Гавьяат жүжигчин Г.Доржнамжил: Цирк маань байхгүй болсон нь маш харамсалтай. 85 жилийн түүхэн өв соёлыг устгаж болохгүй

Aдмин / Энтертайнмент

-БИДНИЙ ЭНЭ ХҮРТЭЛ БҮТЭЭСЭН ЦИРКИЙН ТҮҮХЭН АЛДАР БҮДГЭРЭХ ЁСГҮЙ-


Ахмад циркчидийн холбооны тэргүүн, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Доржнамжил, Циркийн сургуулийн Акробат гимнастикийн багш Х.Анхбаатар нартай ярилцлаа.


-Энэхүү циркийн сургуулийн барилга нэлээд хуучирсан харагдаж байна. Түүхийн талаар яриагаа эхэлье. Циркийн сургууль сургалтаа явуулж байгаа юу?

Х.Анхбаяр: -1900 оны үед Дондогдулам хатан дуган барьж байсан түүхтэй энэ барилга 1941 оноос эхлээд Монгол циркийн байр болсон. Түүнээс хойш 85 дахь жилдээ барилгын хувьд чанарын шаардлага хангахгүй болсон ч энэ байрандаа үе үеийн циркчид тоглолт, бэлтгэлээ хийсээр байна. Сургууль бол Хөгжим бүжгийн сургууль буюу Монгол Улсын Консерваторийн салбар Циркийн сургууль гэж явдаг. Сүүлийн зургаа дахь жилдээ Чингэлтэй дүүрэгт түрээсийн байранд үндсэн таван төрлөөр, хөтөлбөрийн дагуу сургалтаа явуулсаар байгаа. Энэ намар 85 жилийн ойгоо тэмдэглэхээр манай удирдлагууд хамт олон бэлтгэл ажилдаа ороод явж байгаа. Барилгын тухайд 120-иод жилийн нүүр үзэж байгаа болохоор нурах хугарах эрсдэл үүсэх вий гэж, бэлтгэл сургуулилт хийх үед багш нар бид байнгын анхаарал болгоомж, хараа хяналттай ажиллаж байна.

Г.Доржнамжил: -Цирк маань байхгүй болсон шүү дээ. Маш харамсалтай байдаг. Гэсэн ч циркийн сургууль ирээдүй хойч, өсвөр үеэ бэлдэж л байх хэрэгтэй. Зогсож болохгүй. 85 жилийн түүхэн өв соёлыг тасалдуулж болохгүй.

-Таны нас сүүдэр хэд хүрч байна. Анх хэрхэн циркэд орж ирсэн тухайгаа хуваалцана уу. Ямар үзүүлбэрүүдэд тоглож байв?

Г.Доржнамжил: -Анх Улаанбаатар зочид буудалд ахыгаа дагаад ажил хийж яваад, гавьяат жүжигчин Ж.Дамдинсүрэн гуай намайг “Чиний гар ховор гар байна даа, чамайг циркэд авна аа” гэснээр багштайгаа танилцаж эхэлж байлаа. Одоо 83 нас хүрч байна. Циркдээ 1960-аад оноос эхлээд өнөөдрийг хүртэл 60 гаруй жил ажиллаж байна. Тэмээ болон сарлагтай акробат, хүнд жингийн үзүүлбэр гэх мэт нийт 40-өөд үзүүлбэрт оролцож тоглосон. Циркийн түүхэндээ хамгийн олон үзүүлбэрт орсон байдаг. Үеийнхэн маань ч цөөрч байна даа. Миний амьдралын түүх цирктэйгээ салшгүй холбоотой л явж байна. Одоо ч энэ 7 м-ийн тулгуур дээгүүр чөлөөтэй явна шүү дээ. Хүндийн жингийн үзүүлбэрт 850 кг өргөдөг байсан Д.Дамдин аваргаас эхлээд мундаг хамтрагчид, хамт олонтой ажиллаж байлаа. Дэлхийд байгаагүй үзүүлбэр шүү дээ. МУГЖ Ж.Жанчивдорж, Б.Норжмаа, Д.Цэеэ, Зуунжин …гээд л нэрлээд дуусахгүй авьяас чадвартай олон циркчид байлаа. Энэ хүртэл бүтээсэн циркийн түүхэн алдар бүдгэрэх ёсгүй байгаа юм.

-Циркийн сургуулийн тухайд нэг удаагийн элсэлтээр ямар насны, хэдэн хүүхэд элсэлт авдаг вэ. Төгсөгчид гараад ажлын байр хэр вэ?

Х.Анхбаяр: 7 дугаар анги төгссөн хүүхдүүд шалгалт өгч орох боломжтой. Нэг удаагийн элсэлт 35 хүүхэд авдаг, бүрэн дунд боловсрол эзэмшихийн хажуугаар циркийн мэргэжлийн дипломтой төгсгөдөг. Байр орчны хүрэлцээгүй учраас үүнээс олон хүүхэд элсүүлэх үнэхээр боломжгүй байдаг. Төгсөгчдийн тухайд ихэнх нь гадны орнуудад өндөр амжилттай ажиллаж байгаа. Хятад, Солонгос, Унгар зэрэг орнуудад морин урлагийн холбооноос 2000 орчим циркчид тоглолтоо хийгээд явж байгаа.

Г.Доржнамжил: -Цирк бол бүх мэдрэмж чадвар шавхдаг, нэг талаар урлаг, нөгөө талаар спортын төрөл юм. Дэлхийд ганц долоон эргэлт хийсэн СТА Т.Номуунбаатар гэх мэт залуус байна аа.

-Удахгүй хүүхэд залуучуудын зуны амралт эхэлнэ. Улс орнуудын хувьд хүүхдүүдэд үзэж харах урлагийн үзвэрийн төрөлд цирк зүй ёсоор ордог. Манай цирк ямархуу байдалтай байгаа билээ. Аса циркийн тухайд ямар бодолтой явдаг вэ. Стандарт тоноглолуудыг нураасан гэж яригддаг?

Х.Анхбаяр: -Гадаад дотоодын цирк оруулж ирж, хүүхэд багачууддаа үзүүлэх, таниулах ажлууд хийгдэж байгаа нь “Дэлхийн цирк” юм. Эрдэнэ продюсер зохион байгуулж байна. Тэнд манай циркийн хамтлагаас жүжигчид туслан ажилладаг. Цирк бол аюулгүй техник ажиллагаа талаасаа онцгой ур чадвар, мэргэжил шаарддаг урлаг. Румын улсын буцалтгүй тусламжаар манай улсын хүүхэд залууст зориулан баригдсан Улсын цирк маань 2007 онд “Аса цирк” болон хувьчлагдсан. Нэгэнт хувьчлагдсан барилгад засвар үйлчилгээ хийгдсэн байдлаас харахад, циркийн стандарт даацын тулгуур зэрэгт өөрчлөлт орсон, тоглолтын үед нэмэлт хүндрүүлэгч хэрэгсэл тавих шаардлагатай болсон зэрэг нь харамсалтай байдаг. Гэхдээ циркийн тоглолт хийх газраас илүү бэлтгэл сургалт, сургуулилтын байр бидэнд хэрэгтэй байгаа даа.

Г.Доржнамжил: -Яг үнэнийг хэлэхэд, циркээ хувьчлагдахад бид илүү сайжрах нь гэж баярласан. Гэтэл санаснаас өөрөөр эргэсэн дээ. Тухайн үед цирк жаахан гундуу байсан болохоор бид итгэхээс өөр сонголт байгаагүй юм. Манай цирк дэлхийд 5-д орох байгууламж гэдгээрээ онцлог юм. Циркийн тоглолт хийдэг газраас илүү сургалт хийдэг барилга байгууламж л чухал байна даа. Тэгвэл Монголын цирк хөгжих бүрэн боломжтой.

Б.Дарийм

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.