МАН-ын Засгийн Газар, Парламентын хяналтаас гарч байна...

Aдмин / Улстөр

Парламентын дархлааг хамгаалах нэн хариуцлагатай үүрэг АН-д ирлээ. АН-ын зүгээс, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өргөн барьсан УИХ-ын тухай хууль болон Чуулганы дэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь үүнд зориулагдсан хууль байв. Гэвч МАН-ын зүгээс гацаалаа. Тэдний эрх ашигт харшилсан учраас. Засаглалын хуваарилалт нэгэнт алдагдчихсан Монгол улс гэдгээ баталлаа.

Гүйцэтгэх засаглал дотроо Парламентын засаглал нь нэгэнт уусан шингэжээ. Засгийн газрын сайдууд бүгд УИХ-ын гишүүд. Хөрш хоёр “том”-ын хувьд Монгол улс улам л амар хялбар болж байх шиг байна. Өнгөрсөн 30 жилд хоёрын талын нөлөө хийгээд бусад хүчин зүйлсийн өөдөөс манай төрийн өндөрлөгүүдийн хэлдэг тайлбар, улс орны эрх ашгаа авч гардаг үг нь “Парламентаасаа асууя, тэд юу гэх нь үү, тэд л шийднэ шүү дээ...” гэдэг байв. Энэ тайлбарын эсрэг тэд өнгөрсөн хугацаанд ажилласан бололтой. Үр дүнд нь өнөөдөр “Монголын Ерөнхий сайдтай дангаар харьцахад амар болж. Засгийн газрын гишүүдтэй харьцах нь асуудлыг хялбар шийддэг...” рүү явав бололтой. Энэ бодлогын хэрэгжилт өнөөдөр Монголын Хууль тогтоох байгууллагыг улам нэр хүндгүй болгож, хяналтын үүргээ алдаж, Засгийн газрын гишүүддээ барьцаалагдаж, Ерөнхий сайд нь Парламентынхаа дээр нэгэнт заларсан үйл явцаас харагдана. Тэр дээр индэр дээрээс Ерөнхий сайд, кабинетын гишүүд нь УИХ-ын гишүүдээ зандрах болов. Энэ бол Монголын парламентын дархлаа хамгаалалтгүй болсон бодит дүр зураг юм.

Үүний эсрэг зогсох ганц улс төрийн хүчин Ардчилсан Нам. Тус намаас сонгогдсон УИХ-ын 42 гишүүн. Тэд УИХ-ын гишүүн, туршлагатай хуульч Х.Тэмүүжинээр өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хууль, Чуулганы дэгийн тухай хуулийн өөрчлөлтөөр эдгээр үүссэн нөхцөл байдлыг эхний удаад эмхэлж засахыг, цаашлаад сайжруулахыг зорив. Гэвч МАН, тэдний Засгийн газрын нөлөө үнэхээр дийлдэхгүй байна. Тэд яаж зогсоохоо, царцаахаа, саармагжуулж юу ч биш болгохоо мэдэж байна. Наад зах нь Засгийн газрын зүгээс адил төстэй хуулийн төсөл оруулж ирэх. Өөрсдийн эрх ашгаа бүрэн суулгасан агуулгатай шүү. Ингэдэг аргатай болчихлоо. АН-ын зүгээс “Гүйцэтгэх засаглалын хэт их хууль санаачлах байдлыг хязгаарлах” хуулийн төсөл ярьж эхэлсэн нь МАН-ынхны дургүйг бүр ч хүргэв бололтой.

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүй нь Монголд нэвт нүүрлэжээ. Монголын бага парламент болох НИТХ дээр юу болов. Нийслэлийн ИТХ-д МАН-ын төлөөлж сонгогдсон 43 хүний 40 нь Улаанбаатар хотын төр захиргаа, нийслэлийн өмчит газруудад дарга хийдэг, нийслэлийн Засаг даргынхаа удирдлагад, түүний таалалд нийцүүлэн ИТХ-даа оролцож байсан нь ард иргэдийн сонголт, төрд төлөөллөө илгээн удирддаг Ардчилсан нийгмийн үнэ цэнийг шавартай хутгасан үйл явц болов. Энэ байдал Их хуралдаа шингэвэл Ардчилсан нийгэм мөн эсэхэд гадна дотногүй эргэлзэхэд хүрнэ. Ийм зүйл рүү явж байна. Гадна дотны асар том нөлөө үүнийг гол “бай”-гаа болгон, монголын нийгмийн сэтгэл зүй дээр ажиллаж байна. Үүнийг өнөөдөр АН л барьж авч засч залруулахгүй бол цаашдаа юу болох вэ. Гарц нь хуулийн засаглалдаа анхаарах, УИХ-ын зүгээс Засгийн газарт ХЯНАЛТ тавих шүү дээ. Хууль батлах ОНЦГОЙ ЭРХ зөвхөн УИХ-д бүрэн хадгалагдах ёстой. Энэ эрхээ алдах юм бол тэгээд дуусна. Гадна талаас ганц хүнтэй ярьж асуудлаа шийддэг байдалд орно. Байдал цааш хэвээр үргэлжилбэл Ерөнхий сайдын гарт бүх эрх мэдэл төвлөрнө. Крымлээс хянасан 70 жил шиг...

Хуульд жижиг зүйл гэж огт байдаггүй. Жижгээс том руу хуулийг сайжруулдаг. Өнөөдөр хуулиар зохицуулж болохгүй асуудал байхгүй. Тийм болохоор Х.Тэмүүжин гишүүний тэр Дэгийн хуульд оруулах гэж зүтгэсэн Ерөнхий сайдын чуулганы танхим дахь суудал ядаж Их хурлын гишүүдтэй зэрэгцэж байрлахаас эхлэх ёстой юм. Гадна байдлаасаа ч Монгол улс парламентын засаглалтай гэчхээд Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь тэднийхээ орой дээр заларч харагдах нь Парламентын засаглалаа доош нь хийж байгаа үйл явц. Эндээс эхлэх ёстой. Цаашлаад УИХ-ын дарга нь ҮАБЗ-д байж Парламентаас гадуур эрх мэдэл хэрэгжүүлэхгүй гэдэг үзэл баримтлал ч Парламентын дархлааны чухал үзүүлэлт шүү. МАН зөвхөн өөрсдийгөө бодож, өөрсдөөрөө хэмжиж эх орны эрх ашгийг хохироож болохгүй. Ард түмний уурыг хүргэж болохгүй. Энэ улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал улам дордож байна. Бүх зүйл эцэс төгсгөлтэй...

Энэ бүгдийг АН мэдэж байгаа учраас хуульд өөрчлөлт оруулахыг зорьж байна. Иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлж байна. “Хүн төв”-тэй улс төр хийж байгаа хэрэг. Цогцоор шийдэгддэг хууль гэж байхгүй. Хуулийг жижиг жижгээр сайжруулаад явах ёстой. Хамгийн сайн зүйл гэдэг дахин дахин сайжруулалт хийснийг хэлдэг. АН-ын зүгээс өргөн барьсан УИХ-ын тухай хууль, Чуулганы дэгийн тухай хууль нь ийм л үзэл баримтлалтай. Хамгийн гол нь Парламентын дархлааг хамгаалсан хууль юм.

Эцэст нь нэг зүйлийг хэлье. АН-ын зүгээс асуудлыг шинээр тодорхойлж байгаа нь чухал. Парламентын хяналтыг сайжруулах, олонх цөөнхийн тэнцвэртэй байдлыг хангах, мэтгэлцээнийг идэвхжүүлэх... гэхчлэн. Энэ бүгд Парламентын дархлаа. Монголын нийгэмд бүх зүйл Хууль тогтоох засаглалын хяналт дор байх ёстой. Ердөө л энэ. Гэвч МАН, тэдний байгуулсан Засгийн Газар нь Парламентын хяналтаас бүрэн гарах замдаа орлоо. Энэ давралтыг АН-ын зүгээс хуулиар хазаарлан зогсоож чадна.

Өнөөдрийн УИХ-д 126 төрөл зүйлийн гишүүд сонгогдсон Эмч, багш, хуульч, эдийн засагч... бүх мэргэжлийн. Эмч хүн эмчийн нүдээр, инженер хүн мэргэжлийн нүдээр хууль боловсруулахад анхаарна, оролцоно, байр сууриа илэрхийлнэ. Ардчилсан парламентын үнэ цэн энэ. Тэд бүгдээр эн тэнцүү эрхтэй. Гэвч тийм биш болчихсонд АН бухимдаж байгаа. Тийм учраас чуулганы танхимд ил тод мэтгэлцээн өрнүүлэхийг хүсч байгаа. Олон асуудал бий. Тэр бүгдэд тийм үү, үгүй юу гэдэг шийдэл гаргана. Ингэхийн тулд Их хурлын чуулган дээр мэтгэлцэнэ. Яаж гэхээр маш тодорхой хоёр талд хуваагдан МЭТГЭЛЦҮҮЛЭХ. Дүрэм тодорхой, нээлттэй байх ёстой. Тэгээд зад үзэлцүүлэх. Нийгэмд тэр нь ил тод байх. Эрүүл шийдвэр гаргалт, амьдралд хэрэгждэг хууль ингэж батлагдана. Үүнийг л АН хүсч, хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар зүтгэсэн. Бүгд гацлаа, царцлаа, хулгайлагдлаа. УИХ-ын бүрэн эрхэд хамаарах чухал асуудлууд хүртэл Засгийн газрын нэг тогтоолоор шийдэгддэг болов. Парламентын бүрэн эрхэнд халдаж, ямар ч дархлаагүй болгож байгаа энэ байдлыг АН хамгаалахаас өөр хэн хамгаалах билээ.

Эх сурвалж: Баабар.мн


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.