөргөөн тал дүүргэж, айраг түрүүний төлөөх өрсөлдөөн эхлэхэд түмэн олон чих тавин хүлээнэ. Тоос манарсан уудам талын цаанаас хурдан хүлгүүд эрчээ аван ойртож ирэх тэрхэн мөчид хөгшин залуугүй догдлон өндөлзөж “Аль нутгийн, хэний уясан, ямар хүлэг түрүүлэх бол” хэмээн харцаа алсад бэлчээнэ. Уясан эзний хувьд бүтэн нэг жилийн хөдөлмөр, шөнө нойргүй өнгөрүүлсэн хичээл зүтгэлийнх нь хариу тэр өдөр шийдэгддэг. Харин унаач хүүхдийн хувьд торгон жолоо өргөж, түмэн олны өмнө хурдан хүлгээ айрагдуулах нь насан туршийн бахархал болон үлддэг байлаа. Тиймдээ ч хүлэг нь шандастай, уяач нь уртай, унасан хүүхэд нь урам зоригтойгоор хурдан морьдын уралдаан болдог байв. Төрт ёсны түмний их баяртаа уясан хүлгээ давхиулж, түрүү, айраг хүртсэн уяачдын хөдөлмөр, унасан хүүхдийн урмыг ард түмэн, засаг төр нь үнэлсэн шиг үнэлж, хүндэлсэн шиг хүндэлж, байсан цаг саяхан. Хүндлэл, хүлээлт, үнэлэмж байгаа газар үзэгч байх нь мэдээж.

Гэтэл одоо ямар байгаа билээ. Жилд ганц болдог уралдаан жилийн дөрвөн улирлын турш уралддаг болж. Урин дулааны цагт бол долоо хоног бүр зохиогддог болсон нь үнэн. Эрийн хийморь болсон адуу гэдэг адгуусыг автомашин дээр ачаад, зохиогдож байгаа уралдаан болгонд оролцож, заримд нь хөөгдөн, заримд нь луйвардаж түрүү, айраг хүртдэг болсон ч үнэн. Сүүлдээ энэ мэт өдөр болгон шахуу болж байгаа уралдааныг үздэг, тоодог

хүн битгий хэл нохой ч байхгүй болж байна. Уяж байгаа хүлэг нь зарааных, унуулж байгаа хүүхэд нь хүнийх, уяа сойлгыг нь тааруулж байгаа хүн нь хөлсөөр ажиллахаар яаж ч хийморьт хүлгийн уралдаан болох билээ дээ. Энэ бол өв соёл огт биш. Нэр алдар, ашиг хонжоо, арилжаа наймаа хайсан уяач нэртэй хэсэг бүлэг хүмүүсийн л сонирхол, хобби.

Үнэндээ үндэсний их өв соёл хэсэг бүлэг нөхдийн хобби болтлоо устчихлаа. Устгаж байгаа эзэд нь өөрсдийгөө үндэсний өв соёл тээгч гэж ярьдаг том малгай, урт залаа унжуулж, хотонгийн хошууг салтаандаа чирсэн уяачид байдаг нь харамсалтай. Эрийн гурван наадмын нэг, монгол төрт ёсны наадмын салшгүй өв бол үндэсний бөх. Энэ бол зүгээр нэг биеийн хүчний өрсөлдөөн бус, монгол эр хүний тэсвэр хатуужил, ёс жудаг, омог бардам зангийн илэрхийлэл байсаар ирсэн. Тэртээх үеэс аваад саяхныг хүртэл хүчит бөхчүүд жилдээ ганцхан удаа болдог Үндэсний их баяр наадамдаа зодоглож, нутаг усныхаа нэрийг дуурсган зүлэг ногоон дэвжээн дээр үнэн хүч, эр зоригоо сорьдог байв. Харин хаврын тэргүүн сарын шинийн нэгний барилдаантайгаа нийлээд жилдээ ердөө хоёрхон удаа олны өмнө барилддаг байсан нь бөхийн дэвжээг үнэ цэнэтэй, хүлээлттэй, хүндэтгэлтэй хэвээр нь хадгалж чаддаг байжээ. Гэтэл өнөөдөр Үндэсний бөхийн барилдаан хэт олширч, утга агуулга, нэр хүндээ алдах хэмжээнд хүрчээ. Долоо хоног бүрийн бүтэн сайн болгонд барилдаантай. Улирлын нээлт, цолны хүндэтгэл, байгууллагын ой, нутгийн зөвлөлийн барилдаан, аз ёондоо, сугалаат, бооцоот гээд барилдаан зохион байгуулах шалтаг шалтгаан барагдахгүй болсон. Энэ янзаараа удахгүй хурим найр, хүүхдийн төрсөн өдөр, үсний найр бүрээр “бөх барилдуулдаг” болох вий гэх хошигнол ч үнэний ортой сонсогдох болов. Хамгийн эмгэнэлтэй нь энэ олон барилдааны үнэ цэнэ унаж, үзэгчдийн сонирхол эрс буурсан явдал.

Урьд цагт хүчит бөхийн барилдаан болно гэхэд түмэн олон догдлон хүлээдэг байсан бол одоо танхим дүүрэн үзэгчтэй барилдаан ховорджээ. Үзэж суугаа хүмүүс нь ихэвчлэн зохион байгуулж буй компанийн ажилчид, эсвэл тухайн нутгийн зөвлөлийн хэдэн төлөөлөгчид, иргэд байх нь олонтаа. Үзэгчгүй болсон учраас “Хүрээд ир, мөнгө өгье”, “Аз ёондоо нэг үзчих” гэж уриалдаг барилдаан ч гарч ирэв. Энэ бүхэн Үндэсний бөх спорт гэхээсээ илүү арга хэмжээний хэлбэр рүү гулсаж буйн шинж биш гэж үү. Юм ховор байхдаа үнэ цэнэтэй байдаг. Харин хэт олшрох үедээ утгаа алддаг жамтай. Үндэсний бөх ч мөн адил. Өдөр бүр шахуу болдог барилдаан ард түмний хүндлэл, хүлээлтийг үгүй хийж, бөхийн дэвжээний сүр хүчийг аажмаар бүдгэрүүлж байна. Бөхөө хөгжүүлж байна гэж ярьж байгаа ч үнэндээ үнэ цэнийг нь хямдруулж, ариун дэвжээг энгийн нэгэн шоу, ашиг сонирхлын хэрэгсэл болгож хувиргаж байгаагаа мэргэжлийн холбоо, бөхийн зүтгэлтнүүд гэгдэх нөхдүүд ойлгож байгаа юу. Үнэхээр өдөр бүр бөх барилдуулж, морь уралдуулснаараа үндэсний өв соёл дэлгэрч, дэлхий нийтэд түгэн сурталчлагддаг байсан бол бусад улс орон ч өөрсдийн өв соёлыг аль хэдийнэ өдөр тутмын үзвэр болгочих байсан биз. Гэтэл бодит байдал эсрэгээрээ. Үнэ цэнэтэй, нэр хүндтэй бүхэн тодорхой хэм хэмжээ, хугацаа, хүлээлт дээр тогтож байдаг. Наад зах нь олимп, тив, дэлхийн хэмжээний спортын тэмцээнүүд хэдэн жилд нэг удаа болдгийг бодох хэрэгтэй. Дөрвөн жил тутам зохион байгуулагддаг олимпийн эрхийг авахын төлөө дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүртэл өрсөлддөг. Нэг талаасаа улс орноо дэлхийд сурталчлах гэж, нөгөө талаасаа эдийн засгийн үр ашиг, нэр хүндийн төлөө тэр. Гэвч ашиг орлого олохын төлөө олимпийг жил бүр зохион байгуулдаг байсан бол өнөөдрийнх шиг үнэ цэнэтэй, хүн төрөлхтний хамгийн том баяр хэвээр үлдэх байсан гэж үү. Мэдээж үгүй. Хэт олширсон мөчөөсөө эхлээд нэр хүнд, утга агуулга, хүсэн хүлээдэг тэр онцгой мэдрэмжээ алдах нь гарцаагүй. Яг үүнтэй адил үндэсний өв соёл ч гэсэн хэмжээгээ алдвал үнэ цэнээ гээдэг. Өв соёл гэдэг өдөр тутмын хэрэглээ биш. Бүр ч зугаа цэнгэлийн тасралтгүй шоу биш. Харин тодорхой цаг хугацаанд түмэн олны хүндлэл, хүлээлт дунд болдог учраас л үнэ цэнэтэй байдаг. Ховорхон тохиох тэр мөчдөө монгол түмний бахархал, дурсамж, омогшлыг бүтээдэг болохоос биш, долоо хоног бүр давтагддаг энгийн үзвэр болчихоороо аажмаар мөн чанараа алдаж эхэлдэг юм.

“Олдохоороо өлдөнө” гэдэг үг бий. Өнөөдөр манай үндэсний спорт, өв соёлын өнөөгийн дүр зураг яг энэ үгтэй дэндүү адилхан болжээ. Үндэсний бөх, хурдан морины уралдаан нь ард түмний хүсэн хүлээдэг ховор нандин баяр биш, харин хэт олширсон, үнэ цэнээ алдаж эхэлсэн үзэгдэл болон хувирч байна. Тиймээс бөхийн барилдаан, хурдан морины уралдааны тоог цөөлж, улирал цагтаа, уламжлал ёс жаягтаа нийцсэн байдлаар баяр наадмаа хийдэг болох шаардлагатай боллоо. Ингэж чадвал бид үндэсний өв соёлоо илүү үнэ цэнэтэйгээр хадгалж, үндэстнээрээ бахархах омогшлоо сэргээж чадна. Үндэсний спортыг үндэсний спортынх нь мөн чанараар авч үлдэх нь хамгийн чухал зорилго байх ёстой. Ялангуяа эр хүний жудаг, ёс суртахуун, үгэндээ эзэн байх хариуцлагыг үндэсний бөхчүүд өөрсдөө үлгэрлэдэг байх шаардлага өнөөдөр улам тод мэдрэгдэж байна. Гэвч бодит байдал дээр хамгийн дээрэнгүй, хамгийн бүдүүлэг, ёс жудаггүй дүр төрх бөхчүүд, уяачдын дундаас харагдах болсон нь харамсалтай. Хурдан морины уралдаанд оролцож буй унаач хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшил, аюулгүй байдал ч нийгмийн анхаарал татах сэдэв болжээ. Эцэг эхийн хараа хяналтаас хол, хэдэн төгрөгийн төлөө хүний зан аашийг нь мэдээгүй хүлгийг унан амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулж буй хүүхдүүдийн асуудлыг бид өв соёл нэрийн дор үл тоомсорлож болохгүй. Өв соёл гэдэг нь зөвхөн хэлбэр төдий зүйл биш. Түүний цаана үндэстний үнэт зүйл, хүмүүжил, бахархал, жудаг оршдог. Харин энэ бүхэн алдагдаж, зөвхөн олширсон шоу, ашиг сонирхлын хэрэгсэл болон хувирвал нийгэмд үлдэх нь соёлын дархлаа биш, харин харанхуй масс л байх болно.

Тиймээс үндэсний бөх, хурдан морины уралдааныг цэгцэлж, тоо хэмжээг нь биш үнэ цэнэ, нэр хүнд, ард түмний хүлээлт, бахархлыг сэргээх цаг ирсэн юм биш үү.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Э.МӨНХТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.