Хаашаа л харна, айж хулчийсан монголчууд язганалдаж байна
Манай улсын нийгэм хардлага сэрдлэг, айдас хүйдэст автаад эрүүл ухаанаа алдчихаад байна. Том, жижиг ямар ч асуудал үүслээ гэсэн элдвээр хардаж, эсвэл айцгааж байгаа нь илт харагдаад байх юм. Хуйлраад л орилолдоод унах юм. Тэд шүүмжилж байгаа биш, хулчийж айж буй нь илт мэдрэгдэж байдаг. Монголчууд бид л ийм болчихсон юм уу. Эсвэл дэлхий нийтээрээ ард түмэн гэдэг ийм хулчгар байдаг юм уу гэж эргэлзэхэд хүрч байна.
Хамгийн ойрхны жишээнээс эхэлье. Казахстан улс Баян-Өлгий аймагт Консулын газраа нээх юм гэнэ гэсэн яриа цахим орчинд өрнөсөн. Үүнийг дагаад газар нутгаа алдах нь, улсын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлнө гэсэн айдас ханхлуулаад орилолдоод эхэлсэн. Нэмээд Казахстанаас манай улс нефть импортлох гэсэн чинь Оросоос явуулж байгаа хорлон сүйтгэх бодлого нь энэ гэсэн хардлага ч амжилттай явж их юм боддог хүмүүс шиг дүр эсгэцгээж байна. Юу гэж ийм зүйл байх билээ дээ чааваас. Хүнийг хорлох байтугай өөрсдөө бензин топел-оор тасарч байгаа орон. Бас хасгууд монгол хэл мэдэхгүй байна, энэ нь зориудын дайсагнасан бодлогын үр дүн гээд л бичдэг болгон нь гэртэй нуугдаж суугаад утсаараа онолдож байгааг бид харж байна. Миний үеийнхэн бол мэдэхгүй. Маниасаа арай дээшээ үеийнхнийг орос хэл л сурахгүй бол амьдрахгүй гэж суртал ухуулга явуулж, хүчээр орос хэл заадаг байсан гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр тэр хүчээр сурсан хэлээ ашиглаж, амьдрал ахуйдаа хэрэглээд байгаа нь хэд байна гэдгийг мэдэх үү. Ойр зуурын хэд гурван үгнээс цааш “Миний мэддэг орос хэл” дуусдаг нь худлаа биш шүү дээ. Түүн шиг л зүйл манай казах үндэстнүүдэд тохиолдож байгаа хэрэг. Мэдээж бага залууд нь монгол хэлийг заадаг. Гэвч яг л үндэстэн дотроо амьдарч, өөрсдийн төрөлх хэлээрээ ойлголцож, монгол хэлийг тэр бүр хэрэглэхгүй болохоор мартана. Ер нь хэл гэдэг хэрэглэхгүй л бол мартагдаж, гээгддэг учиртай. Түүнээс биш монгол хэлийг гайхамшигтай эзэмшиж, төр түмнийхээ төлөө ажиллаж яваа олон казах бий. Гэтэл тэнд хэдэн казах хүн монголоор ярихгүй байгаа улсын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлчих юм шиг айцгаагаад, бусдыгаа дэвэргэж хөөргөөд байх хэрэг юу байгаа юм бэ. Дээрээс нь дэлхийн олон хотод манай улсын Консул үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг мэдмээр л юм. Тэр ч бүү хэл Хөх хотод хүртэл Консулын газар маань бий.
Холдож алсраагүй, байнга шахуу өрнөдөг бас нэгэн жишээ байна. Энэ бол гэрээ хэлцэл байгуулсан цагаасаа л олны хэл амны бай болж ирсэн Оюу толгой. Саяхан даа, хэдэн нөхөр очиж Оюу толгойн баяжмал зөөдөг замыг нь хаав даа. Үүнийг дагаад өнөөх л айдас хүйдэс, хардлага явсан. Ингэж байгаад Оюу толгойг оросуудад өгөх гэж байна. Ганц орлого оруулж байгаа компанийг байхгүй болгоод 2000-аад оны эхэн үе шигээ ам.долларын хомсдолд орж, улс орны эдийн засаг элгээрээ хэвтэхээр боллоо гээд л шуугьцгаасан. Хаанаас ийм зүйл байх билээ дээ. Муу ч сайн ч төртэй, тусгаар тогтносон улс байна. Олон улсын гэрээ конвенц гэж юм байна. Дээрээс нь хэдэн залуучууд очоод замыг нь хаагаад хэвтчихээр хаагдчихдаг Оюу толгой ч гэж юу билээ. Яг үнэндээ ирэх сонгуульд нэр дэвших санаатай, түүнээсээ болоод хүнд нүдлэгдэж танигдах гэсэн хэдэн авгайн л хийрхэл гэж бодогдохоор. Ингэж нэг талдаа олон нийтийн анхааралд өртөж, өөрсдийгөө дахин сануулах, нөгөө талдаа сонгуулийн зардлаа босгох тухай бодолцсон байж ч мэднэ. Эсвэл үнэхээр юу ч мэдэхгүй, дээрээс хардлага сэрдлэг нь бүүр парной болсон, юм болгоноос айж хулчийдаг байдаг л хэдэн монголчууд биз ээ.
Нэмээд манайхныг хамгийн их айлгадаг зүйлс бол Халзан бүрэгтэйн газрын ховор элемент, Дорноговийн ураны орд байдаг. Хоёр толгойтой хурга төрлөө гээд л айцгаагаад эхэлдэг. Гэтэл яагаад энэ бүхнээс чинь дэлхий айхгүй байгаа юм. Өндөр хөгжилтэй улс орон бүр шахуу атомын цахилгаан станцын хөгжлийг улам боловсронгуй болгож, технологийн дэвшлийн хамгийн гол хөзөр болсон газрын ховрыг олборлох, хайж олох уралдаанд хамаг байдгаа зориулж байна. Гэтэл манайд болохоор олборлож, ашиглаж эхлээгүй байхад л хор уршиг нь гараад хоёр, гурван толгойтой төл гараад эхэлдэг. Тэгэхээр энэ бол олон нийтийн айдас, хардлага дээр дөрөөлсөн хэдэн шантаажчдын л ажил. Ард түмний энэ айдас гадныханд олз болоод байна. Тэдний хувьд бид бөх, морио яриад л, уул усаа тахиад л, дээлийнхээ хормойг өшиглөж явах нь ашигтай байгаа хэрэг.Хөгжиж хөлжиж баян тарган болж болохгүй гэсэн хар хайрцгийн бодлогыг нь зөрчөөд байгаа хэрэг юм. Тийм болохоор том гүрнүүдийн бодлого манай хэдийн айдсаар дамжиж бидэнд нөлөөлөөд байхыг үгүйсгэх аргагүй.
Харамсалтай нь бид өнөөдөр шинжлэх ухаанаар бүрэн тасарсан гэхэд хилсдэхгүй. Шинжлэх ухаан, эрдэмтдийн төлөөлөл болж УИХ-д сонгогдсон гишүүн нь “Оросын 10 жилийн боловсролын систем рүү буцаад шилжвэл яасан юм бэ” гэсэн зүйл байнгын хорооны хурал дээр яриад сууж байгаа нь өөрөө эмгэнэл. Дээр гарчихаад ийм зүйл ярьж байгаа нөхдүүдийг сонсохоор монголчууд дэлхийн талыг эзэлж явахдаа олигтой нь тэр улсуудад үлдээд, энд үлдсэн хэдэн хормойгоо чирсэн юмных нь аль толгойтойг нь оросууд нэр гаргаж байгаад буудчихсан гэдэг явган яриа үнэний ортой мэт. Тийм болохоор одоо хэдүүлээ энэ зангаа эртхэн засах хэрэгтэй. Хоёр туйлт сэтгэцийн эмгэг гэдэг шиг аргал хөдлөхөөр л айж, ардах урдахаа хардаж сэрдэж явдгаа болимоор байна.
Нийгмээ нийтээр нь эрүүлжүүлж, ард түмнээ илүү хэрсүү болгох тал дээр төр засгаас ч анхаарч, дунд болон урт хугацааны шийдлүүдийг олох хэрэгтэй. Энэ бүхний хамгийн амар, зарлага мөнгө багатай арга нь боловсрол. Боловсрол мэдлэгийг багаас нь системтэйгээр олгож, зарим зүйлийн учрыг байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийн үндсэн зарчмаар ойлгодог болно. Элдэв зүйлээс айдаггүй, учир начрыг нь мэддэг болсон хүмүүс санаа зовох зүйл нь багсаж, дор бүрийнхээ ажлыг хийдэг болж өөрчлөгдөх биз ээ.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Эх сурвалж: Өдрийн сонин


























































.jpg)





Сэтгэгдэл