Х.Ганхуяг: Бизнесийн таатай орчин, хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх эсэх нь Засгийн газар ажиллаж чадаж байна уу гэдгээс шалтгаална
УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сайхан наадав уу. Энэ жилийн наадам сайхан болов уу?
-Наадам сайхан боллоо. Энэ жилийн баяр наадмаар төрөлх нутаг Архангай аймагтаа очиж, нутаг усныхан, гэр бүлийн хамт сайхан наадлаа. Энэ жилийн наадам миний хувьд онцгой утга учиртай байлаа. Учир нь 100 жилийн өмнө буюу 1926 оны Улсын их баяр наадамд миний элэнц өвөө, Архангай аймгийн Тариат сумаас төрсөн Шагжийн Төмөрбаатар ес даван үзүүрлэж, Улсын арслан цол хүртэж Архангай аймгийн бөхийн түүхэнд бахархалт хуудсыг нээсэн байдаг. Элэнц өвөөгийнхөө хүч чадал, шударга ёс, эх оронч үзлийг үргэлж бахархан дурсаж, үндэсний бөхийн өв соёлоо хүндэтгэн дээдэлж ирсэн. Түүхийн сайхан давхцал гэмээр яг 100 жилийн дараа мөн Архангай аймгийн Тариат сумаас төрсөн, миний үүсгэн байгуулсан “Hera Holding” группийн бөх Ө.Батсуурь Улсын баяр наадамд амжилттай барилдаж, харцага цолны болзол ханган нутгийнхаа нэрийг дахин өндөрт өргөлөө. Нутгийн дүүгийнхээ олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж, өөрийн зүгээс хоёр өрөө орон сууцаар урамшуулсандаа ч баяртай байгаа. Ер нь энэ жилийн наадам үндэсний өв соёл, спортын бахархал, нутаг усныхантайгаа уулзаж учрах боломж болсон, дурсамж дүүрэн сайхан наадам байлаа.
-Баяр наадмын өдрүүдэд олон хоног амрах нь хэр зохимжтой байх шиг байна. Бизнес эрхлэгчдийн хувьд энэ олон хоногийн амралт хүндхэн байдаг гэж ярьдаг шүү дээ...?
-Үндэсний их баяр наадам бол бидний хувьд хамгийн эрхэм баяр. Тиймдээ ч өргөн дэлгэр тэмдгэлэх нь зүйн хэрэг. Гэхдээ наадмын амралтаар төрийн байгууллагууд хуульд заасан хугацаандаа амарч, хувийн хэвшилдээ уян хатан нөхцөл бий болгож өгөх хэрэгтэй юм. Учир нь төрийн байгууллагыг бодвол хувийн хэвшлийн нөхцөл байдал арай өөр. Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлдэг байгууллагуудын үйл ажиллагаа олон хоногоор зогсох нь санхүүгийн ачааллыг нэмэгдүүлдэг. Амарсан өдрүүдээ нөхөж ажиллах, гэрээт үүргээ биелүүлэх, цалин, түрээс, зээлийн төлбөр зэрэг тогтмол зардлаа үргэлжлүүлэн хариуцах шаардлага гардаг. Тиймээс хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн онцлог, үйлдвэрлэлийн нөхцөл байдлаас хамаарч хэд хоног амрах, хэрхэн зохион байгуулахаа өөрсдөө шийдэх боломжийг илүү нээлттэй олгох нь зөв гэж боддог. Ингэснээр ажилтан, ажил олгогч хоёр харилцан тохиролцож, аль алинд нь ашигтай шийдэл гаргах боломж бүрдэнэ. Нөгөө талаар хувийн хэвшил бүхэлдээ амарчихдаг учраас үйлчилгээний байгууллагууд ч дагаад хаалгаа барьдаг. Уг нь наадмын үеэр дотоод гадаадын аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ хамгийн идэвхждэг, эрэлт өндөр байдаг хугацаа. Тиймээс төрийн болон хувийн хэвшлийн онцлогийг ялгаж зохицуулвал ажиллах боломжтой байгууллагууд нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ. Энэ нь бизнесийн орлогоос гадна эдийн засгийн эргэлтийг хадгалах ач холбогдолтой юм.
-Нийгэм, эдийн засгийн амьдрал тийм ч сайнгүй энэ цаг үед зогсоо завгүй ажиллах гол байгууллага бол Засгийн газар гэдэг. Харамсалтай нь, Засгийн газрын гишүүд, сайд, дарга нар энэ тэндхийн найр наадам хэсээд үндсэн ажлаа орхигдуулдаг жишиг энэ жил ч ялгаагүй үргэлжилж байх шиг байна. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?
-Засгийн газар, УИХ-ын гишүүдийн хувьд мэдээж хариуцлага өөр түвшинд байдаг. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, иргэдийн амьжиргаа, бизнесийн орчинд олон сорилт тулгарч байна. Ийм үед Засгийн газар хамгийн их ачаалалтай ажиллаж, асуудлаа газар дээр нь шийдвэрлэж, бодлогын шийдвэрүүдээ цаг алдалгүй гаргах ёстой. Тиймээс сайд, дарга нарын үндсэн ажил нь баяр наадам хэсэх биш, төрийн ажлаа тасралтгүй хэвийн явуулах гэж боддог. Мэдээж тухайн орон нутгийн наадамд төрийн төлөөлөл оролцох шаардлага гардаг тохиолдол бий. Гэхдээ энэ нь нийтлэг үзэгдэл болж, олон хоногоор наадам хэсдэг жишиг байж болохгүй. Цаашид бодлогын түвшинд анхаарах шаардлагатай нэг асуудал бол аймаг, сум, байгууллагын тэгш ой, тэмдэглэлт ойг улсын төсвийн хөрөнгөөр өргөн хүрээнд тэмдэглэдэг байдлыг болих хэрэгтэй гэж үздэг. Төсвийн мөнгө бол татвар төлөгчдийн хөрөнгө. Тиймээс түүнийг баяр ёслолд бус сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дэд бүтэц, иргэдийн амьдралд шууд үр өгөөжөө өгөх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зарцуулах нь илүү зөв. Төр өөрөө хэмнэлтийн зарчмаа мөрдөж, сахилга хариуцлагын үлгэр жишээг төсвийн мөнгөөр ой тэмдэглэдэг байдлыг халахаас эхлээд харуулах хэрэгтэй.
-Валютын ханш нэмэгдэж, төгрөгийн ханш суларч, үнэ өссөөр л байна. Адаглаад энэ жилийн наадмын хуушуурын үнэ өмнөх жилийнхээс 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн нь энгийн жишээ. Жил ирэх тусам төгрөгийн ханш унасаар байвал эдийн засгийн ямар хүндрэлтэй бид нүүр тулах бол?
-Өдөр тутмын хэрэглээний бараа, хүнсний үнэ өсөхөөр хамгийн түрүүнд өрхийн төсөвт дарамт үүсдэг. Наадмын хуушуур гэхэд өнгөрсөн жилээс 1000-2000 төгрөгөөр өссөн нь иргэд инфляцийг өдөр бүр бодитоор мэдэрч байгаагийн ганц л жишээ. Миний бодлоор бид инфляцийн үр дагавартай биш, харин шалтгаантай нь тэмцэх ёстой. Үнэ өсөх болгонд нөөцийн мах гаргах, хөнгөлөлт, талон тараах зэрэг арга хэмжээ авах нь тухайн үеийн дарамтыг хэсэгчлэн бууруулж болох ч асуудлыг үндсээр нь шийдэхгүй. Харин яагаад үнэ өсөөд байна вэ, яагаад төгрөгийн ханш сулраад байна вэ, яагаад импортын барааны өртөг нэмэгдээд байна вэ гэдэг үндсэн шалтгаануудад бодлогын арга хэмжээ авах ёстой юм. Валютын урсгалыг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлэх, төрийн үрэлгэн зардлыг бууруулах, бизнесийн орчныг сайжруулах зэрэг бодлого л инфляцийг тогтвортой бууруулах бодит гарц болно. Төрийн үүрэг бол үнийн өсөлтийн араас түр зуурын арга хэмжээ аваад явах биш, инфляцийг бий болгож байгаа эдийн засгийн суурь шалтгаануудыг арилгах бодлого хэрэгжүүлэх явдал. Иргэдийн бодит орлого өсөж, төгрөгийн худалдан авах чадвар тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж чадвал үнийн өсөлтийн дарамт ч аяндаа буурна.
-Чуулган завсарласан энэ үед таны хувьд ямар ажилд төвлөрч байна. Иргэд сонгогчтойгоо уулзаж, тэдний санаа бодлыг сонсож байна уу?
-Чуулганы завсарлага гэдэг бол амрах хугацаа биш, харин тойрогтоо илүү ойр ажиллах, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх арга замаа тодорхойлох үе гэж боддог. Энэ хугацаанд тойрогтоо тогтмол ажиллаж, иргэд, аж ахуйн нэгжүүдтэй уулзан тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонсож байна. Баянгол дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа сургууль, цэцэрлэг, зам, инженерийн дэд бүтэц, 22 дугаар хороонд байгуулах Зүүн наран цэцэрлэгт хүрээлэнгийн газар чөлөөлөлтийн явцтай танилцаж, хугацаандаа чанартай хэрэгжүүлэхэд анхаарч, шахаж ажиллаж байна. Чуулган завсарласан ч хууль боловсруулах ажил зогсдоггүй. Миний хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон Гамшгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг боловсруулах ажилд төвлөрч байна. Эдгээр хуулийг өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгохын тулд мэргэжлийн байгууллагууд, салбарын төлөөлөлтэй хамтран ажиллаж байгаа.
-Хаврын чуулганы сүүлээр бизнес, эдийн засаг, татвартай холбоотой олон хуулийн төслүүд батлагдсан. Эдгээр хуулиуд үнэхээр бизнес эрхлэгч, иргэн, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлогод бодитой дэмжлэг болж чадах уу?
-Миний тухайд өнгөрсөн чуулганд татварын багц хуулийг шинэчлэх ажлын хэсгийг ахалж ажилласан. 36 жилийн хугацаанд анх удаа 3.6 их наяд төгрөгийн татварын ачааллыг буурууллаа. Хуулийн шинэчлэлд орсон онцлох зохицуулалаас хэлье. Тухайлбал, ХХОАТ-ын хувьд 792 мянган төгрөг хүртэлх сарын орлогод тэг хувь, 792 мянгаас хоёр сая төгрөг хүртэлх орлогод нэг хувийн татвар ногдуулна. НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх жилийн орлогын босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлснээр олон мянган жижиг, дунд бизнесийн татварын ачаалал буурч, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж нэмэгдэж байна. Татварын өртэй аж ахуйн нэгжийн данснаас өмнө нь 100 хувийг шууд суутгаж, дансыг хаадаг байсан бол цаашид өрийн 70 хувийг төвлөрүүлж, үлдсэн 30 хувийг тухайн аж ахуйн нэгжийн дансанд үлдээх зохицуулалттай боллоо. Ингэснээр бизнес хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж бүрдэнэ. Импортлогч хүсэлт гаргасан тохиолдолд НӨАТ-аа хоёр хүртэлх сараар хойшлуулан төлөх боломжтой боллоо. Орон сууц худалдахад авдаг хоёр хувийн татварыг хүчингүй болголоо. Иргэн өөрийн өмчилсөн орон сууцаа худалдах үед төлдөг байсан борлуулалтын үнийн дүнгийн хоёр хувийн татварыг бүрэн цуцаллаа. Татвар төлөгч өөрийн алдаа, зөрчлөө сайн дураараа засах боломжийг өргөжүүлж, тайлан залруулах хугацааг уртасгалаа. Мөн алдангийн дээд хэмжээг Иргэний хуультай уялдуулан 50 хувиар тогтоосон. Энэхүү шинэчлэлийг хийхдээ иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, татварын тогтолцоог илүү шударга, уян хатан, болгох чиглэлд онцгой анхаарч ажиллалаа.
-Ер нь гадны хөрөнгө оруулалт нь чөлөөтэй орж ирдэг, иргэдийн бизнес хийх бүх боломж нь нээлттэй, татварын хөнгөлөлттэй, эдийн засгийн эрх чөлөөтэй, төр нь бизнес рүүгээ ордоггүй, хувийн хэвшилтэйгээ өрсөлддөггүй энэ цаг үе хэзээ ирэх бол. Ядаж манай улс энэ зам руугаа зөв чиглэж байна уу?
-Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах эрх зүйн орчин нэг үеэ бодвол сайжирсан. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай болон холбогдох олон хууль бий. Гол асуудал нь хуульдаа бус, хэрэгжилт, төрийн бодлогын тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдад төрүүлж буй итгэлцэл дээр байна гэж хардаг. Энэ тал дээр хамгийн том үүрэг бол Засгийн газарт ногдоно. Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг сайжруулах тал дээр ажлаа хийх ёстой. Хөрөнгө оруулагчидтайгаа идэвхтэй ажиллаж, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, хүнд суртлыг бууруулж, хууль нь тогтвортой хэрэгждэг, хөрөнгө оруулалт нь хамгаалагддаг орчныг бүрдүүлэх ёстой. Хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд шинэ хууль биш, харин тогтвортой, ойлгомжтой, урьдчилан таамаглах боломжтой хамгаалагдсан орчин хүсдэг. Тиймээс эдийн засгийн эрх чөлөө, бизнесийн таатай орчин, хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх эсэх нь Засгийн газар ажиллаж чадаж байна уу гэдгээс хамгийн их шалтгаална. Парламентын хувьд эрх зүйн орчныг сайжруулах, шаардлагатай шинэчлэлийг хийх үүрэгтэй. Гэхдээ түүнээс дутахааргүй нэг чухал үүрэг нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх популист шийдвэрүүдэд хяналт тавих явдал гэж боддог.
-Хаврын чуулган хаахтай зэрэгцээд Засгийн газар Оюу толгойтой холбоотой асуудлаар Монголд ашигтай, үр өгөөжтэй хэлэлцээр хийж чадсанаа дээр дооргүй ярьсан. Үнэхээр Оюу толгойн гэрээ бидэнд ашигтайгаар эргэсэн гэж та үзэж байна уу?
-Оюу толгой бол Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй стратегийн төсөл. Тиймээс энэ төслийн талаар "ашигтай", эсвэл "ашиггүй" гэж нэг удаагийн хэлэлцээрээр дүгнэхээс илүү Монголын талын үр өгөөжийг үе шаттайгаар хэрхэн нэмэгдүүлж байгаа вэ гэдэгт үргэлж анхаарах ёстой. Мэдээж нэг удаагийн хэлэлцээрээр асуудал бүрэн дуусна гэж байхгүй. Цаашид ч Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай.
-Цаашид өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд юуг илүү анхаарах шаардлагатай гэж харж байна вэ?
-Миний хувьд хоёр асуудалд онцгой анхаарах ёстой гэж үздэг. Нэгдүгээрт, нийлмэл зээлийн хүүгийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүүгээс дахин хүү тооцдог энэ зарчмаас татгалзаж, энгийн хүүгийн тогтолцоонд шилжих нь Монголын талын урт хугацааны санхүүгийн дарамтыг бууруулах чухал алхам болно. Хоёрдугаарт, менежментийн төлбөр тооцох аргачлалыг шинэчлэх шаардлагатай. Одоо мөрдөгдөж байгаа тогтолцоонд зардал өсөх тусам түүнтэй уялдан менежментийн төлбөр өсөх хөшүүрэг үүсдэг. Ингэснээр зардлаа нэмэгдүүлэх сонирхол бий болоод байна. Харин менежментийн төлбөрийг зардалд суурилсан биш, татварын өмнөх үйл ажиллагааны үр дүнтэй уялдуулан илүү оновчтой аргачлалаар тооцдог болох нь зөв. Ер нь Оюу толгойн асуудал бол нэг удаагийн улс төр, хэлэлцүүлэг биш. Монгол Улсын эрх ашиг, өгөөжийг үе шаттай тогтмол нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчийн тогтвортой ажиллагаа болон улсын ашиг сонирхлын зөв тэнцвэрийг хангах чиглэлд тууштай ажиллах нь хамгийн чухал гэж бодож байна.
-Энэ намрын чуулганаар 2027 оны улсын төсвийг хэлэлцэн батлах ёстой. Сая хаврын чуулганаар ирэх оны төсвийн төсөөлөл, төлөвлөгөөгөө баталсан. Таны харж байгаагаар ирэх оны төсөв дээр бид юуг илүү анхаарах шаардлагатай вэ?
-Ирэх оны улсын төсөвт урсгал зардал болон хөрөнгө оруулалтын харьцаан дээр илүү анхаарч зохистой харьцааг хадгалах нь хамгийн чухал. Энэ жил цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор ирэх оны төсөвт урсгал зардлын дарамт мэдэгдэхүйц өснө. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх нь зөв бодлого боловч үүнтэй зэрэгцээд эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг орхиж болохгүй. Хэрэв урсгал зардал хэт өндөр болж, хөрөнгө оруулалт хумигдвал инфляцид шууд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, эдийн засагт зөвхөн хэрэглээ нэмэгдээд, түүнийг дагах үйлдвэрлэл, бүтээмжийн өсөлт байхгүй бол шууд л үнийн өсөлт рүү түлхэнэ. Тиймээс 2027 оны төсөв нь зөвхөн урсгал зардлыг санхүүжүүлэх төсөв биш, эдийн засгийн өсөлтийг дэмжих хөрөнгө оруулалтыг хамгаалсан, дэд бүтэц, үйлдвэрлэл, экспорт, хувийн хэвшлийн идэвхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөв байх ёстой гэж үзэж байна. Төсвийн бодлого богино хугацааны хэрэглээг дэмжихээс гадна урт хугацааны өсөлтийн суурийг бэхжүүлэх хоёр зорилгыг зэрэг хангаж чадвал эдийн засагт илүү эерэг үр дүн авчирна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Э.МӨНХТҮВШИН






















.jpg)











































Сэтгэгдэл