Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын X уулзалт БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотноо боллоо. Уулзалтад Монгол Улсыг төлөөлөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан оролцов. Энэ удаагийн уулзалтаар эртний “Цайны зам”-ыг аялал жуулчлалын брэнд болгон хөгжүүлэх, хамтарсан маркетинг хийх, бүс нутгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр талууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцлоо.
Монгол Улс 2025 онд 847 мянга гаруй жуулчин хүлээн авсан бөгөөд тэдгээрийн дийлэнхийг БНХАУ болон ОХУ-ын жуулчид бүрдүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн онд БНХАУ-аас 242 мянга, ОХУ-аас 230 мянган жуулчин Монгол Улсад аялсан байна.
Гурван улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн ажил хэрэгжиж байна. Тухайлбал, гурван улсыг дамнасан “Цайны зам” нөхөрсөг авто раллиг 2026 оны 6 дугаар сард амжилттай зохион байгуулжээ. Мөн Бээжин–Мөрөн–Бээжин чиглэлийн шууд нислэгийг 2026 оны 7, 8 дугаар сард үйлдэхээр бэлтгэл хангаж байна.
Түүнчлэн ОХУ-тай хамтран хоккейн тэмцээн зохион байгуулж, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа юм. Мөн Монгол Улсаас Төв болон Дархан-Уул аймаг “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоонд албан ёсоор элсжээ. Бүс нутгийн аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой тус уулзалт амжилттай өндөрлөж, дараагийн XI уулзалтыг 2027 онд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулахаар тогтлоо.

































































Сэтгэгдэл