Э.Хишигдорж: Өнгөрсөн онд 8 мянган гаруй хүн хавдраар өвчилсөн байна

Aдмин / Эрүүл мэнд

Хавдрын эмчилгээ үйлчилгээ болон үйлчилгээнд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийн талаар Хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагаа, төлөвлөлт хариуцсан захирал Э.Хишигдоржтой ярилцлаа.

-Хавдрын эмчилгээний тоног төхөөрөмжийн хүчин чадал болон шинэчлэл хэрхэн хийгдэж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Өнөөдрийн байдлаар Хавдар судлалын үндэсний төвд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газрын хамтарсан төслийн хүрээнд бид нэлээд олон шинэ тоног төхөөрөмжийг авч үйл ажиллагаандаа ашиглаж байна. Тухайлбал, Манай Хавдар судлалын үндэсний төв MRI шинжилгээ хийдэггүй байсан. Өнгөрсөн 2025 оны сүүлээр MRI шинжилгээний шинэ аппаратаа хүлээж аваад одоо 100 хувь ашиглаад явж байна. Энэ аппарат суурилагдсанаар хавдрын оношилгоонд нэн чухал дэвшилт бий болсон. Хавдрыг зөвхөн томографаар оношилдог бөгөөд MRI шинжилгээг хувийн эмнэлгээр хийдэг байсан. Өнөөдөр бид хавдрын шинжилгээ, оношилгоонд MRI ашигласнаар мэдрэлийн хавдар, зөөлөн эдийн хавдар, нуруу нугасны хавдрыг оношилж илрүүлж байна. Мөн хавдрын цар хүрээ үе шатыг тодорхойлох боломжтой болоод ажиллаж байна.

Хавдар судлалын үндэсний төв дээр гол ачаалал өгөөд байгаа томографын асуудал байгаа. Манай дээр суурилагдсан томограф 70 мянган гаруй хүний зураг авчихсан, ашигласан, ашиглалтын хугацаа дуусчихсан. Энэ аппаратыг долоон жил ашигласан учраас шинжилгээ хийхэд их төвөгтэй, өдөрт 50 хүртэлх шинжилгээг нэг аппарат дээр авдаг. Байнга уртасгасан цагаар ажилладаг байсан.

Бид өнөөдөр төслийн хүрээнд 128 зүслэгтэй томографын аппаратаа шинээр суурилуулаад үйл ажиллагаандаа ашиглаж байна. Энэ нь ард иргэдэд хүрэлцээгүй, оношилгоо хийхэд дутмаг байсан асуудлыг шийдвэрлэхэд гол ахиц үзүүлсэн өөрчлөлтийг авч ирсэн. Бид хоёр ээлж гараад томографын шинжилгээгээ ард иргэдэд хийгээд явж байгаа. Мөн Маммограф байгаа. Энэ аппарат нарийвчлал бүхий биопсийн шинжилгээг өөрөө авдаг аппарат суурилагдсан байгаа. Өмнө Бид нэг том хөхний рентген зургийн аппарат ашигладаг байсан. Өнөөдөр хоёр Маммограф аппаратыг ашиглаж байна.

Мөн төсөл хөтөлбөрийн хүрээнд дурангийн тоног төхөөрөмж манай эмнэлэгт нийлүүлэгдсэн байгаа. Бид дөрвөн дуран шинээр тус бүр 10 уян дурантай болсон. Тухайлбал, улаан хоолой, гэдэсний оношилгооны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болсон. Одоо үйл ажиллагаандаа 100 хувь ашиглаж байгаа. Энэ жил бид дурангийн төвөө ашиглалтад оруулахаар барилга байгууламжийн заслын ажил хийгдэж байна. Дурангийн төв байгуулагдаж үйл ажиллагаанд орсноор дурангийн оочир хүлээлтийг бүрэн шийдэх боломжтой. Мөн эмэгтэйчүүдийн хавдрын оношилгоонд колпископи шинэ тоног төхөөрөмж ашигдаж байна. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг хүлээж аваад үйл ажиллагаанд ашиглаж байна. Ерөнхийдөө хавдар судлалын үндэсний төв сүүлийн жилүүдэд тоног төхөөрөмждөө илүү анхаарал хандуулж, ард иргэдэд чирэгдэл үүсэж байгаа асуудал дээр анхаарч ажиллаж байна.

-Одоо танай эмнэлэгт ямар тоног төхөөрөмж шаардлагатай байгаа бэ?

-Одоо бид үе шаттайгаар хэд хэдэн арга хэмжээг авахаар төлөвлөөд ажиллаж байна. Япон улсын Засгийн газрын дэмжлэгээр тоног төхөөрөмж авахаар төсөл хөтөлбөр явуулсан. Одоо хэлэлцээрийн шатандаа явж байна. Мөн мэдрэлийн мэс заслын төвийг байгуулахаар ажиллаж байна. Монгол Улсад эмчлэгддэггүй 26 өвчин байдаг.

Үүнийг нэг бүтэн заалтыг хасах зорилго тавиад Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газарт төслөө өгсөн. Энэ Засгийн газрын хурлаар ороод хэлэлцэгдээд явж байгаа. Эдгээр төсөл амжилттай хэрэгжээд явбал иргэдийн хүлээгдэл, гадагшаа гарах эмчилгээний зардалын асуудал нэлээд багасах боломжтой. Хүлээгдэл байхгүй болно гэж ярихад хэцүү. Үндэсний төв барилга байгууламжийн хувьд хуучирсан, бид тоног төхөөрөмжөө боломжийн хэмжээнд шинэчилж байгаа бодовч барилга байгууламжийн хүчин чадал багтаамжийн асуудал нэн тэргүүнд тавигдах ёстой байдаг. Иймээс Хавдар 2 төслийг хэрэгжүүлж байгаа.

-Тоног төхөөрөмж сайжирч байгаа учраас оношилгоо гэсэн сайжирч байгаа байх. Хамгийн түгээмэл оношлогдож байгаа хавдар?

-Өнгөрсөн 2025 оны статистик тоон мэдээллээр 8 мянган гаруй хүн хавдраар өвчилсөн байна. Үүнээс 4747 хүн хавдрын улмаас нас барсан байна. Өвчлөлийн байдлаар авч үзвэл Монгол Улсад элэгний өвчлөл тэргүүлж байдаг. Элэгний үрэвсэлт өвчлөл,вирусийн улмаас хавдрын нөхцөл байдал төдийлөн буурахгүй байна.

Мөн улаан хоолой, ходоод, уушгины хавдар гэсэн дараалалтай байна. Жил бүрийн тоон баримт статистикийг харж үзэхээр нас баралтаар элэг, улаан хоолой, ходоодны хавдар тэргүүлдэг. Бид бодлогын хүрээнд хавдрын улмаас нас баралтыг бууруулж найман хувьд хүргэх, тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд жил бүр төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Ер нь хавдрыг бууруулах, хавдрын улмаас нас баралтыг бууруулах нь урьдчилан сэргийлэх үзлэг. Иргэдийн хувьд урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаж чадна, төдий хэмжээгээр бид эмчлэх боломжтой байгаа.

-Хавдраас сэргийлэх хамгийн чухал зүйл нь эрт илрүүлэг. Ер нь оношлогдож байгаа хавдрын хэдэн хувь нь хожуу шатандаа оношлогдож байна?

-Өнгөрсөн жилийн статистик тоон мэдээллээс авч үзэхэд хавдраар оношлогдож байгаа хүмүүсийн 56 хувь нь хожуу оношлогдож байна. Энэ бол маш харамсалтай тоон мэдээлэл. Манай иргэдийн хувьд эрт илрүүлэг гэдэг зүйлийг танин мэдэх, нийгмийн асуудал зөрүүтэй байна уу гэж хувьдаа харж байгаа. Ард иргэдэд урьдчилан сэргийлэх танин мэдэх ажлын улс орон даяар давхар зохион байгуулж байж үр дүнд хүрэх болов уу гэж бодож байна.

-Манай улсад хавдрын оношилгоо сайн хийдэг, муу хийдэг гэсэн ойлголт байдаг учраас иргэдийн хувьд гадаадад очиж оношлуулах сонирхол нэлээд байдаг. Монголдоо хавдартай гэж оношлогдоод Хөх хотод очоод хавдаргүй оношлогдсон гэдэг асуудал гардаг. Манайх үнэхээр оношилж чадахгүй худлаа оношлоод гадаад очоод үгүйсгэж байна уу?

-Одоогийн байдлаар Хавдар судлалын үндэсний төв дээр хортой хавдар гэж оношлогдоод Хөх хотод очоод хавдар биш байна. Манайд хавдар биш байна гэж оношлогдоод Хөх хотод очоод хавдар гэж оношлогдсон тоон баримт ирсэн асуудал байхгүй. Ард иргэдэд буруу зөрүү ойлголт байж магадгүй. Өнөөдрийн байдлаар манай оронд хувийн эмнэлгийн тоо эхээр нэмэгдэж, хөгжиж байна. Ард иргэдийн хувьд гэсэн хувийн эмнэлгээр үзүүлж харуулж, урьдчилсан онош авч байгаа. Тухайн эрт илрүүлгийн төв тухайн оношилгоо хийлгэсэн хүнд ийм зүйл байна. Үүнийг тодруулах хэрэгтэй. Эрсдэлтэй хавдартай байж магадгүй гэдэг байдлаар хэлдэг. Тухайн иргэд манай төв дээр ирэхгүйгээр гадагшаа явж оношлуулаад буруу зөрүү асуудал үүсгэж байж магадгүй гэж эмч хүний хувиас харж байна.

-Оношилгооны талаар манай эмч нарын боловсрол ур чадвар хэр бэ. Манайх оношилгоо сайн хийж чадаж байна уу. Хавдраар оношлогдож байгаа иргэд яагаад гадаад руу явж эмчлүүлэх сонирхолтой. Энэ нь манай улсын эмчилгээ муу байгаатай холбоотой юу?

-Хавдар судлалын үндэсний төв дээр ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд бүгд гадаадад хоёр, гурав дахигч оронд давхар боловсрол эзэмшиж байгаа. Бид эмч нарынхаа багийн ур чадвар дээр анхаардаг. Бид Монгол Улсад робот мэс заслыг нэвтрүүлсэн. Багаараа Солонгос улсад мэргэжил эзэмшсэн. Өнөөдрийн байдлаар 6 тохиолдол дээр роботын мэс заслаа хийчихсэн. Энэ баг Солонгос улсад робот тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн компани дээр очоод сургагч багш гэсэн гэрчилгээтэй болчихсон. Одоо манай баг Монгол Улс даяар роботын мэс заслын сургалт хийх эрхтэй болсон. Мөн мэдрэлийн мэс заслыг хөгжүүлж байна. Монгол Улсад эмчлэгдэхгүй байгаа өвчний жагсаалтаас нэгийг хасах буюу тархины гүнд байгаа хавдрыг авах зорилготой нэгдүгээр ээлжийн баг БНХАУ-д суралцаад ирсэн. Одоо дараагийн төсөл хэрэгжихэд тоног төхөөрөмжөө хүлээж аваад бүрэн хүчин чадлаар ашигладаг болоход хоёр дахь ээлжийн сургалт давхар явагдана

Тоног төхөөрөмжөөс гадна эмч нарынхаа ур чадварт давхар анхаардаг. Мөн хэвлийн хөндийн дулааны аргаар химийн эмчилгээ хийдэг шинэ технологийг өнгөрсөн гуравдугаар сард нэвтэрсэн. Манай эмч нар багаараа Франц улсад мэргэжил дээшлүүлээд ирээд эмчилгээ хийгээд эхэлчихсэн. Энэ химийн эмчилгээ хожуу шатандаа оношлогдсон хэвлийн хөндийд хавдар тархсан тохиолдол хийдэг үр дүнтэй арга юм. Энэ нь гадагшаа явах урсгалыг эх орондоо шийдэх бүрэн боломжтой болж байгаа.

-Робот хагалгааг нэвтрүүлээд 6 хагалгаа амжилттай хийсэн гэж байна. Хэзээнээс нэвтрүүлсэн бэ. Цаашид энэ чиглэлээр ямар хагалгаа хийхээр төлөвлөж байна?

-Робот мэс заслын төхөөрөмжийг 2025 оны 12 дугаар сард хүлээж авсан. Робот мэс заслын цар хүрээ цээжний хөндий, хэвлийн хөндий мэс засалд ашиглах бүрэн боломжтой. Бүх бүх заслыг үед шаттайгаар нэвтрүүлээд багууд хамтарч ажиллаж байна. Элэг цөс нойр булчирхай эрхтэн шилжүүлэх төвийн эмч нар хамгийн түрүүлж байгаараа суралцсан. Одоо эмч нар сургах эрхтэй болчихсон. Дотроо ерөнхий мэс заслын эмч, цээжний хөндий мэс заслын багийнхантай хамтраад бусад мэс заслаа хийж байгаа. Робот мэс засал бидний хувьд шинэ төдийгүй. Монгол Улсын хувьд гэсэн шинэ байсан. Өмнө нь робот мэс заслыг хардаг л үе байсан. Өнөөдөр бид Монгол Улсын ангаах ухаанд шинэ хөгжлийг авч ирсэн. Одоо хийгдэж байгаа хагалгаа бүхэн шинэ байна. Элэгний хавдрыг роботын заслын аргаар тайрч байна. Хамгийн сүүлд улаан хоолой хавдрыг авах мэс заслыг роботоор амжилттай хийсэн. Энэ бүхэн бидний хувьд шинэ байгаа боловч ур чадвар өдөр өдрөөр сайжирч байна.

-Манай улсад эмчилгээ оношилгоо улсын болон хувийн эмнэлгүүд бүгд хийж байгаа. Хавдрыг оношилгоог хувийн эмнэлэг болгон хийх боломжтой юу?

-Хувийн эмнэлгүүд хавдрын оношилгоо хийх боломжтой. Гэхдээ нарийн мэргэжлийн, мэс заслын химийн гэх мэт. Мөн хавдар судлалын үндэсний төвд туяа эмчилгээний төв гэж байдаг. Энэ асуудлууд хувийн эмнэлэг дээр дутагдалтай асуудалтай байдаг. Оношилгооны асуудал багажийн шинжилгээ, дурангийн шинжилгээнүүд хувийн эмнэлэг дээр хийгээд явж байгаа.

-Хавдраар өвчилж байгаа хүмүүс насыг залуужиж байна гэдэг. Бодит байдлаар аль насны хүмүүс хавдраар оношлогдож байна бэ?

-Статистик тоон мэдээллээс харахад залуу хүмүүс хавдраар өвдөөд байна уу гэвэл бас нэг өрөөсгөл. Зонхилон тохиолдож байгаа 7 байрлалын хавдраар эрсдэл бүлгийн бүлэг, элэгний хавдар дээр В,С вирустэй D вирус хавсарсан байвал 18 дээшээ бол элэгний вирус тоолох шинжилгээнд хамрагдах ёстой. Мөн улайн хүзүүний шинжилгээг заасан насандаа өгөх ёстой гэдгийг гаргасан байдаг.

-Зонхилон тохиолдох 7 хавдарт ямар төрлийн хавдар багтаж байна бэ?

–Зонхилон тохиолдох 7 хавдрын тэргүүлэх байранд элэг, улаан хоолой, уушги, бүдүүн шулуун гэдэс, бөөр, нойр булчирхай гэсэн дараалалтай оношлогдоод явж байна.

-Хавдрын эмнэлгийн ачаалал оочир дараалал хэр байдаг. Иргэдийн хувьд үзүүлж харуулахын тулд хэдэн сараар нь оочирлодог гэдэг асуудал их яригдаг. Бодит байдал дээр оочир дараалал хэр байдаг бэ?

-Хавдар судлалын үндэсний төвийн үйлчилгээний тусламж чанарыг сайжруулахын тулд хэд хэдэн арга хэмжээ авч байгаа. Анх үйлчлүүлж байгаа иргэдэд анхлан үйлчлүүлэгч гэсэн тэмдэглэлээ зүүгээд цахим бүртгэлээс ямар чиглэлээр үйлчилгээ авах гэж байгаа талаар мэдээллээ бүртгүүлээд эмчдээ үзүүлэх цагаа авна. Анх үйлчлүүлэгч ирсэн өдрөөс хойшоо процессын хувьд сарын зураглал явдаг. Эмчдээ үзүүлээд холбогдох шинжилгээ өгнө. Хавдрыг оношилгоог олон талаас нь цогц шинжилгээ хийж байж, хортой хоргүй гэдгийг нотлох арга хэмжээ явагдаг. Тухайлбал, томографик, дурангийн шинжилгээ гэх мэт хийдэг. Эхний шинжилгээгээр хавдартай байна гэдэг асуудал байхад дараа нь эмгэг судлалын шинжилгээнд ордог. Тухайлбал, мэс засал, дүрсний хяналттай эдийн шинжилгээ, дурангийн эдийн шинжилгээгээр эмгэг судлал өгдөг. Тодорхой хугацааны дараа шинжилгээний хариу гарахад 7-14 хоног болдог. Эдийн шинжилгээ дээр ачаалал үүсээд байдаг. Хувийн эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн тохиолдол бид ахин эдийн шинжилгээ хийлгэх шаардлага тавьдаг. Учир нь заавал батлах ёстой. Энэ процесс иргэдэд хүлээгдэл үүсгэх байгаа шиг харагдах байх. Анх ирээд тусламж авч байгаа хүмүүс манайд хамгийн хурдан боломж хугацаагаар үзүүлж байгаа.

-Хавдраар оношлогдсон байдлаа сонсоод хүмүүсийн сэтгэл зүйд маш хүнд тусдаг. Энэ үед эмнэлгээс ямар нэгэн сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлдэг үү?

-Хортоо хавдартай гэдэг мэдээ сонсох хүн бүхэнд хэцүү байдаг. Иймээс энэ асуудлаар хавдар судлалын үндэсний төв дээр сэтгэлзүй ажиллаж байна. Мөн нийгмийн ажилтан,хоол зүйч эмчилгээний дараа юу хэрэглэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч байгаа. Хавдрын оношилгоо эмчилгээг нэг хоёр эмчийн хийдэг зүйл биш, багаар ажиллаж, эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг. Мөн эмчлүүлж байгаа хүний сэтгэл зүйн хамгийн чухал. Хийгдэж байгаа эмчилгээний үр дүнд тухайн хүний сэтгэл зүйн тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Иймээс хүн бүхэн эрт илрүүлэгт орж байх шаардлагатай гэдгийг хэлмээр байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Эх сурвалж: MNB


Сэтгэгдэл

иргэн [59.153.86.144] 2026-06-11 10:45:06

Улсын эмнэлэг нь нарийн шинжилгээгээр насаар НД төлсөн хүнд хийж чадахгүй хувийн эмнэлэг рүү явуулж байхад хавдар ихсэхгүй байх арга үгүй шүү дээ. Аль хэзээний л ийм байсан. Одоо бахь байдгаараа л байх юм. Ёстой гайхмаар


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.